Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр дөрвөн ихэр хүүхэд мэндэлжээ. Энэ 4 ихэр нь Монгол улсад төрсөн анхны дөрвөн ихэр болж байгаа юм. Ихрүүд дөрвүүлээ эрүүл саруул мэндэлсэн байна. Харин 1.7 кг жинтэй төрсөн нэг хүүгийн бие тааруу байгаа тул тусгаарлан эрчимтэй эмчилгээ хийж эхэлжээ. Ээжийнх нь бие сайн байгаа гэнэ.
Гурван хүү, нэг охины аав Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаа аж. Харин ихрүүдийн эгч нь ой долоон сартай. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал "Дөрвөн ихэр хүүхэд амьд төрж, бүртгүүлсэн тохиолдол үгүй. Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд бүртгэлээ" гэв. Ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчилнэ. Цаашид гэртээ гарах, улсын асрамжид оруулах талаар ярилцах аж.