Байгалийн түүх гэж бий. Түүнийг мэдэхгүй бол ой санамжаа гээсэнтэй ижил. Үлэг гүрвэл бол байгалийн түүхийн хөгжлийн гол судалгаа. Үлэг гүрвэлийн олдворыг ашиглаж байгалийн хөгжил, хувьслыг нотолж байна. Тиймээс үлэг гүрвэл бол наймааны хэрэгсэл огт биш. Үлэг гүрвэл нь 150 сая жилийн турш энэ дэлхий дээр ноёлсон амьтан гэж хэлэхэд хангалттай. Үлэг гүрвэл судлалаар Монгол улс дэлхийд хоёрдугаар байранд байсан боловч, сүүлийн жилүүдэд Хятад улсад байр сууриа алдсан. Одоогоор үлэг гүрвэл судлалаар Америк тэргүүлж буй ч Хятадын Шинжлэх Ухаан үсрэнгүй хөгжиж буйг тооцохгүй орхиж болохгүй. Монгол орон бол яах аргагүй үлэг гүрвэлийн орон. Тухайн цаг үед үлэг гүрвэл Монголд амьдарч байсан байна. Мөн мөхөл сүйрэл болж, галав юүлэхэд, хамгийн хурдан булагдаж, хадгалагдсан байдаг. Үүгээрээ Үлэг гүрвэл судлалаараа Монгол улс маш үнэ цэнэтэй. Гэхдээ үлэг гүрвэлийн олдвор бол музейн үзмэр биш. Түүнийг судлах л гэж олборлодог. Тиймээс судалгааны тэрхүү үнэ цэнэ бүхий үзмэрүүдийг музейд хөшөө болгох нь шинжлэх ухаанд хохиролтой. Тавихаа хүрвэл, хувилбарыг тавих нь зөв.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонингоос ишлэв