Бидний зун цаг богинохон, бас хийх зүйлс их. Гэхдээ та өдөр бүр нэг сонирхолтой зүйлсийг хийж амжуулахад энэ зуны үлдсэн 1 сарын хугацаа хангалттай шүү. Намрын их ажил, нийгмийн бужигнасан харилцаанд ороход тань эрч хүч, аз жаргал бэлэглэх сонирхолтой санаануудыг хүргэж байна.
Мэдээж хамгийн түрүүнд аялаж зугаалах
Хэдийн өнгөрсөн 2 сарын хугацаанд аялж зугаалж амжсан байх. Гэхдээ одоо хүртэл амарч, аялж зугаалж амжаагүй байгаа бол эх орныхоо үзэсгэлэнтэй газруудаар, өөр улс орноор ч хамаагүй заавал хэдэн өдрийг аялал зугаалгадаа зарцуулаарай. Гэхдээ хайртай хүмүүстэйгээ хамт явахаа битгий мартаарай, тэд л таны аяллын хамгийн үнэ цэнэтэй зүйл байх болно.
Харин дараа нь ном унших
Юун тулд зуны амралт гэж нэрлэдэг билээ, өмнө нь уншиж дуусаагүй эсвэл өөрт хэрэгтэй гэсэн 1-2 номыг уншиж дуусгаарай. Зуны дулаан агаарт сүүдэрт сууж, дуртай кофегоо уугаад дурламаар ном унших танд өөр мэдрэмж төрүүлэх болно шүү.
Зэрлэг жимс түүж, зэрлэг мэдрэмж аваарай
Зэрлэг жимс бүрэн боловсорч дуусах 1 сар танд үлдсэн байна. Жимс түүж явах тэр хугацаа танд өөрийнхөө тухай, хайртынхаа тухай бодох ховор гоё цаг шүү. Зэрлэг жимсний исгэлэн амтыг мэдрээд, уул модны чийгийн үнэрт удаан алхаж, бодолд автан явахад цаг хугацаа хурдан өнгөрдөг нь сонин юм шүү.
Пикник хийж, найз нөхөдтэйгөө хээр, ууланд хооллоорой
Байгалийн сайханд өөрийн хийсэн хоолоор найзуудаа дайлан, халуун хоол, хүйтэн кофены амтыг мэдэрч, халуун дулаан яриа өрнүүлэн нэг өдрийг өнгөрүүлэх ч зуны дурсамжийн жагсаалтад бас нэгэн мартагдашгүй дурсамж нэмнэ шүү.
Фото зургаар дурсамжаа өнгөлөөрэй
Зун гэдэг байгалийн, бүсгүйчүүдийн хамгийн чамин ганган, үзэсгэлэнтэй харагддаг улирал. Хэрэв та зураг дарах хоббитой бол энэ улирлаа дуусахаас өмнө заавал өөрийн гараар фото зураг дарж, бас нэгэн дурсамж нэмээрэй. Эргээд харахад таны тэрхүү зураг дурсамжийг тань сэргээх байх. Нэг өдрийн камертай аяллаа битгий мартаарай.
Дотны хүмүүстэйгээ дотно яриа
Би танд зуны оройг санал болгож байна. Хөдөө хээр ч бай, амралт зугаалган дээр ч бай, эсвэл хот дотор задгай уушийн газар ч байсан болох юм. Дотны найз нөхөд, хайртай хүнтэйгээ хамт гар утсаа унтраагаад хүйтэн шар айраг, халуун хоолоор яриагаа амтлан нэгэн оройг зөвхөн хоорондоо ярилцах цаг хугацаа болгоорой. Илүү их ойлголцол, аз жаргалыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ турших боломж ЗУН цаг
Та дотроо нэг тийм зүйлийг мэдрэх юмсан гэсэн бодол тээсээр явдаг бол яг одоо л тохиромжтой цаг. Хэрвээ та экстрим зүйл мэдрэхийг хүсдэг бол параглайд, тандем, хөнгөн онгоцоор нисэх, шүхрээр буух зэргээс сонгоорой. Хэрэв та сахилгагүйтэж, зүггүйтэж хүүхэд насны дурсамжаа эргэн санамаар байвал лагерийн зүлгэн дээр усаар байлдаж, сүүдэр буух цагаар хөлсөө гартал баавгайн чих тоглоорой.
Мэдээж та шүдний өвчнөө шийдэх цаг болж. Жингээ хасч жижиг хувцас өмсөөрэй
Зун цагт жингээ хасч хөнгөн нимгэн хувцаслаж хотыг чимэн алхах сайхан биш гэж үү ?
Дасгал хөдөлгөөнөө эрчимжүүлж, эрүүл хөнгөн хооллолт руу шилжиж гоо үзэсгэлэнгээ бүтээгээрэй. Уул руу авирч, уруудаж, усанд сэлж, өглөө бүрийн мандах нарнаар хөгжим сонсон гүйж зуны үлдсэн нэг сардаа хүссэнээрээ гангарч аваарай.
Эрүүл мэнддээ refresh хийгээрэй
Өнгөрсөн зунаас хойш их ажилласан таны эрүүл мэнддээ анхаарах цаг тань ЗУН цаг юм шүү. Амралт сувилалд нэг 7 хоногийг өнгөрүүлээрэй. Нэг л хэвийн өнгөрсөн бусад өдрүүд тань эрүүл биеийг тань бага ч болтугай ядраасан байх. Биеэ цэнэглэн, эрч хүч аваарай. Мэдээж хэрэг эрүүл мэнд эрхэм баян шүү дээ.
Амьдарч буй орчноо цэгцэлж засвар хийх таатай цаг
Гэртээ нэг урсгал засвар хийсэн нь дээр байх шүү, ядаж л цонхоо онгойлгоход даарахгүй шүү дээ. Хэрэв та өөрөө гэрийн дотоод засал, засвар хийдэг бол өөрийн гараар гэртээ засвар хийх ч сайхан шүү. Мэдээж хашаа хороогоо цэгцэлж, хүүхдийнхээ тоглоомын талбайг тордож, ирэх зун хүртэл тэсэх сайхан өөрчлөлтийг хийгээрэй. Амьдарч буй орчноо өөрчлөх гэдэг сэтгэл зүйн хувьд бас нэгэн сайхан мэдрэмж төрүүлэг зүйл шүү. Амжихгүй байвал ядаж тавилгынхаа байршлыг өөрчлөн үзээрэй.
Ганцаараа гадуур алхаарай
Энгийн боловч энэ хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг шүү. Энэ зун бороо хур ихтэй байгаа нь давуу тал болж байна. Танд бодох ёстой, шийдвэрлэх ёстой бага сага асуудал байгаа бол ганцаараа шүхэр барин бороонд алхаарай. Чихэвч зүүгээд хөнгөн гитарын ая тавиад халуун кофе уугаад алхвал бүр илүү тансаг мэдрэмжийг авах болно. Танд өөртэйгөө ажиллах хугацаа бараг гардаггүй бол зөвхөн зун гэлтгүй хэзээ ч гадуур алхах цагийг өөртөө гаргаж байгаарай.
Хамгийн сүүлд хайртай хүндээ сэтгэлээ илчлээрэй
Зун гэдэг хайр дурлалын, аз жаргалын улирал. Зөөлөн бороо, дулаан агаар, ногоон зүлэг алга болоход ганцхан сар үлдлээ. Та түүндээ сэтгэлээ амжиж илчлээрэй. Зуны зөөлөн салхинд гэрлэн чимэглэлтэй хотын гудмаар хамтдаа алхаж байхдаа, эсвэл голын эрэгт өнгөрүүлж буй намуухан орой байсан ч болно, үнэн сэтгэлээ илчлэх хамгийн тохиромжтой цаг одоо л тохиож байна. Сэтгэлдээ хэн нэгнийг хайрлах хэчнээн сайхан мэдрэмж билээ, харин түүнийгээ нууж явах хичээн хэцүү билээ. Одоо л тохиромжтой цаг. Тэр таны сэтгэлийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
За ингээд зуны сайхан өдрүүд дуусахаас өмнө дээрх зүйлсийг амжуулаарай. Мэдээж хэрэг ажил хичээлдээ бэлдэж, бүхнээ цэгцлээрэй. Амралтын улирал дуусахаас өмнө хичээл сургууль, ажлынхаа шаардлагатай хэрэгтэй зүйлсийг бэлтгэхээс гадна өөрийн гэр орон, ширээн дээрх хог, хэрэггүй зүйлсээсээ салж авах хэрэгтэй. Салах хэрэгтэй зүйлсийг жагсаалтдаа цахим орчны цэвэрлэгээг нэмээд үзээрэй, бас нэгэн том цэвэрлэгээ болно шүү.