Нарийн сухайтын бүлэг ордод "Эс жи эс", "Мак, Чинхуа Мак нарийн сухайт" манай компани үйл ажиллагаагаа явуулдаг. Манайхаас бусад нь бүгд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Гаднын тэдгээр компанид хэн ч халддаггүй хэрнээ, цорын ганц үндэсний компани болох манайхыг чичлээд байдаг. Уул уурхайд үндэсний компани цөөн байгаагийн шалтгаан нь эрсдэл даах чадвартай компани ховор байгаатай холбоотой гэж үздэг. Манай компани эрсдэл гаргаж, 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Уул уурхай бол ашигаа удаан хугацаанд нөхдөг. Тэр тусмаа эхний 4-5 жилд хөрөнгө оруулалт л шаарддаг. Үүнийг даах үндэсний компани цөөн. Тэгвэл манайхыг ч шахаж, гадныхны гар хөлд өгөх далд сонирхол байгааг үгүйсгэхгүй. Х.Мандахбаяр зөвхөн ганц компанийг онилж, их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулж , кампанит ажиллагаа явуулж байгаагийн ард ямар нэг эрх ашиг байна гэж үзэж байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв