Хариуцлага тооцож чаддаггүй, хяналтгүй УИХ-ын өнөөгийн гажуудалтай тогтолцоог засаж, өөрчилж чадахгүй бол хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад ч ахиц гарахгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс ард иргэдийн хүлээж буй дэвшил ч талаар нэг болно. Ард иргэдийн хяналтын байгууллагыг төрөөс, эрх мэдэлтнүүдээс ангид байгуулж, хараат бусаар бие даан ажиллах, санхүүжих эх үүсвэрийг хуульчилж өгөх нь зөв. Энэ байгууллага УИХ-аас хараат бусаар, ард иргэдийн нэрийн өмнөөс ажилладаг тогтолцоотой байж үр дүнд хүрнэ. Авлига, хээл хахууль, албан тушаал, эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх , шалгах зорилгоор бий болсон АТГ, Аудит, Татвар, Шүүх, Прокурорын байгууллагыг УИХ, Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын шууд оролцоотойгоор томилж ирсэн нь өнөөгийн хууль, хяналтын тогтолцоог "улс төрийн захиалгат" болгосон. Өнөөдөр ч УИХ энэ тогтолцоог хадгалах эрмэлзлэлээр Хяналтын хороо гэж нэрлэнэ үү, юу гэж нэрлэнэ, хамаагүй, энэхүү хяналтын байгууллагыг УИХ-ын бүтэц дотор байгуулах санааг шингээсэн нь бодлогын маш том алдаа юм. Улсын төсөв, хууль тогтоомж батлах бол УИХ-ын гол үүрэг. Тэд ард иргэд, сонгогчдын нэрийн өмнөөс сонгогдсон, үүрэг хүлээсэн хүмүүс. Гэтэл тэднийгээ хянах механизм алдагдсан. Ямар төсөв, ямар хууль тогтоомж баталж буйг нь хянах , үнэлэлт дүгнэлт өгөх байгууллага орхигдсон. Эндээс л улс орны хөгжил доголдож эхэлдэг. Үүнийг засаж, сайжруулж чадаагүй тохиолдолд улс орон хөгжинө, цэцэглэнэ гэдэг яриаг март гэж хэлье. Миний хувьд ерөнхий аудитоор ажиллаж байхдаа Дубайн гэрээг шалгасан. Татвар, Зөрчил, Ашигт малтмалын тухай хуульд хөндлөнгийн, мэргэшсэн аудит хийх саналыг УИХ-д дэвшүүлсэн. Мөн Оюутолгойн гэрээ, ялангуяа тус компанийн тайлагнасан 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэр бодитой эсэхийг шалгах саналаа УИХ-д өгсөн. Энэ бүгдийг хийлгэсэнгүй. ЖДҮ гэдгээр шалтаглан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хариу нь ийм л байна. Тиймээс хяналтын байгууллагуудыг төр буюу, төрд ажиллаж буй эрх мэдэлтнүүдээс хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчинг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулах зайлшгүй шаардлагатай. Тэгэж чадаагүй тохиолдолд өнөөдрийн ярьж буй бүхэн салхинд хийсэн одох болно. Тиймээс ард түмний хяналтыг чангатгах, Ардын Хянан Шалгах Хороог нэн даруй шинэчлэн байгуулах нь дураараа дургих УИХ, Засгийн газар, улс төрчдийг хазаарлах, бас ташуурдах байгууллага болно. Тэгэж байж хариуцлага тооцож чаддаг, хариуцлагатай нийгэм рүү өндийнө.