Л.НИНЖБАТ: ИРГЭД ФИДУЦЫН ГЭРЭЭНИЙ ЭРСДЛИЙГ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

2019-08-12  

Control.mn вэб сайтын зүгээс иргэд, уншигчдадаа зориулан хууль зүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, ярилцлагыг цувралаар хүргэж эхэллээ. Бид хүн бүрт тулгардаг хууль эрх зүйн үйлчилгээ ба түүний талаарх мэдээ мэдээллийн хэрэгцээн дээр үндэслэн амьдрал ба бизнест зайлшгүй мэдэх шаардлагатай хууль зүйн мэдлэгийг үнэгүй олгох зорилгыг мөн агуулж байгаа билээ. Ингээд ББСБ-аас иргэд, аж ахуй нэгжтэй байгуулж буй зээлийн гэрээ болон фидуцын гэрээний ерөнхий зохицуулалт, барьцааны гэрээнээс ялгагдах шинжийн талаарх ярилцлагыг хүргэж байна. 

Та өөрт хууль зүйн ямар мэдээ мэдээлэл хэрэгтэй байгаа тухайгаа болон бусад санал хүсэлтээ бидний 77008912, 80202540 утсаар болон info.control.mn@gmail.com и мэйл хаягаар тус тус илгээгээрэй. 

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 540 Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. СЗХ-ноос гаргасан 2019 оны нэгдүгээр улирлын тайланд мэдээлснээр ББСБ-ууд нь Монголын санхүүгийн зах зээлийн 4.2 хувийг эзэлж байна.

2019 оны байдлаар ББСБ-н сарын дундаж хүү 3.5 хувь байгаа бөгөөд иргэдийн авч буй зээлийн хувьд автомашин барьцаалсан зээл дийлэнх хувийг эзэлж байна. Ингэхдээ зээлийн болон фидуцын гэрээг байгуулан зээл олгодог аж. Харин байгуулж буй гэрээний хувьд иргэд “Зээлийн гэрээ”-ний талаар ойлголт сайтай боловч “Фидуцын гэрээ”-ний зохицуулалтыг тэр бүр мэддэггүй. Нийтийг хамарсан тэмдэглэлт баярын үеэр иргэд энэ төрлийн зээл авах нь ихэсдэг байна.

Иймд ББСБ-аас иргэд, аж ахуй нэгжтэй байгуулж буй зээлийн гэрээ болон фидуцын гэрээний ерөнхий зохицуулалт, барьцааны гэрээнээс ялгагдах шинжийн талаар “Легал Виндоу” ХХН-ийн захирал, хуульч Л.Нинжбаттай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэд автомашинаа унах эрхтэйгээр барьцаалж ББСБ-аас зээл авах нь элбэг байна. Юуны өмнө энэ төрлийн гэрээний онцлогийг тайлбарлаж өгөхгүй юу?

ББСБ-аас олгох зээл нь Иргэний хуульд заасны дагуу Банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн зохицуулалтаар зохицуулагддаг. Гэхдээ банкнаас ялгаатай нь ББСБ хадгаламж төвлөрүүлдэггүй, зээл олгодог мөн төлбөр тооцоо, валют арилжаа хийдэг буюу зөвхөн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг. ББСБ-ууд зээл олгохдоо “Зээлийн гэрээ” ,”Барьцааны гэрээ”, ихэнх тохиолдолд “Фидуцын гэрээ” байгуулж зээл олгодог. Тэгэхээр энэ гэрээнүүдийнхээ агуулгыг иргэд гэрээ байгуулахдаа мэддэг, анхаардаг байх нь чухал юм. Фидуцын гэрээ гэдэг нь Монгол улсын Иргэний хуулинд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон албан ёсоор хуульчилж өгсөн буюу Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх арга юм. Өөрөөр хэлбэл та автомашинаа ББСБ-ын нэр дээр зээл авахын тулд шилжүүлж байгаа үйлдэл нь фидуци хэмээн ойлгож болно.

Барьцааны гэрээ болон Фидуцын гэрээний ялгаа нь юу байна вэ?

Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж байдаг. Анз, барьцаа, дэнчин, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх буюу фидуци гэх мэт 7 төрлийн аргыг заасан байгаа. Барьцааны гэрээний хувьд зээлдүүлэгч таны эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхгүй харин та гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол таны эд хөрөнгөөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хангуулна гэсэн үг. Ингэхдээ зарж борлуулах эсвэл бусад хэлбэртэй байж болно. Гэхдээ ийнхүү барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага оролцдог. Харин фидуцын гэрээний хувьд та зээлийн гэрээ байгуулах үедээ үүргийн гүйцэтгэлийг хангах өөрийн эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд 100 хувь шилжүүлж байна гэсэн үг юм. Ингэснээр шилжүүлсэн эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлтэй ашиглаж болдог учраас иргэд автомашинаа унаад зээл авч болоод байна гэж ойлгож болно. Фидуцын гэрээний бас нэгэн онцлог шинж нь зөвхөн хөдлөх эд хөрөнгийг энэ гэрээгээр шилжүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийг фидуцын гэрээгээр шилжүүлдэггүй.

Үүргийн гүйцэтгэл хангах долоон арга байдаг гэлээ. ББСБ-уудаас олгодог зээлийн гэрээнд барьцаа болон фидуцын гэрээг хамтатган хэрэглэж болох уу?

Барьцаа, фидуцыг хамтатган хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй. Хуулийн хязгаарлалт байхгүй учраас хэрэглэж болно. Гэхдээ тэгж хэрэглэх шаардлага байна уу? гэдэг нь логикийн хувьд сонин байгаа юм. Фидуцын хамгийн түгээмэл хоёр хэрэглээ бол автомашин болон үүрэн телефоны операторын үнэ цэнэтэй 9911 гэх мэт дугаарууд дээр хэрэглэгдэж байна. Фидуцын нэг онцлог нь бүртгэлтэй эд хөрөнгө дээр хэрэглэгддэг. Жишээ нь иргэн хөргөгчийг барьцаанд тавьж зээл авъя гэхэд хөргөгчийг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэдэггүйд ялгаа нь байгаа юм. Барьцаа, фидуци хоёрыг хэлбэрийн хувьд хамт хэрэглэж болох ч логикийн хувьд шаардлагагүй. Яагаад гэвэл барьцаа бол авсан зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгийг тань зарж борлуулах замаар зээлийн гэрээний тань үүргийг гүйцэтгүүлдэг. Харин фидуци бол тухайн хөрөнгийг чинь өөрийнхөө нэр дээр зээлдүүлэгч шилжүүлээд авчихаж буй үйлдэл юм. Энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байгаа юм. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй бол фидуцын гэрээг үндэслээд зээлдүүлэгч тухайн хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд тэр чигт нь авах боломжтой. Сүүлийн үед үнэ цэнэ бүхий дугаараа фидуцын гэрээний дагуу хураалгасан хүмүүс их хандаж байна. Фидуцын гэрээний хатуу шинж нь Зээлийн эргэн төлөх хугацаа хэтэрвэл фидуцын гэрээний дагуу зээлдүүлэгч авах явдал байдаг.

Иргэдийн зүгээс фидуцын гэрээгээр эд хөрөнгөө хураалгасан бол эргүүлж авах боломж байгаа юу?

Анхлан байгуулсан зээлийн гэрээнд талууд нөхцлөө хэрхэн тусгаж, ямар нөхцлөөр гэрээ байгуулснаас шалтгаална. Хугацааг талууд харилцан тохирч төлөлтөө тогтоодог боловч тухайн зээлдэгчийн хувийн байдал, цалин, орлого зэргээс хамаарч төлөлтийн хугацаа хоцрох тохиолдолд амьдралд цөөнгүй гардаг. Ийм учраас иргэд өөрсдөө Фидуцын гэрээг байгуулахдаа маш сайн бодож, тооцоолж, эрсдлээ урьдчилан харах хэрэгтэй. Үүнийг зарим нь мэдэхгүйгээс, эсвэл эрсдлээ тооцоогүйгээс гарах эрсдлийг эд хөрөнгөөрөө хүлээж байна. Гэхдээ мэдээж шүүхэд хандах эрх нь бол нээлттэй гэдгийг орхигдуулж болохгүй.

Иргэний хуулинд Барьцаагаар үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан бол илүү гарсан хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгохоор зохицуулсан байдаг. Харин фидуцын гэрээний хувьд ийм боломж бий юу?

Жишээлбэл та 30 сая төгрөгийн үнэтэй автомашинаа фидуцын гэрээгээр шилжүүлээд 10 сая төгрөгийн зээл авсан байя. Ямар нэг шалтгааны улмаас зээлийн төлөлтөө хэтрүүлээд таны машиныг зээлдүүлэгч хураан авсан гэж үзье. Энэ тохиолдолд шүүхэд хандаж, зөрүү мөнгийг нэхэмжлэх боломжтой. Манай иргэдийн хувьд ийм байдлаар зээлээ хэтрүүлчихсэн бол автомашиныг хураачхаар “За хаашдаа төлөөгүй юм чинь, одоо яая гэхэв” гэж хандах нь мөн элбэг байдаг. Шүүхэд хандах эрхтэй гэдгээ мэддэггүй. ББСБ ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ фидуцын зүйлээс хангуулчихаад зөрүү мөнгийг олгодоггүй учир энэ төрлийн гаргалгааг сайтар мэдэхгүй байх магадлалтай.

Нийтийг хамарсан тэмдэглэлт баярын үеэр иргэд автомашин болон бусад үнэт эд хөрөнгийг барьцаалж баяр тэмдэглэх нь ихэсдэг гэсэн судалгаа байдаг. Иргэд энэ төрлийн зээл авахдаа юуг анхаарвал зохих вэ?

Юуны өмнө зээл авах гэж байгаа бол “Зээлийн гэрээ” болон түүнийг дагалдах “Барьцааны гэрээ”, “Фидуцын гэрээ”-г сайтар уншиж, танилцахыг зөвлөе. Гэрээнд ойлгомжгүй үг хэллэг, нэр томъёо орсон бол зээл өгч буй байгууллагын зээлийн мэргэжилтнээс асуух боломж нээлттэй байдаг шүү дээ. Мөн фидуцын гэрээгээр эд хөрөнгөө шилжүүлэх гэж байгаа бол эрсдэл, зээлээ төлж чадахгүйгээс гарах үр дагаврыг сайтар тооцох хэрэгтэй гэдгийг анхааруулъя. Амьдрал баялаг учраас хүнд юу ч тохиолдож болдог. Хэдэн саяын зээлтэй явж байтал гэнэт ажлаас халагдах, хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт эрсдлүүд өдөр бүр учирч байдаг. Иймээс зээл авахдаа өөрийн боломж, эрсдлийг тооцох, гэрээгээ сайтар уншиж танилцах нв чухал. Мөн зээлийн гэрээнээс үүдсэн маргаан гарсан бол, эргээд гэрээгээ унштал танд ашиггүй, нэг талыг барьсан гэрээ байна гэж харагдаж байвал та мөн шүүхэд хандаж өөрийнхөө эрх, ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхтэй гэдгээ мэддэг байх нь чухал юм.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Ярилцсан: Г.Ариунболор

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?