Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байна. Тэрбээр Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн аль нэгийг сонгохыг эрмэлзэж буй ч, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ч бас харгалзах нь зүйтэй гэж үзжээ. Тэр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс сонгуулийн холимог хувилбарыг дэвшүүлж, УИХ-д санал болгосон 54:54 хувилбараас жагсаалтыг ч сонгох магадлалтай. Улс төржихгүй, намчирхахгүй, зөвхөн нийт ард иргэдийн эрх ашгийн өмнөөс ажиллах, сэтгэх үүрэгтэй Ерөнхийлөгчийн Тамгын Газрын гол хүн нь ийнхүү улс төржих зам мөрөө сонголоо. Тэр үүрэгт ажлаа хэзээ өгөхөө ч тодорхойллоо.
-Нэр дэвшинэ. Бэлдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж дуусаад л ажлаа өгнө гэж тэрбээр ам нээлээ. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газартаа улс төржих хүсэлгүй, нэр дэвших бодолгүй, нэгэн сэтгэлээр улс орон, ард түмний төлөө зүтгэх тийм нэгний эрэлд гарах цаг болжээ. З.Энхболдын орыг эзлэх тэр эрхэм хэн бэ?