"БОЛОВСРОЛЫН ТҮВШИН" БА "БОЛОВСРОЛЫН АГУУЛГА"

2019-08-13  

Control.mn вэб сайтын зүгээс иргэд, уншигчдадаа зориулан хууль зүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, ярилцлагыг цувралаар хүргэж эхэллээ. Бид хүн бүрд тулгардаг хууль эрх зүйн үйлчилгээ ба түүний талаарх мэдээ мэдээллийн хэрэгцээн дээр үндэслэн амьдрал ба бизнест зайлшгүй мэдэх шаардлагатай хууль зүйн мэдлэгийг үнэгүй олгох зорилгыг мөн агуулж байгаа билээ.

Ингээд 2019-2020 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Их дээд сургуулийн оюутан суралцагсад зайлшгүй мэдэх шаардлагатай Боловсролын тухай хуульд заасан “Боловсролын түвшин” ба “Боловсролын агуулга”-ын талаарх ойлголтуудын нийтлэл мэдээллийг  хүргэж байна. 

Та өөрт хууль зүйн ямар мэдээ мэдээлэл хэрэгтэй байгаа тухайгаа болон бусад санал хүсэлтээ бидний 77008912, 80202540 утсаар болон info.control.mn@gmail.com и мэйл хаягаар тус тус илгээгээрэй. 

Өнгөрөгч жилийн хавар Монгол улсын их сургуулийн оюутнууд төлбөр нэмсэн шалтгаанаар жагсаал зохион байгуулж нийгмийг талцуулж байсан билээ. Их сургуулийн төлбөрийг нэмэх нь буруу гэх хэсэг байхад, “төлбөрийг зөвхөн төлбөрийн чадвартай айлын хүүхдүүд суралцахаар өндөрт барих нь зөв” гэх байр суурийг тус бүртээ илэрхийлж байсан юм. Ямартай ч тухайн үйл явдал нь боловсролын салбарын асуудлаас хальж нийгмийн цаашлаад гэр бүлийн тогтолцооны асуудал руу чиглэн замхарч, оюутнууд ч боловсролоо олж авахын тулд төлбөрөө үг дуугүй төлцгөөснөөр шуугиан намжсан.

Орчин үеийн боловсролын системээр олгож буй мэдлэг, арга барилыг ажил олгогчид, судлаачид “чанаргүй” хэмээн дүгнэдэг. Мөн төгсөгчид ажил олдохгүй гэх шалтгаанаар мэргэжлийн бус ажил эрхлэх нь энгийн үзэгдэл мэт болсоор олон жил болжээ. Ажил олгогчдын зүгээс жил ирэх тутам чанаргүй төгсөгчид олширч, ажиллах боловсон хүчин олоход хүндрэлтэй болж буй талаар ч нээлттэй ярьдаг. Жилд дунджаар 30.00 орчим оюутнууд төрийн болон хувийн хэвшлийн дээд сургуулийг дүүргэж, боловсролын бакалаврын зэрэг эзэмшдэг ч тэдний 30–40 хувь нь л өөрт тохирсон ажлын байрыг олж чаддаг байна. Нэг талаас эрэлт байгаа, нөгөө талаас ч нийлүүлэлт буй мэт харагдах боловч чанаргүй нийлүүлэлтээс үүдсэн “хүний нөөцийн дутагдал” бийг дээрх статистик илэрхийлнэ. Гэвч нөгөө талаас боловсролын тогтолцоог чанаргүйжүүлж байгаа шалтгаан нь төр засаг, хууль эрх зүйн орчин бус суралцагчид өөрсдөө юм гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.

Хувийн их дээд сургуульд суралцагчдын дунд “төлбөрөө төлчихсөн байхад төгсчихнө” гэх сэтгэлгээ бий. Бие даалт болон судалгааны ажлыг “төлбөртэйгөөр хийж өгдөг” оюутнууд ч олон байдаг бөгөөд тэд үүнийг “оюутны бизнес” гэж нэрлэдэг. Шалгалтын үеэр мөнгө авч дүн тавьдаг багш, муу дүнг авилгаар засдаг багш ч мөн л бий. Үүнийгээ “хэн хэндээ хэрэгтэй, бүгд л амьдрах гэж ядарч байна” гэх зэргээр цайруулсаар өнөөдрийн боловсролын тогтолцоог энэ түвшинд авчирсан гэж болмоор. Дээрх жишээнээс харвал Монголын боловсрол чанаргүй байгаа шалтгаан нь:

1.      Суралцагчдын боловсролд хандах хандлага

2.      Багшийн заах болон үнэлэх арга зүй, ёс зүй

3.      Суралцагчдын хувийн хариуцлага

4.      Суралцагчдын боловсролын хэрэгцээ, шаардлагыг ухамсарласан байдал

5.      Ашгийн төлөөх хувийн хэвшлийн эдийн засгийн ашиг сонирхол зэрэгтэй шууд холбогдоно.

Өөр нэгэн жишээ дурдвал ажлын байр олох арга зам төгсөгч бүрд харилцан адилгүй байгаа нь мөн боловсролын чанарын асуудалтай шууд холбогдоно. Тухайлбал ажлын байр бэлэн буюу танил талтай байх нь суралцах зорилгыг үгүйсгэж, тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна. Монгол улсын гэр бүлийн уламжлалт сэтгэлгээ, аман тохироо зэргээс хамаарсан ажлын байранд өрсөлдөх дараах сонирхолтой хэлбэрүүд буйг дурдаж болно. Үүнд:

1.      Танил талаар дамжуулан ажилд орох /энэ нь ихэвчлэн төрийн албаны дарга хамаатан эсвэл хэн нэгэн хамаатан, найз нөхдийн бизнесийн байгууллагад өөрийн мэдэхгүй ажлын байранд очих хэлбэрээр илэрнэ/

2.      Авилга, хээл хахуулиар ажилд орох /муу дүнтэй төгссөн ажил олдохгүй байгаа хүүхдээ эцэг, эх нь өр тавиад ч хамаагүй удирдах албан тушаалтанд хэдэн төгрөг өгөөд ажилд оруулъя гэх сэтгэлгээнээс үүдэлтэй. Нөгөө талаас сурлагын хувьд муу, мөнгөтэй айлын хүүхдэд мөн хамаарна/

3.      Цэвэр өрсөлдөөнөөр ажилд орох /Төрийн албаны шалгалт, хувийн хэвшлийн компанид ярилцлага, шалгалт өгч өөрийн чадвараар шалгаран орсон ажилтан/

4.      Дараагийн ажил олдох хүртэл түр ажиллах /Энэ нь тогтворгүй, эсвэл өөрийн мэдлэг, ур чадварыг үнэлэн ухамсарлаагүй ажил горилогчдод хамаарах бөгөөд өөрийн хүсээгүй эсвэл ур чадвар огт шаардахгүй өөр төрлийн ажил эрхэлж буйгаар илэрнэ/

Өнөөгийн байдлаар манай улсын ажиллах хүч болсон залуус, идэр насныхан дээрх хэлбэрээр ажил горилж байгаа нь эргээд өнөөх л боловсролын тогтолцоог хөндөхөд хүргэнэ. Монгол улсын Боловсролын тухай хуульд “боловсролын түвшин” “боловсролын агуулга” гэх ойлголтуудыг дараах байдлаар тайлбарлажээ.

3.1.3.“боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшилтийн цогцыг;

3.1.4.“боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг ойлгоно.

Энэхүү хуулийн 3.1.4 дахь хэсэгт заасан түвшинг сургуулийн өмнөх боловсролын стандарт, ЕБС-ийн стандарт, их, дээд боловсролын стандарт зэргээр зохицуулж буй. Харин “Боловсролын агуулга”-ыг тодорхойлж, үнэлэх нэгдсэн зохицуулалт үгүй бөгөөд их, дээд сургууль, ЕБС-ын сургуулиуд агуулгыг өөрсдөө зохиож, хэрэгжүүлэн ашиглаж байгаа юм. БСШУСЯ-аас “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж буй ч логик дэс дарааллын хувьд агуулгагүй чанар байх боломжгүй. Үүнээс боловсролын тогтолцооны доголдол хаана үүссэн болох нь тодорхой харагдана.

Дээрхээс дүгнэн харвал боловсролыг түвшинд хуваан ангилсан ч агуулгыг тодорхойлж чадаагүй учраас төгсөгчид ижил түвшний мэдлэгийг бус тухайн суралцаж байсан сургуульд таалагдсан, хөтөлбөрт нь орсон судлагдахууныг л судлан төгссөн, зарим нь бүр “найрч” төгссөн гэсэн үг болж байна. Агуулга-Хэлбэр-Чанар-Үр дүн гэх гинжин холбоонд тогтолцоог оруулж чадвал боловсролын агуулгыг тодорхойлоход ч дөхөм баймаар…

Боловсролын стандартыг хангахуйц агуулгыг тодорхойлсон тохиолдолд бид чанар хийгээд үр дүнгийн асуудлыг хөндөж, сайлж, эсвэл муулах боломжтой. Одоогийн боловсролын системийн доголдол, хувь хүний зүгээс боловсролын хэрэгцээ шаардлагыг ухамсарлаагүй байдлыг арилгахгүйгээр цааш явбал бид “чадваргүй ажиллах хүч”, “хүний нөөцийн дутагдал”, “зан хандлагын доголдолтой ажилтан”-тай байсаар ойрын хэдэн жилдээ хөгжил дэвшлийн талаар ярихад ч бэрх юм.

 

 

Г.Ариунболор

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?