Д.ЛҮНДЭЭЖАНЦАН НАРЫН ӨРГӨН БАРЬСАН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТУХАЙД

2019-08-14  

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн толгойлсон ажлын хэсэг 4 багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-ын вебсайтад тавин санал авч байгаа юм байна. Төсөлд тусгагдсан асуудлаар өөрийн зарим саналаа нэмэрлэе. /2019-06-14/

1. Улсын Их Хурал, Засгийн газрын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд

Улсын Их Хурлын хууль тогтоох ажлын чанарыг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн саналыг энэ хэсэгт тусгажээ.

Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль тогтоомжийн чанар доройтож, хэрэгжилт нь эргэлзээ төрүүлэх болсоор удлаа. Хууль хоорондын уялдаа алдагдах, зохицуулах ёстой харилцаагаа бүрэн хамрахгүй, зохицуулж чадахгүй байгаа зэрэг нь яах аргагүй хууль тогтоох үйл ажиллагааны дутагдал мөн. УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийнхээ хагасын ирцтэйгээр хуралдаж, тэдний олонхоор буюу 20 гишүүний саналаар хууль батлаж байна гэсэн шүүмжлэл байнга гардаг боловч үнэн хэрэгтээ телевизээр дамжуулж байгаа чуулганы нэгдсэн хуралдаанаас харахад гишүүд нь ирцээ бүртгүүлэх боловч хуралдаанаа хаяад явчихдаг, хуралдааны танхимд үлдсэн 10 хүрэхгүй гишүүн нь хэлэлцэж буй хуулийн төслөө хэлэлцэх биш, хол ойрын улс төрийн хов жив, хэрүүл уруулаа ярьж, иргэдийн ёстой голыг нь олж нэрлэснээр “попроод” сууж байх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ бол зөөлнөөр хэлбэл соёлгүй, бүдүүлэг явдал, үнэн хэрэгтээ бол ард түмнээ, парламентаа, Монголын төрийг хууран мэхлэж, гутаан доромжилж буй хэрэг. 

Хэлэлцүүлгийн үедээ ч гишүүд нь тэс хөндлөн, хамаа намаагүй юм ярьж байх нь олонтаа. Зөвхөн хэн нэгнийг огцруулах, томилох хуралдаанд л ирц хангалттай байдаг болсон байна. Гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярихдаа батлан гаргасан хуулиа мэдэхгүй байх, буруу зөрүү ярих нь элбэг болж. Энэ бүгд нь гишүүд хууль тогтоох үйл ажиллагаандаа хайхрамжгүй хандах болж, ингэснээр УИХ хууль тогтоох үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэх болсныг илчлэх бус уу. Тэгвэл угаасаа байнга шүүмжлэл дагуулдаг хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих бас нэг үндсэн чиг үүргээ УИХ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар бодохоос ч аймшигтай санагдана.

Өргөн барьсан “Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд” УИХ-ын ээлжит чуулганы хуралдах хугацааг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн анх батлагдсан уг эхэд байгаагаар нь 75 хоног болговол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын чанарыг сайжруулахад сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Мөн хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална гэж зааж байгаа яах аргагүй дэвшил.

Гэхдээ 2000 оны дордуулсан 7 өөрчлөлтөөр “УИХ-ын гишүүд  саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн өнгөн талаасаа гэмгүй мэт боловч гишүүд намын дарга нараасаа хараат болж, ард түмэн, сонгогчдын эрх ашиг, өөрийн үзэл бодлоор санал өгөх эрхийг нь боомилсон заалтыг хагас дутуу засварласан нь юуг ч өөрчлөөгүйгээс ялгаа алга. Ядахнаа л Ерөнхий сайд болон бусад албан тушаалтныг томилох, огцруулахдаа нууцаар санал хураана гэсэн бол дээр байсан болов уу. 

2000 оноос хойш хамгийн их маргаан дагуулах болсон нэг асуудал бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах. УИХ-ын гишүүдийн тооноос хамааран ийнхүү давхар ажиллах нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын эрх мэдлийн тэнцлийг алдагдуулах болсон учир тодорхой хэмжээнд хязгаарлалт тавих нь гарцаагүй шаардлага болжээ. Төсөлд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэж заасантай эцэс төгсгөлгүй маргаж болох ч ер нь нилээн голыг нь олоод тусгачихжээ гэж болохоор.

Улсын Их Хурлын сонгуулийн журмыг тогтоох тухай  21.4. дүгээр заалтад орсон “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн өгүүлбэр тун чухал юм. Сонгуулийн хууль тогтвортой байх, намуудын хувьд “тоглоомын дүрэм” нь эртнээс тодорхой байх явдал маш чухал. УИХ-д олонхи болсон нам бүр өөртөө ашигтай сонгуулийн тогтолцоо бий болгох гэж оролддог, түүндээ өөрөө бүдэрдэг хөгийн практик арилах буй заа. Гэхдээ энэ заалтанд сонгуулийн тогтолцоогоо аль болох тодорхой заах хэрэгтэй байв. Хугацааны хувьд хязгаарлалт тавьсан ч, бусдыг нь дахиад л УИХ-ын мэдэлд үлдээж байна. Дэлхий даяараа тогтчихсон, хэнд ч ойлгомжтой “шууд” сонгуулийн зарчмыг Үндсэн хуулийн цэцтэйгээ нийлээд эргэж буцан, будилж муйхарлан тайлбарласаар л суух уу. Хөмөрсөн тогоон доор байгаа мэт “хуучин хүү” гэдэг шиг хэдий болтол ертөнцийн чимээнээс далд, орчин цагийн парламентат ёсны чиг хандлагаас ангид суухав дээ. 

Монгол Улсын төрийн удирдлагын хэлбэрийг парламентын бүгд найрамдах улсын хэлбэрт илүү нийцүүлэхэд чиглэсэн заалтууд төсөлд нилээн оржээ гэж үзэж байна.

Юуны өмнө УИХ-аар Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн хэлэлцэн томилж, огцруулдаг өнөөгийн практик нь Засгийн газар танхимын хэлбэрээр ажиллаж, хариуцлага хүлээх зарчмыг алдагдуулж, Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхгүй байгааг дурдах ёстой.  Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, огцруулдаг болох нь  хариуцлагын тогтолцоог тодорхой болгохоос гадна парламентын гишүүн биш, мэргэжсэн хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд парламентын зүгээс хэт хутгалдан оролцдог өнөөгийн буруу зуршлыг хязгаарлах сайн талтай. 

Парламентын хамгийн гол нэг чиг үүрэг бол улсын төсвийг хэлэлцэн батлах билээ. Улсын Их Хурлаар улсын төсвийг хэлэлцэн батлах өнөөгийн дүр зургийг харахад үхэр, тугалаа нийлүүлсэн айл санагдах болжээ. Улсын Их Хурал, Засгийн газар нь хэн нь хаана байгаа нь ялгагдахгүй холилдсон, эрх мэдэл зааглагдахаа больсон, сонгуулийн 76 жижиг тойрог дахь УИХ-ын гишүүний эрх ашиг улсын эрх ашгаас дээгүүр тавигдах болсон зэрэг нь үнэндээ Монголын эмгэнэл болж байна. Үүнээс үүдэн улсын төсөв тухайн жилдээ улс орноороо хэрхэн яаж амьдрахаа зөв төлөвлөөгүй, нийт улс орныхоо хөгжил, ирээдүйг харсан биш Улсын Их Хурлын гишүүдийн сонирхолд нийцсэн, эрх баригчдын тансаглал, дураараа дургихыг өөгшүүлсэн, тэдний улс төрийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх санаархлыг тусгасан төсөв болон батлагдах боллоо. Нөгөө талаас төсвөө ийнхүү баталсан парламент төсвийн зарцуулалтад тавих хяналтаа бүрмөсөн алдах аюултай. Парламентаас төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд тавих хяналт нь Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын гол амин сүнс нь юм. Энэ хяналтаа алдсан парламентыг парламент гэж нэрлэхэд ч хэцүү.

Иймд хэрэв Үндсэн хуульд улсын төсөвтэй холбоотой заалт нэмэх гэж байгаа бол илүү зоримог, илүү тодорхой байх ёстой. Юуны өмнө улсын төсвийн ДНБ-д эзлэх хувьд хязгаарлалт тавих, төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий хэдэн хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өр, гадаад өрийн хэмжээний ДНБ-д эзлэх хувийг зөв тогтоох зэрэг улсын хөгжил, ирээдүйгээ харсан шаардлагыг бусад хуулиар тогтоож байх, энэ шаардлага нь тодорхой хугацаанд тогтвортой, дураараа өөрчлөх боломжгүй  байх нөхцлийг Үндсэн хуулиар нээх хэрэгтэй. Нэгэнт л 2000-аад оноос хойш эрх баригчид ийм зарчим, шаардлагын тухай бодохыг ч хүсэхгүй байгаа нь илэрхий байхад өөр яах билээ. 

Нэгэн жишээ дурдая. 2010 онд улсын нэгдсэн төсвийн орлого 2425,8 тэрбум, нэгдсэн төсвийн зарлага 2785,4 тэрбум төгрөг байжээ. Гэтэл 2019 оны улсын төсвийг  орлого нь 9,676 их наяд, зарлага нь 11,589 их наяд байхаар баталсан. Улс орны эдийн засаг өргөжин тэлсэн нь үнэн боловч, хүн амын тоо ийм хэмжээгээр өсөөгүй нь лав. Боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө хичнээн өссөн ч хүн амынхаа тоотойгоо харьцангуй өснө байх. Иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээ нэмэгдсэн л байх, гэхдээ төсөв ингэж тэлэх хэмжээнд хүрээгүй нь ойлгомжтой. Хэт цамаан, үрэлгэн төсөв эрх баригчдын дураар дургихад нь таатай нөхцөл бүрдүүлэх боловч, эцсийн дүндээ улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр, тушаа болох нь тодорхой. Дашрамд хэлэхэд, 1990-ээд оны дунд үе хүртэл улсын төсөвт захиргааны зардлын хэмжээг тусгайлан заадаг байлаа. Үнэн хэрэгтээ зах замбараагүй өссөн захиргааны зардалд зарцуулсан хөрөнгө мөнгөөр хичнээн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж болох байсныг тооцвол цочмоор тоо гарах байх. 

Энэ хэсэгт Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, Ерөнхий сайдыг огцруулах процедурыг нарийвчлан заасан зэрэг нь хуулийн томьёоллоо илүү нарийвчилсан, тодорхой болгосон хэрэг гэж ойлгогдож байна. Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг УИХ-д тавих журмыг нилээн тодорхой болгох заалт оруулжээ. Улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн асуудлаар эрх баригчид нэгдсэн бодлоготой байхгүй бол юунд хүргэдгийг бид Оюу толгой, Таван толгой, төмөр зам гээд олон чухал асуудал дээр харлаа. Иймд, хэрэв итгэл үзүүлэх эсэх тухай энэ заалтыг зарчмаар нь, зөв хэрэглэвэл бодлогын нэгдмэл байдалд ихээхэн тустай нь дамжиггүй. 

Улсын Их Хурал хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхтэй. Үндсэн хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэн цагаас эхлээд Улсын Их Хурал энэхүү хяналтын чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж ирсэн нь олон нийтэд тодорхойгүй, байнга шүүмжлэлд өртөж иржээ. Хааяа нэг сүр дуулиантайгаар хянан шалгах ажлын хэсэг байгуулагдлаа гэж хэвлэл мэдээллээр шуугиулах боловч эцэстээ энэ ажлын хэсэг нь ажилласан эсэх, үр дүнд хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй замхран мартагддагт бид нэгэнт дасчээ.

Уг нь Улсын Их Хурлын хянан шалгах эрх мэдэл нь дутагдаагүй, зарим зүйлийг тодорхой болгох шаардлагатай бол Улсын Их Хурлын хуулиндаа тусгаад явахад бүрэн боломжтой учир Мөрдөн шалгах түр хороо байгуулах тухай заавал Үндсэн хуульд заах хэрэггүй юм.

Ер нь Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хамгийн анхны бөгөөд хамгийн гол алхам нь Улсын Их Хурал баталж, Засгийн газар хэрэгжүүлдэг улсын төсвийн гүйцэтгэлд хяналт тавих явдал билээ. Улсын Их Хурлаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа өнөөгийн байдлыг харахад ингэж хэлэлцсэн нэр зүүж, нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг болж байхаар боливол таарна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Товчхон хэлэхэд, хөгжлийн бодлого, өнөөгийн нөхцлөө тооцож чадсан төсөв батлаад, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлээ хянаж сурсан цагт парламент төлөвшлөө гэж ярих болов уу.

2. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд суурилсан хариуцлагатай тогтолцоог бий болгох.

Энэ заалтыг Үндсэн хуульд тусгайлан суулгах хэрэггүй юм.  Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулиудад нарийвчлан заагаад явахад болно. Харин хамгийн чухал нь улс төрийн намууд хуулиа хатуу баримтлан ажилладаг болоход нь анхаарч, тэдний хууль зөрчсөн үйлдэл бүртэй хатуу тэмцэхийг бодлогоор дэмждэг болох хэрэгтэй.

3. Шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, шүүгчийн хариуцлага, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх

Төрийн эрх мэдлийн нэг салаа мөчир болох шүүх эрх мэдлийн хэрэгжилтэд итгэх иргэдийн итгэл жилээс жилд буурсаар байна. Шударга үнэнийг тогтоогч, хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой шүүгч, шүүхийн үйл ажиллагааны өнөөг хүртэл унасан түвшин  иргэдийн төрдөө итгэх итгэл алдрах нэг гол шалтгаан болоод байна. Шүүгч, шүүхийн хараат биш байдлыг баталгаажуулах зорилгоор төрөөс тэдэнд онцгой цалин хөлс тогтоож, ажиллах нөхцлийг нь сайжруулах алхамуудыг хийсээр байна. Гэвч эрх мэдэлтнүүд, улс төрчид, хөрөнгө чинээтнүүдийн өмнө шүүгч, шүүх толгой гудайлгах болсон нь өнөөдөр хэнд ч нууц биш болжээ. Мэдээж бүх шүүгч ийм болоогүй нь ойлгомжтой. Гэвч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий.

Төсөлд шүүгчийг томилох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах талаар хэд хэдэн заалт тусгагджээ. Сайжрах замд нэмэр болох болтугай гэж бодож байна. Ард олны дунд “амьдрал үзээгүй 25-26 настай хүүхэд хүний амьдралыг дэнслэн, шийдвэр гаргана гэж юу байхав дээ” гэсэн яриа байдаг. Шүүгчээр томилогдох насыг 30 болгон нэмэгдүүлэх саналтай байгаа нь нүдээ олсон хэрэг болов уу.

Уг нь Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлд “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэснийг  “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүгч хэрэгжүүлнэ” гэж засаад, шүүхийн шийдвэр шударга байх эсэхийг тодорхой хүнээс нэхдэг болчихвол зүгээр юм, шүүгчийн хариуцлага ч дээшилнэ. Гэвч эцсийн эцэст шударга үнэнч шүүхтэй байх эсэх нь шүүгчээс л хамаарна. Ийм ч учраас энэ хэсгийн заалтуудыг дахин дахин хэлэлцэж, иргэд, эрдэмтдийн саналыг авах нь зүйтэй болов уу. Шүүх эрх мэдлийн асуудлыг Үндсэн хуульдаа маш тодорхой томьёолох хэрэгтэй.

Төсөлд Шүүхийн ерөнхий Зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн чиг үүрэг, тэдгээрийн бүрэлдэхүүнийг томилох талаар заалтууд тусгагджээ. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахад чиглэсэн чухал заалтууд. Шүүхийн захиргааны чиг үүрэг, шүүгчид нэр дэвшигчдийг олох, сонгох, шалгаруулах, томилох гээд олон чиг үүргийг хөндлөнгийн хяналтгүйгээр хэрэгжүүлэх энэ байгууллага эргээд шүүхийн хараат байдлыг алдагдуулах байгууллага болчих вий дээ. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгэн гол зорилго нь төрийн эрх мэдэл, түүний салаа мөчрийн хяналт-тэнцлийг хангах гэдгийг тооцон дахин нарийвчлах шаардлага урган гарч байна.

4. Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар болон сонгуулийн үр дүнгээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох.

Уг нь төрийн албатай холбоотой өнөөгийн даган мөрдөж байгаа хууль, тогтоомжоо зохих ёсоор нь хэрэгжүүлээд, дагаж мөрдөөд явахад  энэ асуудлыг Үндсэн хуульд тусгаад байх шаардлагагүй юм.

Төрийн алба улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой байх нь төр чадавхтай байх, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн чухал шалгуур билээ. Энэ ч үүднээс Төрийн албаны тухай хуулийг 1995 оноос эхлэн мөрдөж байгаа боловч, хэрэгжилт нь тун тааруу, үүнээс болоод тухайн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгын тоог бид нэгэнт алджээ. Сүүлийн 20-иод жилд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн тэр чигээрээ солигддог практик нэгэнт хэвшил болжээ.

Төрийн албаа улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой байлгах үндсэн чиг үүрэгтэй Төрийн албаны зөвлөлийг төрийн эрх мэдэлтэн хэн гуай нь ч үл тоомсорлон нулимах болж, төрийн алба улс төрийн алба болоод байна. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, энэ оны эхнээс мөрдөж байгаа боловч одоогийн Төрийн албаны зөвлөл хуулийн үзэл санаа, зүйл, заалтаа ягштал мөрдөж чадахгүй, шинэ эрх зүйн орчноо мэдрээгүй, хуучин хуулийнхаа орчинд эргэлдсэн хоцрогдмол байгууллага хэвээр байна. Төрийн албаны бараг бүх томилгоо улс төрийн томилгоо болж, мэргэшсэн, чадварлаг байна гэсэн шалгуур зөвхөн лоозонгийн төдий үгс болон хувирлаа.

Нэгэнт ийм байдалд хүрсэн, одоогийн улс төрийн гол намууд энэ гажуудлыг засах өчүүхэн ч сонирхолгүй, чадваргүй гэдэг нь тодорхой болсон учраас улс орныхоо ирээдүйг бодоод эдгээр заалтыг Үндсэн хуульдаа тусгахаас аргагүй болсныг ойлгож байна. Харин ч бүр нарийвчилсан, илүү тодорхой заалтууд оруулах хэрэгтэй болжээ.

5. Орон нутгийн түвшинд нутгийн удирдлагын зарчмыг бэхжүүлэх.

Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд өөрчлөлт оруулан улсын болон орон нутгийн харьяалалтай хот гэж ангилан, тэдгээрийн өөрийн удирдлагын зарчмыг хуулиар тогтоож байхаар төсөлд тусгажээ. Энэ бол анх Үндсэн хууль батлагдах үеэс л маш их маргаан дагуулсан асуудал. Уг нь Дархан-Уул, Орхон бол Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж – аймгууд, Дархан, Эрдэнэт бол нутаг дэвсгэрийн нэгж биш, тухайн нутаг дэвсгэр дэх хотууд, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг Засаг дарга хариуцна, хотын менежмент, оршин суугчиддаа үзүүлэх үйлчилгээг хотын захирагч хариуцна гээд хялбарчлаад ойлгочиход болохгүй гэх юм үгүй.

Анхнаасаа нийслэлийн засаг дарга, Засаг даргын тамгын газар иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээгээ хариуцаад, Улаанбаатар хотын захирагч, Захирагчийн ажлын алба хотынхоо аж ахуй, зам, барилгын асуудал, оршин суугчдаа дулаан, цахилгаан, усаар хангах ажлаа хариуцаад явна гээд ажлын зааг ялгааг нь тодорхой болгочихсон бол энэ асуудал бусад хотуудын хувьд ч үүсэхгүй байсан байх. Үе үеийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалтай хүмүүс өөрийн чиг үүргээ өөр өөрийнхөөрөө ойлгоод, хэрэгжүүлээд явсан нь энэхүү олон жилийн маргааныг улам бүр өдөөсөөр байна.

Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2-ын дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг хэрэгжүүлээд явахад болох асуудлыг улс төрчид хөөргөн дэвэргэж, иргэдээ өдөөн турхирсаар одоо энэ асуудал нэгэнт Үндсэн хуульдаа гар хүрч байж шийдэгдэхээр болжээ.

Өөр нэг гол асуудал бол нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд оруулах өөрчлөлтийн талаарх санал буюу сум, дүүрэг, орон нутгийн харьяалалтай хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлэхгүй, гагцхүү иргэд өөрсдийн нэрээ дэвшүүлэн оролцох тухай заалт юм. Орон нутагт хэт улс төржилт газар авч, 2000 хүрэхгүй хүн амтай сумынхан намаараа хоёр, гурван хэсэг болон талцаж, сумын төвийн хоёрхон дэлгүүрийн нэг нь МАН-ын дэмжигчдэд, нөгөө нь АН-ын дэмжигчдэд үйлчилдэг болтлоо завхарч, сумын засаг дарга нь төрийн халамжийн үйлчилгээг хүртэл өөрийн талынхандаа тараагаад, нөгөө талынхнаа ялгаварлан үлдээдэг явдал энгийн зүйл болоод байгаа энэ үед уг заалт тун цаг үеэ олсон зөв заалт гэж үзэж байна.

Харамсалтай нь Төсөл өргөн баригчид энэ чухал заалтыг санаатай, санамсаргүй алин боловч орхигдуулжээ.

Ер нь Үндсэн хуульд Иргэдийн нийтийн хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай заасан болохоос намын төлөөлөгчдийн хурлын тухай заагаагүйг бас санууштай. Орон нутгийн удирдлагыг ард иргэдийн шууд төлөөллөөр сонгодог зарчим алдагдаж байгаа тухай иргэдээс гарах гомдол нэмэгдэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхой шатанд хүртэл сонгуулийг улс төрийн намуудын оролцоогүйгээр явуулах нь зүйтэй гэсэн судлаачдын дүгнэлт, санал дараа дараалан хэвлэгдэн олны хүртээл болсоор байна.

Төслийн зүйл, заалтуудаас зарчмын хувьд Үндсэн хуульд тусгах хэрэгтэй нь гэвэл Засгийн газрын гишүүнийг томилох, шүүгчийг томилох, томилохдоо тавих нас, мэргэшилтэй холбоотой шалгуур, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг улс төрийн намын оролцоогүйгээр явуулах зэрэг заалтуудыг хэлж болно.

Бусад заалтуудын тухайд бол Үндсэн хуулийг дагалдан гарсан хуулиудад тусгаад явахад болохоор, угаасаа ч одоо мөрдөгдөж байгаа хуулиудад зарчмын хувьд байгаа зүйлүүд байна. Иймд илүү нарийвчлан, тодорхой болгож хуульчлах шаардлагатай бол зохих зохих хуулинд нь тусгаад явах нь зүйтэй.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга

Дондогдоржийн Золжаргал /2019-06-14/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?