БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийлээ.
Уг айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан байна.
Уулзалтын үеэр хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх болон визний шаардлагыг хөнгөвчилж, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой нөхцлүүд дээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Ийнхүү Монгол Улс, БНСУ хоёр орны иргэд харилцан зорчиход хоёр байгууллагын үүсдэг асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, богино хугацааны үр дүнтэй айлчлал боллоо.
Айчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудаас дурдвал:
1. БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий Консулын орон тоог энэ сард багтаан 2-оор нэмэхээр болжээ.
2. Виз мэдүүлэхэд байршуулж буй таван сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлан оронд нь сүүлийн зургаан сарын дансны хуулгыг шалгах.
3. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгохоор болжээ.
4. БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх гэнэ. Мөн виз олгохдоо "ХУР" систем нэвтрүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Хэрэв "ХУР" системийг нэвтрүүлбэл, визний асуудлыг хоёр долоон хоногийн дотор шийдэх боломжтой аж.
О.Гоо-Оюун