2020 оны УИХ-ын сонгуулийн дүрэм ойлгомжтой боллоо. 76 жижиг тойрог, мажоритар тогтолцоо. УИХ-д олонхи болсон МАН-ын 64 гишүүн ингэж шийдлээ. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос 1 жилийн өмнө өөрчилж болно гэсэн заалтыг Үндсэн хуульд заахаар тогтлоо. Тэгснээрээ 2016 оны УИХ-ын сонгуулийн хувилбарыг хөндөхгүй болов. Ямар ч гэсэн намын нэр, хаяг дор нуугдаж, намдаа мөнгө төгрөг хандивлаж жагсаалтыг тэргүүлэх байдал энэ удаа хаагдлаа. Намдаа нөлөө бүхий лидерүүд, удирдлагын тойрогт ойр байдаг эрхмүүд зөөлөн өрсөлдөгч бүхий тааламжтай тойргоо эхэлж сонгоно. АН-аас одоогийн УИХ-ын гишүүд давуу эрхээ эдэлнэ. МАХН-ын Баасанхүү хэдийгээр намаасаа УИХ-д ганцаараа ч тойрог сонгох эрхээ эдэлж чадахгүй. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд "том зодоонд" орно. Энэ зодооны эхлэлийг Говь-Алтай аймагт нэр дэвшихээр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Раднаасэд аль хэдийнээ тавьсан. Эрх баригч нам доторх тойрог булаацалдах тэмцэл төлөөх өрнөх цаг иржээ.
Ц.ЭНХБАТ