“СУРАЛЦЪЯ, ХӨГЖЬЕ” УРИАТАЙ “RISE” ХӨТӨЛБӨРТ 1000 ОЮУТАН НЭГДЛЭЭ

2019-09-16  

Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж, их дээд сургуулийн босго алхсан нэгдүгээр курсийн шинэхэн оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан, “Хамтдаа суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнгөрсөн ням гарагт “Crocus event hall”-д боллоо.

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Unread”-тэй хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд шинээр оюутан болсон хүүхэд залууст зориулан бие даан амьдрах, хотын соёлд суралцах, санхүүгээ зөв зохицуулах, амжилттай суралцах арга барилд сурган дэмжих зорилгоор бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 800 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил 1000 оюутан нэгдэж, “Rise”-ын нээлтэд хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээг нээж ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, оюутнуудад хэрхэн амжилттай суралцах тухай зөвлөгөө өгч, амжилт хүссэн бол салбар салбарын манлайлал болсон чадварлаг мэргэжилтнүүд “Санхүүгийн сахилга баттай байх нь хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?”, “Тогтвортой хөгжилд таны оролцоо” сэдвээр илтгэл тавьж, оюутан байх хугацаандаа хэрхэн сайн суралцаж, ирээдүйдээ бэлтгэх тухай хэлэлцүүлэг өрнүүлэн, суралцах арга барил, туршлагаасаа хуваалцан, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажилласан нь онцлог байв. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай  танилцуулсан. Түүнчлэн ХААН Банк Сангийн ажилтнууд оюутнуудад зориулсан соёл урлагийн үзвэр үйлчилгээ, банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах, мөн “Rise” хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.

 “Rise”-ын нээлтийн арга хэмжээ бүхэлдээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж, хэрхэн хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх тухай оюутнуудад мэдлэг, мэдээлэл хүргэж, байгаль дэлхийгээ хайрлахад уриалсан нь мөн онцлууштай байлаа. Учир нь зохион байгуулагчдын зүгээс оюутнуудыг өөрсдийн аягатайгаа хүрэлцэн ирэхийг уриалж, нэг удаагийн хэрэглээнээс хамтдаа татгалзаж чаджээ. Мөн “Ногоон царцаа”, “Zero Waste Mongolia” зэрэг эко нэгдлүүдтэй хамтран ажиллаж, тухайн арга хэмжээг хог хаягдал багатай зохион байгуулж, нээлтийн үеэр гарсан бүхий л хогийг ангилан, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүллээ.

 “Rise” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон оюутан залуус сэтгэл хангалуун, дурсамж дүүрэн нэг өдрийг ХААН Банк Сан болон Unread-ийн хамт олонтой өнгөрүүлсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хичээлийн жилийн турш олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд нээлтийн арга хэмжээнд оролцож амжаагүй оюутнууд “RISE” хөтөлбөрийн фэйсбүүк хуудсанд ЭНД дарж бүртгүүлэн, мэдээлэл авснаар дараагийн бусад арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?