ХАРААТ БУС СЭТГҮҮЛЗҮЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЛЭЭ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЖ БАЙНА!

2019-09-19  

Сэтгүүлчдийг мөнгөөр худалдаж авах гэж оролддог, хаалтын гэрээ санал болгодог, хэрвээ саналыг нь зөвшөөрөхгүй бол хуулиар далайлгаж, худалдагдсан шүүгч, цагдаагаар дарамтлуулж, ял зэмд унагадаг, урьд өмнө гаргасан хувь хүний алдаан дээр нь дөрөөлж шантаажилдаг, нэр төрийг нь гутаан доромжилдог, хайртай бүхнийг нь барьцаалдаг, удам угсаа, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө рүү нь халддаг хүний үнэргүй “хүйтэн цуст” олигархуудтай, мафижсан улс төрчидтэй амь хайргүй, нэр харамгүй, ухарч няцахгүй тэмцэнэ.

Чөлөөт хэвлэлийн нэрийг барьж, утга агуулгыг мушгин гуйвуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард, сэтгүүлчийн ард, сошиалын хуурамч хаягны цаана нуугдаж, мэдээллийн хүчирхийлэл, гүтгэлэг, доромжлол, заналхийлэл үйлдэж байгаа жинхэнэ эздийг зарлана.

Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах, 30 жилийн турш онож алдаж олж авсан Монголын ардчиллыг хамгаалах, эх орноо хөгжил дэвшилд хүргэх цор ганц зөв зам нь хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлзүйгээс, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхэлнэ гэдэгт миний бие итгэдэг.

Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, шударга төрийн түшээд, хууль хяналтын байгууллагын шударга удирдлагууд та бүхнийг сэтгүүлзүйн салбарын хараат бус байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсье.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Үндсэн хуулийн нэгэн адил түвшинд авч үзэж, олон нийтэд нээлттэй, ил тод хэлэлцүүлэг дор шинэчлэн боловсруулж, нэн даруй батлахыг та бүхнээс шаардаж байна.

Энэ тэмцэл Тост, Тосон бумбын төлөөх тэмцлээс хавгүй олон дайсантай, хэд дахин илүү гүтгэлэг дайралттай, хамаагүй урт хугацаатай үйл явц болно гэдгийг миний бие ухамсарлан ойлгож байна. Гэр бүл, анд нөхөд, итгэл үнэмшил, амь нас, нэр төр, эд хөрөнгө рүү маань ухаан солиотой мэт уулгалан дайрна гэдгийг ч мэдэж байна. Би бүхнийг тэвчиж, хулгайч авилгачдын зодуурыг дааж, сэтгэлзүйн яргаллыг даван туулж чадна гэдгээ хэлье. Харин миний гэр бүл, хамт олныг хуулийн дагуу хамгаалалтанд авахыг хүсье.

Надад итгэж, дэмжихийг нийт сэтгүүлчдээсээ, Монголын ард түмнээс хичээнгүйлэн хүсье.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд шударга үнэний талд, хуульт ёсны төлөө, сэтгүүлзүйг хараат бус байлгахын тулд цэх шулуун зогсоно гэдгээ батлан хэлье. Би өөрт байгаа бүх хүч, боломжоо энэхүү тэмцэлд зориулах болно.

Нэг салбарт ажиллаж, олон жил жаргал зовлонгоо хуваалцсан сэтгүүлч анд нөхөд, ахмад үеийнхэн, дүү нараасаа салбарынхаа төлөө, сэтгүүлч мэргэжлийнхээ төлөө, иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө, эх орныхоо төлөө нэгдэж, хамтарч ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө урьдын алдааг ул болгон хэмлэлдэх бус сургамж болгон үлдээж, угтах замд гар гараасаа барилцан шударга үнэний дуу хоолой байх, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсэд хамтран зүтгэхийг уриалъя!

Монгол Улс мөнх оршиг!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч
Хархүүгийн Мандахбаяр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?