НОМЫН ГАЗАРЧ

2019-09-21  

  “Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж, мяралзан эрээлжлэх түмэн үйлийг судар ном лүүгээ хэлэлцьмүүВанчинбалын Инжинаш

            Утасны дуудлага ирэв. Дүү хүү ярьж байна. Хот ороод Сүхбаатарын талбай дээр болж байгаа номын яармаг сонирхож явна гэв. “-Оросын уран зургийн хуучны нэг том ном үзэж байна, тань руу зургуудыг нь явуулъя” гэлээ. Удсан ч үгүй зураг ирлээ. Репины “Ижил мөрний онгоц чирэгчид”, Суриковын “Цасан хотхоны бэхлэлт”, Куйнжи “Хусан төгөл”, Левитаны “Алтан намар” гээд цуварсаар. Тэгснээ “-Авах уу? “ гэж байна. Шуудхан л “-Ав” гэлээ. Уран зургийн их ховор ном Ганболд олж авсан түүх энэ.   

УЛААН ДААШИНЗТАЙ ХҮҮХЭН

            Номонд Оросын хамаг л сор болсон 33 уран зураачийн 64 зураг багтжээ. Москвад 1959 онд хэвлэгдсэн энэ цомгонд “Оросын нүүдэлчин зураачид” хэмээн түүхэнд орсон ихэнх зураачдын бүтээл байна. Шишкин, Крамской, Кипренский, Брюллов, Репин, Суриков гээд бүх томчуудын зураг. Жаран жилийн өмнө хэвлэгдсэн гэхээр яалт ч үгүй үнэ цэнэтэй ном. Манай үзэгчдэд танил биш олон сонирхолтой зураг байна. “Түшмэлийн өглөөний цай”, “Хошуучийн богтолсон нь” “Одонгоор шагнуулсан түшмэл” гээд зургуудыг нь бид мэдэх зураач П.А.Федотов 1852 онд зурсан “Дахиад, дахиад харай!...”буюу “Анкор, еще Анкор!” нэртэй зураг нэг жишээ нь. Зураг гүйцэд зурагдаагүй гэдэг болов ч дүрслэл нь тун ойлгомжтой. Ганц бие офицер залуу гэртээ гиюүрэн гуниглана. Бүүдгэр гэрэлтэй умгар өрөөний жижигхэн цонхоор сарны туяанд байшингийн дээвэр цайрна. Орон дээрээ хэвтэн хийх юмаа олж ядсан хархүү нохойтойгоо зугаацаж саваа модоо дохин дээгүүр нь харайлгана. “Дахиад, дахиад харай!...” гэх эзнийхээ тушаалаар цагаан хав нохой хойш урагшаа хэчнээн ч удаа үсэрсэн бол доо...Энэ зургийн бэлгэ тэмдгийн гэмээр далд утга санааг судлаачид өнөөг хүртэл гүйцэд тайлаагүй.

            Бас нэг сонирхолтой зураг байна. Зураач Н.А.Ярошенко 1883 онд бүтээсэн “Оюутан бүсгүй”. Энэ уран зургийг эмэгтэйчүүд дээд сургуульд сурах хориотой байсан үеийг халж эхлэхийн уриа дуудлага гэж үздэг. Оросын анхны оюутан бүсгүйн дүр төрх бидний өмнө тодорно. Эрдэм сурах эрх чөлөөгөө олж авсан залуу хатагтай. Энэ зураг их олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч ирээдүйд тэмүүлэх хүсэл сэтгэлийг нь бадраасан. Оюутан бүсгүйн сугавчилсан номны цаана ямар нэг нууц бий юу гээд зөндөө маргаан таавар бас дагуулдаг. Номыг цааш нь үзэхэд зураач Ф.А.Малявины “Улаан даашинзтай хүүхэн” гарч ирнэ. Ганболд талбай дээрээс энэ зургийг надад их л онцлон тодоор татаж аваад илгээсэн. Орос тариачин бүсгүй сэтгэлийг нь хөдөлгөсөн байх. Оюутан цагийн Эрхүүгийн хавраа ч дурссан байж мэднэ. Цаашаа өөр зөндөө сонин утга санаа дүрслэлтэй зураг гарч ирнэ. Тэдгээрийн нэг нь “Шуурга” зураг юм. Гармон хөгжмийн эгшигэнд бүжиглэж буй залуухан Орос бүсгүйчүүд зургийн гол дүрүүд. Гэвч зургийн утга санаа үзэгчидээс их өөр нарийн гярхай мэдрэмж нэхдэг. Уран зургийн шинжээчид, үзэгчид зураач Ф.А.Малявины хурц улаан өнгөөр дүрсэлсэн эдгээр зургуудын талаар байнга хэлэлцэж мэтгэлцдэг.Тэхээр үнэн гоё ном байгаа биз. Ийм гоё судрыг өөрийн болгосон номын садан дүүдээ баяр хүргэе.  

ЗАГАСТАЙН САВДАГ

            Номын садан хэдэн нөхөд цуглахаараа Осендовский, Кристенсен хоёрын номыг ярилгүй өнгөрнө гэж үгүй. Уг нь бид бүгдээрээ л адилхан энэ хоёр эрхмийн номны амтанд орж шимтэн уншсан. Гэсэн хэдий ч яриа дуусна гэж байхгүй байнга хөвөрнө. Тэр тусмаа Ганболд хуудас бүрээр нь нэг бүрчлэн ярихыг яана. Номын аль сонирхолтой хэсгийг нь хошин наргианаар чимэж хуучлахдаа гаргуун. Бид бүр нөхрийнхөө аманд нь орох шахан сонсоно.    Данийн алдарт аялагч Хаслунд Кристенсений “Явна аа!” номондоо бичсэн Монгол оронд амьдарч, Монгол хүмүүстэй танилцан нөхөрлөж явсан дурсамж нь биднийг соронздон татдаг. Ганболд зун амралтаараа Хөвсгөл ороод Хаслунд гуай нөхөдтэйгөө хамт аж ахуй эрхэлж байсан Эрдэнэбулган сумын нутгаар орж эндхийн хүмүүсийн хууч яриаг сонсоод ирсэнээ бидэнд сонирхуулсан. Ном уншина гэж үүнийг л хэлнэ дээ.  

            Ганболд Польшийн нэрт аялагч, эрдэмтэн Фердина́нд Осендовский 1921 онд бичсэн "Хүн, араатан, бурхад" номын тухай яриа дэлгэх дуртай. Орчуулагч Ж.Нэргүй мундаг орчуулсаныг бид дуу нэгтэй үнэлэн магтдаг. Номонд орсон олон сонирхолтой түүхэн баримт эх сурвалж биднийг татна. Дамбийжаа, Барон Унгерн, Загастайн савдагын тухай бий. Тэр бүгдийн тухай бид яриад бардаггүй. Хаслунд, Осендовский хоёрын ном онцгой сонирхолтой ч гэсэн Ганболд ер нь уншсан ном болгоноо нэвтэрхий мэднэ. Аль онцгой содон бүхнийг нь бидэнд сонирхуулан барин тавин ярина. Нутгийнхаа Загастайн давааны домгийг хуучлахдаа нүд нь сэргээд ирнэ. 

            Манайд хэдэн дүү нар цуглахад тэдний гарт заавал ном ханьсан ирнэ. Бүр сонин гоё ном байхыг нь яана. Надад бас бэлэглэнэ.Миний хувьд шинэ номоо гарах бүрд дүү нартаа дээжийг нь гардуулж хэвшсэн. Харин Ганболд урьтаад дэлгүүрээс худалдаад авчихна. Дараахан нь тэгээд гарын үсэгтэй номыг минь хүлээн авахдаа “Ахын номыг мялаасан шүү” гэнэ. Би баярлаад ч ханахгүй.

            Ном судараар хүж барилдан сэтгэл санаа нийлсэн хүмүүс ураг төрлийн хамаатан садан шиг л болцгоожээ. Заг Сүжийн шаргал говийн өмнө үзүүрт төрсөн би вээр Богд Очирваанийн тахилгатай буурал хайрханы бэлд мэндэлсэн Түвдэндоржийн Ганболд хэмээх номын газарч дүүтэйн учир оршивой.

 

Өвгөнхүүгийн Рагчаасүрэн.

Шороон гахай жилийн намрын эхэн илүү сарын улаан луу өдөр.

Бурхантын хөндийн хот.

              

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?