БАРУУН АЙМГИЙН ИРГЭДИЙН ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ ДАРАЛТ ИХСЭЛТЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА

2019-09-26  

Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ, амьд явбал алтан аяганаас ус ууна гэж монголчууд ярьдаг. Эрүүл саруул, энх тунх байхыг бэлгэдэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыгерөөдөг.Гэтэл амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг бидний цөөхөнмонголчууд жилд гурван хүн тутмынхаа нэгийг зүрх судасны өвчний улмаас, зургаан хүн тутмын нэгийг хавдраас болж нөгөө ертөнц рүү үддэг гэхээр санаанд багтамгүй өндөр тоо байгаа биз? Итгэмээргүй ч энэ бол үнэн.

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл нь цусны даралт ихсэлт. Тэгвэл бараг л айл өрх болгонд шахам даралт нь хэлбэлздэг хүн байдаг гэхэд хилсдэхгүй. Зөвхөн настай хүмүүсийн даралт ихэсдэг гэж бодож байвал тийм биш юм. Энэ өвчин сүүлийн жилүүдэд эрс залуужиж байгаагийн жишээ бол өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тархины харвалтын тасагт хамгийн залуу нь 19-тэй, зүрхний шигдээсийн тасагт 20-той залуу хэвтэн эмчлүүлж байна.

Хүн амын дунд аюулын харанга дэлдээд буй энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор гурван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж байна. ХААН Банк Сангийн хувьд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх аянаас гадна та бидний сайн мэдэх “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орон даяар 9 жил дараалан хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй билээ.

Өнөөжил “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг зүрх судасны өвчлөлийн үзүүлэлтээр улсын дунджаас өндөрт тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн зун амжилттай зохион байгуулсан юм.Эдгээр аймгийн иргэд энэхүү аянд хэрхэн хамрагдсан, анхаармаар ямар онцлог үзүүлэлт гарсныг сонирхуулъя.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 84 мянга гаруй хүн амтай.  Тус аймгийн хувьд зүрх судасны тогтолцооны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлт, зүрхний шигдээсийн өвчлөлөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа нь аян хэрэгжүүлэх нэг зорилтот шалтгаан болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв. 2018 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгдүгээрт, зүрх судасны тогтолцооны өвчлөл хоёрдугаарт бичигджээ. Зүрх судасны өвчлөлийн 63,9 хувийг цусны даралт ихсэлт, 16,1 хувийг зүрхний судас бөглөрөлт, 7,3 хувийг тархи судасны өвчин тус тус эзэлж байна. Өндөрлөг уулын бүсэд оршдог учраас иргэдийн дунд даралт ихсэх өвчин түгээмэл байдгийг тус аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд хэлж байлаа.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн хувьд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл буюу нийт нас баралтын 42.4 хувийг эзэлж буй нь анхаарал татсан үзүүлэлт юм. Зүрх судасны өвчлөлийн 69.1 хувийг цусны даралт ихсэх өвчин, 7.6 хувийг зүрхний судасны нарийсал, 11.2 хувийг тархи судасны өвчин, үүнээс 18.7 хувийг тархины харвалт эзэлж байна.

Мөн үүнээс гадна эдгээр аймгуудын хувьд нийтлэг нэг дутагдал нь давсны хэрэглээ өндөртэй. Ялангуяа Баян-Өлгий аймгийнхны хувьд идэшний махаа өвөл, хаврын турш давсалж хатаагаад нөөцөлж иддэг. Казах түмний уламжлалт зоог каз багагүй давстайг та бүхэн мэдэх байх. Тус аймагт ажилласан эмч нарын хэлж буйгаар өдөр тутмын хоол хүнс, тэр байтугай талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн нь хүртэл давс чангатай байсныг онцолж байв.

Аяныг хамтран зохион байгуулагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач нар  Увс, Ховд, Баян-Өлгий баруун бүсийн аймгуудын хүн амын дунд цусны даралт ихсэлтэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн үнэлэх судалгаа хийснээрээ онцлогтой. Тус төвийн мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар ирсэн хүмүүсээр эрсдэл тодорхойлох асуумж бөглүүлсэн бөгөөд энэхүү судалгаагаарсүүлийн нэг сар архи, согтууруулах ундааны хэрэглэсэн эсэх талаар асуухад Баян-Өлгий аймагт нийт үзүүлсэн хүмүүсийн хоёр хүн тутмын нэг (55.5%) нь их бага хэмжээгээр хэрэглэсэн байгаа нь Увс аймгаас 39.7, Ховд аймгаас 34.5 хувиар илүү байв. Нэг удаагийн уултын дээд хэмжээгээр хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхүйц хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 1.6 хувь байна. Харин тамхины хэрэглээгээр Баян-Өлгий аймаг Увс, Ховд аймгаас илүү өндөр байв.

Увс (76.6%), Ховд (73.5%) аймгийн хүн ам цайндаа давс хийж уудаг дадлаараа ижил түвшинд байсан бол өөх тосны хэрэглээгээр Баян-Өлгий аймаг харьцангуй бага хувьтай байгаа нь анхаарал татаж байна хэмээн тус судалгаанд онцолжээ.

Энэхүү аяны гол зорилго бол мэдээж хэрэг зүрх судасны өвчлөлийг бууруулах. Үүний тулд зүрх судасны өвчлөлд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдээс сэргийлэхийн чухлыг иргэдэд ойлгуулах нь чухал юм. Гурван аймагт ажиллахдаа аяны багийнхан нийтдээ 5300 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 1000 орчим хүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийжээ. Мөн орон нутгийн 200 шахам эмчид сургалт зохион байгуулсан байна.

Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс аяны зорилтот бүлгийг даралтаа тогтмол хянадаг буюу эмчийн хяналтанд байдаг хүмүүсээс илүүтэй хөдөлмөрийн насныхан руу чиглүүлж буйгаараа онцлогтой.

Дашрамд дурдахад, энэ сарын 29-нд тохиох Дэлхийн зүрхний өдрийг угтан 9-р сарын 27-28-нд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Төв аймгийн Зуунмод суманд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэх юм. Өнөө жилийн аян ийнхүү Төв аймгаар өндөрлөж байгаа бөгөөд ирэх жил зүрх судасны өвчлөл өндөртэй бусад аймгуудын ард иргэдэд хүрч ажиллахаар төлөвлөж буй. 

Иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.

Та, бид цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлж чадна!

                                                                                                            Г.Оюунгэрэл

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?