УЛС ТӨРИЙН ДАХИН ХУВААРИЛАЛТЫН ӨМНӨ

2019-09-30  
Монголын нийгэм улс төрийн дахин хуваарилалтын өмнө ирлээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид Монгол Ардын намд үнэмлэхүй ялалтыг өгч, асар их итгэлийг хүлээлгэсэн. Өнгөц харахад парламентыг бараг дангаар бүрдүүлж байгаа намд хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх, улс орны хөгжлийн амин чухал шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, улс орноо хүндрэл бэрхшээлээс гаргах сайхан бас түүхэн боломж мэт.
Олон парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт хийх нийгмийн хүлээлт, цаг үеийн тохироо, үнэмлэхүй ялалт гээд бүхий л таатай нөхцөл үүссэн байлаа.
Монголын нийгмийн хөгжлийн гацааг гаргах түүхэн үүрэг Монгол Ардын намд тэнгэрийн даалгавраар ирсэн ч сонгогчдын дийлэнх нь сонголтын гадна үлдсэн тохиолдолд эрх баригчдад тийм боломжийг олгодоггүй ажээ. Өнгөрсөн сонгуулийн ялалтад нийт сонгогчдын 60 гаруй хувь /царцаа, гинж, зэрэг техникийн нэмэгдлийг эс тооцвоос/ оролцож, хүчинтэй саналын 40 орчим хувийн саналаар ихэнх нэр дэвшигчид ялалт байгуулсан юм. Монгол Ардын Нам парламентын нийт 76 суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг нийт сонгогчдын ердөө 20 гаруйхан хувийн саналаар олж авчээ. Түүнээс гадна намын дотоод хагарал, талцал, явцуу эрх ашиг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд намч бусаар хандах чадамжийг үгүй хийдэг ажээ.
 
Парламентын тогтолцоог бэхжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийг чадавхижуулах, Засгийн газар ойр ойрхон солигддогыг зогсоох, сонгуулийн циклийг уртасгах замаар намчирхал, төржилтийг саармагжуулах үндэсний эрх ашгийн үүднээс сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, лидер төрдөг сонгуулийн болоод улс төрийн тогголцоог бүрдүүлэх зэрэг дэвшилтэт заалтууд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад гээгдлээ.
 
Энэ бүхэн нь нийгмийн нэг хэсгийг Үндсэн хуулийг ер нь өөрчлөх шаардлага байсан юм уу үгүй юу гэж бодоход хүргэж байгаа нь нууц биш юм. Гэвч “Чамлахаар чанга атга" гэж Монголчуудын хэлц үг байдаг. Өөрчлөлт шинэчлэлт байнга хийгдэж, цагийн шалгуураар шүүгдэж, дүгнэгдээд явах ёстой гэсэн өөдрөг өнцгөөс харвал улс төрийн орчинд шинэ нөхцөл байдал үүсгэх багагүй өөрчлөлтүүд Үндсэн хуулинд орсон гэж үзэж болно. Байгалийн баялгийг ашиглахдаа урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлах, одоо болоод ирээдүй, хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрд тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэсэн баялгийн талаар баримтлах тулгуур үзэл санаанууд, улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, УИХ-ын төсвийн хариуцлагыг нэмэгдүүлсэн, мөн УИХ-аар дамжин Засгийн газрын гишүүн болдог сонирхлыг хязгаарласнаар УИХ хяналтын чиг үүрэгтээ анхаардаг болох, хэдэн хэдэн заалтаар Засгийн газар харьцангуй тогтвортой байх чиглэлд өөрчлөлт орж, орон нутаг өөрийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн хотууд бие даан хөгжих эрх зүйн үндэс үүссэн, улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх, ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглохоор хуульчилсан зэрэг нь орон даяар томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдэх бололцоог үүсгэх нь дамжиггүй юм. Харин үр нөлөө ямар байхыг цаг хугацаа харуулна. Ямар ч байсан нэгэн сонгуульт хугацаанд түүхийн шалгуураар орох болж байна. Амьдралд нийцгүй байх аваас цаашид дараагийн өөрчлөлтийн тухай бус зөвхөн шинэ Үндсэн хууль яригдах нь гарцаагүй юм.
 
Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх болон ард нийтийн санал асуулга явуулахтай хамт Ерөнхийлөгчийн засаглал тогтоох санаачилга, оролдлого, улс төрийн намын гишүүнчлэлийг 50001 болгох, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд бүх эрх мэдлийг шилжүүлэх хуулийн төслүүд яригдаж байгаа зэргээс харахад Монголчууд бид нэгэн том сонголтын өмнө яалт ч үгүй иржээ. Энэ бол хөгжлийн ямар замаар замнах, бидний цөөхөн Монголчуудын үнэт зүйл юу болохоо дахин нэг тодотгох асуудал юм.
 
1990 онд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэгчээр бид өөрсдийн замаа сонгосон. Алдаа оноо ихтэй ч 30 дахь жилдээ бүгд л суралцаж, сурч явна. Түүхэнд тэгсэн бол тэгэх байсан гэж байдаггүй гэдэг, тиймээс бид, өнөөдрийн буйгаа хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэхээ шийдэх ийм нэгэн түүхэн цаг үеийн өмнө ирээд байна. Энэ бол Монголын нийгэмд хийгдэх үнэт зүйл дээр суурилсан улс төрийн дахин хуваарилалт юм. Ийм дахин хуваарилалт намуудын суурь үзэл баримтлал, үнэт зүйл дээр өрнөх боломжтой гэж харж байна. 1990 оны улс төрийн намууд үнэт зүйл гэхээс МАХН-аас бусад нь дор бүрдээ нам байгуулж, олон намын тогтолцоотой болох байв. Тэр үеийн намууд улс төрийн үзэл баримтлал гэж бүрэн ухаарч мэдэх боломж байгаагүй юм.Тиймдээ ч багш нарын, эдийн засагчдын намууд байгуулагдаж байв. Анхны шав тавьж байсан хүмүүс, тэдний ойр тойрныхон, үр удам, угшил дагасан хатуу хэлбэржсэн фракцуудын нэгдэл байдлаар олон жил явсан улс төрийн намын болоод сонгуулийн тогтолцоо нь намуудад ч, нийгэмд ч лидер төрүүлдэггүй, нам дундын, фракц дундын зөвшилцлийн механизм маягтай улс төрийн харилцааг нийгэмд бэхжүүлжээ. Үүнийг бид МАНАН, нам дамжсан олигархи бүтэц зэргээр нэрлэдэг. Харин шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй хамт нийгэмд шинэ хандлага, шинэ дэг жаяг, шинэ улс төр, шинэчлэгдсэн намууд гээд бүгдийг шинээр цэврээр эхлүүлэх санаачилга чухал юм.
 
Ардчилсан, консерватив, социалист аль нь боловч чиг баримжаагаараа блокт хуваарилагдах замаар шинэ улс төрийг эхлүүлж, улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлийн бодит нэгдлүүдийг бүрдүүлэх замаар өнөөгийн өнгө, мөнгө, эрх мэдэл, нээнтэгээр бүрдсэн фракцуудын нөлөөлөл, бодит оршихуйг устгах нь нийгмийн шинэчлэлийг хийх хамгийн дөт зам хэмээн бодож байна.
 
Тухайлбал Ардын нам үзэл баримтлал, Алсын Хараа ойр намуудын блок үүсгэх, Ардчилсан нам ардчиллын төлөө, парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө намуудын блок үүсгэн ил тодоор хамтран ажиллах, нэгдэн нийлэх процессыг эхлүүлэх замаар намын дотоод дахь үл зохицлоо анагаах цэвэр агаарыг оруулах санаачилгыг өрнүүлэх хэрэгтэй юм. Энэхүү үйл явц нь дараахь хэд хэдэн үндэслэлээр зайлшгүй хийх хэрэгтэй юм.
 
Нэгд. Монголчуудын  Ардчилсан хувьсгалаар олж авсан Ардчиллын үнэт зүйлсүүд бүдгэрэх хандлага их байна. Ерөнхийлөгчийн засаглалын санаачилга нь аажимдаа намуудын үүрэг ролийг үгүй хийх хортой үр дагавартай бөгөөд нам байсан ч Ерөнхийлөгчийн нам, Ерөнхийлөгчийн намыг дэмждэг, хамждаг, хавсардаг, сөрөг хүчний дүр эсгэдэг гэсэн намууд болж хувирдаг нь бүх л авторитар дэглэмүүдэд оршиж буй нийтлэг дүр төрх юм. Өнгөц харахад тун ч гэмгүй, нэр хүнд нь улам бүр унаж буй Монгол төртэй харьцуулахад хариуцах эзэнтэй, хандах хаантай мэт болох иргэдийн аргаа барсан найдлага.Харин урт, дунд хугацаанд хоёр хөршийн болоод гуравдагч хөршийн сонголтуудын зөрчил тэмцлийн талбар болох шууд үр дагавартай юм.
Хоёрт. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үед гарч байгаа санаачилга, сэдлүүдээс харахад нийгэм өөрөө авторитор дэглэмийг хүсэх хэмжээнд хүртэл УИХ, Засгийн газар, ер нь Монгол төрийн нэр хүнд шалдаа ортол унасан байна. Монгол төрийн нэр хүнд унасаныг хазаар, ногтгүй Ардчилалтай холбож үзэхээс аргагүй билээ. Иймд бид Ардчиллаа зөв төлөвшүүлэхийн тулд Ардчилалд өөрт нь хазаар, Анархизмд ташуур хэрэгтэй байна. Үүнийг шинэлэг байдлаар эхлүүлэх түүхэн үүрэг Монголын улс төрийн намуудад тэр дундаа Ардчилсан нам, Ардын нам хоёрт байна. Ийм түүхэн орон зайд санаачилга, үйлдэл эс хийвээс гуравдагч хүчнийг бүрдүүлж буй намууд гараа хумихан суухгүй нь ойлгомжтой бөгөөд зүдэргээтэй ч энэ намуудын орон зайг эзлэн авах нь цаг хугацааны асуудал болов уу.
 
Гуравт. Бид нийгмээ эерэг, дэвшилттэй сайхан бүхэнтэй нь мөн авилга, хулгай,оффшортой, ЖДҮ-чидтэй нь байгаагаар нь харж, харин яаж зөв системийг бүрдүүлэх вэ гэж тунгаах учиртай юм. Түүнээс нэг сайхан өдөр бүх авилгачид, хулгайчдаасаа салчихна гэсэн гэнэн ойлголтоор хандах нь дэндүү хуурмаг болох билээ. Бурхан орсон ч буг болгодог системийг Буг орсон ч бурхан болгодог системээр солих л чармайлт нийгмийг дэвшилд хүргэнэ.
 
Дөрөвт. Сонгууль можаритар системээр явагдах нь нэгэнт тодорхой болсон тул цаашид нийт сонгогчдын цөөнхийн саналаар олонхийг бүрдүүлсэн намуудаас байгуулагдах Засгийн газрууд тогтвортой ажиллах нөхцөл бололцоо туйлын хомс гэдэг үүднээс сонгуулийн өмнөх болоод сонгуулийн дараахь блок, эвсэл, нэгдэл, нийлэх үйл явцыг хөхүүлэн дэмжиж байж, нийгэмд эв зохицол, үндэсний нэгдэл, намуудын төлөвшил үүсэх болно. Энэ бүхнийг бичихийн учир нь ойрын саруудад Ардчилсан нам, Ардын нам хоёрын гаргах идэвх санаачилга Монголын улс төрийн дахин хуваарилалтыг  тодорхойлно.
Улс орны өмнө тулгамдаж буй эдийн засгийн тусгаар тогтнол, өр зээлийн дарамт, ажилгүйдэл, авилга, байгаль орчны доройтол, иргэдийн дүрвэлт, ядуурал, нийгмийн хэв журам, хар тамхи, архидалт, мафитай холбоотой ээдрээт асуудлуудад хариу өгч чадах үзэл баримтлал, үзэл санаа, стратеги, бодлого, хөтөлбөр дээрээ нэгдэх түүхэн шаардлага байна. Олон улс орны улс төрийн дахин хуваарилалтын болоод сонгуулийн улс төрийн туршлага хийгээд  “Эвдэрвээс бид хуваахын хүрдээ, Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ" гэж хэлсэн буурал найрагчийн сургаалыг сануулах юун.
 
 
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?