КИНО ТЭМДЭГЛЭЛ "ТӨГС МЭДРЭМЖ"

2019-10-08  

Perfect Sense буюу төгс мэдрэмж гэх энэхүү киног жилийн өмнө найзынхаа зөвлөсний дагуу үзэж байсан хэдий ч дахин үзэхгүй бол болохгүй санагдаад өнөөдөр дахин нэг үзлээ. Тэгээд үүн дээрээ үндэслээд жижигхэн хэмжээний нийтлэл бичих сэдэл гэнэт орж ирэв.

Ерөнхий утга санаа:
Дэлхий даяар халдварт өвчин тарж эхлэх бөгөөд хүмүүс өөрсдийн мэдрэхүй (үнэрлэх, амтлах, сонсох, харах) нэг нэгээр нь алдаж эхэлнэ. Хамгийн эхлээд үнэрлэх мэдрэмж, улмаар амтлах мэдрэмж, цаашлаад сонсголоо алдах ба эцэст нь хараагүй болох юм. Эдгээр мэдрэхүйгээ алдахын яг өмнө хүмүүс уурлах, нэг нэгийгээ үзэн ядах, темперээ удирдаж дийлэхгүй болдог. Харин киноны гол дүрийн баатрууд болох халдварт өвчин судлаач бүсгүй (Сюсан) болон рестораны тогооч (Майкл) нар нэг нэгэндээ дурлана. Улмаар тэд ямар ч мэдрэхүйгүй болсон хэдий ч бие биенийгээ бүрэн хайрлаж чадах эсэхийг нь харуулна.

За бүх үйл явдалыг нь бичээд өгчихвөл сонирхолгүй байх тиймээс өөрт үлдсэн сэтгэгдэлээ үгээр илэрхийлэх гэж хичээе.

Хорвоо дэлхий дээр олон юм бий. Зарим нь биднийг жаргалтай болгоно, зарим нь биднийг гунигтай болгоно. Ажил, амьдрал, мэргэжил, мэдлэг, кареер гээд эдгээр зүйлсээс чухам яг аль нь биднийг амьд байгааг минь мэдрүүлдэг юм бол?

Бидний мэдэх эдгээр зүйлс бүгд хий хоосон зүйлс. Ийм хоосон төөрөгдөл нь хүнийг урт хугацааны турш аз жаргалтай болгодоггүй. Харин ч бүр хүний шуналыг улам бүр хөдөлгөн илүү ихийг хүсэхэд хүргэдэг.

Ер нь аливаа зүйлсийг хүн өөрийн төсөөлөл ойлголтоороо л хүлээн авдаг, мэддэг, мэдэрдэг. Тэгвэл эндээс бид тухайн зүйлсийн утга учрын талаарх ойлголтыг индукцийн арга ашиглан тайлбарлах боломж бүрдэх юм. Жишээлбэл, бидний өдөр тутамдаа мэддэг, ойлгодог тэр бүхий л зүйлс зөвхөн бидний төсөөллөөс л урган гарч байгаа. Магадгүй таны өнөөдөр хамгийн чухал гэж бодож буй зүйлийн талаарх таны төсөөлөл, ойлголт маргааш гэхэд нуран унаж юу ч биш болж (Та тухайн зүйлийг чухал гэж ойлгохоо болих) харин нөгөөдөр нь таны өмнө нь тоодоггүй байсан зүйл эсвэл цоо шинэ зүйл таны амьдрал дахь хамгийн чухал үнэт зүйл болон хувирах боломжтой.

Хэрвээ амьдрал үнэхээр л ийм хоосон, хийсвэр бөгөөд аливаа зүйлсийн талаарх ойлголтоос л хамаараад бидний амьдралын утга учир тодорхойлогдож байгаа юм бол хүмүүс бид яагаад бүгд энх тайван амар амгалан амьдарч чадахгүй байгаа юм бэ? За эндээс эхлээд киноны уялдаа холбоо гарч эхэлнэ. Та өөрийн гэсэн төсөөллийг ойлгоход тань тусалдаг тэдгээр сэрэл мэдрэхүйн талаар бодож байсан уу? Хэрвээ та эдгээр мэдрэхүй байхгүй байсан бол бид хаанаас амьд байгаагаа мэдрэх байсан бэ? Магадгүй эдгээр сэрэл мэдрэхүй (Үнэрлэх, амтлах, сонсох, харах) нь биднийг зөвхөн төөрөгдөлд хөтлөөд шал дэмий зүйлсийн араас бидний хөөцөлдүүлээд байгаа юм биш биз?

Хэрвээ бидэнд дээрх мэдрэхүй байхгүй байсан бол бидэнд дуртай өнгө, дуртай үнэр, дуртай дуу, харахыг хүсдэг эсвэл царайлаг хүн гэж байхгүй болох нь байна. Өөрөөр хэлбэл бидний оюун санаанд үүсдэг тэр бүх төөрөгдөлүүд бүгд байхгүй болох бөгөөд ингэсэн цагт бидний дотоод сэтгэл хоосорч орхино.

Яагаад хоосорно гэж? гэсэн асуулт эндээс танд төрөх байх. Яагаад гэвэл бид өөрсдийн хөөрхийлөлтэй амьдралыг дүүрэн болгохын тулд эдгээр мэдрэмжүүдээр хэмжигдэх олон дэмий зүйлсийн араас хөөцөлдөж эхэлдэг. Жишээлбэл, үнэтэй орон сууц, байр, сайхан хоол, үнэртэн гэм мэт тоолж баршгүй олон зүйлсийг бид зөвхөн өөрсдийн төөрөгдөл, түүнийг тэжээхийн тулд л бүтээж байгаа юм. Хэрвээ ийм төрлийн мэдрэмж хүнд байдаггүй байсан бол бид арай илүү бодитой, бидэнд чухал гэсэн зүйлсдээ үнэн сэтгэлээсээ анхаарлаа хандуулж чадах байсан байх.

Киноны явцад мөн эдгээр мэдрэмжүүдийг алдахаасаа өмнө хүмүүс уур, хилэн, үзэн ядалт, өлсгөлөнд нэрвэгдэж байгааг харуулна. Яагаад ийм зүйлийг харуулах болов? Хариулт нь бидний боддог уур хилэн, үзэн ядалт гээд бүхий л муу муухай зүйл нь мөн л эдгээр мэдрэхүйтэй холбоотой учраас тухайн мэдрэмжээсээ салахын өмнө, чухам яг л тэр мэдрэмжээрээ дамжуулан өөртөө авч шингээсэн ойлголт төсөөллөө бүгдийг нь гаргаж байгаа мэт л … Ингэхдээ тэд бусдаас айх айдасгүй болох бөгөөд халдвартай гэж нэрлэх өвчин нь хүнийг өөрийнхөө темперийг бүрэн удирдах чадваргүй болгож дарлахын зэрэгцээ тэрхүү муу муухай төсөөллийг бүгдийг нь гаргаж орхино.

Энэ мэтчилэн хүний сэрэл мэдрэхүй алдагдах тусам түүний өөртөө зохиомлоор бүтээсэн аливаа ойлголт, төсөөлөл, төөрөгдөл нь алга болох юм. Үүний дараа тухайн хүнд илүү чухал гэж хэлж болохуйц бусад мэдрэмжүүдээр хүн өмнө нь сэрэл мэдрэхүйгээр авдаг байсан хоосон орон зайг нөхөж эхэлдэг.



Эцэст нь хүний үнэрлэх, амтлах, сонсох, харах чадвараа бүгдийг нь алдмагц хүн бүр өөрийн хайртай нэгэн рүүгээ тэмүүлэх бөгөөд чухам тэндээс л амьд байгааг нь мэдрүүлэх тэдгээр мэдрэмжүүдийг авч эхэлнэ.

Тэгэхээр хүн өөрийн дотооддоо байгаа аливаа төөрөгдөлийг арилгаж оронд нь дотны хүмүүстэйгээ хамт байх, нэг нэгэндээ халуун дотно хандах, нэг нэгийгээ ойлгох, хүлээн зөвшөөрөх, уучлах, хайрлах тэр л мэдрэмжүүд дээр амьдралын туйлын аз жаргал, амьд байгааг мэдрүүлэх тэрхүү мэдрэмж оршин байх нь. Өөр юунд ч биш. Ер нь тэгэхээр эндээс харахад хүмүүс нэг нэгийгээ ойлгох, уучлах, хайрлах, хүндлэх тэрхүү үйлдэлд бидний үнэрлэх, харах, сонсох, амтлах мэдрэмж хэрэггүй байх нь байна. Хэрвээ эдгээр сэрэл мэдрэхүйгээр хүлээн авч буй төөрөгдөлөөсөө өөрийгөө чөлөөлж бусдыг хайрлаж, хүндэтгэж, ойлгож, хүлээн авч чадвал хайр нь цаанаасаа ундарч бүх хүнд хүртээлтэй болох байх. Магадгүй саяхан уншиж байсан эхлээд өөртөө орш гэсэн ишлэл нь өөрийгөө эдгээр төөрөгдөлүүдээс салгахыг л сануулах шиг.

Хүмүүс байж болох хамгийн муу нөхцөл байдалд өөрсдийгөө бэлтгэж, байж болох хамгийн сайн сайхан бүхэнд итгэдэг бөгөөд өөр өөрсдийнхөө хувьд хамгийн чухал гэж бодсон зүйлдээ л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Гэвч таны өнөөдөр хамгийн чухал гэж бодож байгаа зүйл үнэхээр чухал зүйл мөн үү? Таны өөрийн тань мэдрэхүй таныг хуураад яваад байгаа юм биш биз…

 

Эх сурвалж: "Сэтгэлийн хүүрнэл" клуб

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?