СЭТГЭЛ ЗАСАГЧ /Биеийн гэмийг зайлуулахаас урьд сэтгэлийн бурангуйг засах нь зохилтой/

2019-10-17  

                           “Биеийн гэмийг зайлуулахаас урьд сэтгэлийн бурангуйг засах нь зохилтой”                                                               

Цанид Ловон Шагдар гэгээний “Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал”- иас 

            Сурган хүмүүжүүлэгч, залуучуудын байгууллагын ажилтан, аюулаас хамгаалахын хурандаа Цэрэндуламын Нацагнямын туулсан зам хойч үеийнхэндээ үлгэр дууриалтай. Өмнийн говьд төрж өссөн хөвүүн арван найман насандаа багшийн мэргэжил эзэмшин тавин хоёр оны хавар Сэлэнгэ нутагт томилогдон очиж ажиллажээ. Улмаар улсыг аюулаас хамгаалах албанд зүтгэж наян оны дундуур хурандаа цолны мөрдөсийг нь хошууч генерал Б.Цийрэгзэн зүүж өгсөн. Генералын энтэй алтан үеийн хурандаа нарын нэг нь та яах ч аргагүй мөн. 

АЛТАН  ХУУДАС

            Ах манай телевизийн нээлтэнд уригдан ирлээ. Студийн танхимаар орж мэдээ сурвалжилга бэлтгэж, нэвтрүүлэг дамжуулж байгааг үзэж сонирхоод сурвалжлагчдын өрөөгөөр зочлов. Цай ууж тухлангаа залуустай танилцав. Хүн нэг бүрийн нутаг усыг асууна, төгссөн сургууль мэргэжлийг нь ч лавлана. Говиос угшилтай сэтгүүлч хөвүүнтэй их л олзуурхан хуучлав. Тэгснээ удам судрыг нь ч мэддэг болж таарлаа. Ах “-Утсыг чинь бичээд авая, жаахан цаас өгөөч” гэв. Хажуунаас бичээч охин уриалагхан нь аргагүй ширээн дээрх боодолтой цааснаас нэг цаас авч өгөв. Ах”-Өө, шинэ цаас хэрэггүй, ноорог цааснаасаа л жижигхэнийг” гэв. Охин “-Ноорог байхгүй, наанаа л тэмдэглэ дээ” гэв. Ахын царай их л харамсангуй хуудас цаасыг хажуу тийш нь ширээн дээр тавьснаа хармаагаа эргүүлж тойруулан нэгжиж нэг жижигхэн цаас олсноо гаргаж ирээд дугаараа тэмдэглэж авав. Тэр дороо залгуулан цаасны тухай яриа эхлэх нь тэр.  

            Ах Баян-Овоо сумын бага сургуульд анх орсон дөчин хоёр онд хойд хөрш Зөвлөлт  улсад эх орны дайн эхэлсэн тул манайд бүх юм ховордсон байлаа. Сургуульд хичээлийн дэвтэр дутагдав. Ер нь л цаас ховордов. Хүүхдүүдэд бор цаастай тууш шугамтай дэвтэр олдвол их юм. Сүүлдээ шугамгүй үдээс ч үгүй дэвтэрт бичдэг болжээ. Дөрвөлжин шугамтай дэвтэр нүдний гэм байв. Хүүхдүүд дэвтрийн цаасныхаа талбайг аль болох ашиглаж, илүү зай үлдээлгүй хичээлээ бичнэ. Ах “-Бидний үеийнхэн хичээлийн хэрэглэл дэвтэр, үзэг бэх ховор байсан тэр үеийг ер мартдаггүй. Цаас гамнах цаасыг хайрлах бодол тэр цагаас л сэтгэлд үүрд суусан. Сайхан гоё цагаан цаас харах бүрдээ үүнийг санадаг. Цаас хэчнээн элбэг байлаа ч өөдөсхөн жаахан цаасыг ч ашиглахыг хичээдэг. Бичгийн зай зах дээр юм тэмдэглэж авна. Дэвтрийг энд тэндээс нь бичиж эхлээд дутуу орхихыг цээрлэдэг. Цаас чинь бичиг ном бүтээдэг үнэт эрдэнэ шүү дээ. Цагаан алт л байгаа юм. Энэ алтаа ариглаж хайрлах хэрэгтэй. Дайны үед тохиолдсон цаас ховорын зовлонг одооны хүүхэд залуус мэдэхгүй болохоор цаас их үрж байна. Энэ их буруу.Хайран цаас. Одоо цаас их элбэг болжээ. Ямар ч гоё цаастай юм. Гэхдээ манайх өөрөө цас хийдэггүй улс гэдгийг санах учиртай. Цаасыг их үнээр гаднаас худалдаж авдаг. Ийм учраас цаасаа алт гэж бодож гамнаарай” гэлээ.  

МОСКВА ОРЧМЫН ҮДЭШ

            Манайх Могойн усны эхэнд зусаж байхдаа гүүгээ барив. Бидний хэдэн хүүхдэд гүүний үрс гаргах ёслол дээр том үүрэг оногдоно. Энэ жил эхлэн саасан анхны саам сүүтэй  хувингаа бид уурганд өлгөж зэрэгцэн дамнасаар гүүн зэлээ нар зөв тойрлоо. Хүүхдийн шингэн хоолой  “Цөөн цөд” хэмээн уянгалахад томчууд хариуд нь “Цоод хайрхан” хэмээн цацал өргөнө. Гүүн зэлний дээд талд дэвссэн эсгий дээр эхэлсэн ёслол их үдийн алдад гэрт шилжин найрлацгаав. Ах Оросоос амралтаараа ирсэн байв. Найр хавтгайран дуу хуур хангиналаа. Ахын ээлж болж түүнд дугараа өргөн барив. Ахыг дуугаа бодох тэрхэн агшинд баруун талын дээр суусан Ажаа “-За хүүгээсээ Орос дуу сонсъё, сурсан л байж таараа” гэлээ. Говийн таанын айрганд бүлээцсэн найрлагчид бүгд дэмжин “-Нээрэн тэгье, орос дуу дуул” гэцгээлээ. Ах хултай айргаа нэг үлээснээ “Не слышны в саду...” хэмээн намуухан хоолойгоор эхэллээ. Үг хэлийг нь ойлгоогүй хирнээ гэр дүүрэн хүмүүс дууны зөөлөн аясаар үл мэдэгхэн найгалзана. Аялгуу хөнгөн эгшиг олныг дорхноо эзэмдэн авах нь энэ. Холын хол орших хот газрын үдшийн аялгуу дороос өгсөн дээшлэх тусмаа хэн хүний зүрх сэтгэлийн утсыг доргион огшоолоо. Хүмүүс өөрийн эрхгүй даган аялцгаав. Үгээр илэрхийлэхийн аргагүй далдын шид уянгалсаар. 

            Дуулж дуусах мөчид хүмүүс хурайлан  түрцгээж гоё дуу байна хэмээн ам амандаа магтацгаав. “-Юуны тухай дуув” хэмээн Ажаа асуув. Өөрийнхөө сурч байгаа Москва хотын үдшийн тухай дөнгөж саяхан зохиогдсон дуу гээд Москвагийн хүмүүс одоо тэр чигээрээ энэ дууг дуулж байгаа тухай ах сонирхуулан ярилаа. Тиймээ “Подмосковные вечера”...

            Москвагийн оюутан залуучуудын их наадам дээр энэ дуу анх 1957 онд дуулагджээ. Яг энэ жилийн намар ах Комсомолын Төв Сургуульд сурахаар Москвад очсон. Москва даяараа энэ дуугаар жигүүрлэж байсан болохоор Монголоос очсон оюутнууд ч хоцролгүй сурч дуулцгаав. Намар Монгол оюутнууд сургууль дээрээ улс тунхагласны баяраа тэмдэглэж олон орны найз нартайгаа үдэшлэг зохиов. Ах Дарамзагдын ая “Сэлэнгэ мөрөн” дууг Солонгос оюутан Дон Ен Чангтай хоршин дуулжээ. Дараа нь бусад нөхөдтэйгөө нийлэн “Подмосковные вечера” дууг дуулав. Тэр цагаас хойш ах маань Москвад олон удаа очсон. Очих бүрдээ энэ дуугаа дуулна.   

            “-Зуны намуухан энэ үдшийг, зүрх сэтгэлдээ битгий мартаарай...” тиймээ, Могойн хярын толгод дунд Москва орчмын үдшийн аялгуу эгшиглэсээр. Гэрт найрлах олон хүний дундаас ахын хоолой ялгаран тодорно....

 АЛТАН ГАДАС 

            Ахыг Сүхбаатар аймагт аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан 1980 оны хавар айхтар хүчтэй цасан шуурга болжээ. Шуурганд уруудсан малыг улсын хил давахаас сэргийлэх даалгавар авсан ах, аймгийн Намын хорооны дарга Д.Цэрэн, Эвлэлийн хорооны дарга Ш.Бадам нарын хамт хоёр машинаар хөдөлжээ. Тэд уруудсан малыг тогтоон барих болж өгвөл буцаах үүрэгтэй. Цасан шуурга улам ширүүсэж урд яваа машин нь ч үзэгдэхгүй болжээ. Нүдгүй шуурга зүг чигийг бүрмөсөн алдуулав. Сүхбаатар аймгийн урдуур улсын хил их ойрхон. Өмнөд хөрштэйгөө манай улс  харилцаа тааруу айхтар хэцүү цаг үе байв. Цасан шуурганаар өөрсдөө төөрч буруудаад хил давчихвал яана. Шөнө тэнгэрийн заадас үзэгдээд өнгөрөх сиймхийг ашиглан самбаачилж алтан гадас одоор баримжаалан явсны хүчинд Асгат сумын Дөхөм багийн төвийг арай чүү олж очив. Энд бүтэн хоёр өдөр шөнө шуурганд хоригджээ. Зүгээр суусангүй, саравчин дотроос цасанд дарагдсан малыг нэг нэгээр нь ухаж гарган зөөж улаан буланд оруулан өвс хивэг өгч тэжээв. Багийн улаан буланд байсан холбооны тасарсан утасны үзүүрийг хайж олоод залган аймаг руу ярьж бүгд амьд мэнд яваагаа мэдэгдэв. Гурав дахь өдрийн өглөө шуурга намдсан чөлөөг ашиглан хилийн зүг гарцгаав. Замдаа хонины билчээрт осгосон нэг хүн олж амийг нь аварчээ. Энэ хүн нь Асгат суманд төл бойжуулахад туслахаар очсон эмийн сангийн ажилтан Дэлгэрцогт байв. Тэр хонь хариулж яваад шуурганд төөрчээ. Шуурхай багийнхан явсаар Шилийн богд уул хүрч аймгаас дайчлагдсан залуустай нийлэв. Хилийн торны дэргэд бөөгнөрсөн олон адууг авчруулахаар залуусыг явууллаа. Харуй бүрий болоход эхний дөрвөн зуун адууг тууж авчрав. Хүнээ бүртгэхэд явсан хүмүүсээс хоёр нь ирсэнгүй. Тэднийг яасныг асуухад “-Хилийн цаана гарсан адууг эргүүлж авчрахаар тор таслан цаашаа явсан” гэх нь тэр. Ард үлдсэн хүмүүс хоёр нөхрийгөө Хятадын хилийн харуулд баригдсан байх вий гэж сэтгэл зовон хүлээцгээв. Тэгтэл шөнийн гурван цаг өнгөрч байхад нөгөө хоёр нь олон адуу хөөсөөр ирлээ. Бүгд баярлан угтав. Ах ч ялгаагүй дотроо хэчнээн их баярлаж байсан ч гэсэн тэр хоёрыг “-Улсын хил зөрчиж гэмт хэрэгт холбогдлоо” гэж зэмлэв.      

            Шуурганаас хойш хэд хоносны дараахан хилийн цаанаас адуу хөөж авчирсан хоёр залуугийн баатарлаг үйлсийн тухай сонссон Цэдэнбал дарга тэднийг шагнах хэрэгтэй гэлээ. Ах Эвлэлийн хорооны даргын хамт хоёр залуугийн тодорхойлолтыг яаравчлан хийж дээш нь явуулжээ. Арга хэмжээ авагдаж магадгүй байсан хоёр залуу ийнхүү эр зоригоо үнэлүүлэн Алтан гадас одонгоор энгэрээ мялаав. Барилгачин Түмэнжаргал, жолооч Батжаргал хоёр түүхэнд мөнхөрсөн нь энэ.  

            Шилийн Богдын наян оны шуурганаас яг гучин таван жилийн өмнө Дорноговьд тохиолдсон бас нэгэн аюулт шуурга бий. Арван нэгэн сард эхэлсэн шуурганд уруудсан далан мянган адууг бас л адилхан эрэлхэг хоёр залуу хил давуулалгүй  дөч хоногийн турш тогтоон барьжээ. Дорноговь аймгийн Баянмөнх сумын Балдан, Дамбадаржаа хэмээх хоёр зоригтныг 1945 оны хавар маршал Чойбалсан “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Ижил тохиолдол болсон нь энэ. Хоёр залуугийн баатарлаг үйлсийг Б.Ринчен гуай “Их говийн зоригтон”  найруулалдаа бичиглэн үлдээсэн.

ШУУРГА

            Ах далан нэгэн онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медалиар шагнуулахдаа энгэртээ зүүх медальтай боллоо гэж их баярласан хэмээн дурсдаг. Энэ цагаас хойш энгэр нь дүүрчээ. Шагнал дороосоо дээшээ явсны илэрэл. Буурал хурандаагийн энгэрт өнөөдөр зэвсэгт хүчний дээд шагнал цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, байлдааны медаль бүгд эгнээстэй. Улс орондоо ихийг бүтээсэн ахмад үеийнхний шагналын үнэ цэнэ ийм өндөр. 

            Шуурганы дараа бид “Шуурга” уран зургийг үзэж байна. Энэ зурганд ах дуртай. Тавин оны дундуур Москвад сурч байхдаа Трьетяковын галерейд анх үзжээ. Дараа нь Москвад ажил албаар очих бүрдээ галерейд хэрэг болгон орж энэ зургаа хараад гардаг. Оросын их зураач Филипп Малявин 1906 онд зуржээ. “Шуурга” зураг миний сэтгэлийг хөдөлгөдөг. Ахын амьдралтай холбоотой мэт санагдана. Хамгийн урд говьд төрж өсөөд хойд хилийн Алтанбулагт багшилж, тэгснээ Дорнодын хязгаар хүрч, тэндээсээ баруун Алтайд томилогдон дараа нь Дарьганга нутагт алба хааж эх орноо хуй салхи шиг л тойрсон. Өөрийн нутаг говийнхоо хүчит шуурга угалз мэт, үйлс бүтээлээрээ тэнгэрт хээ шаглан урласан. Чигч шулуун зан төлөвөөрөө ингэж  дагнаж мэтгэсэн. Зурган дээрхи эрчилсэн улаан давалгаа татуулан бүжиглэгч Орос бүсгүйчүүдэд ах хайртай. Москвад хамт сурч байсан оюутан цагийн анд Беларусийн Людмила, Оросын Мария, Буриадын Янжма гээд охид олон бий. Ахын туулсан замнал надад бадрангуй уянгалаг экспрессионизмийн  омголон хүлэг мориор шуурга сөрөн давхигч зориг эрмэлзлэл дүүрэн тэр л залуу халуухан дүр төрхөөрөө  сэтгэлд буудаг. Таны хайр биднийг ивээсээр. Олон хүний сэтгэлийг гийгүүлэн зассан таны ачийг дурьдаад баршгүй. Өлмий тань бат орштугай. 

 

 

Ө.Рагчаасүрэн.  2019 он.  Бурхантын хөндийн хот.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?