Стресст орох шалтгаан нь эдийн засгийн, нийгмийн, биологи, эрүүл мэндийн, мэргэжлийн гэж ангилагдана. Английн мэргэжилтнүүд нийт 150 гаруй ажил мэргэжлийг стрессийн үзүүлэлтээр үнэлж үзэхэд уурхайчин хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.
• Уурхайчин- 8,3
• Цагдаа- 7,7
• Сэтгүүлч, барилгачин- 7,5
• Жүжигчид- 7,2
• Улс төр, нийгмийн ажилтан – 7,0
• Эмч – 6,8
• Автобусны жолооч- 5,4
• Дипломатч – 4,8
• Фермер – 4,8
• Номын санч, музейн ажилтан – 2,8 байна.
Канад улсын явуулсан судалгаагаар хамгийн хүнд мэргэжил нь хөгжимчин байжээ. Байнга ажилдаа яарах, аялан тоглолтоор ийш тийшээ явах, удирдаачийн дарамт шахалт, эцэс төгсгөлгүй дасгал хийх зэрэг нь хөгжимчдийг ихээхэн стресст оруулдаг байна. Нийгмийн шалтгаан гэдэгт ажилгүйдэл, цалин, мөнгө багасах, гэр орны харилцаа холбоо муудах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг ордог. Харин эдийн засгийн шалтгаан гэдэгт ядуурал ордог. Эрүүл мэндийн шалтгаанд архаг хүнд өвчин тусах шалтгаан орно. Стресс өвчин эмгэг үүсгэх эсэх нь стресс үүсгэгчийн шинж чанар, үргэлжлэх хугацаанаас гадна хувь хүний сэтгэл зүйн онцлог болон зан араншин, сэтгэл зүйн хэв шинж, зорилго, чиглэл, хүмүүжил гэх мэт олон зүйлсээс шалтгаална.
Стресс илрэх шинж төлөв:
1. Сэтгэлийн хөдөлгөөний талаас - сэтгэлийн амгалан тайван байдал алдагдах, - хүлээц, тэвчээргүй байдал, - Уур бухимдал - Түгшүүрт автах - Цочимтгой аймхай болох - Сэтгэл санаа тогтворгүй болох - Харамсах сэтгэлд автах - Гутарч гуниглах, сэтгэлээр унах - Уй гашууд автах - Ирээдүйд итгэх итгэл алдрах - Арчаагүй дорой, үхээнц байдалд орсон мэдрэмж төрөх гэх мэт - Хэт их инээж хөгжих нь зүрхэнд муу, байнга уур уцаартай байх нь элгэнд муу, хэт их санаашрах нь цөсөнд муу, их уйтгарлах нь уушгинд муу, айх нь бөөрөнд муу байна.
2. Танин мэдэхүйн талаас - Анхаарал сарних, бодол санаа орон гаран болох - Шийдвэр гаргах чадвараа алдах - Орчны баримжаа алдрах
3. Үйлийн талаас - Төрөх үйл өөрчлөгдөх - Нийгмээс өөрийгөө тусгаарлах - Хооллолт, хэрэглээний хэв загвар өөрчлөгдөх
4. Бие махбодийн талаас - ядрах, нойр хямрах, хар дарах - Толгой өвдөх, цусны даралт ихсэх - Гүйлгэх, шээс ойр ойрхон хүрэх, биеэр тууралт гарах зэрэг нь стрессийн үед бий болж хуримтлагдана.
Стресст ороход мөн байгаль экологийн хүчин зүйл нөлөөлнө. Зуны улиралд хүн харьцангуй тайван байдаг бол хүйтэн сэрүүний улиралд яаруу бухимдуу болох талтай. Хэт хүйтэн, халуун, их салхи, шороон шуурга нь хүний сэтгэл зүйд нөлөөлнө. Стресст ороход мөн хүний зан чанарын темперамент нөлөөлдөг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй амархан гомдож, амархан баярладаг холерик темпераменттэй хүн стресст амархан ордог. Флегматик, сангвиникүүд стресст бага ордог. Гэхдээ ямар ч юм болсон гадагш нь гаргаж хэлдэггүй хүн стресст орсон байлаа ч илрэх нь удаан байдаг.
О.Гоо-Оюун