ШАШНАА ДЭЭДЭЛСЭН ТӨР

2019-10-30  

Улсын Их Хурлын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн билээ. Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн барьсан тус төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгасан юм.

Хуулийн төсөл санаачлагчид уг өдрийг тэмдэглэлт өдөр болгон баталснаар үндэсний түүх, хэл соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан, хамгаалж, хүний эрх ,эрх чөлөөг  хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж буй…

Одоогоор анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа тус төсөлд шүүмжлэлтэй хандах хийгээд иргэн хүний зүгээс эмзэглэл төрүүлсэн хэд хэдэн үндэслэл бий.

Монгол улсын шашны хүн ам зүйг 2010 оны хүн амын нэгдсэн тооллогоос харвал 15-аас дээш насны иргэдийн 53 хувь нь өөрийгөө буддын шашинтан гэж тодорхойлжээ. Харин гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөөгийн шашинтай, 2.1 нь христийн шашинтан гэсэн бол 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэжээ. 2010 оноос хойш Монгол улсын шашны хүн ам зүйг судалсан системтэй судалгаа хийгдээгүй байгаа юм. Дээрх статистикаас харвал Монгол дахь шашны нөлөөгөөр Буддын шашин тэргүүлэх байрыг эзэлж байна. Хуулийн төсөл санаачлагчдын тайлбарлаж буйгаар Их дүйчин өдрийг нийтээр амрах тэмдэглэлт өдөр болгосноор үндэсний түүх, хэл соёл, шашны өв уламжлалыг хадгалж, хангах чухал ач холбогдолтой гэж үзсэн нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “Шашин шүтэх, эс шүтэх, хэнийг ч шашин шүтлэгээр үл ялагварлаж болно” гэх зарчимаас гажсан үйл ажиллагаа болов. Нийт иргэдийн дийлэнхийн шашныг хүндэтгэж буй үйл явдал гэж зөвтгөж болох ч нөгөө талаар түүхийн цөөн хуудсыг эргэн сөхөхөд “Үндэстний шашны өв уламжлал” гэх ойлголтыг няцааж болох юм.

Шашин нь түүхэн явцад аливаа нийгмийн үзэгдэлд тодорхой нөлөөг үзүүлсээр ирсэн бөгөөд Монголд дэлгэрсэн шарын шашныг тухайн нийгмийн захиалга байсан гэж зарим судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл Манжийн эрхшээлд байсан түүхэн он цагт Монголчуудын анхаарал гадагш чиглэсэн буюу тодорхой улсын дарлалд буйгаа мэдэрч, тэмцэл өрнүүлэхэд анхаарч, зэхэж байх тул тэдний анхаарлыг дотогш чиглүүлэх шаардлага тулгарч байв. Тус зорилгын дагуу анхдугаар Богд гэгээнийг олны дундаас хэмээн тодруулан зарлаж, шүтэн бишрэх, итгэн үнэмших сэтгэл зүйг ардад бий болгосноор Монгол түмний анхаарлыг дотогш чиглүүлж, тэмцэл, хувьсгал өрнөхөөс урьдчилан сэргийлж чаджээ. Энэ цагаас бурханы сургааль, шашин шүтлэгийн дор ахуй амьдрал өрнөж, шашны гэгээнтний айлдвар, заавраар нийгмийн амьдрал өрнөж ирсэн гэхэд хилсдэхгүй. Хожмоо Манжийн ноёд хяналтаа алдан Ар Монголыг эрхшээлдээ байлгах арга нь өөрсдийн нь эсрэг өрнөх хувьсгал болохыг урьдчилан таамаглаагүй бөгөөд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд лам, хуврагууд тэргүүлэх үүрэгтэй оролцсон байдаг. Лам, хуврагуудын ийнхүү зонхилох оролцсон нь тухайн үед нийгэмд тэдний байр суурь өндөр байсантай холбоотой юм. Тусгаар тогтнолыг авчирсан ч лам, хуврагууд дараагийн зорилгодоо хүрч Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, төрийн тамга, хүндэтгэлийг өргөн таван яам бүхий засгийн газрыг байгуулснаар төр, шашныг хослуулан барьсан байдаг. Чухам энэ цагаас төрийн үйл хэрэгт шашны номлол, зан үйл зонхилох үүргийг гүйцэтгэж, лам хуврагын эрх мэдэл өмнөх үеийнхээс хүчтэй болж ирсэнийг түүхэн эх сурвалжуудаас харж болно.

Олноо өргөгдсөн Монгол улсын түүхэн эл цаг үе хэдий тусгаар тогтнолыг авчирсан ч ард түмнийг шашнаар далимдуулан дарангуйлах үзэгдлийг нийгэмд гааруулснаар төр, шашин тусдаа байх шаардлагатайг ард олон мэдэрч эхэлжээ. Ийнхүү цаг үеийн зүй ёсны шаардлага, шалгарлаар 1921 оны ардын хувьсгал өрнөж Богд гэгээний эрх мэдлийг хязгаарлаж, илүү ардчилсан засаглалыг тогтоож чадсанаар Монгол улс өөрийн төрийн залгамжийг шашнаас ангижруулж чадсан билээ. Ийнхүү шашин, төрийг төрийн хуулиар зааглаж ялгах болсноор хөгжлийн замнал эхэлж, өнөөгийн бидний амьдарч буй “хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм”-ийг бидэнд авчирсан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн хувьсал, хөгжилд шашин, төрийн ялгаа, заагийг тогтоон тусгаж ирсэн бөгөөд 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх, эрх чөлөөг тунхагласан боловч бодит байдал дээр Шарын шашны илт давуу нөлөөнөөс үүдэн дээрх эрх бодитой хэрэгжих боломжгүй байсан гэж зарим судлаачид үздэг. 1992 онд баталсан Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсоогүй иргэд түүнийгээ баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан. Мөн иргэд ямар үзэл бодолтой байхаа шийдэх, түүнийг чөлөөтэй илэрхийлэх, шашин итгэл үнэмшлээ тодорхойлох эрхээ эдлэх боломжтой болсон байдаг.  Ардчилсан Үндсэн хуулийн бас нэгэн онцлог зохицуулалт нь төр, сүм хийдийн харилцааг тусгаарласан явдал ба  “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн тусгаж, түүнийг хэлбэрэлтгүй мөрдөхийг тунхагалжээ. 

Харин төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан байдаг. Дээрхээс авч үзвэл, Үндсэн хуулийн зарчмын агуулгад органик хуулийн дээрх заалт Буддын шашинд давуу эрх олгосон мэт харагдах авч олонхийн эрхийг хүндэтгэсэн зохицуулалт юм. Харамсалтай нь хуулийн дээрх агуулгыг төрийн түшээ, төлөөлөгчид эндүүрсэн эсхүл будилсан аль нь үл мэдэх агуулга, хэлбэрээр нэг шашныг давуу байдлаар тахин шүтэж, хуульчлах оролдлого хийж буй нь Манжийн дарангуйлалд байсан цаг үеийг санагдуулам үйлдэл болов. 

Үүний хажуугаар анзаарахгүй орхиж болохгүй, иргэдийг шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж буй мэт үйл ажиллагаа цөөнгүй бий. Тухайлбал сар шинийн төрийн их золголтод мөн шарын шашны төлөөллүүд байх бөгөөд энэ нь төр нь шашнаа хүндэтгэх зарчим мэт харагдах ч агуулгын хувьд бусад шашны төлөөллийг ч мөн оролцуулах ёстой баймаар санагдана. Мөн баяр наадмын үеэр Шарын /бидний дийлэнх нь “Буддын” гэх боловч Монголд түгэн дэлгэрсэн Буддын шашны урсгал бол “Махаяана” буюу шарын шашин юм/ шашны төлөөллүүд эрийн гурван наадамд төрийн өндөрлөгүүдтэй зэрэгцэн суудгаас мөн энэ шашны төрд нөлөөлөх нөлөөг харж болно. Иргэд итгэл, үнэмшлээрээ сонгосон төрийн түшээд, төлөөлөгч олонхи нь түмний хувь заяа, улсын ажил хэргийг энэ мэт нэг шашинд даатган залбираад явбал улс эх орны хөгжил дараагийн таван жилд ямар түвшинд байхыг цагаан дээр хараар бичсэн түүхээс сургамжлан харвал зохино.

Аливаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд “ Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Шүтэх, эс шүтэх нь хувь хүний сонголт хэдий ч төр, төрийн байгууллага хувь хүний нэрийн өмнөөс бус Монгол улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг тул нэг шашинд сөгдөн мөргөж, тахин дээдлэлгүй, “Шашин нь төрөө дээдлэх”, “Төрийн үйл хэргийг гагцхүү төрийн байгууллага хэрэгжүүлэх” зарчмыг бодитоор хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй мөрдөх нь зүй ёсны шаардлага юм. 

Нөгөө талаар Парламентийн гишүүн нь ард түмний төлөөлөл мөн болохын хувьд дангаар өөрийн итгэл, үнэмшил, шүтлэгээр асуудалд хандах нь зүй бус хэрэг гэдгийг тодотгох нь зүйтэй.. УИХ-ын гишүүд бол ард түмнээс зээлдэж авсан эрх мэдлээрээ тэднийг төлөөлж мэдлэгтэйгээр ярих, асуудалд судалгаа дүн шинжилгээний үүднээс хандах, тэдний олонхийн дэмжлэгийг хүлээж чадах асуудлыг мэдрэмжтэйгээр хөндөж, саналаа илэрхийлэх учиртай. Хуулийн төсөл санаачлагчдын Их дүйчин өдрийг нийтээр амрах тэмдэглэлт өдөр болгох хуулийн төсөл дэмжигдэж батлагдвал шашин хоорондын мөргөлдөөн гарах эрсдэл бийг ч энд дурдах нь зүйтэй биз ээ. Эрхэм төрийн түшээд хуулийн төсөл санаачлах бүрэн эрхээ эдлэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмын түвшинд асуудалд хандах шаардлагатай байна. 

 

 

Г.Ариунболор

2019.10.29

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hh:төгсгөл жаахан сулдчихаж 2019-10-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?