БАРУУНТАЙ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ /АЛТАЙ ТАВАН БОГД/

2019-11-02  

  Ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр жилийн өмнө “Аян зам, бодол эргэцүүлэл” ном бичиж нийтийн хүртээл болгож байв. Тэрхүү номонд орсон хэд хэдэн нийтлэлийг нь манай сонин уншигчиддаа цувралаар хүргэж байсан билээ. Тэрээр “Аян зам, бодол эргэцүүлэл” хоёр дахь номоо бичиж дуусгаад хэвлэлд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү номынх нь зарим нийтлэлээс энэ дугаартаа толилуулж байна.

     Багийнхаа тухай хэдэн үг. Хамтарч аяладаг найз нөхдийн хүрээнд Алтай Таван Богд явцгаая гэж ярьсаар хэдэн жил өнгөрсөн юм.Яг нэг жилийн өмнө наадмын дарааханбидний хэдэн нөхөд тийшээ хөлгийн жолоо залж байв. Анхандаа зургаа долоон гэр бүл явахаар ярьж төлөвлөж байснаа яг явах болоход дөрөв нь тунаж үлдэв. Архитектор, Барилгын зураг төслийн TG компаний захирал  Норовын Цогтоо, ТВ 9-ийн гэж яригддаг Коментаторын хөтлөгч  Цэндийн Энхбат, барилгын “Заг” группийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар бид хэд гэр бүлээрээ Алтай Таван Богд руу аялахаар болж гурван гэр бүл нь замд гарсан юм. Нэмэхээ найз унаагаа доогуур явуулчихаад Баян-Өлгийд онгоцоор, бид машинаар тэнд очоод цаашаа хамт аялах тохиролцоотой байв. Увс аймгийнХяргас сумын хүн эмнэлгийг бидний авга ах Г.Жамбын нэрэмжит болгож буй тул уг ёслолдоролцох бас нэг албатай байлаа би. Том хүү маань гэр бүл, найз нарын хамт Завханы Улаагчийн Хар нуурт амрахаармашинаар гарсан юм. Хүүхдүүд тэнд амарчихаад“Хяргас нуур” амралтын газарт ирнэ. Тэдний дөрвөн настай охин, гэргий бид хэд онгоцоор Улаангом орж тэндээсээ “Хяргас нуур”явж тэдэнтэй уулзаж охиныг нь өгөх, нөгөөтэйгүүр Өлгий рүү аялах унаагаа авах тохироотой байлаа.Тус тусынажил амралтыг төлөвлөснөөрөө амжуулаад бидний гурван гэр бүл Баян-Өлгий явахаар Улаангомд уулзаж тэнгэрээр ирэх Нэмэхээгээ сураглаж утасдлаа. Мань хүн нислэгээ цуцалчихлаа гэж байна.Өлгийд үер болж онц байдал зарласан тул Онцгойгийнхон Өлгий рүү олноороо явах болж манай хүн захиалсан суудлуудаа тэдэнд найр тавьсан юм байх.“Дургүйд хүчгүй” гэдэг болж дээ гээд бид дурамжханбайв. “Та хэд нэгэнт зориод очсон юм чиньцаашаа явчих, хөтөч бэлэн байгаа” гээд Нэмэхээ ярьж, утасны дугаар бидэнд өгч байна. Төд удаагүй байтал тэр утаснаас нь над руу залгаж“Үер ус гээд байдал манайд хэцүү байгаа ч гэсэн зориод ирсэн та нарыг хүлээж авч үйлчлээд замчлахад бид бэлэн байна аа, аялах газартаа бол байдал хэвийн...” гээд Асхар гэх залуу ярив. Тэрээр миний Москвагийн Намын сургуулийн ангийн анд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хавдсиламын Баделханы Баян-Өлгий дахь туслах нь юм байна. Бид байдлыг ярилцаад “Үер болж хүн амьтан сандарч, бас Засгийн онцгой комисс тэнд ирээд аврах ажиллагаа явуулж байхад бид хэдаялах гээд тэндээс хүмүүс аваад явж байх нь зохистой биш...” гээд Өлгийн аялалыг цуцалж “Үүрэг” нуурт амраад буцаж байсан юм. Энэ хавар найз нөхдийн нэгэн уулзалтын үеэрбаруунтаа аялах сэдэл гараад ирэв. УИХ-ын гишүүн Б.Батөмөр бид хэд Москвагийн Намын дээдийн нэгэн үеийн төгсөгчид гэдгээрээ дотно явцгаадаг юм. Охиных нь хурим түүний төрсөн нутаг Увсын Тэс-д зуны дунд сарын шинийн 25-нд болох тул найз нөхдөө урьж байна гэв. Өмнөх жил хүрч амжаагүй Таван Богд руу хамтдаа аялацгаая гээд бүгд л зөвшөөрөв. Ингээд аялалын зам харгуй энд тэнд төлөвлөгдөж эхлэлээ. Миний хувьд гэвэл том хүүтэр үеэр гэр бүл, хадмынхантайгаа Өвөрхангайд хэд хоног амрахаар явах болж байв. “Амралтаа тааруулаад тэндээсээ аавтайгаа хамт Алтай Таван Богд яваад ирэх юм биш үү...” гэж түүнийг ятгав. Учир нь манай нөхдийн зарим нь доогуур машинаа явуулчихаад Өлгий ниснэ гэж ярьцгааж байлаа. Би ч бас нэг талдаа нисэх санаатай машинаа хэн нэгэнтэй явуулчихболомж хайж байсан юм. Хүүхдүүдминий саналыг зөвшөөрч Өвөрхангай, Архангайгаар аялачихаад өнгөрсөн жилийнх шигээ “Хяргас нуур”-т хэд хоног амарч тэндээсээ биднийг Өлгийд угтахаар өдөр хоног товлоцгоов. Наадмаас өмнөхөн бид хэд тийзээ захиалж 7 дугаар сарын 21-нд Баян-Өлгий нисэх боллоо.

“Уулын буга хараад унасан бухаа орхив” гэгч болоогүй байгаа даа...Өдөртөө хоёр нислэгтэй байв. Өглөөний 5.30-ын “Аэр Монгол”-ын тийз нь арай хямд, талдаа 350 мянган төгрөг буюу бидний нисэх “Хүннү Аэр”-ийнхээс 70 аад мянгаар татуу үнэтэй юм. Үүрээр түгдэчихээс халширч 10.30-ын нислэгийг нь манайхан сонгосон байлаа. Тэр өглөө онгоц буудлын хүлээлгийн танхим зорчигч олонтой байв. Гадаадынхан гэлтгүй манайхан ч орон нутгаар аялах нь элбэг болж. Нисэх буудлынхан Өлгий, Мөрөнгийн нислэгийг ойрхон зарлаж зорчигчдоо оруулж эхэллээ. Хоёр онгоцны хоёрзуу шахам зорчигчдыг хонь хурга нийлүүлж байгаа юм шиг ганцхан орцоор чихцэлдүүлэв. Түлхэлцэж шахцалдаад хэрүүл уруул, хараал зүхэл болж байна. Би ч тэссэнгүй, нисэхийн үйлчилгээний бүсгүйд шүүмж хэлээд авав. “Нислэг давхцаад ийм болчихлоо” гэж байх юм тэр бүсгүй. Хоёрхон нислэгт тус тусын гарц гаргаад үйлчилчихэж чадахгүй зовлон тоочиж байдаг энэ нисэхийнхэн ер яана даа,“Уулын буга хараад унасан бухаа орхив” гэгчийн үлгэрээр Хөшигийн хөндий гээд Буянт Ухаагаа ор тас орхичихоогүй байгаа даа” гэх бодол надад төрж байлаа. Бидний шууд гээд сонгосон энэ нислэг маань Улаангомоор дамжиж нисэх хувилбар болчихож. “Хүннү”-гийнхний бяцхан заль юм байлгүй дээ. Хөлгийн 90 гаруй суудал дүүрэн нислээ. Франц, Герман, Япон, Солонгосын жуулчид тал хувь нь байв. Агаарын хөлөг өндрөө авч уул ус, гол мөрөн ардаа орхин нисэж байна. Жуулчид ч, манайхан ч хөлгийн бүхээг шагайн зураг авцгааж явлаа. Багахан нуур тойром болсон зарим газар, цас мөстэй уул нуруу хавиар нисэж явахад үйлчлэгчээс газар орны нэрийг асуугаад хариу авч чадсангүй. Хэзээ хойно нислэгийн багийнхнаас асууж бүдэг бадагдуу хариу хэлэх юм. Томоохон уул нурууд,  том гол мөрөннуур дээгүүр гарахдаа онгоцны багийнхан нь товч мэдээлэл өгч болдоггүй юм болов уу гэж үйлчлэгчээс би асуулаа. Үйлчлэгч бүсгүй “Онгоцны багийнхандаа би дамжуулж хэлье” гэж байв. Өнгөрсөн жил Улаангом руу нисч явахдаа би энэ хүсэлтээ бас тавьж л явсан юм даг. Аялал жуулчлалаа хөгжүүлж эдийн засгаа өөд нь татах зорилт тавиад буй өнөө үед энэ чиглэлийн эд эс нь болох агаарын тээвэртээ анхаарал тавьж үйлчилгээгээ сайжруулах юм энүүхнээс эхлээд олон байна. Алтай Таван Богдыг зорьж яваа гадна дотныхон бүгд л газар орны талаарх мэдээлэл сонирхогч хүсэгчид шүү дээ. Улаангомд хэсэг зорчигчдоо буулгачихаад үлдсэн нь Өлгийг зорьцгоолоо. Улаангомоос хөөрөөд төд удалгүй хагас цагийн дараахантаа бидний хөлөг доошилж байна. Өлгийд би анх удаа ирж буй болохоор газар орны байр байдлыг илүүтэй сонирхон харж явлаа. Улаан, цагаан, хав хар өнгийн шовх шовх уулуудын дээгүүр өртөөлөн нисэж байгаад бас л яг тийм хөглөгөр хүрэн уулуудын дундуурАлтай Таван Богдоос эх авсан Ховд голын дээгүүр шунгасхийгээд л бидний хөлөг газардлаа.

Хуучны танилууд Өлгийд...Нисэх буудлын дарга нь манай багийг угтаж байна. Баделхан сайд миний урилгатай зочид ирнэ гэж хэлсэн юм байлгүй дээ. Манай багийг ахалж яваа Элчин сайд Б.Алтангэрэлтэй буудлын дарга дотносоод явчихлаа. Нэг нутаг ус Ховдын Буянт сумынхан юм байна тэр хоёр. Х.Жанибек дарга бид хэдийг өрөөндөө урьлаа. Даргын өрөөнд нийслэл буцах онгоцоо хүлээж байсан Өлгий нутгийн нэрт зохиолч, УИХ-ын гишүүн асан, бас сүүлийн хэдэн жил Унгарт Элчин сайдаар ажиллаж байсанТ.Султан гуай тааралдаж Аагий сайд маань түүнтэй тэврэлдэн уулзалдав. Цай ундаа, ойр зуурын яриа болж байтал Султан гуайн нислэгийн цаг болж бид хамтдаа зураг авахуулаад аль аль нь аян замаа хөөцгөөв. 

 Зүүнээс 2 дахь нь Т.Султан, 4 дэх нь Х.Жанибек

Манайхны машин тэрэг хэдийнээ ирчихэж. Манайхан гэдэг маань миний Москвагийн Намын дээдийн нэг төгсөлтийн анд, Гадаад яамны ахмад дипломатч, Англи, Турк, Америкт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Алтангэрэл, түүний гэргий сэтгүүлч Э.Чулуунцэцэг, олон жил надтай ойр яваа, бас олонаялалд хамт явсан, одоо ч явсаар байгаабарилгын “Заг” группийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, түүний гэргий эмч Д.Цэндсүрэн,эдний том хүү, “Заг” группийн охин компани болох уул уурхайн олборлолтын “Зэст өндөр” компанийн захирал Н.Эрдэмбаяр, түүний гэргий Г.Болор, Эрдэмээгийн хоёр хүү, нэг охин, тэгээд би гэргийн хамт, мөн миний хүү Америкийн ЭСЯ-ы ажилтан Амартүвшин, гэргий Скайтел компанийн ажилтан Б.Хишигсүрэн, эдний хоёр хүү, нэг охин гээд дөрвөн гэр бүл, дээр нь гурван жолооч гээд нийтдээ хориод хүн болой. Багийн ахлагч Б.Алтангэрэл мааньХ.Баделхан андтай сайн ярилцсаных бидэнд замчлах хөтчийг гал тогоо, хоол ундтай нь гаргуулчихаж. Өнгөрсөн зун надтай холбоо бариад байсан Х.Асхар гэх залуу биднийг нисэх буудалд угтаж явах зам, нутаг усны байр байдлыг танилцуулж байна. Өлгий зорихын өмнө би саяхандаа Алтай Таван Богд руу аялаад ирсэн, Эрхүүгийн Их сургуулийн оюутан үеийнанд, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор М.Зулькафильтай Таван Богдын аялал, нутаг усных ньтухай лавлаж утсаар ярьж, бас хөтчийнхээтухай дурссан юм. “Тун найдвартай сайн залуу, Аймгийн Ардын намын орлогч дарга, шүлэг зохиол оролддог авъяастай нэгэн, өөртэй чинь бодол сэтгэл нийлэх талдаа байх шүү...”гэж байсан билээ. Энэ мэтээр эчнээ танил болчихсон Асхар дүүтэй дотносон уулзав.

Х.Асхар, багийн ахлагч Б.Алтангэрэл бид гурав

Хөтөч сайных хээр хоносонгүй ээ.Замын тоос гөвнө гэдэг шиг нислэгийн алжаал тайлж цай унданд орчихоод Асхар хөтөчийн замчилснаар Таван Богдын зүг бидний таван машинтай цуваа хөдлөв.“Бороо хур ихтэй болохоор зам хэцүү байгаа, ууландаа дөхөж хонохгүй бол Таван Богдод эрт гарч чадахгүй, үүлшчихвэл уулаа ч харж чадахгүй болно,маргааш борооших мэдээтэй байгаа...” гээдхөтөч маань биднийг яаруулах талдаа. Хэсэг давхиад уулын бүс рүү орохзамд бага шиг суурин таарав.Улаан хус сумын “Хөх хөтөл” гэх багийн төв аж. Онгоцноос буугаад хоршоо дэлгүүр орж амжаагүй бид хэд яг замд шахуу барьчихсан шавар мухлагт дуртай нь аргагүй орцгоолоо. Оюутан бололтой охин худалдагч хийж байв. Олуул зэрэг орчихсон болохоор ганц худалдагч сандрах талдаа. Цагаан алчуураар толгойгоо битүү ороосон хар хилэн шапантай ээж нь мухлагт орж ирж охиндоо туслаж байна.Эднийх өөрсдөөбарьсан томоос том талхтай юм. Бүгд л түүнээс авцгаав. Амтат боов, ус ундаа, архи дарс, тамхи гээдойр зуурын бараатай юм эднийх. Өөд өөдөөс нь харуулаад барьчихсан хэд хэдэн ийммухлаг энд байна лээ. Нөгөө мухлагуудад ч аян замынхан орж харагдсан. “Хөх хөтөл”-ийнхэн  амьжиргааныхаа нэг хэсгийг Алтай Таван Богдыг зорих аялагчдаас залгуулж буй нь энэ биз ээ.Хаяа дарсан энэ мухлагуудын цаахантайх шовх ногоон оройтой лалын сүмнүдэнд содон харагдана лээ. Сууринаас цааш хэсэг давхиад цастуулын бүс рүү орж ирцгээв. Нов ногоон хөндий, цасан дуулгатай уулсөнгө булаалданүргэлжлэх нь манай багийн багачуул, залуусын сэтгэлийг хөдөлгөж тэд машин тэргээ ойр ойр зогсоон зураг хөрөг болж явцгаана. Цаст уул, гол ус элбэгшиж бид ч үүнд аажим аажмаар нүд дасаж байлаа.Хадан хавцал, барсайж хүрэнтэх уулсын бэл хэсгийн бага шиг ногоон дэвсэгт хоёр гурван  гэр алсаас харагдаж эхлэв. Бидний буух гэр буудал юм болов уу гэж тааж ядаж явтал хөтчийн машин алсхануур гараад давхичихлаа. Уул гүвээ давж ганц хоёр гэрийн гадаа хөтөч маань зогсож ганц нэг хүнтэй уулзсанаа удаж төдөлгүй хөдлөх юм. Хориод хүн багтааж шингээх гэр буудал хайгаад яваа нь тэр биз. Жуулчны бааз бололтой хэдэн гэрийн гадаа зогсож эзэдтэй нь хэсэг ярилцлаа. Тэнд ч амжилт олоогүй юм байлгүй хөтчийн унаа тэндээс эргээд саяхан давж ирсэн даваа гүвээгээр биднийг дагуулаад буцлаа. Бага шиг гүвээг ороогоод ортол тэрүүхэнд хоёр цагаан гэр бөмбийж байна. Хөтөч маань тэнд бууж бид ч ар арасаа цуварсаар очив. Хэд хоногийн өмнө захиалсан манайхны гэрүүдэд япон жуулчид түрүүлж орчихоод бид гэргүй хоцорч хөтөч маань сул гэр сураглаж айл айлын гадаа зогсоод явсан юм байх. Бидч очих цагаасаа гурван цаг гарантаа хожимдсон гэнэ. Нутаг орон, хүн зоноо сайн мэддэг Асхар хөтөч яваа болохоор эргэж тойрч яваад энэ газрыг олоод ирж буй нь энэ юм. Дөрөв дөрвөн ортой хоёр гэр байна. Энд багтахгүй гэвэл голын цаахантай жуулчинд зориулсан нэг гэр бас байгаа гэнэ. Бүрэнхий болж харуй бүрий эхэлчихсэн тул эндээ багтаад хонохоор болцгоов. Залуус майхнаа барьцгаачихна гэнэ. Хөтөч Х.Асхар, гал тогооныхон нэг гэртээ  хоол унд бэлтгэж эхлэв. Нөгөө гэрийг ч тэд галлаад дулаацуулчихав. Оройн харуй бүрий эхлэнгүүт энэ хавьдаа хүйт даагаад явчих юм билээ. Хоёр гэрийн гадаа хангалттай түлш бэлдчихсэн байв. Түлш гэдэг нь мод биш шүү. Хааш хаашаа метр хагас гаруйн өндөр өргөнтэй хоёр дөрвөлж хөрзөн. Ганц хоёр мод гал руу хийж ноцоочихоод хөрзөн хийчихэд л гэр халуу оргиод явчихна лээ. Дөрвөн гэртэй энэ бяцхан дэн буудлын эзэн П.Ерзатынх бог бод нийлсэн гурван зуугаад малтай юм байна. Үхэр болон бусад малынхаа баасыг дор дор нь хамж багсарч хатаагаад хөрзөн болгоод авчихдаг аж. Элбэгдүү энэ түлшний ачаар даарч хөрч зутарсангүй тавтай хоноод өглөө эртүүрАлтай Таван Богд руугаа зүглэцгээв. Цаг уурын мэдээгээр бороо хуртай хэмээн зарлаж байсан болохоор туршлагатай хөтөч Х.Асхар маань өглөөний цэлмэгт амжиж уул хайрханд биднийг бараалгуулчих гээд шавдуулж байлаа. Манай цуваа айл гэр, аялал жуулчлалын бага шиг баазуудын дэргэдүүр гарахад тэрүүгээр хоносон аялагчдын зарим машин тэрэг бидэнтэй зэрэгцэн хөдөлцгөөж байв. Гаднын жуулчид ихэнхдээ оросын фургон хөлөглөдөг бололтой. Ийм л унаа эндхийн бартааг түүртэхгүй туулдаг аж. Зарим нэг нь шавар шавхай, хад чулуутай өгсүүр замд манайхны “Жип”-үүдийг ялж хажуугаар хааз нэмэн өнгөрч хүүхэд багачуудыгшуугилдуулж байв. Урд хойноо орон ийн мацсаар манай цувааныхан Алтай Таван Богдынхоо барааг алсаас харцгааж, хагас цагийн дараа Их Хайрхануудын Тахилгын овоон дээр хүрч ирцгээлээ. Зам зуур явахад оргилуудын зарим нь үүлэнд ороогдоод төдий л сайн харагдахгүй байсан бол одоо бүгд ил гарчихсан нь үнэхээр баярламаар, бас энэ их уулсын үзэсгэлэн, сүрлэг сайхнаар ньч бахархмаар. Бидний хөтөч Х.Асхар машинаасаа баяртай нь аргагүйбууж ирээд “Уул хайрхан их сайхан угтаж байна, та нар азтай юм, зарим жуулчид хоёр гурав хоног хүлээгээд ч энэ оргилуудыг үзэж чадахгүй буцах тохиолгардаг юм” гэж ярьж байв.

Цагаан өвөл, ногоон зун.Цаг уурын мэдээгээр энэ хавь  бороо хуртай гэж байсан болохоор манай багийнхан сэтгэл зовж явсан юм. Наахантайх “Найрамдал”, “Малчин”, “Наран”, “Бүргэд”гэх дөрвөн оргил нь ямар ч манан будангүй цэвэр цэмцгэр харагдах агаад алсхантай Таван Богдын тавдахь нь болох “Хүйтэний” оргил үүл будан дундаасцухалзах төдий.Цас мөсөөр битүү хучигдсан “Бүргэд” оргилын наадхормойовооноос километр гарантайхарагдана. Энүүхэн дэнж, цаст уулсын бэл, наад хөндий тэр чигээрээ нов ногоон. Цасан цагаан өвөл, ногоон зун хоёр ийн хосолж хүн зоны нүд баясгаж сэтгэл хөдөлгөх нь эх орны маань үзэсгэлэнт байгалийннэгэн гайхамшиг юм даа. Манай цувааныхан үүл манантай тэнгэр булаалдахэнэ цаст оргилуудын наахнатай  гэр бүлээрээ, бас багаараа зургаа авахуулан баяр хөөр болцгоож байна 

Манай багийнхан. 

Хүү бид хоёр. 

Алтай Таван Богдын хамгийн залуу аялагч миний ач хүү,хоёр нас хагастайА.Билгүүтэй

Эхнэр хүүхнүүд тахилгын овоонд идээ будаагаа өргөж эргэл мөргөлөө үйлдэж байлаа. Бидний хойно өмнө ороод давхилдаж байсан бусад цувааныхан уван цуванирцгээж тал талд баяр хөөр, зураг хөрөг болох агшин үргэлжилж байлаа. Овоо тахилга, зургийн ажлаа амжуулчихаад манайхан мөсөн гол, “Малчин” оргилын бэл хүрэхээр машин машиндаа суун доошилцгоов. Зам харгуйг бартаатай гэх нь багадмаар адармаатай юм. Урд яваа машин зарим газар хоёр дугуйн дээрээ дэнжигнэж байгаад тогтох нь их л болгоомж төрүүлэхээр. Шавар шалбааг элбэгтэй уулын энэ хэвгийд шарвахбол энгийн хэрэг. Доошлох тутам том хад чулуу элбэгшиж, шавхай ихсэж манайхны нэг машин шарваад тэнхлэгээрээ тэгнэчихлээ. Өмнө явсан хөтөч Х.Асхар болон Аагий сайдын жолооч бартааг дажгүй туулаад доош явчихлаа.Ингээд хүүхэд багачуултай бидний гурван машин эрсдэл гаргахгүйн үүднээс цаашаа явсангүй, нөгөө машинаа шавраас гаргачихаад энүүхнээрээ явгаар аялалаа. Доороос гурван тэмээн ачаатай гурван морьтон наашлан айсуй. Нүүдэл амдан тосож цай цүү болдог монгол заншил сахиж байгаа юм байлгүй манайхны гэргий нар чихэр боов бариад тэднийг угтаж байх юм.Хоёр залуу, нэг бүсгүй эмээл дээрээ ташуухан сууцгаачихсан омголон морьдынхоо амыг татан дор нь эргэцүүлж байв. Би “Манайхны буудалладаг Ерзатын багийнхан биш биз?” гээд асуугаад авлаа. Агсам морьд нь ам булаалдаж үргэх аядаад улаан куртиктай намайг олигтой ойртуулж тэдэнтэй ярих боломж өгсөнгүй, тэд ч миний асууж буйг анхаарч сонсож ойлгосонгүй. Ерзат шиг монголоор сайн ярьдаггүй ч байж магад. Нөгөө бидний захиалсан гэрт буусан япон уулчдын ачаа бараа ачаад явж буй баг ч юм бил үү...

Үйлчилгээ багийнхан

Би эндээсээ мөсөн гол руу ойртох санаатай хэсэг алхав. Тээр доохнотой хоёр гурван машин бас нэг майхантай аянчид буучихсан байв. Ус шалбааг, хад чулууны завсарыг зайчилж нилээд доошилж явтал тэднийхний тэндээс нэг эр наашилж явна. Хэсэг алхаад бид хоёр уулзалдлаа.Цас Мөсөн голын зах хүрэх санаатай... гэсэн чинь “Пүүзтэй та байтугай усны гуталтай би энэ шалбааг, том том хад чулууны хоорондуур зовж явж гарч ирлээ, мөсөн голд хүрэх арга алга, наана нь том том үхэр чулуунууд хөндөлдчихдөг юм байна...” гэв. Бид уг нь “Малчин” оргилын хормой хүрэхээр хөдлөсөн юм шүү дээ. Оргилд нь манайхны засаг төрийнхнөөс анхлан Н.Энхбаяр Ерөнхийлөгч, хойхнотой нь М.Энхсайхан Ерөнхий сайд, бүүр сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд авирч төрийн далбаагаа мандуулцгаасан гэдэг. Гуравдахь Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө нэршүүлсэн Н.Энхбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар энэ оргилд авирсныхаа дурсгал болгож том том хөшөө тэнд бариулсан гэх юм билээ. Энхбаяр Ерөнхийлөгчийнхийг би хэдэн жилийн өмнө телевизээр ч билүү сошиалаас ч билүү харж байсан санагдана. Элбэгээ Ерөнхийлөгч ямархуу хөшөө дурсгал босгосныг хараагүй л байгаа. Тийш очиж үзэж хараад зургийг нь аваад ном тэмдэглэлдээ оруулна гэж мөрөөдөж явсан юм. Тэрч талаар болсон. Аагий, Асхарын унаанд суучихгүй дээ гэж харамсч байв... Хүүхдүүдтэйгээ ойр зуурын зураг бичлэг цас мөснөөс наахнуурцаг гаруй явлаа. Овоо руу буцах санаатай унаандаа дөхөж байтал Аагий сайд, Асхар нарын хоёр машин доороос өгсөөд ирэв. Бид хэдийг араас яагаад ирсэнгүй вэ гээд тэд гайхацгааж байх.“Малчин оргилын тэнд Энхбаяр Ерөнхийлөгчийн босгосон хөшөөг үзэв үү? Элбэгдорж Ерөнхийлөгчийнхийг харав уу...?” гээд л тэдний аялалын тухай би шимтэн асуув. Энхбаяр Ерөнхийлөгчийн босгуулсан хөшөөн дээр тэд очсон гэнэ. “Зураг авав уу, харъя...” энэ тэр гэж би хэрэгт дурлав. Аагий сайд “Аваагүй, аваагүй... хөшөө байх нь байна лээ...нааш гарахаасаа өмнө би Элбэгээ Ерөнхийлөгчтэй утсаар ярьж Таван Богд руу явах гэж байна гэхэд, миний босгуулсан хөшөө тэнд бий, үзээрэй гэж ярьж байсан юм, Асхарын ярих нь бүүр цааш Хүйтний оргил руу байдаг гэнэ...” гэж байв.Асхар харин “Өмнө нь би хүмүүстэй хэд хэд ирж байсан, тэр үед авсан Энхбаяр Ерөнхийлөгчийн хөшөөний зураг байгаа, сонирхвол танд би дараа өгье” гэж байв. Зураг 7. Энхбаярын байгуулсан хөшөө.Ингээд бид хэд дээш өгсөж овоон дээрээ  ирж багийнхантайгаа нийлцгээв. Шинэ шинэ цуваа тэнд нэмэгдэж ирсэн байв. “ХО” гэсэн дугаартай, машиндээрээ монголынхоо далбааг намируулсан Ховд аймгийн гурван “Ланд” Жипнээс хүүхэд багачуул, залуус нийлсэн хорь шахам аялагч бууж баяр хөөр болон шуугилдаж байлаа. Улаан, цэнхэр, шар, ягаан, ногоон гээд л өнгө алаглан солонгорсон хувцастай багачуул залуус нөгөө цаст цагаан оргилтой өнгө хоршуулаад л зураг хөрөг болцгоож байх. Хөөрч баяссан тэдний энэхэн агшны зургийг авах нь надад ч бас таатай байлаа

Ховдын аялагчид

Тээр дор бэлээс гадаадын бололтой аялагч нэгэн баг цуваагаараа өгсөн ойртож явна. Улаан цэнхэр өнгийн тод хувцастай тэдний цуваа ногоон хөндийд бас нэгэн үзэсгэлэн нэмэн урагшилж байв. Нөгөө бидний буух гэрүүдийг өрсөөд авчихсан япон жуулчид мөн байх гэж би таамаглав

Япон жуулчид

Ийнхүү Алтай Таван Богдын цаст Таван оргил энэ өдрийн гэгээн тунгалаг наран дор сүрлэгээр сүндэрлэн гэгээн дүрээрээ биднийг тольдон гийгүүлсэн нь бахдууштай баярлууштай сайхан байлаа. Баярлалаа эх орны минь их үзэсгэлэн Алтай Таван Богд минь.

Жуулчны Баазын тухай бодол эргэцүүлэл.Хөөрч баяссан сэтгэгдэлтэй Ерзатынхаа гэр буудалд эргэж ирцгээв. Энд үдийнхээ цайг уугаад манай цуваа хөдлөх юм. Манай цувааны үйлчилгээний хэсгийнхэн цай ундыг удаж төдөлгүй дор нь бэлэн болгочихож. Залуус майханаа буулгацгааж, бусад нь ачаа бараагаа янзалцгааж байлаа. Бидний хэдэн нөхөд голын цаахантайх Ерзатын жуулчны хоёр гэрээр зочилцгоов. Нэгэнд нь францын хоёр залуу жуулчин байгаа юм байна. Нэг нь морь унаад хонинд явчихсан гэнэ. Нөгөө нь үүгээр түүгээр яваад ядарсан юм байлгүй унтаж байгаа аж. Үүргэвчтэй аялал хийж яваа хоёр л юм байх. Бидний орсон энэ гэрийн хана туургыг чоно, үнэг, туулай гэх мэт ангийн арьсаар чимжээ. Ор дэр, хөшиг, аравч энэ тэр нь казах бүсгүйчүүлийн гарын ур шингэсэн хээ хуартай гоёмсог бүтээлүүд. Манайхныхөдөөний чинээлэгдүү малчин айлууд гэрийнхээ доторх ханыг “Эрдэнэт хивс”, эсвэл “Улаанбаатар  хивс”-ээр битүү бүрчихсэн байх нь бараг заншил болсон доо. Ерзатынх таван ханатай энэ гэрээ үйлдвэрийн тийм хивсээр биш гэргийнхээ урласан гар хатгамалтай аравчаардоторлочихож. Ер нь казах гэрийн жишиг ийм юм.Ерзатын энэ гэр буудал гадны жуулчин гэлтгүй дотоодын аялагч бидний ч анхаарал сонирхол татаж байв.

 Ерзатын жуулчны гэрт манайхан түүний бага хүүтэй хамтдаа

Бидний хоноглосон энгийндүүнэг гэрийнх нь хоногийн үнэ хөлс 50 мянга юм билээ. Энэ гоёмсог гэрийнх арай үнэтэй биз гэсэн чинь гэрийн эзэн Ерзат толгой дохиж байсан. Үүргэвчтэй аялалын францууд дахиад гурав хонох гэнэ. Боломжийн мөнгө тэднээс авч байгаа биз чи гэж асуухад Ерзат бас л толгой дохив. Яагаад чи ярихгүй байна аа гээд би үг өдсөн чинь тэр залуу инээмсэглэх төдий хариу өгч байна. Х.Асхар хөтөч маань наад залуу чинь энэ уулын мухраас хөдлөхгүй хэдэн жил болж буй болохоор монголоор ойлгох төдий гэж тайлбарлав. Хэдэн морь, тав гурван тэмээгээ гэргий болон хамаатныхаа хөтөч залуустай уул руу жуулчидтай явуулчихсан байгаа гэнэ. Энэ тухай нь элдвийг асууж яриа өдсөн боловч тэрээр толгой дохиж инээвхийлэхээс цаашгүй. Миний өмнө уншиж, сонссоноор бол эндхийн малчид морио хоногийн 50 мянга, тэмээгээ 150 мянган төгрөгөөр жуулчид, уулчдад хөлслүүлдэг гэсэн. Аятайхан ажиллаж хөдөлмөрлөсөн айл гэр жуулчны улиралд хоёр гурван сая төгрөг олох нь энүүхэнд гэх юм билээ. Амьдралаа ийн авч яваа айл гэр Алтай Таван Богдын энэ бэл хормойгоор олон аж. Аялал жуулчлалын төвлөрсөн бааз, энэ төрлийн аж ахуй, үйлдвэрлэл эрхэлдэг компани энэ хавьд төдий л байдаггүй бололтой. Байгаль орчны байцаагч ажилладаг модон хаалттай хаалга хавиар тав зургаан гэр буудал бяцхан голын хоёр талаар хэсэг хэсгээрээ эгнэн харагдаж байснаас өөр бааз энэ тэр гэхээр юм байхгүй байв. Хөтөч Х.Асхараас энэ тухай асуусан чинь “Жуулчны бааз энэ тэр байгуулаад эхэлбэл амьтан хүний хөл хөдөлгөөн ихсээд Алтай Таван Богдын онгон дагшин байдлыг эвдэх аюултай гээд аймаг орны удирдлага төдий л зөвшөөрөхгүй байгаа юм билээ...” гэх тайлбар өгөв. Зам харгуйг засаж янзлах тухайд ч бас тэр тийм тайлбар өчигдөр хэлж байсан юм.Аль ч тайлбар нь надад зөв санагдсангүй. Нэгдсэн сайн зам байхгүй өнөөгийн нөхцөлд олон зуун машин тэрэг тоос шороо бужигнуулан дур дураараа зам харгуй гарган давхиж байна. Зөвхөн гэр буудал гэлтгүй майхан оромжтой аянчин гийчин уулын наахнатайх бэл хөндийд хэдэн арваараа л өнжиж хоноглоцгоож байх юм. Түүгээр ч зогсохгүй бүр мөсөн голын хажууханы ногоон товцог дээр фургон машинтай нэгэн гэр бүлийнхэн майханаа барьчихсан гал хөс түлээд хоол хийгээд налайж сууцгаана лээ.Эмх замбараагүй иймэрхүү аялал жуулчлал энэ хавийн байгаль орчинд илүү их хор хохирол учруулах магадлалтай санагдана. Зам харгуй тавьж, ая тохитой зочид буудал, барилга байгууламж энд барьж байгуулбал нэг талаас аймаг, сумын иргэд ажилтай орлоготой болж ахуй амьдрал нь дээшилж дэвжих, нөгөө талаас монголын аялал жуулчлалын салбарт Алтай Таван Богд хэмээх нэгэн шинэ брэнд бий болж гадна дотныхны анхаарал сонирхлыг бүр ч илүүтэй татах буй заа хэмээн зам зуур бодож явлаа. Нөгөө  сая жуулчин хүлээн авах манайхны удирдагчдын жил жилийн цаасан төлөвлөгөө бодитоор хэрэгжихэд бас нэгэн түлхэц болохыг ч үгүйсгэмгүй. Өнгөрсөн зун би Оросын Сочи хотод хэд хоног зорчихдоо тэндхийн мөнх цаст уулын бүс Красная Полянад аялсан юм. Өндөр уулын бүс рүү явж буй зам харгуй нь ч торох юмгүй толигор. Сочигоос 200-аад км энэ замыг хоёр цаг хүрэхгүй хугацаанд туулаад ирж байсан. Замдаа зориулалтын тав тухтай зогсоолд түр амсхийгээд явахад тэр шүү. Зогсоолоо ч хадан хавцал, бага шиг хүрхрээтэй, гол устай  үзэсгэлэн төгс газар сонгоод байгуулчихсан байв. Сочигоос энэ аялалд хамрагдахаар аялал жуулчлалын мухлагаас тийз худалдан авахад өглөөнийх нь дуусчихсан, үдийн 13 цагийнх нь байсан юм. Ингээд л бид тэр заасан цагт нь аялалын мухлагийн дэргэдэх автобусны буудлаас жуулчны зориулалттай тохилог автобусанд суугаад аялалдаа гарсан юм. Жараад хүний суудалтай энэ автобус дүүрэн зорчигчтой байлаа. Ярианы байдлаас харахад ихэнх нь оросууд, долоо найман армен, гүрж бололтой хүмүүс байв. Газар дээрээ очоод манай аялалын баг хоёр групп болох юм байна. Нэг нь цаст уулыноргилд гарах, нөгөө нь Ерөнхийлөгч Путины Красная Поляна дахь шилтгээнийг үзэж харах юм. Хоёуланг нь нэгэн зэрэг үзэж харах цаг хугацааны боломж байхгүй байсан болохоор бид Кавказын уулсын нэгэн оргил болох “Роза пик”-ийн 2400 гаад метрийн өндөртгарах аялалыг сонгождүүжинт бүхээгээр тэнд гарч үзлээ. Аялал жуулчлалын үнэ өртөг эхнэр бид хоёрын хувьд нийтдээ 50 мянган рубль буюу 200-гаад мянган төгрөг болж байсан санагдана. Энэ өвөл цагаан сарын үеэр Туркийн Анталья хот руу аялахдаа тэндхийн бас нэгэн мөнх цастай уул болох Тахтали дэлхийн хамгийн том гэгдэх дүүжинт автобусаар зорчсон юм. Нэг удаадаа 60 зорчигч тээвэрлэж уулын оргилд хүргэх тэр автобусаар уулын энэ бүсийн намхан нь болох 1250 метр өндөр Олимпик уулнаас 15 минут аялаад 2365 метр оргилд нь хүрч байв. Япон,Солонгос жуулчид, Туркийн сургуулийн ахлах ангийн бололтой баахан хүүхдүүдтэй үүл мананд орой нь ороогдсон тэр хар ууланд ийн аялсанаа энд эргэн санав.Антальягийнхаа зочид буудлаас тийшээ аялах жуулчны группт нэгдэх захиалга эртнээс өгч чадаагүй болохоор ганцаарчилсан аялалаар хөнгөн тэргээр тийш давхисан юм. Бас л 200 шахам километр газарт цаг гаруйхан давхиад очиж байсан даг. Мэдээж энэ газар нутаг нь уул хавцал уруудаж өгссөн, гол ус гаталсан байгалийн адармаатай тогтоц л доо. Засмал зам тавиад саад тотгоргүй болгочихсон болохоор суудлын хөнгөн тэрэг ч тэнд торохгүй давхиад хүрчихэж байна лээ. Мөнх цаст энэ уулын ноён оргилд гарч цас мөсийг нь үзээд, бас 2400 метрийн тэр өндрөөс орчин тойрноо тольдсоных Антальяагийн аялал жуулчлалын компанид 80 ам доллар буюу манай мөнгөөр бол 200 аад мянган төгрөг төлж буй хэрэг. Алтай Таван Богдодоо аялал жуулчлалыг сонгодог утгаар хөгжүүлбэл энэ зэргийн мөнгө олох их боломж байна шүү гэдгийг хэлэх гээд л эрт эдүгээгийнхээ аялалын эрээвэр хурааварыг энд хамж бичлээ.Тэр хүчирхэг улс орныхон шиг уулсын ноён оргилуудад дүүжинт бүхээгээр хүргээд аялуулчих тийм гайхамшиг бүтээж орхидоггүй юм аа гэхэд ядаж л “Малчин”, “Бүргэд” уулын бэл, Потанины мөсөн голоор ойр зуур явган аялуулчих зам маршрут гаргаад, уул усны хөндий бэл хавьд аятай тохитой хонуулчих хэд гурван зочид буудал эхний ээлжинд байгуулчих нь том амжилт байх гэж бодном. Аймаг орон нутгийн эдийн засаг ч, иргэдийнх нь ахуй амьжиргаа ч аялал жуулчлалаа дагаад сэргэж сэхээд явчих байх.

Сүүн гол. Алтай Таван Богдоосуруудаадаялагчдын үздэг үзэсгэлэнт газруудын нэг нь Цагаан гол юм. Алтайн их уулсын бэл сугууд болон Потанины мөсөн голоос эх авсан эхний урсац энэхүү Цагаан гол нь хэсэгхэн урсаад сүү шиг өнгөтэй болчихдог юм байна. Тийм болохоор энэ голоо Сүүн гол гэж нэрлэх нь ч бий гэнэ. Бидний цуваа бүрэнхий болохоос өмнөхөнтээ энэ гол дээгүүр тавьсан нэгэн том гүүрт тулж ирээд түр зогсоцгоов. Өлгий  рүү буцаж яваа бидний зам ингэж таарсан юм. Гүүрний өргөн нь 40-өөд метр, гол энэ хавьдаа 30-аад метрээс багагүй харагдана. Тув тунгалаг Цагаан гол энд хүрч ирэхдээ усны өнгөө ийн гээжсүүн өнгөөр урсах нь энэ  Алтайн сав нутгийн бас нэгэн гайхам үзэгдэл юм. Манайхан дор дороо л Сүүн голын усанд гараа дүрэн хутгаж үзлээ. Аяга савтай зарим нь уснаас амсаж үзэцгээлээ. Би ч бага шиг аягаар нэг ууж орхив. Элдэв онцгой амт шимт мэдэгдсэнгүй, хярам шиг цагаан ус л байв. Уулын түргэн урсгалт голын ус шүд хага ташим хүйтэн байдаг бол сүүтэй энэ ус арай бүлээндүү бас зөөлөвтөр амттай юм билээ. Байгалийн ямар эрдэс ороод ийм болчихсоныг эрдэмтэн мэргэд бас ч гэж судалсан биз. Зарим хэвлэлд бичиж тэмдэглэснээр эх авч буй их уулсынх нь нэг хэсэг нь шохойн чулуугаар баялаг, тэгээд л энэхүү Цагаан гол тэрхүү баялагийнх нь хольц хачрыг аван урсаж буй нь тэр болой хэмээжээ.

Сүүн голын гүүрэн дээр.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?