Нэгэн өдөр саарал чоно, шаргал үнэг, хар илжиг гурав ойн захад таарчээ. Амьдрал ахуй, алс ирээдүйгээ хэлэлцжээ. Хурдан унаа, дурантай буугаар зэвсэглэсэн хүмүүс олширсон учир хоол хүнсээ олох нь бүү хэл амиа алдах эрсдэл өндөр болсон зовлонгоо чоно, үнэг хоёр хуучилжээ. Харин илжиг хэн ч биш болсон. Морь ч биш, унаа ч биш. Тоох амьтан нэгээхэн ч үгүй болсон. Хамар хатгах өвс ч олж идэхэд амаргүй болсноо дурдсан байна. -Сайхан амьдрах ганцхан нөхцөл байна. Тэр нь тендер авах, ЖДҮ -гээс зээл авах. Тэгэж чадвал сайхан амьдарна гэдгийг өөр хоорондоо хэлэлцлээ. Дундын компани ч байгуулж, ТУЗ-ын даргаар чоныг сонгож, гүйцэтгэх захирлаар үнэгийг , компанийн жолоочоор илжгийг санал нэгтэй томилж ажилдаа орсон байна.
Чоно албан тоот дээрээ тамгаа даран, гарын үсгээ зуран тендер, ЖДҮ-ээс зээл авахаар явж, нөгөө хоёр нь үджээ. Орой, нар суух үеэр чоно эцэж цуцсан амьтан эргэн иржээ. -Ямар ч бүтэл алга. Намайг бүгд таних юм. Гэхдээ зөвшөөрсөнгүй гэсээр унажээ. Маргааш нь гүйцэтгэх захирал үнэг -Би яваад ирье. Арга чаргаа хэрэглэе. Ухаан заръя. Юманд учир бий гэсээр өглөө эртлэн гарч одсон ч, үдэш тоос шороонд дарагдаж, өнгө царай алдсан амьтан " Бүтсэнгүй" гэсээр унажээ. За компани байгуулаад ч нэмэр алга гэж гуниглан, ганц шил цагаан архи задлан уйтгар гунигаа дарахаар сууцгаажээ. Тэгтэл жолооч болох илжиг, - Миний ээлж ирлээ. Би маргааш хөөцөлдөөд үзье гэж хэлэв. - Олны танил чоно бүтээж чадаагүй шүү дээ, нэмэргүй гэж үнэгийн хэлэхэд, - Чам шиг тэнэг амьтан яаж бүтээдэг юм бэ?
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд л олгодог юм байна гэж үнэг хэлбэл, - Арга зальтай, үзэсгэлэнтэй үнэг бүтээж чадаагүй юмыг чи бүтээнэ гэж тэнэгтээд яах вэ? Түүний оронд нам ууцгаая гэж чоно үнэгийг дэмжив. Үдийн алдад шартсан чоно, үнэг хоёр шараа тайлах архи хайж байтал Илжиг орилсоор хүрээд иржээ. Тэр хэд хэдэн тендер, хэдэн арван тэрбумын ЖДҮ-ийн зээлийг дааж ядан зогсоно. Гайхсандаа архи нь гарсан чоно, үнэг хоёр нэгэн зэрэг,- Чи яаж энэ бүхнийг амжуулав аа? Гэж гайхан асуувал, -.Тэнд чинь танил, мэдлэгтэй, үзэсгэлэнтэй, арга ухаантай байх ямар ч шаардлага алга. Тэр УИХ-аар чинь дүүрэн манай ангийнхан байна. Тэгээд л бүтээлээ гэж илжиг хариулсан байна.
ЦЭБЭ