"БӨӨГИЙН ДОМОГ" НОМЫН ТЭМДЭГЛЭЛ

2019-11-09  

"Бөөгийн домог" Г.Аюурзана

Номын тэмдэглэл

Хэн ч байхгүй өрөөнд гав ганцаар мөртлөө хэн нэгний хүнд амьсгаа чихний хажууханд мэт сонсогдох тэр мэдрэмж… Танд тийм мэдрэмж төрдөг үү?
Айж сандрахаас гадна андуурсан байх боломжтой аваас амьсгалаа даран байж сонсох төдийд л өнөөх үл мэдэгдэх амьсгал улам бүр ойртон яг хажууханд тань сонсогдох мэт тэр мэдрэмж… Үүнийгээ би айдас гэж нэрлэдэг юм. Айдас.
Харин миний мухар сүсэг олон жилээр үргэлжилсэн сүнслэг (Би ингэж нэрлэх дуртай- Сүнслэг мэдрэмж) энэ мэдрэмжээ тэнгэр шүтлэгт бөө мөргөлтэй холбон ойлгож бас түүнд итгэх гэж хичээн байж уншсан зохиол маань энэ байсан юм.
Этгээд дүртэй сахиуснууд, сэгсгэнэж сагсагнасан тоног, хэнгэргийн нүсэр нүргээн, Хан тэнгэрийг харгитал, Хатан дэлхийг доргитол дуудна гэхээс л хамаг бие дагжин чичирч, урд хойд төрөл гэж байдаг бол тэндээ хийсэн гэм нүглийн минь төлөөс энэ амьдралынхтай минь нийлж айдас хүйдсээр намайг энэ зүгт хөтөлсөн байж ч мэдэх юм. Илүүг мэдэх тусам тэнгэрийн гэсгээл хүртэнэ гэхээс улам бүр эмээнэ. Чухам үгүй ч байж мэднэ. Хэн мэдлээ. Бага багаар зүрх үхнэ….

Хүмүүний дээд заяа, өвөг эцгийн минь ариун сүнс онгод тэнгэрийн өмнө бараалхана, тэдний төрхийг үзнэ гэхээр л ухаан алдах шахам айдаг надад зөв ойлголт зөв мэдлэг өгсөн хэдэн сайн зохиолын нэг нь нэрт зохиолчын Бөөгийн домог байсан юм. Ядмагхан юм бичихээс эмээж байсан ч бүтээлээс авсан өөрийн мэдрэмжийг айдас гэгч том дайсантайгаа нүүр тулан байж таньтай хуваалцах нь зөв гэж үзлээ. Ингээд ном руугаа оръё.

Номын ерөнхий агуулга:

Ном бүхэлдээ Тэнгис хэмээх жирийн нэгэн залуугийн Туулайт арал дээр өнгөрүүлсэн долоон жилийн амьдралын богинохон боловч ер бусийн хэмээж болох түүхийг төдийгүй жил ирэх тусам бага багаар мөн чанараа алдаж буй Бөө мөргөл, тэр дундаа бурайд зон олны талаар өгүүлнэ.

Задлал:

…Нам гүм огторгуй. Огторгуйд гэв гэнэтхэн Үүлс урагдах чимээ...

Эхний жил- Онгодын тоос

Тэнгис хэмээх залуу Монгол орны хойд хязгаар Байгал далайн баруун эрэгт ойрхон Буриад түмэн аж төрөх, үлгэр домогт олонтаа сонсогдож бичигдсэн Туулайт хэмээх нууцлаг арал дээр нутгийнхны олон үе дамжин тахин шүтэж ирсэн Туулайт арлын эзэн савдаг гэгдэх Цагаан толгойт бүргэд мэр сэр хүний нүдэнд үзэгдэх болсноор сүүлийн дөрвөн зуун жилд тохиогоогүй аз завшаан хэмээн бэлэгшээн, нутгийг иргэдийн сүсэг бишрэлээр Хагдай тэргүүтэй цөөн хэдэн бөөд эзэн хайрханы тайлга ёслолыг хийх болсон тухайг дам сонсоод сониуч зандаа хөтлөгдөн уг арал дээр хөл тавина. Арал дээр ирсэн эхний өдрөөс л эхлэн түүний амьдралд таамаглаагүй олон өөрчлөлтүүд ар араасаа гарах төдийгүй Бурхан хадны нууц хаалгыг олж харах сониуч зандаа гэх үү эсвэл эхлүүлсэн хэргийнхээ эцсийг үзэхээр шаралхахдаа хүний хөлөөс зайд өнөөх нууцлаг арал дээр үлдэнэ. Онгод тэнгэрийн түүнд бэлдсэн сорилт байсан уу бүү мэд Хагдай бөөтэй онгод тулмаашын (Оросууд буриадуудтай хэл нэвтрүүлэгчээ Толмач гэж нэрлэдэг байв. Энэ нь явсаар буриад аялгаар Тулмааш - Түшээ болсон) харилцаатай болдог. Бурхан хадны нууц хаалгыг олох амар сонсогдовч жирийн нэг хүний хийж баршгүй тийм нэг өдөр тутмын ажилтай болсон түүний амьдралд Рижина хэмээх индиан гаралтай канад бөө судлаач орж ирснээр түүнийг зохиолын гол эзэн Хагдай бөөтэй басгүй дотносох гүүр болж өгнө.
Бүлэг бүрт, уран тансаг үг хэллэг онгод тэнгэрийн дуудлага,онц сонирхолтой үлгэр домог, хууч яриа бичигддэг нь яг л бидний багад эмээ өвөөгийндөө очоод сүү хөөрөх зуур илч галын гэрэлд үлгэр домог яриулсаар түмэн зүйлийн зүүд үзсээр тайван нойрсдог байсан үеийг минь санагдуулж билээ. Энэхүү бүлэгт Сарны домог, Тэнгэр тайх ёсон бичигдсэн байдаг.

---

Удаах жил- Хийсвэр модны сүүдэр

... Жинхэнээсээ гуниж үзсэн хүн л аз жаргалыг таньж мэддэг юм. Тийм чадвар суудаг юм....

Хувь тавилан гэгч хүний амьдралыг тэр чигээр хүссэн хүсээгүй өөрийн мөнхийн эргүүлэг рүү лав гэгч татан авч ордог билээ. Хагдай бөөгийн туулсан амьдралын түүх хийгээд түүний авахыг хүсээгүй нэр (Хагдай Сергеевич Булагатов)-ны учир, түүний хар дарсан зүүд мэт гашуун дурсамжуудыг энэ бүлэгт өгүүлнэ. Ийм хэцүү тавиланг Хагдай бөө дан ганцаар сөрөөд зогсоогүй түүний эцэг түүнээс илүүтэйгээр тарчилжээ. Зөвлөлт засгийн үед, засаг бүхий л шашныг дайсагнан үзэж, бөө мөргөлийг онц гойд харгислахдаа Сибирийн бүхий л бөөд, удгадыг албадан цуглуулж Саяны нурууд дундуурх төмөр замын ажилд цөлжээ. Энэ л цөллөг Хагдай бөөг удган эхийн хэвлийд бүрэлдэх тохиол заяажээ. Олон жилийн хугацаанд үргэлжлэсэн эмчилгээ нэртэй тамлалд Хагдай бөөд тохиосон анхны нандин хайр хийгээд ахиж хэзээ мэдрэгдэхгүй тэр мэдрэмжүүдийг зохиолч харамгүй дүрсэлжээ.
Бүх л бүтэн арван зургаан жил, хүний нийгмээс алсаас алсад өнгөрүүлсэн тэр олон жил хөөрхий бөөд дээд тэнгэртэй холбогдох бяцхан гүүр болжээ. Хамаг бүхнээс холдож өөрөө ч мэдэлгүй өнгөрүүлсэн арван зургаан жилийн хойно Хагдай ганцхан жил аавтай байж үзсэн сэн. Түүний аавтайгаа өнгөрүүлсэн мухархан жил, мэддэг бүхнээ хүүдээ хуваалцах гэж цаг хугацаатай сөргөлдөн байж ярьсан хууч домгуудыг зүрхэндээ шингээх зуураа гагцхүү өөрт л оногдсон хувь зохиолоо таньж авсан сан.

Зохиолч энэхүү номондоо бөө мөргөл хийгээд шарын шашны онцлог адил төстэй талуудыг чадахынхаа хэрээр дурдсан бөгөөд бусад энэ төрлийн номууд хэт нэг талыг барьсан, аль нэг талыг тэнгэрт тултал нь магтсан байдаг бол Бөөгийн домог роман эсрэгээрээ үнэн худлын дэнсэн дээр дэнслэгдсэн, он цаг түүхийг хувьд багагүй хийсэн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан бичигдсэн нь уншиж эхэлсэн хэн бүхний нүдэнд илхэн буй заа.

Гутгаар жил- Хэнгэргийн амь

Бөө хүний жинхэнэ унаа, аргамжит хүлэг төдийгүй дээд тэнгэрт саадгүй зорчиход нь зайлшгүй байх хэрэгсэл нь тэдний хэнгэрэг юм гэнэ. Хэнгэргийг юугаар бүрнэ түүгээрээ дээд тэнгэрт зорчиж, онгод тэнгэрүүдэд бараалхах жам болой. Иймээс л эдгээр нь элдэв амьтны арьсаар бүтэж, нууцлаг ид шидийн гэмээр этгээд амьтад сийлж дүрсэлдэг ажээ. Юм бүхэн утга учиртай.
.... Гуниг бол хүний хамгийн эрхэм чанар. Бид өөрсдөөсөө болоод л гуньдаг юм биш. Бид бол хаа нэгтээх хэрээ, дорго, нохойны л, хүний биеийн хэвэнд цутгасан дүрс төдий амьтад. Хүн бол ертөнцийн төв бус, ертөнцийн төвд ургаж буй модны ердийн нэгэн залтас нь. Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг....

Хагдай бөөгийн хананд залрах Хөхдэй-мэргэн, Харцагай, Мод- эжийгийн хэрхэн бүтэж, хэрхэн амь орж бөөгийн үнэнч хүлэг болсон уртаас урт сонирхолтой түүхийг энд өгүүлнэ. Чухам л энэ үеэс эхэлж Хагдай бөө хэмээх хэргэмийг нэр хүндтэйгээр хүртэж,энэлсэн, зовсон шаналсан өвдсөн хүмүүнд өөрийн чадлаа бага багаар харуулж эхэлжээ.

.... Энгийн үед харагддаггүй л бол байдаггүй гэсэн үг биш юм. Одоо би чанга хашгирмаар боллоо гэхэд чанга хашгирах шаардлагагүй. Хоолойноос ч илүү чанга хашгирах эрхтэн надад бий. Хэнд ч дуулдахааргүй, гэхдээ хамгаас чанга хашгирчихмаар газар гэж бас байна....

Тэнгис тулмаашын үүрэгт ажилдаа бага багаар дасан суралцахын сацуу, Хагдайн ааваасаа өвлөсөн цорын ганц өв, хүүдээ л гэж хэлсэн хууч, домгийг хэлүүлсээр баргийн бөөгөөс дутахааргүй мэдлэг олно. Үүнийхээ хажуугаар Бурхан хадны хаалгын учрыг олохоор өдөр бүр бясалган суух нь мэдээжийн хэрэг буй заа.

Дөтгөөр жил- Тэнгэрт агч гэргий

... Зүүд бол бусад ертөнцийн үүд, өвөг дээдсийн дохио...

Зүүд төсөөлөл хоёр юугаараа тийм их ялгаатай талаар хааяа нэг бодож үзэж байсан уу? Диваажин хийгээд там гэж ярьж эхлэхэд л хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлж эхэлдэг. Гэтэл тэнд урьд өмнө нь хэн ч очиж үзээгүй бөгөөд очоод ирсэн байлаа ийм шүү гээд баталсан баталгаа огт үгүй гэдгийг би л хувьдаа мэднэ. Зарим хүмүүс үхлийн эрмэг дээр очоод ухаангүй хэвтэхдээ сүнсэн бие зүүдэн ертөнцөөр дамжин тамыг бас диваажинг харлаа гэдэг. Бас л өрөөсгөл. Угаас тийм зүйл байдаг эсэх нь бас л эргэлзээтэй. Тэгвэл бөө хүн өөр өөрийн араатан амьтан хөлөглөн дээд тэнгэр, доод тивээр хэрхэн аялж, чухам юухан үзэж хардаг гэдгийг зохиолчийн уран төсөөллөөр дамжуулан энэ бүлгээс бид багаахаан амтыг нь амтлан таашаах завшаан буй.
Хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг гэгээн ариун хайр мөнөөс мөн. Эр хүний амьдралыг эм хүнгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд эм хүн амьдралд эгшиг аялгуу шиг өнгө нэмдэг бол эм хүн гэдэг байгалиасаа л тэр сүр хүчит хүмүүний энэрэл хайранд умбаж тэднээр хайрлуулж хамгаалуулан, арга билгийг зохилдуулан аж төрдөг гэдгийг энэ бүлэгт өгүүлнэ.
Хязгаар нь үгүй түнэр харанхуй дунд таг гацчихаад хаашаа явахаа мэдэхгүй төөрч бүдчин явна гээд өөрийгөө төсөөлөөд үз дээ. Тэндээ удвал үхэж ч мэдэх тийм түнэр харанхуй. Тэгвэл хаа нэгтэйгээс ирсэн хэн нэгний зөөлхөн гар чимээгүйхэн танийг гэрэл үзэгдэх тэр газар луу хөтлөн алхаж байна гээд бас төсөөлөөд үз дээ. Булбарай гараас хөтлөн алхах хэнбгуайн ч сэтгэлд амьд үлдэхсэн, амь аварсан ачтанг харах гэсэн итгэл төрнөө дөө.
Харамсалтайгаар нь төгссөн Хагдай бөөгийн хажуудаа авч үлдэж чадаагүй хайрын түүхийг энд өгүүлнэ. Хайр, Хагдайн хайрын хэн хүртэж - Тэнгэрт агч гэргий болсон бол?

Сэтгэл гэгч зүйлийг өгөх хүнтэй учирсан л бол урваж шарвах боломжгүй болдог ажээ. Ай хүмүүн гэгч уг нь ийм л сайхан эрдэнэ байгалиас бэлэг болгон авчээ.

Тав дах жил- Бурхан хадны ордон

Удтал хүлээсэн хүсэл биелж, хаа нэгтэйгээс танийг даллан дуудсан хүсэл мөрөөдлийн нандин мэдрэмж, удаан шамдсан зүйлийнхээ эцсийг үзэн би чадлаа, би давлаа гэж өөрөө өөртөө хэлээд сэтгэл хангалуун зогсох юутай сайхан.

Нартын ертөнцөд нэгэн арал бий. Асар уудам далайн хөвөөнд арал болж тогтсон нууцлаг нэгэн ордон буй. Харагдахыг хүссэндээ харагдаж, үзэгдэхийг хүссэндээ үзэгдэж үлгэрт гардаг шиг үүд хаалгыг олоход бэрх, хадан хавцлаар далдлагдсан ховор гантиган нууц бий. Солонгон өнгөөр гялтганасан хосгүй сайхан эрдэнэ, хана тааз тэр чигээрээ цуурайтсан цэлгэр сайн өргөө бий. Бурхад эзэн сууж, бусад онгодууд хуваан залардаг юм гэнэ лээ.
Тэнгис хувь заяаны эргүүлгээс хүссэнээ авч, түүний арал дээр үлдээхэд хүргэсэн нууцлаг хадны үүдийг нээнэ. Тэр өөрийн бясалгалын хүчээр үү эсвэл онгод тэнгэрүүд өөрсдөө түүнд хаалгаа нээв үү? Харин тэр хаалгаар орох болов уу? Нууцын тайлал, ээдрээт амьдралын зангилааг энэ бүлэг тайлна. Та өөрөө болгооно уу. Нарт хорвоо өөрөө нууц ихтэй юм хойно доо

Зургаа дахь жил-Харанхуйн орны тайлга

... Mуу хүмүүсийн дотор хэзээ ч гэгээ тусдаггүй юм. Тэдний хувьд гэмшинэ гэдэг нь дээд зэргээр засарч байгаа хэрэг юм....

Зовлонд нэрвэгдсэн хэн бүхэнд зүрх сэтгэлийн угаас туслан, нүгэл хилэнцийг гэтэлгэхэд туслах нь онгод сахиусны онцгой чадваруудыг сорьсон байдагт хэн ч эргэлзэхгүй биз. Гагцхүү жинхэнэ бөө хүн шан харамж харалгүйгээр нартын хэдэн үрсүүдийнхээ зовлон шаналлыг гаталгахад тусалдаг. Учир нь тэдний гарыг цайлгаж магнайг тэнийлгэх зүйлс бидний ерөнцөд үлдээгүй гэнэ. Тэдэнд юу ч сонин биш бөгөөд бидний төсөөлшгүй тийм сайхан эд агуурс тэнгэрт орших тэдний ертөнцөд байдаг гэнэ.

... Чиний мэддэг орчинд хүмүүс кофе уудгийн төлөө зүгээр л булгаас ус хутгаад уучихдаг хүмүүсийг чи зэрлэг гэж бодох эрхгүй....

Долоо дах жил- Алдагдсан сүнсний эрэлд

Эрлэгийн элчийн төрх ямар байдаг бол? Хамаг нүүр нь нэг тал руугаа таталдаж мурийсан муу үйлийн үр нүүрэнд нь илхэн харагдах болов уу?
Хүмүүн төрөлхтөн бидний адгууснаас ялгагдах ганцхан мөн чанар хайрлах энэрэх, уучилж өрөвдөх энгийн боловч ер бус чадвар бий. Гагцхүү түүнийгээ ухаалах сөхөө өгөлгүй бид өөрсдийгөө бурхны төгс бүтээл гэж хэт эрт өргөмжилсөн байж мэдэх юм.
Бөө ч бай тулмааш ч бай бид нарт хорвоод ирэхдээ тодорхой цаг хугацааны хязгаартай ирдэг. Ирж мэндлэх, буцаж төгсөх тавилантай байх аж. Хоёрхон үнэн байдаг жамаас зугтаж үл чадна. Хийх зүйл их харин багахаан хугацаанд Хагдай өөрийн чадахаараа онгод тэнгэрийн хүчийг хэрэгтэй хэн бүхэнд хүргэж амжсан билээ. Хорвоогийн жамаар тэнгэрт агч гэргийдээ очих цаг нэгэнт болжээ. Харин үлдэж хоцрох Тэнгис түүний үйл хэргийг гүйцэлдүүлэх болов уу? Танд таамаг болгон үлдээе.

Эцэст нь:
Тэнгэр шүтлэгт монгол түмэн бид тэртээд өнгөрсөн он жилүүдийн эхнээс л хувь заяагаа өвөг дээдэс, хөх тэнгэртээ даатган ирсэн. Гэсэн авч засаг төр солигдох, зам мөрийн өөрчлөлтөөс болоод Бөө мөргөл нэр хүндээ ихээхэн алдсан билээ. Үүх түүх, үндэс угсаа, хэл язгуураа бид бага багаар алдаж байгаа нь үнэнээс үнэн. Хүүхэд багачууд шинэ үеийнхэндээ угсаатан зүйн онцлог, үндэс язгуураа ямагт сануулан сургах нь хойшид үлдэх үр хойчийн төлөө хийж чадах хамгийн том үйл билээ. Хэн ч болсон бай, хэн ч байсан бай үүх түүх үндэс угсаа, хэл соёлоо гээж үл болно. Энэхүү зохиол нь танийг хэсэг хугацаанд ч болов үүх түүхийг үнэн мөрөөр алхахад тань тус болно гэж найдаж байна.

... Угаагдаж цэлмэсэн сэтгэл минь
уснаас гүн, шүүдрээс нам
Хуурай мөчрийг тань амилуулахаар
Худгаас тэр айсуй
Ууж хайрла мод эжий минь...

 

ЭХ СУРВАЛЖ: "СЭТГЭЛИЙН ХҮҮРНЭЛ" КЛУБ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?