ӨВЛИЙН ТУХАЙ ШҮЛГИЙН ДЭЭЖИС

2019-11-11  

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.

 

Өвөл чамайг өнөөдөр гашуудан оршуулавч

Өчигдрийнх шигээ дахиад л амь орно

Өвөл чамайг ирэхэд үл ялиг өтөлсөн би вээр

Өмнөөс чинь тосон хаалгаа хараал тавин тайлна.

Ягаарсан хацар минь чимчигнэн даарахад
Яагаад ч юм зүрх халуунаараа байдаг
Өөрөөр минь дүүрэн гуниг байхад
Өвөл яагаад ч юм дулаахан байдаг
Өдөржин шөнөжин би цасыг догдлон мөрөөддөг
Өврийн дэвтрээ нээхдээ хүйтнийг бүр мартчихдаг
Өрөөсөн бээлийгээ зориуд гээж
Гараа чичирхийг хүлээдэг
Өвдөтлөө даарсан гараараа
Шүлэг бичих гэж оролддог
Шүлэг минь бүхэлдээ гуниглаж байхад
Цас яагаад ч юм дулаахан байдаг
Хүйтэн шүүгээнээс хувцаснуудаа гаргаж
Дулаахан болтол нь өмсдөг
Хувцаснууд биеийг биш
Би хувцсаа дулаацуулдаг
Хананд өлгөөтэй зургууд
Хөмсгөө зангидсан мэт санагдахад
Би л тэдний өөдөөс
Бүтэн инээмсэглэж чаддаг
Өрөөгөөр дүүрэн гуниг байхад
Өр зүрх минь яагаад ч юм дулаахан байдаг

Хачин тунгалаг ширхэгүүд сормуус онон газардаж

Харанхуй байсан ертөнц гэнэт цавцайн цайж
Хүйтэн мэдрэмж үгүйрч догдлол төрөхүйд
Өвөлд би хичнээн хайртайгаа мэдэрдэг
Атган авах гэж алгаа тосон гүйж
Хацар минь чинэрэн даарахыг ч үл ажран
Харанхуйд цасан дунд зогсоод л баймаар санагддаг
Хахир өвлийн шөнөөр өөр хаанаас би
Ийм их үзэсгэлэнг олох вэ
Өвөл өө, би чамд ухаангүй хайртай
Өч төчнөөн шүлэг зориулмаар тийм их хайртай
Үсийг минь гэрэлтүүлэгч цагаан цасаа
Би чамд ч хайртай
Үймэрсэн сэтгэлийг минь арилган будрах
Үй олон ширхэгүүдэд чинь дуртай
Гэрэлтэгч биеийн чинь эд эс бүхэнд
Гэгээн тунгалаг бүхэн оршдог
Яг энд чамайг газардах бүрийд
Яг хуучнаараа дурлан догдолдог би
Хамгийн гэгээн дууг энэ орой л аялмаар
Хамгийн сайхан дурсамжуудаа нэхэн санамаар
Жаргал гэдэг ийм өчүүхэн зүйлээс эхэлдгийг
Хүн бүхэнд мэдрүүлмээр
Цасаа би чамд ийм их хайртай
Цагаан тунгалаг гэрэлтэгч ширхэгүүдэд чинь дуртай
Цаг хугацааг яг ийм л үед зогсоохыг хүсдэг
Цагаахан догдлол тээж мөнхөд гэрэлтэхийг мөрөөддөг..,

Ш.Номин эрдэнэ

Шинэхэн цасны үнэр
Хуучин гудамжинд нэлхийхэд
Шидэт үг мэт дэнлүүний дор
Орь ганцаар хоцроход
Жавартай үдшийн салхи
Эрт, эдүгээг тууж одоход
Жаргалтай үеийн аялгуу
Энгэр заамнаас урсахад
Хуучин амрагийн үлдээсэн сүрчгийг
Шинэхэн болзоонд анхилуулж
Шидэт үг мэт дэнлүүний дор
Шөнийн турш зогслоо
Хуучин цасны үнэр
Буцах замд нэлхийж
Шинэхэн амрагийн гутлын чимээ
Араас нэхэх нь тээртэй

Р.Эмүжин

 

Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй
Өврөөс сэрэх янагийн минь хөмсөг алтан хараацай шиг нисмүй
Өглөөний тунгалаг, мөнгөн талынхаа дууллыг чагнамуй
Өврөөс сэрэх янагийн минь сормуус алтан хийл шиг харагдмуй
Өргөн нуга хөндий ян тас хөлдөх нь зүүрмэг үүрээр дуулдмуй
Өврөөс төөнөх янагийн минь хоёр шувуу зүүд үргээмүй
Үүнгүйгээр байх аргагүй байгалийн симфони нойр хулжаамуй
Өврөөс долгилох янагийн минь хөл өвдгөн дээгүүр урсмуй
Өндөр хөх огторгуйд цалин цавцгар уулс хангинан янгинамуй
Өврөөс сэрэх янагийн минь царай тэргэл саранг чимэмүй
Үүрийн улбар туяанд шөнийн бүрэнхий лаа шиг асмуй
Өврөөс мишээх янагийн минь нүд алтан тугал шиг сэрмүй
Үймэг бүймэг оргиод тэнгэр бид хоёр дүнсиймүй
Өврөөс өндийх янагийн минь гэзэг алтан бороогоор асгармуй
Үелзэх цэнхэр гялбаа хаялж одод зурс зурсхийн цахилмуй
Өврөөс өндийх янагийн минь үс алтан алмазаар эсгэмүй
Өмнөдийн салхи, шил хөндийгөөр исгэрэн лимбэдмүй
Өврөөс эхнэр босох нь алтан гөрөөс мэтүй
Үүлс хяраалж тэнгэрийн заадсаар сүйх тэрэг одмуй
Өврөөс эхнэр босох нь наран сарны завсар мэтүй
Өвлийн тэргүүн сарын шинийн хоёрны саран үзэгдэх нь
Өргөний голын мөсөн дээр ээмэг унах шиг цангинамуй
Суль өвс мандолины утас шиг жингэнэн чулууг гуядлахуйд
Чухамхүү миний янагийн хоолой алтан ятгаар эгшиглэмүй
Үүлний энэ байдал цаст цагаан зургийг үзүүлмүй
Өнөд тэр нь миний чиний орчих хязгаар болой
Үүдний довжоон дээгүүр цан мөсний яруу дуун гармуй
Өнгөрсөн хийгээд өнөөдрийн тухай юуг би бодмуй
Өврөөс эхнэр босох нь алтан бугын гүйдэлтэй ...
Гүйгүүл холын зэрэглээ хуучир хөгжим шиг долгилмуй
Гүнд цэцэгс шөнөд дэлгэрэх нь чиний биеийн галбир буюу
Ай миний нутгаа зорих зам дээр шаргачин зогсох нь
Алтанхан шанз мэт ээ, Ай Нан-аа эгч минь!
Гурвуулаа байлаа гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр дуулмуй
Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын билгэдэл юу вэ?
Гүйгээд очмоор Наранбулагийн жаахан Хандмаа минь дээ
"Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалийг” би л "зохиосон” юм шүү дээ
Гүйцээгээгүй орохисон учраас Дашбалбар дүү минь алга болсон юм даа
Бодоод байхнээ би хаднаас ч хатуу чийг ч үгүй болж дээ
Болжмор, болжморуудад нулимсаа бэх бэхээр нь өгчихсөн
Нарт энэ ертөнц дээр хоёрхон юмыг авч үлдлээ би,
Надаас өөр хэн ч бичихгүй шүлэг, хэн ч үнсэхгүй уруул
Д.Нямсүрэн
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуу тодохон сонсогдоно.
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт мал соргог үсээ гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ.
Өндөр газрын хүйтэн чимүү царцам эрчтэй
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана.
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж
Уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан баясаж
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.
Д.Нацагдорж
 
 
О.Гоо-Оюун

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mar:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
С. Ами:Үнэхээр гоё шүлэг болсон байна. Баяр хүргэе. Яаж ийм гоё шүлэг зохиосон юм бэ? 2022-02-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?