БАРУУНТАЙ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ /Алтай Таван Богд/

2019-11-20  

Могойн голд

Сүүн голын гүүрээр гараад Хотон нуур, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээ рүү явдаг зам байдаг юм байна. Хөтөч Ч.Асхар маань тэр сайхан газруудыг бидэнд үзүүлэх санал гаргаж байсан боловч бидний дараагийн төлөвлөгөөт ажил болох Увсын Хархираагийн амралт, Тэс сум дахь хуримд очих цаг хугацаа тулгуу байсан тул энэ удаадаа хойш тавихаас аргагүй болсон билээ. Өлгий хот эндээс 120 гаруй км хол тул цаг гаруй давхиад бид Цэнгэл сумын нутаг Могойн голын эрэгт хоноглохоор болцгоов. Могойн гол сайхан гүүртэй юм. Дөнгөж гүүр гараад гурван гэр байх агаад хоёр нь гэр буудал аж. Дөрөв дөрвөн ортой гэнэ. “Манайхан бүгдээрээ багтахгүй юм...” гээд голын цаахантайх ногоон дэвсэг дээр майханаа барьж хоноглохоор шийдэцгээв. Залуус майхнуудаа дор дор нь барьцгаачихлаа. Алтангэрэл сайд, хатагтай Чука хоёр майхнаа анх удаа барих гэж байгаа гэнэ. Яаж барих байтугай ямархуу майхан байгааг ч мэдэхгүй, бараг хориод жилийн өмнө Туркт элчин сайдаар ажиллаж байхдаа л авсан майхан гэнэ. Аагий сайдын майхныг барилцахаар залуус ирцгээлээ. “Сайхан майхан юм, гэхдээ барихад төвөгтэй эд байна” гэлцэж байв. Багийн гишүүн Нэмэхээ тус дэм болж гар хуруу оролцож байснаа “Манайхны майханууд задлангуут л бараг өөрөө босоод ирдэг болчихоод байна шүү дээ сайд аа, техник технолог гээч нь өдөр цагаар өөрчлөгдөж буй өнөө үед хорин жилийн өмнөх юм чирээд явж байдаг мөн зоригтой хүн ээ...” хэмээн егөөдөж зогслоо. Залуус янз янзаар үзэж байгаад майхныг нь босгов. Хийц, чанар чансаа, зай багтаамжын хувьд дажгүй эд юм аа гэцгээж байв тэд. Аагий сайд майхан авсан тэр жилээ Женевээс эвхдэг ор хоёрыг авсан аж. Тэднийгээ бас цоо шинээр нь майхандаа дэлгэж ая тухтай унтах бэлтгэлээ хангалаа. Нэмэхээ найз “За сайхан мед.пункттай боллоо доо” хэмээн багийнхнаа хөгжөөж байлаа. Инээд наргиан болж ийнхүү орон гэрээ бэлтгэцгээж байх хооронд үйлчилгээнийхэн манай залуустай хамтраад оройн зоогийн “шорлог” бэлэн болгочихсон байв. Хоёр гэрээр буучихсан ойрхоны малчин айлаас хөтөч Ч.Асхар маань сүү, цагаан идээ бас аваад ирж. Тэдний гал дээр мах чануулж байгаа гэв. Ярианаас нь сонсоход тэр айлууд хөтөчийн маань хамаатнууд аж. Элбэг хоол ундтай, даруулга сайтай хээрийн зоог ч сайхан болж өндөрлөв. Өглөөний цайны дараа эхнэр, хүүхдүүд малчныхаас цагаан идээ авахаар явцгаалаа. Цэнгэл сумын малчинэнэ К.Бахытбекийнх 280 бог, саалийн арваад үнээ, хориод тооны үхэр, бас цөөн тооны адуутай гэнэ.Манайхны эзэгтэй нар “Ааруул, бяслаг нь хотын хүнсний захынхаас дутахгүй үнэтэй юм байна” гэцгээж байв. Кгааруулааэднийх 20 мянгантөгрөгөөрзардаг аж. Манай хэд арав шахам кг ааруул авч казах эзэгтэйн хөдөлмөрийг үнэлж, энэ айл гэрийн амьжиргааг дэмжжээ. Ер нь энэ хавиар явсан аян замынхан эднийхнээс цагаан идээг аваад хэвшүүлчихсэн бололтой гэнэ. Ааруул, бяслагаа уут саванд хийгээд жинлээд яг таг бэлтгэчихсэн байх юм гэцгээж байлаа. Шиврээ бороотой уралдаж майхнаа буулгаад хонож өнжсөн уул ус, идээ цагаа, цай цүүнээс нь амссан малчин айлдаа талархал илэрхийлээд Өлгийн зүг манай цуваахөдлөв. Бидний энэхүү аялалыг бүх талаар дэмжсэн анд Хавдсиламын БаделханӨлгийд биднийг найзынхувиар хүлээн авч цайлах юм гэдгийг энэ аялалд гарахаас бүр өмнө түүнтэй ярьж тохирсон хэмээн багийн ахлагч  маань ярьж байсан юм. УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо сонгогчдод Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаарх танилцуулга хийж, богино хугацаагаар орон нутгаараа явж буй гэх мэдээ бид сонсож байсан. Бадел гишүүн ч бас тэр далимаар нутагтаа ирэхдээ бидэнтэй уулзчихья гэж бодсон юм байгаа биз. Иймэрхүү яриа тохироо байсан болохоор Аагий ахлагч цуваагаа яаруулах талдаа. Хэсэг давхиад манаа цуваа хадтай том хар уулын бэлийн зам дагуух нэгэнбулгийн эх дээр ирж түр зогслоо. Цэнгэл сумын Баядасын рашаан хэмээн алдаршсан ундарга урсац арвинтай цэнгэг устай сайхан булаг байв. Зам зуурын аялагчид ч тэнд оочерлох шахуу энэхүү рашаан булгаас хүртэж таашаал авч байв. Энэ зун дунд сургуулиа төгсөж оюутан болцгоосон нэг ангийнханбагштайгаа хамт Хурган нуур,  Түргэний хүрхрээ үзэх аялалд явцгааж байна гээд булгийн эхэнд фургоноос шуугилдан бууж ирцгээн рашаан уснаас аяга дамжуулан амсацгаан баяр хөөр болж байлаа. 

Бага Түргэний хүрхрээ аялахаар явж буй оюутнууд Баядасын рашаан дээр

Өлгийн дунд сургуулийн ахмад багштайЧ.Асхар хөтөч маань танимхайран уулзана лээ. Манай багийнхан оюутан болж буй охид хөвгүүдтэй яриа өрнүүлж сургаал зөвлөмж өгч шилдэг оюутан, ирээдүйн сайн мэргэжилтэн болохыг хүсэн ерөөж байв.Ийн Баядасын рашаан амталж Баян-Өлгийн ирээдүй болсон залуу үеийнхэнтэй хэсэг шуугилдаж байгаад бид аян замаа хөөв. Рашаанаас хөдлөөд тэрүүхэн голын хөндийд буй шургааган хашаатай арваад гэртэй аялал жуулчлалын баазын ойрхонуур бид өнгөрсөн юм. Даян, Хурган нуур, Түргэний хүрхрээ явж буй аялагч жуулчид ямартай ч тав тухтай хонож өнжих, хоол ундны үйлчилгээ авах боломжтой болчихож.Дараагийн удаа бид тийш аялах бол хоног төөрүүлэх гэр орон хайж нааш цааш давхих шаардлага гарахгүй нь таатай юм даа гэж бодож явлаа.

Баделын хүү биднийг хүлээн авч дайлав.Гурван цаг орчим давхиад өдрийн 14 цагийн үед Өлгийн төвд хүрээд ирцгээв. “Баделын хүү Көксеген нь хувийн ресторантай, тэнд л Бадел гишүүн та нарыг хүлээн авах байх даа” хэмээн Асхар замд ярьж байсан юм. Тэр дагуу ярьж тохирсон юм байлгүй, Өлгий хотын төвд байх тэр зоогийн газарт ньтэрээр биднийг хөтлөөд ирлээ. Доороо дэлгүүр, эмийн сан, бас банкны салбартай гурван давхар шаргал байшин байна. Зоогийн газар нь дээрээ юм. Уртаас урт ширээ засаад идээ будаа, чихэр жимс дүүртэл өрчихөж. Ширээний эхэнд Баделын хүү биднийг хүндэтгэн угтаж байна. Нас гуч гараад явж буй бололтой, биерхүү сайхан залуу байв.  Мэнд  мэдэж танилцацгаалаа. Баделын дөрвөн охины дүү аж. Биднийг намын сургуулиа төгсөх үед манайхны гэр бүл, хүүхдүүд тэнд очдог жишгээр энэ хүү бас Москвад очиж байж. Тийм болохоор Аагий сайд болон намайг мэднэ ээ гэж байна. Дөрөв тав орчим настай байсан болохоор бүдэг бадаг дурсамж байдаг юм гээд Москвагийн тухай, бас аавынхаа болон бидний тэрхүү оюутан цагийн тухай яриа тэрүүхэндээ хөврүүлээд авав. Бадел сайд өнөө өглөөний онгоцоор гараад Улаангомд ирчихсэн байгаа аж.Улаангом Өлгийн хооронд цаг агаар муу байгаагаасонгоц нь нааш нисэхгүйөдөржингөө тэнд саатаж байгаа гэнэ. Тийм болохоор Бадел сайд Өлгийд өнөөдөртөө амжиж ирэхээргүй болж буй мэдээтэй байна гэдгийг Асхар бидэнд дуулгаж байв. Өлгийн зорчигчдыг Ховдод буулгаад тэндээс автобусаар Өлгий рүү явуулах нэг хувилбар яригдаж буй гэнэ... Ногооны холимог зууш, чанасан мах, бас энэ нутгийн амтлаг хаз, шөлтэй хоол цувж байлаа. Багачууд жимс ногоо, амттан амтлаад баяр хөөртэй шуугилдаж, бид ч бас идэж ууж тухлаад л... Ойр зуурын яриа хөөрөө болж суутал Аагий хэлж байна аа. “Хэдэн үг, ерөөл хэлчихээр хундага энэ тэр алга уу... аав чинь гашуун нясуун юм тэдэнд битгий гаргаарай... гэж хэлсэн юм уу гээд Көксеген хүүд сүрхий “томорч” байна. Хүү ч тэрүүхэндээ сандарч “Аавын үеийнхэн, ангийнх нь найз нөхөд, тэгээд бас Элчин сайд энэ тэр гэх том хүмүүст юу юугүй л хоол ундны эхэнд архи хундагалаад эхлэх нь хаашаа байдаг юм бол гээд эргэлзэж болгоомжлоод л учраа олохгүй суугаа маань энэ л дээ, түүнээс бэлдэж зэхсэн юм байлгүй яахав...” гээд л үйлчлэгч бүсгүйг дуудаж хэдэн үг казахаараа хэлнэ лээ. Ер нь казах залуус ахмадуудынхаа дэргэд архи дарсанд ам хүрээд байдаггүй гэж би сонсож байсан. Аагий ч үүнийг бас мэдэлгүй дээ. Гэсэн хэдий ч найзын хүүд албаар аархаж буй нь тэр. Удаж төдөлгүй Көскө хүү хөлсөө арчиж хулмаганаад л “Соёмбо” архи бидэнд хундагалан барьлаа. Эрхэлдэг ажил төрөл бизнесийнх нь тухай ойр зуурын яриа хөөрөө, асуулт хариулт болж хэсэг тухаллаа. Тэрээр Өлгийдөө дунд сургуулиа дүүргэсэн юм байна. Есдүгээр ангидаа Америк явж нэг жил сурсан аж. Арваа төгсөөд Орос руу явж , Барнаул хотын Алтайн Их сургуульд суралцаж эдийн засагчийн мэргэжилтэй болжээ. Төгсөж ирээд Улаанбаатарт Авто зам, засвар арчлалтын удирдах газарт хоёр жил шахам ажиллаж байгаад 2009 оноос нутагтаа шилжин ирж авто замын “Жол” ХХК-ний захиралаар одоо хүртэл ажиллаж байгаа юм байна. Энэ компани нь эднийхний гэр бүлийн бизнес аж. Эцэг Хавдисиламын Баделханы байгуулсан компани гэдгийг найз нөхдийн хувьд бид мэдэх юм. Авто инженерийн мэргэжилтэй, бас Москвад намын сургуульд явахаасаа өмнө Баделхан энэ аймагтаа Авто тээврийн удирдах газрын дарга байсан болохоор түүний хувьд авто замын бизнес ойр байсан байх. Манай сургуулийн хэдээс арай эртхэндээ томоохон бизнестэй болсон нь Бадел л болов уу. Өлгийгөөс хотод ирсэн үед нь ангийнх нь анд Лигүү Ганбаа, бас бидний залуугаасаа нөхөрлөсөн дотно нөхөр “Айзам”, “Дөмөн”гээд л олон хамтлаг үүсгэн байгуулж, дуулж хөгжимдөх авъяасаараа нэрд гарсан Со Нямдорж нар түүний хажууханд салахгүй шадарлаж мөнгийг нь дундлахад нэмэр оруулж өгдөг байсныг нөхөд нь болох бид мэддэг байсан юм. Бадел ч энэ талдаа өгөөмөр нэгэн л дээ. Энэ удаа ч биднийг Алтай Таван Богдод тав тухтай аялуулахад тал бүрийн дэм үзүүлж буй нь энэ. Көксегений гэргий Д.Бахытгуль бас энэ компанийхаа удирдах бүтцэд ажилладаг аж. Эд цэцэрлэг, сургуульд сурдаг нэг охин, хоёр хүүтэй гэнэ. Бидний цайлж суугаа энэ зоогийн газар нь “Гурван эрдэнэ” хэмээх монгол нэртэй юм билээ. Энэ тухай нь асуусан чинь Көскө “Гурван хүүхдээ, бас эрийн гурван наадамыг билэгдэж ийм нэр сонгосон юм. Эрийн гурван наадмыг ч, гурван хүүхдээ ч Гурван эрдэнэ гэж болно оо доо” гэж их л билэгшээлтэй хариулж байв.

Бадел найзын хүү Көксеген “Гурван эрдэнэ”-тэйгээ

“Чиний зээ дүү, Нуржол бидэнд үйлчилж Алтай Таван Богд хамт яваад ирлээ, түүний нэрний “Жол” нь танай компанийн “Зам” гэдэг үг болохыг би мэднэ. Зээ дүүгийн чинь нэр бас  билэгдлийнхүү?” гэж түүнээс асуув. Тэр “Тиймээ” гэж байна. Нуржол хүүг мэндэлсэн тэр жил Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев манайд айлчлахдаа Баян-Өлгий аймагт бас зочилсон юм байна. Түүний айлчлалыг Баделынхан билэгшээж, мөн гэр бүлийнхээ “Жол” компаний ирээдүйг ерөөж, зээ хүүдээ Нурсултаны эхний үе “Нур”-ыгАрд түмэн авч түүнд  компанийхаа “Жол” нэрийг залган “Нуржол” хэмээх нэр өгсөн түүхтэй аж. Нуржол хүү Сөүлд сурдаг оюутан юм билээ. Иймэрхүү яриа хөөрөө болж ойр ойрхон хэдэн хундага өргөж ерөөлийн үгс болж байгаад сайхан хүлээж авсанд нь аав хүү хоёрт талархлаа илэрхийлж өөрсдийн зүгээс бэлдсэн хот газрын гарын бэлгээ гардуулаад аян замаа хөөхөөр бид өндөлзөцгөөв. Бадел найзын нислэг Улаангомд саатсан хэвээр гэнэ. Көскөбогино нэр нь энэ аж хүү үүнийг тайлбарлаж уучлал хүсээд “Аав та нарт өгөөрэй хэмээн үүнийг бэлдүүлсэн юм аа” гээд бидэнд тус бүрд нь бэлэг гардуулж байна. Шинэхэн эвэрээр нэг талд нь морины толгой, нөгөө үзүүрт нь бүргэдийн толгой урласан, арьсаар их биеийг нь хулдаж тэнд нь дөрвөн оюу, нэг анар суулгаж чимэглэсэн гөрмөл суран  ташуур, Казахстаны 70 жилийн ойд зориулж Казахстанд үйлдвэрлэсэн коньяк, бас чихэр дүүргэсэн хээ хуартай модон аягын хоршил юм тэр бэлэг нь.

Бадел анд, Көксөген хүүгийн гарын бэлэг

Бас ерөөлийн ч юм уу, наргианы ч юм уу гэхээр үг дайж биднийг шуугилдуулаад авав. “Өглөөдөө эхнэрээ нэг ташуурдаж сургамж өгч байгаарай...” гэж хэлэхэд нь манайхан  шуугилдаад явчихав. Көскө хүү өөрөө ч хэлсэн үгэндээ санаа зовж буй бололтой зөөлрүүлэн тайлбарлах аядаж байв... Дэвэн дэлхийгээр тархан суурьшсан лалынханд  бил үү, аль нэг омог ястанд нь нэг иймэрхүү зан заншил байдаг тухай, хаана ч билээ нэг уншиж, эсвэл хэн нэгнээс сонсож байсан санагдах юм. Тэгэхдээ яг ташуураар ч биш, ер нь хэд хоногтоо тоосыг нь нэг гөвж байх ёстой ч гэдэг билүү дээ. За энэ ч нэг их чухал юм биш, эхнэрээ ташуурдахад арай л хатуудахаар харин хурдан морьтой бол айрагдуулахаар л сайхан ташуур юм хэмээн бид наргиан шуугиан болцгоож байгаад, аавынхаа найзуудыг ийн сайхан дайлж хүндэтгэсэнд нь баяр талархлаа Көксегөнд дахин илэрхийлж ажил алба, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөгөөд аян замаа хөөцгөөв. Аль ч аймаг хотын захад байдаг ёс заншил болгон тохижуулсан үдэлтийн толгодод Ч.Асхар хөтөч маань багийнхантайгаа бид хэдийг үдэж байна. Энэ багийн Х.Абдил нь “Жол” компанид жолооч, менежерээр ажилладаг юм байна. Аян замын туршид Асхар хөтөчийн унааг жолоодсон. Манайхны хоол ундыг бэлтгэж үйлчилсэн Х.Мөнхцэцэг нь Асхарын төрсөн дүүюм. ОХУ-ын Барнаулд дээд сургууль төгссөн багшийн мэргэжилтэй нэгэн. Яагаад монгол нэртэй болчихсон юм бэ гэж би хэрэгт дурлалаа. Охин хүүхэд тогтохгүй эндээд байхаар нь аав ээж нь дүү охиныг нь эх барьж авсан монгол сувилагчын нэрээр нэрлэснээр охин дүү нь дажгүй өсөж торнисон түүхтэй гэж Асхар надад тайлбарлав. Эднийхэн Ховдаймгийн Булган сумын уугуул иргэд аж. Тэднээр ийн үдүүлж аян замаа хөөхийн өмнө биднийг шуугиулж эргэлзүүлээд авсан Көскөхүүгийн ерөөлийн учир жанцанг хөтөчөөсөө асууж сонирхлоо. “Тэр бол зүгээр л наргиан байх. Көскө ч тэгэхэд наргиан шүү гэж байсан...” гээд Асхартэр яриаг эерүүлж байна. “Манай казахын ард түмэн адуу морио бас дээдэлдэг хүмүүс. Хурдан хүлэгийнхээ хөлс шингэсэн ташуурыг хүндтэй дотно хүндээ өгөх ёсон байдаг. Тэр билэгдлийг бодож Бадел сайд, Көксегөн хүү та нарт ташуур бэлэглэсэн байх. Манайд ч эхнэрээ ташуурдах заншил байхгүй ээ, ер нь бүсгүйчүүлээ манай казахууд ихэд хүндэлдэг ард түмэн. Ялангуяа охин үрээ хайрлах талдаа бүр илүү  шүү” гэж ярив. “За бид ч эхнэрээ ташуурдахаа азналаа, харин сайн хурдтай болж сайхан ташуурынхаа ид шидийг үзэцгээнэ ээ, одоо харин төмөр хүлэгээ ташуурдацгаая...” хэмээн наргиад унаандаа сууцгаав. Дараахан нь замд нэг зогсох үеэр Аагий сайд “Хадам нь хүргэндээ ташуур бэлэглэж, эхнэрээ болохгүй үед нь сургамж хүртээж бай гэх захиас маягийн юмыгДонын казакууд хэлдэг байсан байх шүү, Шолоховын “Дөлгөөн Дон”романд тийм юм гардаг санагдана, Көскө хүү түүнийг уншиж, санаанд нь тэр байж байгаад л наргиан болгох гээд л манайхны эхнэрүүдийг шуугиулаад авах шиг боллоо” гэж байв.  

“Үүрэг” нуур. Аялалын маань дараагийн маршрут Увс аймгийн нутаг дахь “Үүрэг” нуурт үргэлжлэх товтой юм. Өлгий Улаангом хоёрын замын дунд шахуу оршдог үзэсгэлэнтэй сайхан нуур. Бид өнгөрсөн жил Алтай Таван Богдын аялалаацуцалчихаад яаж бас шуудхан буцчих вэ гээд энэ нуур хүртэл аялаж тэндэхийн “Сүлдэт цахир” хэмээх жуулчны баазад хоёр өдөр, нэг хоног амарсан юм. Тийм болохоор миний хувьдтанил газар нутаг. Увсын уугуул, Улаангомын суугуул бидний анд С.Буянжаргал хэмээх Бунд маань “Үүрэг” нуурт биднийг угтахаар тохирчихсон байлаа.Өнгөрсөн жил ч Бундаа бид хэдийг замчлан дагуулж тэнд амраасан нэгэн. Өлгийд орж ирэх үеэс л тэр байн байн утасдаж хүний тоо, хаа явааг асууж лавлаад л байв. Нуур хүртэл талын сайхан замтай юм. Замд Баян Өлгий, Увс аймгийн аль алиных нь нутагт  хуваагдан хамаардаг “Ачит” нуур цэлийж байлаа. Хэсэгтээ л нуурын эргээр зам хөтлөх юм. Эрэгт бүр ойртох үеэр нь түр зогсож нуурын тунгалаг усанд толгой хөлөө сэрүүцүүлээд авав. Хэсэг давхиад Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг руу ороод ирлээ. Зам зуур нүүрс ачсан том тэрэг олонтоо зөрөх нь нөгөө Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хэл аманд өртүүлээд байдаг “Хотгор шанага”-ын уурхай дөхөж байгаагийнх юм байх. Арваад километр давхиад утасны дохио ойр ойр дуугарч утасны сүлжээ орж, бага шиг гүвээ давтал уурхайн тосгон харагдаж байна. Наахнуураа арваад гэр, бас төдий тооны бага шиг байшинтай юм. Зам тосгоны хажууханаар гарч байв. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Муратын эзэмшил чгэж дээхэнтээ яригдаад л байдаг байсан даа энэ уурхай, одоо хэнийх нь болсон юм бол буй мэд, ямар ч гэсэн нүүрсээр ойр тойрныхноо хангадаг бололтой том машин тэрэг өөд сөргөө цувж байна лээ. Нэг хоёр гүвээ давтал тав зургаан цагаан гэр бага шиг голын эрэг даган цайрч харагдав. Тэднийхний хонь мал тэрүүхэнногоон хөндийг бүрхэн налайж, хэсэг адуу гол ус руу цуваад л...энэ хавийнхан зуншлага сайтай энэ нутагтаатарган тавтай  сайхан зусаж буй нь аян замын бидэнд ч мэдрэгдэм байлаа. Бороо хур элбэгбайгаа болохоор бидний замхарин шавар шалбаагтай талдаа. Цуварсхийгээд бага шиг даваа өгсөж явцгаав. Замын голд суудлын цагаан тэрэг шаварт таг суучихаж. Өмнө нь нэг залуу гар өргөөд зогсож байна. “Татаад өгөөч, тросстой бол...” гээд л тэр залуу биднийг гуйж байна. Арын их ачааны дор тросс орчихсон болохоор би төвөгшөөсхийж, бас багачуултай яваагаа учирлаад, араас ирж яваа Аагий сайдын машин татчих байх гээд явцгаая гэсэн чинь жолоо барьж яваа хүү маань “Тросс ойрхон байгаа, машин дотор нь нялх хүүхэд байх шиг байна...” гээд зогслоо. Татлагаа ч хүү дор нь гаргаж ирээд машиныг ч шавраастөвөггүйхэн татаад гаргачихлаа. “Ачит” нуурын нааханатай зусч байгаа хадмындаа очих гээд явж байна, анзааргагүй явж байгаад мотороо цохиулчих шиг боллоо гэж байв тэр жолооч залуу. Залуугийн гэргий өлгийтэй нялхыгаа тэвэрчихсэн, арай том хоёр настай боловуу гэмээр хүү хөтлөөд бидэнд дөхөж ирэв. Баярласнаа илэрхийлж байна. Көскөгийн ресторанаас бидэнд бэлтгэж өгсөн зам зуурын хүнс болох каз, чанасан мах, боорцог мэтийг эхнэр хүүхдүүд маань уут савтай нь тэдэнд үлдээлээ. “Өглөөнөөс хойш хэлэн дээрээ идэх юм тавиагүй байцгаасан, ашгүй дээ...” гээд бүсгүй баярлаж байв. Нялх хүүхдүүдтэй цаашаа та нар яаж явах хүмүүс вэ гэж бид санаа зовцгоосон чинь жолооч хархүү “Энэ уруу машинаа өнхрүүлж байгаад голын дагуух айлууд руу оччихно. Манай Бөхмөрөн сумын танил малчид байгаа юм, машинаа тэдэнтэй элбээд засчихна аа” гэж байлаа. Тэндээс хөдлөөд “Үүрэг” нуурынхаа “Сүлдэт цахир” баазыг харанхуй болж байхад төөрчих шахан байж арайхийн олж ирэв. Аливаа сум суурин дөхөөд ирэхээр ийш тийш одсон салаа зам олширчихдог доо... Манай хэд зочны том гэрт зоогийн ширээний ард хэдийнээ сууцгаачихаж. Бунднайзын дайллагын эхэн болох хонины гэдэс, мах, идээ будаа болоод шуугилдаж байв. Бундын гэргий Тоотаанаа, хоёр ач, садныхаа нэг охинтой гал хөс, тогоо шанага, аяга тавагны ажил эрхлээд завгүй талдаа. Ийн сайхан үйлчлүүлж, хоол ундны даруулгаа бага шигээр тааруулж аваад аян замд агсагдсан манайхан өрөө тасалгааддаа орж амарцгаав. Буудлын өрөө, ор дэрний захиалга ч жин тан, сайхан таарч. Өглөөнийхөө цайг зоогийн том гэрт элдвийг ярьж шуугилдан зооглочихоод нуурын усанд умбаж шумбахаар болцгоов. Баазын байр байдал, нуур хавийн орчин тойрон миний хувьд танил талдаа. Тав зургаан гэр, арван хэдэн авсаархан дүнзэн байшинтай аятайхан амралтын газар эднийх. Гэртээ бол гурваас таван ортой, жижиг байшин нь хоёр ор, арай томхон байшин нь гурваас дөрвөн ортой, хүүхдүүдтэйгээ хамтдаа байрлачих боломжтой юм билээ. Байр байшингийнх нь үнэ хоёр ортой нь хоногийн 60 мянга, гурав дөрвөн ортой том байр нь 80-100 мянган төгрөгийн ханштай. Нийтийн бие засах газар, угаалтуур, шүршүүрээ өнөө зун засаад тохижуулчихаж. Нарны болон жижиг үүсгүүрээр эрчим хүчний хэрэгцээгээ шийдчихэж байна лээ.  Ер нь юм юм нэмээд л үйлчилгээгээ сайжруулж буй нь мэдрэгдэж байв. Манайхан энд хоноглож байх зуур мужаанууд нь нэг сүүдрэвч нэмээд барьж байна лээ. Бундаа найзын ярих нь жил жилд энд ирэх хүмүүс улам нэмэгдээд байгаа гэнэ. “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар найз нөхөдтэйгээ ирж амраад байдаг сураг сонссон. Танай баядууд Хяргас нуурандаа очиж амраад байдаг шиг дөрвөдүүд эндээ ирээд байдаг шиг байна..” гэж тэр надад ярьж байх. “Чи дөрвөд болохоороо биднийг хоёр жил ийшээ авчирч дөрвөдийнхний баазыг дэмжээд байгаа юм аа даа...” гэх наргиантай яриа бид хоёрын хооронд болов. Ер нь бид хэд төдийгүй өндөр дээд албаны зочид гийчид ч “Сүлдэт цахир” гэх энэ амралтын газарт ирдэг юм билээ. Өнгөрсөн зун биднийг ирснээс хойхнотой Хятад Улсын Гадаад явдлын яамны сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид энд зочлоод явсаныг мэдээллийн сайтнаас би харж байв. Дээр ярьсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, мөн манай Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар тэдэнтэй хамт энд аялаад явж буй зураг тэнд тавигдсан байна лээ. Энэ мэтээр гадна дотны аянчин жуулчин их л ирж амарч аяладаг ийм бааз болоод буй аж. Бунд бид хоёрыг яриа хөөрөө болж суухад Солонгосын арваад жуулчин бидний сүүдрэвч рүү ирж орчуулагч залуу ньөрөө тасалгаа байгаа эсэхийг сураглаж байв. Хархираа, Түргэний уулсаар аялаад явцгааж байна гэж тэр орчуулагч ярьж байна лээ... Бага үдийн нар сүрхий төөнөж халуун өдөр эхлэв. Манай багийнхан бүгд л нуур руу уван цуван явж умбаж шумбацгаалаа. 

“Үүрэг” нуурт манайхан ийн тухалцгаав.

Хүүхэд багачууд гүехэн устай нуурын бага шиг эргүүлэгт тарвалзацгааж байв. Ус нь зөөлөн, бүлээхэн, бас доороо нарийн хайрга элстэй болохоор бүхэнд таатай байлаа. Нуурын усны дундаж гүн нь 26 метр, гүнзгий газраа 42 метр хүрдэг гэх. Нуурт Түргэн, Цагдуултай, Хариг гээд гурван гол цутгадаг юм байна. Нуураас гадагш урсдаг гол горхи байхгүй гэнэ. Нуурын урт нь 19, өргөн нь 18 километр болохоор нуурын талбай ерөнхийдүү дугуйвтар юм.Нуурын эргээсээ “Сүлдэт цахир” бааз хүртэл 200-аад алхмын зайтай юм уу гэж би баримжаалсан.Бидний өнгөрсөн жил бууж хээрийн цайллага хийж, сайн загасчин ТВ 9-ийн гэгддэг Цэндийн Энхбат найзын маань загасчилж олз омогтой явсан хадат тохой биднээс холгүй тэрүүхэн үзүүрт харагдаж байлаа. 

Хадат тохойд бид жилийн өмнө ийн амарцгаасан

Тийшээ зүглэх цаг ч гарсангүй. Үдээс хойхно дөрвөн цаг гээд “Хархираа” амралтад биднийг эрхэм гишүүн Б.Баттөмөр хүлээж авна гэсэн тул багийн ахлагч Аагий сайд маниудыгаа яаруулж нуураас буцацгаав. Өлгий Улаангом хоорондын зам дардан талдаа юм.

“Хархираа” амралт. Цаг гаруй давхиад Увс нутгийн үзэсгэлэнт байгалийн нэгэн төлөөлөл болж нэрд гарсан “Улаандаваа”-нд ирцгээв. Аль ч талаасаа сүрхий өгсүүр юм билээ. Далайн түвшнээс дээш хоёр мянгаад метр өргөгдсөн гэхээр бас ч өндөр хайрхан. Аянчин гийчид овооны дэргэд саатаж, идээ будаа өргөж, арц хүж уугиулж сүсэглээд явцгааж байна. Бид ч ёс заншлыг дагаж уул овоогоо хүндэтгэлээ. 

Нутагтаа хүлээн авч үйлчилсэн анд С.Буянжаргалд багийн ахлагч маань “Улаан даваа”-н дээр тусгайлан талархал илэрхийлэв

     Даваа уруудахад зам зуурын байгаль бүр ч үзэсгэлэнтэй сайхан юм. Бороо хур элбэг зун болж буй болохоор уул хоорондын хөндий нов ногоон. Өндөр өндөр нүцгэн улаан уулууд үргэлжилж байснаа удалгүй ой модтой ногоон хөвч залгаад явчих юм. Тэгснээ харгана хэсэг бусгаар сааралтаж шаргалтсан өндөр уул, нөгөө тал нь баахан хад асга болсон хавцал хөндийгөөр зам уруудаж байв. Ингэж давхисаар талд буугаад ирэх юм билээ. Цаг гаруй ийн уруудаж давхихыг  бодохоор бид их л өндрөөс бууж ирж буй бололтой. Тээр алсад Увс нуур цэнхэртэн харагдана лээ. Аймгийн төвөөс арваад километрийн алсхантаа  бидний зам засмалтай нийлэв. Бийск, Алтай, Барнаул гээд хойт хөрш рүү холбогдож буй манай улсын босоо тэнхлэгийн замбайх. “Дэглий цагаан” хэмээх нисэх онгоцны буудлын хойхонуур манай цуваа Хархираа амралт руу зүглэв. Зам салаад давхиж байтал Баттөмөр гишүүний жолооч Эрдэнэбат, бидний найз, Увсын Тэсийн уугуул Н.Цогтоо, бас дээр миний нэгэнтээ цухас дурдан бичиж байсан, алдар нэртэй олон хамтлаг байгуулж явсан хөгжмийн их авъяастан, бидний андТ.Нямдорж маань манай цувааг угтаад зогсоцгоож байлаа. Энэ хэдийг уг нь бид Алтай Таван Богд руу хамтдаа явахыг ятгаж байсан юм. Элдэв шалтгаан хэлээд үлдсэн эд нөхөд Тэрхийн цагаан нуур, Хяргас нуур, Хар тэрмэсээр амарч яваад өнөө өглөө л ирээд байна гэцгээж байв. “Хархираа” амралтын хаалган дээр очиход Б.Баттөмөр гишүүн, Батнямбуу хоёр угтаад зогсож байлаа. Төөмбий анд маань Баттөмөрийгөө бид ийн дотночилдог юм амралтынхаа орчин, энэ хавийн уул ус, байгалийг танилцуулжбяцхан аялал хийцгээв. “Хархираа”-даа биднийг Төөмбий эртнээс л урьсан хүн. Хоёр хоног биднийг эндээ амраачихаад хурим руу хамтдаа очицгооно гэж хотод байхын ярьж байсан юм. Энэ амралтын хувь хувьцаа эзэмшдэг байх гэж бид хэд ойлгосон. Хажууханд дүнхийх Хархираа, Түргэний уулсын цаст оргилуудыгсонирхон харцгааж, энэ уулсын сугаас эх авч үүгээр цовхчин урсах “Түргэн”-ий голын хүрхрэх шуугианыг чагнасан шигээ Алтай Таван Богд, нуур усныхаа аялалын тухай ойр зуурыг ярилцан инээд наргиан болцгоож явлаа бид хэд. 

Удаж төдөлгүй оройн хоолны цаг болж зоогийн газар луу зүглэнгээ яриагаа үргэлжлүүллээ. “Манай дээхэнтэйх Хүүхдийн зусланд Эрхүүгийн хүүхдүүд бууцгаачихсан, тогооч нар нь тэнд дайчлагдаад эндээ хүн бүл муутай байгаа гэнэ, тэгэхээр рестораны нарийн хоолоор та нарыг дайлж чадахгүй байх шүү...” гэж байна Төөмбий найз. Үерийн гамшигт автсан Оросын Эрхүү муж, Тулун хотынхонд хил залгаа хөршийн хувьд Увсчууд боломжоороо тус дэм үзүүлэх үүднээс тэндхийн багачуудыг “Хархираа”-гийн хүүхдийн зусланд амрааж буй аж. Ийм буянтай үйлс бүтээж ажиллаж буй хүмүүсээс бид яахин илүүг шаардах билээ, тэр багачуудыг л тав тухтай амраагаасай гэж ерөөх байна гэцгээж байв манай багийнхан. Биднийг энд байх хоёр хоногт тувт бороо орсон тул Хархираа, Түргэний уул руу аялах хөтөлбөр хэрэгжсэнгүй. Гэсэн хэдий ч бид гар хумхин суугаагүй ээ, зарим өдөр нь одон бөмбөгийн тэмцээн, заримдаа муушиг, нэг орой нь нийтийн бүжиг, дуу хөгжим болцгоогоод зав зайгүй л байлаа. Хуримд дуулах дуу хөгжмийн бэлтгэлийг Нямдоржийнхоо удирдлага дор хагас өдөр зүгшрүүлцгээв. Бороо хур тасралтгүй шавшсан тул Зүүнговь сумын Үзүүрийн булагт хонож өнжих хөтөлбөрөө цуцлаж Улаангомд орж хоноод тэндээсээ хурим руу зүглэхээр болцгоов. Гэнэт хөтөлбөр өөрчилсөнийх хорь шахам хүнд буудал олох шахуу үүрэг Улаангомын суугуул Бундаад маань оногдож мань хүн гүйж байгаад амжуулж “Ачит нуур” гэх аятайхан зочид буудалд бөөнөөрөө бууцгаалаа. Солонгос, Япон, Францын жуулчидтай энд тааралдаж байлаа. Ер нь хөл ихтэй буудал юм. Аялал жуулчлал хот хөдөөгүй ийн хөгжиж буй нь бас ч сайшаалтай. Бундаа найз биднийгээ оройн хоолонд гэртээ урьж байна. Өнгөрсөн зун бид долоо наймуулаа дайлуулж цайлуулж явсан бол өнөө жил хориулааэднийд орцгоов. Мах, хуушуур, шөлтэй хоол хэсэг үргэлжлээдамтатны хэсэгт баяд, дөрвөдүүдийн бренд  “хайлмаг” орж ирнэ лээ. Мэдээж Увсын “Грей Гусь” хэмээн алдаршсан “Увс нуур” хатуу ундаагаа Бунд маань юу гэж мартахав, ойр ойрхон хундагалаж байв. Бунд хэмээх С.Буянжаргал маань бидний анд Заг группийн Б.Нэмэхбаатар, ЧМ компанийн захирал Х.Чинбат, одоо Архангайд нэг том барилга барьж буй Монгол Улсын зөвлөх инженер, бас шүлэг найрагч Ц.Нарангэрэл нартай МУИС-ийн Барилга инженерийн нэг ангид суралцаж төгссөн найзууд юм. Өнөөгийн аялагч бидэнтэй нэгнээрээ дамжиж танилцаад олон жил нөхөрлөж явцгаана даа бид хэд. Гадаад дотоодын аялалд гэр бүлээрээ хамтдаа зам нийлсэн маань ч цөөнгүй. Бундаа Их сургууль төгссөн цагаасаа л Увс нутагтаа ирж ажиллаж амьдарч буй нутаг амьтай нэгэн. Барилгын “Цагаан хөшөөт трейд” хэмээх компани байгуулж Улаангомд болон нутгийнхаа хэд хэдэн сум сууринд олон сайхан барилга сүндэрлүүлсэн хүн. Гэргий Тоотоонаа нь Бундаасаа илүү компаниа авч яваа ажил хэрэгч бүсгүй. Бунд ажлын далимаар нийслэлд орж ирж бид хэдтэй уулзаж дарвих нь олонтоо. Энэ хооронд барилгынх нь их албыг Тоотоонаа л авч явдаг гэх. Хүү охин хоёр нь их дээд сургуулиа төгсөөд аав ээжээсээ дутахгүй барилгын салбарт амжилттай ажиллаж буй... Бундаа байрныхаа үүдэнд биднийг үдэж байна. Би түүнд “Аймаг нутаг оронд чам шиг найзтай байхад аялаад л байхаас яах вэ, дараа ирэхэд далай шиг арвин болоод байж байгаарай, дайллага нь ч мэдээж бас арвижаад л...” гэж наргив. Манайхан ч талархлаа илэрхийлцгээж байлаа. Бас “ Бунд аа буудал руу мөнгөтэй ирээрэй, “Таван гар”, Покер” үргэлжилнэ ээ...” гэж хэлэхээ мартсангүй ээ. “Дайлуулж цайлуулчихаад мөнгийг нь бас авахнээ та нар” гэж манайхны нэг нь дуугарч байх... 

    Өглөө Тэс сум руу хөдлөхөөр буудлаасаа гарцгаав. Хоногийн 40 мянган төгрөг гэх хоёр ортой өрөөнүүд нь дажгүй юм билээ. Ер нь манай аймгийн төвийн зочид буудлуудын өрөө, үйлчилгээ гадныхныг авахад ч нүүр улайхааргүй болжээ. “Ачит нуур” буудлаас бидэнтэй зэрэгцээд гарч буй дугуйн аялагчидтай буудлын үүдэнд зургаа авахуулангаа танилцав. Аялал жуулчлал аль ч аймаг орон нутагт ийн өргөжиж ази, европ , америк гэлтгүй африкийн тас хар нөхдүүд ч хөдөө гадаа тааралдах нь жир болж байна. Тэднийг тав тухтай хүлээж авах бааз суурь бий болгож аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, нөгөө талаар алслагдсан сум оронд ажлын байр, тав тухтай үйлчилгээ бий болгож аялагчдын тав арван доллар, валютыг нь авч уруудаж буй амьжиргаагаа дээшлүүлэх боломж бололцоог орон нутгийн иргэддээ олгох нь БаянӨлгий, Увс аймгийн засаг захиргаа, өнөөгийн Төр засгийнхны их л ойрын зорилт  баймаар санагдав. Монголчууд ч их аяладаг болжээ гэж би дээр нэгэнтээ дурдсан даа.

Дэлхийг тойрч буй Франц залуус ба дугуйчин Милишерийнхэн.Минийтанилцаж буй энэ таван дугуйчин бол нэгэн гэр бүл гэхээр хүмүүс юм. Надад нэрийн хуудсаа өгсөн хатагтай Жулианаа Милишер нь  Францын Монт Роланд гэх бага шиг хотын нэгэн коллежийн багш гэнэ. Нөхөр Доле Милишер ч бас тэндхийн биеийн тамирын багш аж. Милишерийнхэн бага залуугийнхаа сонирхлоор сүүлийн хэдэн жил дугуйгаар аялах болцгоож. Бид Алтай Таван Богдоор аялаад ирж байна гэдгээ хэлж, зургаа үзүүлж, та нар тийшээ аялаач гэж ятгасхийн тэдэнтэй яриа өрнүүлэв. Миний насны ийм эрхэмүүд энэ хол замыг ажрах ч үгүй  дугуйгаар туулаад явж байдаг гээд намайг гайхширахад “Дугуйн аялал бол хөгшрөх зав өгдөггүй” гэж тэд хариулж байлаа. Дэлхийг дугуйгаар тойрох аялалд гараад бүтэн жил явж буй өөрийн хүүтэйгээ уулзаж хамтдаа Монголын баруун хязгаараар дугуйт аялал хийхээр ирцгээсэн зоригт дугуйчид юм байна эд. Хүү Томас Милишер ньИспани найз бүсгүй Алба Моренотой жил гаруй нь өмнө буюу өнгөрсөн зуны 8 дугаар сарын 6-нд Францын Доле тосгоноос дугуйгаар гарч Швейцарь, Герман, Австри, Унгар, Румын, Болгар, Грек гэх Европын орнуудыг туулж Ази руу орж ирсэн гэнэ. Энэ залуу хос  Турк, Иран, Туркмен, Узбек, Тажик (Памирын замаар), Киргиз, Казакстанаар хэдэн сар аялаад Оросоор дамжин Монголд Ташаантын боомтоор хагас сарын өмнө орж иржээ. Яг энэ үед нь хүүгийн аав, ээж, эмэгтэй дүү нь Томас болон найз бүсгүй Алба нарыг Ташаантын боомтод дугуйтай угтацгаасан юм билээ.

Дугуйчин Милишерийнхэнтэй. Баруун захад дэлхийг тойрч буй хүү Томас Милишер, зүүн захад түүний найз бүсгүй, хамтран аялагч Алба Морено

Угтах аялал болон Улаангомд ирэх хөтөлбөрийг чинь Увсын аялал жуулчны компани зохион байгуулж өгсөн үү гэж намайг асуухад хатагтай Жулианаа “Үгүй дээ, бид өөрснөө л бүх юм аа зохицуулсан” гэж хариулав. “Нутагтаа ойр зуурын бэлтгэл хангаад Женевээс онгоцоор Новосибирск хүрэх онгоцны билет авсан. Москвагаар дайрч Новосибирскт нисч ирсэн. Энэ хотоос такси хөлслөн Монголын хилийн хойхонтойх Тувагийн Кош-Агач гэх сууринд ирсэн юм. Нөхөр, охин маань оросоор ярьдаг болохоор ойлголцоод л саадгүй явж ирсэн. Тэндээс бид гурав дугуйгаар Ташаантын хилийн боомт хүртэл явж Монголд орж ирсэн. Бид дугуйтай явж байсан учраас Монголын визийг авахад хүндрэлтэй байсан. Оросоор ярьж ойлгуулж байгаад виз авцгаасан. Кош Агач болон Ташаантаас газрын зураг, GPS-ийн тусламжтайгаар Өлгий хотод хүрч нэг хоног амраад нааш Улаангом руу гарсан. Уудам ногоон тал, цастай уул даваа, нуур ус, гол мөрөн гээд гайхалтай сайхан байгаль зам зуур таарч байлаа.

Милишерийнхэн Цэнгэл сумын нутаг Цэнгэл Хайрхан уулын өвөрт буудаллахаар шийджээ.

Цэнгэл Хайрхан уулын өвөрт майхнаа барьцгаасан аж.

     Холгүйхэн буусан малчин айлын гэр барилцаж тусалжээ

Бас ямар ч  адуулж хариулсан эзэнгүй чөлөөтэй давхилдах адуун сүрэг хэдэнтээ таарч байсан нь бидэнд гайхал төрүүлсэн шүү. Хонь ямаа ч бас тал газраа эзэнгүй чөлөөтэй явах юм билээ. Энэ сайхан байгальтайгаа ойрхон амьдардаг малчин айлуудаар орж амьдралын хэв маягийг нь үзэж харлаа. Алс хол зэлүүд нутагт амьдралаа авч яваа тэдний хөдөлмөрч, тэсвэртэй зан чанарыг харж бид бахархсан. Маш эелдэг, найрсаг, сониуч хүмүүс юм билээ. Биднийг гэртээ уриалгахан оруулж хаан шиг хүндэлж байсанд нь маш их талархаж байна.Тэнд нь бид гэртээ байгаа юм шиг л тухалж,тэд ч бидэнтэй амьдралынхаа талаар энгийн сайхан ярилцаж байсанд нь бид их баяртай байгаа. Ийм л сайхан дурсамжтай явна.Эндээсээ бид Ховд руу аялана. Тэгээд л Өлгий орж Ташаантын боомтоороо буцаж гарах юм. Томас хүү маань Алба найзтайгаа дэлхийг тойрох дугуйн аялалаа Монголын нутгаар үргэлжлүүлж ирэх сарын дундуур Хятад руу гарах байх” гэж ярив. Алтай Таван Богдын зарим зургийг дахин үзүүлж руу та нар тийш аялаач, хачин сайхан байгаль хэмээн би ярьсан чинь, урьдчилж төлөвлөөгүй болохоор их үнэтэй болчих байх аа, үнэхээр сүрдэм сайхан уулс харагдаж байна аа, хожмоо төлөвлөж болох юм гэв. Бидний яриа энд хүрээд өндөрлөж тэд аян замдаа гарцгаалаа. Үргэлжлэл бий

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?