БАРУУНТАЙ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ 3 /Алтай Таван Богд/

2019-11-23  

Тэсийн хурим.Ачаагаа эмхэлж цэгцлээд Тэс сум руу гарцгаав. Бунд найз гэргий Тоотоонаатайгаа биднийг Боршаа голын гүүрэн дээр үдэж байна. Айл бүрт ууттай гарын бэлэг өглөө. Багцад нь Увсын “Грэй гусь”, энэ нутгийн брэнд болсон шанзтай еэвэн, ааруул хурууд орж. Ажлын байдлаас тэрээр хуримд очиж чадахгүйгээ аялалын ахлагчид тайлбарлаад хандиваа санд нэмэрлээд Улаангомдоо үлдэв. Увс нуурын хөвөөгөөр давхицгааж Тэсийн нутаг руу дөхөх тусам зам элсэрхэг болж заримдаа элсэн манхануудын дундуурх нуранги элс рүү орж унаа тэрэг маань шарваж суучих гээд сандарч явцгаав. Төөмбий өчигдөр Тэс гараад давхичихсан тул манай цувааныхан замаа баримжаалах талдаа. Бидний зорьсон хурим хөдөөд болох юм. “Нарийны гол” гээд сураглаад очихоор олдоно доо, та нарт зориулаад гурав дөрвөн гэр барьчихсан, хуримын гэр, худынхан гээд олон гэр харагдаад андашгүй дээ гэж манайхан тэндээс утсаар ярьлаа...” гэж Улаангомоос хөдлөхдөө Төөмбий бидэнд хэлж байсан юм. Худынхныг нь айлуудаас асуух гэсэн чинь нэрийг нь мэдэх хүн бидний дунд байдаггүй, нэг голын хүмүүс гэж хэлж байсныг л сонссон төдий. Нэг малчин айлаар орж “Энэ хавиар болох нэг хурим зорьж явна, хаахнатай тэднийхэн байгаа юм бол?” гэсэн чинь гэрийн эзэн “Хэнийх юм бол доо, найр хурим болох айл амьтан манай энэ голоор олон шүү дээ...” гэж байна. “Танай сумын уугуул, Их Хурлын гишүүн Баттөмөрийн охины хурим...” гээд ярьсан чинь “Аа нөгөө Бужаагийнхныг зорьж яваа хүмүүс байх нээ,гүүрээр гараад баруун тийш хоёр километр хиртээ давхихад олон гэр харагдаад андашгүй дээ...” гээд зам зааж өгөв.

Худтай танилцацгаав. Хоорондоо саахалтын зайтай барьчихсан арваад гэр голын цаахантай харагдлаа. Гадна нь машин тэрэг хэд хэд буй нь бидний зорьсон хот айл мөн бололтой. Гол гаталж гараад ойрхны хэдэн гэр лүү дөхөж очиход Төөмбийгийн жолооч бидний танил Эрка угтаад зогсож байв. Зочид уван цуван ирцгээж байгаа гэнэ. Төөмбий анд гэргий Эрдэнэчимэг болон хүү Батбаяртайгаа хамт холгүйхэн зусаж байгаа авга талын хөгшнийд очиж хуримын заллага биеэр дуулгачихаад ирж байна гээд бидэнтэй зэрэг шахуу ирж байв. Голын эрэг дагуулаад барьсан зургаан гэрийн гурав нь манай цувааныхад ногдов. Цай унд, хоол болцгоож байгаад Төөмбий маань бид хэдийгээ худтайгаа танилцуулнагэлээ. Аагий сайд, ая зохиогч Нямаа бид гурав түүнийг дагалдаж саахалт хот руу алхацгаалаа. Хуримлах хосын шинэ гэр, худынх, зочдынх гээд бас л тав зургаан гэр зээглээд буучихаж. Биднийг ирэх бараанаар гэрээс нэгэн эрхэм гарч ирж биднийг тосож байх юм. Тэр нь бидний ч, бас монгол түмний ч танил алдартай нэгэн байв. Аагий сайд тэр хоёр тэврэлдэн уулзлаа. Антрактидэд  Монголоо төлөөлөн хэдэнтээ явж дэлхийн эрдэмтэдтэй тэрхүү мөсөн тивд нээлт, судалгаа хийж байсан, Өмнөт туйлд Монголоос мөрөө анхлан гаргасан аялагч эрдэмтэн Л.Дүгэржав ийн биднийг угтав. Сүүлд тэрээр Болгар улсад Монголоо төлөөлөн Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан дипломат хүн. Нэгэн цаг үед гадаад харилцааны салбарт хамт ажиллаж байсан хоёр элчин сайд хөдөө нутагт санаандгүй ингэж учрах нь баяр хөөртэй байлгүй яахав. Эрхэм Дүгэржав хуримлах хүүгийн нагац нь юм байна. Хүүгийн аав, ээжтэй бид гэрт танилцаж яриа хөөрөө болцгоов. Гэрийн эзэн Бужаа хэмээх Ж.Баяртогтох нь энэ “Нарийны гол”-ын унаган иргэн, нутгийн нэр төртэй малч, бас бизнесч нэгэн аж. Дунд сургуулиа Тэс сумандаа дүүргээд трактор комбайны ТМС-д суралцаж улмаар Тэсийн тэжээлийн аж ахуйд механикжуулагчаар социализмийн төгсгөл хүртэл ажилласан гэх. Хот хөдөөгүй зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн хэдэн жил ажил мэргэжлээ өөрчилж гэрийн мод хийдэг аж ахуй эрхлэх болжээ. Энэ талдаа ч гарын ур дүйтэй эр аж. Тэс нутгийн бургасаар урласан гэрийн мод бол баруун хэдэн аймагтаа их л алдартай байсныг би багаасаа мэддэг байв. Манай Хяргасын мал хунар, ахуй амьжиргаа сайтай айлууд Тэсээс л гэрийн модоо авч хүүхдүүддээ гэр бүрдэг байсан даг. Одоо ч бас тэр хэвээр гэнэлээ. Энэ хавьд барьсан арваад гэр ч Баяртогтох урлаачийн бүтээл байх. Хүүгийнхээ шинэ гэрт ур ухаанаа их л зарсан байлгүй, маргааш харна даа гэх бодол энэ ярианы  дундуур төрж байв. Гэрийн мод төдийгүй хус модоор эмээл бас урладаг гэнэ. Энэ бизнес нь сүүлийн үед өргөжиж тусгайлсан цех ажиллуулах хэмжээнд хүрчээ. Нутгийн залуус тэр цехэд нь ажиллаж Бужаа багшийнхаа ур ухаанаас сурч буй аж. Гэргий Дүрзээгийн хувьд мэдээж ажил мундахгүй л дээ, мал хунар, бас цехийн арын алба гээд л ар араасаа ундарч байдаг биз ээ. Бидний анд Төөмбийгийн худууд юм юм амжуулсан нутаг орондоо нэр төртэй ийм л сүрхий хүмүүс аж. Манай Төөмбий ч юу дутаа аж, төрдөө ч, түмэн олондоо ч нэр төртэй нэгэн. Нутгийнхаа нэрээр нэршүүлсэн “Тэс Петролиум“ нь байна. Хуримд очих унаа хөсгийн чинь шатахууны хангалт асуудалгүй ээ гээд найз нөхдийн сэтгэлийг нэгэнтээ хөдөлгөөд биднийг энэ аялалд гаргачихсан нөхөр. “Хархираа” амралтад нь бид хоёр хоног тухлаад наашилсан даа. За ингээд яривал их юм бий... Баяртогтох худ дуу шуу багатай нэгэн аж. Харин гэргий Дүрзээ нь яриасаг юм билээ. Залуудаа сумын уран сайханд идэвхтэй явж байж. “Дуу хууранд авъяастай шүү дүү маань” гэх тодотголыг Дүгэржав ах нь хэлж байв. Урлаг соёлын сургуульд тэнцэж дуучин болох дөхөж явсан үе ч бий гэнэ. “Амьдрал аль өөрөөр эргэхийг тэр гэхэв, дүү минь хот хороо явж урлаг уран сайхнаа хөөгөөгүй чөсөж төрсөн нутаг усандаа хань бүлтэй болж, эндээ ажиллаж хөдөлмөрлөж аз жаргалтай амьдарч, хүүгийнхээ хуримын зочидтой өнөө ингээд сайхан сууж байна даа” гэж тэрээр үг нэмнэ лээ. Нэг голын хоёр эр эртнээс л худ ураг бололцох ерөөл тавилцсан юм аа даа гэж Төөмбийд хандсан чинь “Ердөө тийм юм байхгүй, манай хоёр хожмоо л хотод ажил албаныхаа шугамаар танилцсан юм билээ. Охин маань нэг хүүтэй найзлаад яваад байв. Тэр найз нь хотод амьдардаг нагацындаа суудаг гэнэ. Нэг өдөр аавдаа “Найзын нагац нь таныг таньдаг юм байна лээ” гэж байна. “Хэн гэдэг хүн юм бэ тэр нь” гээд асуусан чинь “Дүгэржав гуай” гэдэг байгаа даа. Ийм л юм болоод бид ингээд сууж байна даа...” гээд тэрээр инээж байв.

Хөшиг тайлав. Баядууд охиноо хадамд гаргахаа “Мордуулна” гэж ярьдагийг би бага байхаасаа л сонсдог байлаа. Ийн “Мордож одсоны” дараа “Хөшиг тайлах” гээд нэг найр байдаг. Энэ нь орчин үеийнхээр бол хурим юм. Хүүгийн тал эртхэндээ “Гэр бүрэх” гээд нэг найр ёслол хийдэг. Баяртогтох эрхэм Баточир хүүдээ баяд ёсоор “Гэр бүрж” өгөөд энд дүнхийлгэчихсэн байна. Баядууд удам залгах хүүдээ гэр бүрж өгдөг эртний уламжлалтай. Хүүгээ насанд хүрээгүй бага балчир байхад нь ч энэ ёслолыг хийгээд гэр бэлдчихдэг эцэг байдаг. Нүүдэлчдээс өвлөгдсөн зан үйл байх. Одоогийнхоор бол орон сууцыг нь барьж эсвэл худалдан авч өгч буй хэрэг юм даа. Миний үеэл Ц.Бадамдорж хэдхэн хоногийн дараа Хяргас сумын төвд болох хүү Авирмэдийнхээ “Гэр бүрэх” ёслолд намайг болон хамаатан саднуудаа урьчихсан байдаг. Бидний аялалын тов бүр оны эхэнд шахуу гараад цаг хугацаа төлөвлөчихсөн болохоор “Гэр бүрэх” ёслолд нь биеэр оролцож чадахгүй болчихоод байгаа. За энэ ч яахав тусдаа сэдэв... Бидний нөхөд хот суурин газрын хуримд бишгүй дээ л оролцож явцгаасан, харин хөдөө нутагт болж буй ийм ёслолд ихэнх нь анх удаагаа л ирж байна гэцгээж байлаа. Баядуудын “Хөшиг тайлах” энэ найр ёслол ямархуу дэг жаягтай болохыг хэн хүнгүй л сонирхож байв... Өглөө эртдээ хүргэний талаас хоёр машин давхиж ирнэ лээ. Элбэгдүү дээл, том бүрх болцгоосон гурван эр, тод өнгийн торгон дээлтэй хоёр залуухан бүсгүй машинаас бууж Баттөмөрийнхний гэрт орж явааг би харсан юм. Цэнхэр торгон дээл, өндөр өсгийт, бас нөгөө гоо бүсгүйчүүдийн титэм шиг үсний мөнгөн чимэглэлтэй Бямбадулам охин манайхны нэг гэрийн араас булталзаад тэднийг гэрт орсны дараа ахтайгаа гэрийн ард нууцхандуу уулзаад зогсож байв. “Мордох” бүсгүй ийн нуугдаж ах нь хэл мэдээ дамжуулж яваа нь энэ юм байлгүй. Гурван эр, хоёр бүсгүйгээс бүрдсэн “Бэр” буулгах багийнхан нь Бямбадуламыгаа энэ хавиас нь олоод авч одох тийм л дэг жаягтай юм болов уу. Биднийг цайлах зуур тэр дэг жаягаар л ёслол болсон сурагтай. “Манайхаас сондгой тоотой очоод тэгширч ирдэг номтой” гэж өчигдөр худууд ярьж байсан.Биднийг цайлах зуур тэр дэг жаягаар болж, “бэрээ” мордуулж зургуул болоод оджээ...

“Баттөмөр дарга та хэдийг урьж байна” гэх зарыг Эрка жолоочцайлж суусан бидэнд хүргэж ирэв. Охиноо ёсолж явуулсан гэрийн хойморт Төөмбий маань бага шиг улаа бутарчихсан “За ингээд Бямбаагаа мордуулчихлаа...” гээд гэргий Эрдэнэчимэгтэйгээ нулимстайхан сууж байлаа. “Охины талын бид яг морин цагт хүргэний гэрт болох “Хөшиг тайлах” найранд очих юм байна” гэж тэр бидэнд дуулгав. Манай багийнхан хувцас хунар, үс зүсээ янзалж ёслолд бэлтгэж эхэлцгээлээ. Зөвхөн бид хэд ч биш охины аав ээж, ах дүүс, хамаатан садныхан гоёл зүүсгэлээ өмсөөд нэг нэгэндээ үзүүлж зөвлөлдөж гэрийн гадуур нааш цааш алхацгаагаад моод загварын шоу маягтай үйл явдал энэ хотноо өрнөж байв.

Манай багийнхан ийн гоёж гоодож бэлтгэлээ базааж байлаа

Морин цагаас арваад минутын өмнө эндээс бөөнөөрөө алхацгаая гээд цуглаж байтал Төөмбийгийн авга талын ахмад настан хүргэний хотноос машинтай ирж Баттөмөртэй гэрийнх нь үүдэнд уулзаад бидний зүг хамтдаа ирлээ. Тэрээр “Явгаар очих нь ёс журамд таарахгүй ээ” гэж хэлж байна. “Энүүхэн хооронд олон машин тэрэг цувуулж сүр болоод яахав, бөөнөөрөө алхаад очицгооё гээд би ярьчихсан юм, ёс заншлын нарийн ширийн талд би ч муу шүү дээ” гэж Баттөмөр хэлээд авгын зөвлөснөөр унаагаар очихоор болцгоов. Хүргэний хотоос нилээд наахнатай манай цувааг гоёл зүүсгэл болсон гурван морьтон угтан зогсож байгаад дагуулаад хатирч байх юм. Явгаар очихгүйн учир начир ч энд бас байж. Морьтонууд манайхны цувааг хүүгийн талын хот айлуудыг нар зөв тойруулан дагуулж давхисаар “Хөшиг тайлах” гэрийн үүдэн тушаа авчирч буулгав. Шинэ гэрийн үүдэнд цагаан эсгий дэвсэж хоёр талаар нь хүүгийн эцэг, эх, авга, нагац нар нь, хүү болон шинэ бэр зогсож зочдоо хүндэтгэлтэй угтан гэрт оруулав. Эрчүүдийг гэрийн баруун талд, бүсгүйчүүдийг зүүн талаар эгнүүлэн суулгалаа. Хойморт хүүгийн болон охины аав ээж суудлаа эзлэв. Тэднээс дараалаад авга, нагацууд болох ахмадууд сууцгаана лээ. Хот газрын хуримд бол хүү охин хоёр аав ээжүүдтэйгээ зэрэгцээд хүндэтгэлийн суудалд заларсан байдаг даа. Баяд хурим арай өөр дэг жаягтай аж. Хүүгийн эцгийн голомтоос залсан цучилаар шинэ бэр түрүүхэн галаа асааж шинэхэн цай чанасан гэнэ. Энэ цайгаа өөрийн гараар зочиддоо барьлаа. Зочдын өмнөх ширээнээ хуримын мах шүүс, идээ будаа зэхээстэй байлаа. Хэд хэдэн ууц тавьсан байв. Орон нутгийн ийм найранд ойрын малчин ах дүүс нь хонины чанасан ууц, идээ цагаатай ирэх ёсон байдаг аж. Хэд хэдэн ууц ирэхээр давхарлаад тавих нь ч бий гэнэ. Энэ найранд ууц хангалттай олон харагдсан. Бэр борви бохисхийх завгүй зочиддоо үйлчилж байлаа. Хүү ч гэргийдээ аяга таваг дөхүүлж тус дэм болж байх. Зочид бэрийн цай амсаж, идээ ундаанд ам хүрч ойр зуурын яриа өрнүүлж байв. Хүргэн болон бэрийн талынхан хоёр талын ах дүү, хамаатан садан, найз нөхөд, зочдоо ээлж дараагаар танилцууллаа. Ингээд залуу хосын хоёр аав арагшаагаа эргэж хойморт татсан цагаан торгон хөшгийн уяа зангилааг тайлж Нарийны голын найрыг нээв.

Найр хөтлөх, сөн түших үүргийг хүүгийн талынхан хариуцдаг аж. Баяд найрын сүлд дуу болох “Баянцагаан нутаг”, “Хан уулын оройд” гэх уртын дууг нутгийн эрс дуулж бусад нь түрлэг нэмж “Хөшиг тайлах” найр ёс төгөлдөр эхэллээ. Залуу хосод зориулсан ерөөлийн үгс, дуу хуур, хундаганы дугараа найрын дэгийн дагуу үргэлжилж байв. Найр задгайрах үеэр нутгийн нэртэй баянхуурч эр найрын дуу бүрийг даган хөгжимдөж, зарим дууг нь дагуулан удирдаж найрыг улам хөгжөөж дэгжээв. Манай багийн авъяастан, хөгжмийн ая дан зохиогчТ.Нямдорж маань яаж нутгийн баянхуурчаас дутах билээ, аль хэдийнээ гитараа авахуулаад ирчихсэн баянхуурчтай сайхан хослоод найрыг бараг концерт болгочихлоо. Баруун зүүн талынхан ээлж дугараагаа булаацалдан өрсөлдөж найрын хөтөч, сөнчид тэдний дарааллыг зохицуулах гэж харин ч их ажил болж байв.

Хүүгийн нагац ах Л.Дүгэржав хүргэн талаа танилцуулав.

Залуу хосууд ураг төрлийнхөө ерөөл захиасыг анхаараалтай сонсож зогсов.

Ойр дотныхны илэн далангүй найрсаг харилцаа найрыг ийн чимж байлаа. Хүргэн, бэр хоёр найрын туршид сууж тухалсангүй, зочдод цай хоол барьж үйлчилсээр... “Хөшиг тайлах” энэ найр хөтөлбөр ёсоороо дөрвөн цаг үргэлжилж өндөрлөхөд найз нь болох бид хэд Төөмбийн хамт гэрээс гарахаар үүд рүү зүглэв.Үүдэнд зочдоо үдэж буй охин хүү хоёр бидэнд гарын бэлэг өгч байх юм. Эхнэрүүдэд маань дээлийн торго, эрчүүдэд мөнгөн дэвсгэрт барьж талархал илэрхийлэв. Баяд найр ийм дэг жаягтай аж.Ингээд охин хүү хоёр  нөгөө аав ээж, ах дүү нартаа үйлчлээд үлдэнэ лээ. Бид гадаа гарч зураг авахуулцгаав. Төд удалгүй залуу хос гэрээс гарч ирж бидэнтэй хамтдаа ёслол хүндэтгэлийн зурагт нэгдэв. Гэрийн гадаа барьсан асарт найр гадаалан үргэлжилж байв. Манайхан гадаах найрт оролцож нутгийнхантай яриа хөөрөө болж танилцаж байгаад  машиндаа уван цуван сууж саахалт хот руугаа хөдөлсөн юм. Түрүүлж хөдөлсөн манай унаа машинууд хоёр саахалтын дунд хавьд замд зогсож хүмүүс нь бууцгааж байна. Түрүүхэнтээ явсан Төөмбий, Эрдэнэчимэг хоёр ч тэнд буугаад сууцгаачихаж. Цагаан эсгий дэвсээд  идээ будаа дэлгэчихэж. Хүргэний талын хэдэн ахмад хоймор талд нь сууж байв. Баяд найрын төгсгөл энд ийн үргэлжилж байв. Бямбадулам охин бас хэдийдээ ч юм энд ирээд суучихаж. Зочиддоо идээ амсуулаад хундага дагалдуулж байна. Охины хормой дээр том хар сүх тавьчихсан байх нь энэ ёслолын гол утга учир аж. Бэрээ өөрийн талд баталж бөхөлж авч буйн бэлгэдлийг баядууд ийн хийдэг юм байна. Оройдоо худ ураг болцгоосон хамаатан саднууд нэг нэгнийхээрээ чөлөөтэй зочилж хамтдаа найрлахаар тэнд ярилцаж байлаа. Манай Нямка маань дуулж хөгжимдөж найрын зочид, нутаг усныхныг баясгахаар хэдэн гитар, хөгжмийн өсгөгч, өнгийн гэрлүүд, тэр байтугай америкт арван хэдэн жил амьдарч хөгжмийн “DJ” энэ тэр хийж явсан дотны найз Батнямбуугаа дайчлан дагуулаад ирсэн байсан юм.

Антрактид судлаач эрхэм эрдэмтэнтэй, дундах нь эрдэмтэн, дипломатч Л.Дүгэржав.

Хуримласан хос Б.Бат-Очир, Б.Бямбадулам, тэдний охид, ээж Эрдэнэчимэг нартай дурсгалын зурагтатуулав.

Манай багийнхан уг нь эндээ найр наадам дуу хуур болж хоноод маргааш өглөө нь Тэсийн Давстай хонхорын давсанд хөлбөрч биеэ амраагаад алсын замаа хөөх төлөвлөгөөтэй байсан юм. Баянмөнх аварга энэ давсанд ойр ойрхон хэдэнтээ ирж хөлбөрч ид шидийг нь магтаж байсан гэх. Тэрээр давст хонхорт нүцгэлээд хэвтчихсэн давсаар нь биеэ, бас гуя хасаа тун тааламжтайхан үрж ”Тэсийн энэ давс чинь ДОХ-оос бусдыг нь тэр гэхийн тэмдэггүй эдгээчихдэг ид шидтэй эд байгаа юм шдээ...” гэж ярьж байсан гэж хамт явсан Тэсийнхэн ярьж байсан нь манай голоор тарж, одоо энэ магтаалын хил хязгаар улам бүр тэлээд байгаа гэж Төөмбий бидэнд хэлж байсан юм. Ингээд л бидний хөтөлбөрт “Давс”-анд суухыг оруулж байсан юм. Биднийг замчилж давсаар оруулчихаад Зүүнговийн бас нэгэн үзэсгэлэнт газар болох “Үзүүрийн булаг” хамтдаа явна гэж тэрээр анхандаа тохиролцож байлаа. Бид тэндээсээ Аагий сайдын нутаг Ховд, “Заг”-ийн Нэмэхээгийн Говь-Алтайн Жаргалант сумыг зорьж  Эрээн нуур, Хүнхэрийн амралт гэх үзэсгэлэнт газруудаар аялах маршруттай байсан юм. “Хөшиг тайлах” энэ ёслолоос буцаж ирэхэд багийн ахлагч Аагий маань найрлаж хонох төлөвлөгөөг гэнэт цуцалж замдаа гарах тушаал буулгав. Аялал маань цаг хугацаандаа багтахгүй болох нь, яарахгүй бол болохгүйнээ гэж тэрээр учирлаж байв. Үүнээс гадна манайхны зарим нь хонож найрлаад маргааш замд гарч чадахгүй болчих вий гэсэн болгоомжлолын үүднээс тэрээр ийм шийд гаргасан байх магадлал ч бас өндөр байх талтай. Нэгэнт баг ахлаад явж буй болохоор түүний шийдийг бүгд дагахаас өөр аргагүй болов. Төөмбий, Эрдэнэчимэг нар биднийг үлдээх гэж ятгаад ч нэмэр болсонгүй. Аян замын ганц хоёр хундага тогтоож сайн сайхны ерөөл хэлж ёслоцгоолоо. Яаруу сандруухан  машиндаа сууж байгаа манайхны эхнэрүүдэд Эрдэнэчимэг хатагтай даавуун ууттай цагаан идээ санд мэнд авчирч атгуулж харагдана лээ. Тэр уутанд нь айл айлын эрчүүд бидэнд зориулсан Увсын “Грей Гусь” бас байх. Яг цуваа хөдөлж байтал тэндээс Төөмбий нэг залуутай томоо гэгч ууц дамжилчихсан гүйн ирж замын хүнс болгоорой гээд Нямаа, Батнямбуу нарын машинд хийлгэж байв. Ингээд л манай цуваа нар гудайхаас арай өмнөхөнтөө замд гарлаа. “Нарийны гол”-оор гараад тод замруу нийлэх гэж явтал араас нэг цагаан жип хурдтай нь аргагүй давхиад гүйцэж ирлээ. Үдэлт бас дуусаагүй байж. “Хархираа” амралтад бидэнтэй танилцаж нэг оройг хамтдаа дуулж бүжиглэж өнгөрөөсөн Б.Баярхүү гэх залуу машинаас бууж байна. “Та нартай таван гарт суумаар байна...” гэж биднийг “Хархираа”-д өдсөн хэдий ч бид өөрсдөө багтаж ядалцан зургаан гар болж үзэж тарж байсан болохоор энэ хүдэр эр үзэгч болж манай муушигны дэвжээ хавиар эргэлдэж байсан юм. Тэрээр “Ах нар хонох сурагтай байсан болохоор оройдоо тавтай уулзана даа гэж байсан чинь...” гэсээр гартаа нэг “Болор” барьчихсан машинаас бууж ирлээ. “Нэмэхээ ахыгаа үдэж өгнө өө” гэж хэлээд эхний хундагыг түүнд барьж байв. Баттөмөрийн “Тэс Петролиум” компанид нь дэд захирлаар ажилладаг гэж манайхныхэн нэг нь ярьж байсан санагдана. Төөмбийгийн үеэл юм уу гэж би ойлгосон. Ач дүү болох Бямбадулам охиныг “Мордуулах” ёслолд том үүрэгтэй оролцсон нэгэн гэдгийг бид ойлгож байв. Авгын хувьд аавын талыг төлөөлөн бүсгүй дүүгээ айлын бэр болгож хүргэлцэх хүндтэй үүрэг хүлээж. Найр сайхан хавтгайрч байхад Баярхүү орж ирээд бидний доохонтой суучихсан “Дүү нь тэсээд үлдсэн шүү... эдний гурав гэрийн гадаа гулдайчихсан...” гээд өөрөөрөө бахдах аястай ярьж маниудтай хундага тулгаж байсан юм. Бэр гуйдаг, бэр хүргэдэг худ ургийн төлөөнийхэн залуус, ахмад гэлтгүй хэн хүнгүй хэцүүхэн даваа давах болдог юм уу даа. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг шиг гурван шил юмны ард гарах тэнхээтэй байх гэдэг ч юм уу, хэдэн хундага, хэдэн хул айраг даваад гарах ходоод, бас тэр ард нь гарчих ухаан санаа, бие хаа, гуйваад уначихгүй байх том шалгууртай байдаг бололтой. Баярхүү тэр хүнд давааг нэр төртэй давж гарсандаа баяртай байгаа нь өдөр ч, бас биднийг үдэх гээд энд давхиж ирээд ярьж хөөрч зогсоогоос нь ч тод мэдрэгдэж байлаа. “Найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай...” гээд сайн эрийг магтдаг даа, энэ магтаал түүнд ахдахгүй байх аа. Бөх барилддаг, бас аймгийн ч гэлүү, сумын ч гэлүү цолтой гэх сураг дуулдаж байсан “Хархираа”-д бид наргиж байхад. Найрсаг цайлган сэтгэлтэй найзархаг залуу юм билээ энэ Баярхүү.

Бидний шинэ танил Б.Баярхүү

Баянаа аварга нутаг усаа тахиж явна.Элсэн манхан, тал хээр, даваа гүвээ хосолсон зам харгуйгаар дөрвөн цаг гаруй давхиад манай цуваа шөнийн түнэр харанхуй болж байхад засмал зам дээр гарч ирлээ. Хэсэгхэн давхитал гэрэл гэгээтэй шатахуун түгээгүүрийн газар, байр байшингууд харагдаж байна. Хяргас нуурын эрэгт байдаг “Хар Тэрмэс”-ийн амралтад хүрээд ирж буй нь нутгийн надад ойлгомжтой байлаа. Шатахуун түгээгүүрийн ойрхонтой түр зогсоцгоож цаашаа явах, эсвэл энэ хавийн амралтад буудаллах эсэхийг ярилцах болов. Би нутаг усандаа ойрхон ирсэнийх эцэг өвгөдийн маань өвөлжиж хаваржиж ирсэн, “Бор хайрхан” уулын үзүүр тушаа, “Нуурын шугам” гэх газарт хэдэн жилийн өмнө манай нутгийн зарим иргэдийн байгуулсан “Хяргас нуур” амралтад хоноод явцгаая гэх санал гаргав. Бага сургуульд байхдаа хаврын зарим амралтаар би малч авга нарынхаар ирж нуурын тэрүүхэн хөвөөгөөр хонь хурга эргүүлж явсан тийм нутаг юм. Тэндэхийн нуур ус нь ч цэвэр тунгалаг, хөлд зөөлөн элс хайргатай гээд л магтаж гарав. Багийн ахлагч Аагий “Бидний явах Ховд тал руугаа юм уу?” гэж асууж байна. Би зам мэдэх биш, нөгөөтэйгүүр энэ түнэр харанхуйд баримжаа ч байсангүй, жолооч нараас асуусан чинь “Ховд тал руу биш ээ” гэцгээлээ. Байдал бишдэж буйг би ойлгож, энүүхэнд ойрхон шдээ, засмалаар юухан байх вэ, дөч тавиас хэтрэхгүй гээд л нөхдийг ятгах аядав.  Ахлагч маань “Цаг, зам алдаж тийшээ явахгүй ээ, замаа жаахан дөхөцөгөөе...” гээд машин руугаа алхах нээ. Уур хүрч байна. Нутгийнхаа захад ирчихээд нуур усандаа ороод явах мэдэлгүй байхдаа яахав гээд л... Аагийгийн араас “Дурак минь ээ дөрөв таван зуун километр газар танай нутгаар орно гээд дагаад явж байхад дөч тавин километрт төвөгшөөж байх даа яадаг юм бэ чи?...” гээд л хашгирч өгөв. Энэ чимээнээр машин машинаас эхнэр хүүхдүүд уван цуван бууж ирцгээж байна. Миний бачимдаж гомдоллохыг харж үзсэн юм байлгүй, удаж төдөлгүй манай цуваа миний нутаг ус болох “Нуурын шугам”-ын зүг хөдөллөө. Зам мэдэхээрээ би түрүүлж давхив. Хагас цаг гаруй давхиад засмалаасаа гарч шороон замаар тэмтчин байж алсад ёлтойх гэрлээр нь “Хяргас нуур” баазаа нэг юм олоод ирлээ. Ингэж явчихаад төөрвөл Аагий ахлагчид ёстой “арьсаа хуулуулах” биз гэж бодогдож байлаа. Машин тэрэг хашааных нь гадна ирэх бараанаар энд тэнд гар чийдэнгийн гэрэл ёлтолзож зарим нь бидний зүг дөхөж байв. Ноднин энд ажиллаж байсан сумын Байгаль орчны байцаагч Бумжаргал бүсгүй угтаж байна. Мэнд мэдэлцчихээд “Гэр байраа манайханд хурдхан шиг үзүүлж харуулаад, сонгуулаад байрлуулчих гэж нутгийн ахмад, бас хуучин танилын хувьд гуйх тушаах хослуулав. Бумаа ч нэг хүүгийн хамт гүйгээд сул байгаа гэр байшингуудынхаа гэрэл чийдэнг асааж манайхнаар сонгуулав. Аагийтай зөрөлдсөнөө зөөллөх санаатай найз нөхдөөс бэлгэнд авсан Увсын “Грэй Гусь”-иа бариад гэрт нь оров. Надтай зэрэгцээд Эрдэмээ газар газар биднийг дайлаад байсан хулгар шарын хорхог тэнд оруулаад ирж байх юм. Багийн ахлагч маань түүнд илүү дуртай л даа. Татгалзана гэж бараг л байхгүй дээ. Би ч шил юм аа ширээн дээр гаргаад тавьлаа. Эрдэмээ ч халуун савнаасаа жижиглэсэн мах чулуутай нь таваглажв. “Хүн ч тавтай амраахгүй хүнд гарууд юм аа та нар...” гээд Аагий сайд маань ширээ рүү ойртов. Миний санаа ч амрав. Ганц хоёр хундага тогтоолоо. Мань хүн мах шөлнөөсөө ч амслаа. “Өглөө эрт хөдөлнө шүү, нуур усандаа чи эртхэн ороорой...” гээд надад бас хатуурхаж байна аа тэрүүхэн зуур. “Баянаа аварга энд амарч байгаа юм байна. Сая тааралдлаа. Маргааш өглөө уулзаж мэнд мэдээд хамтдаа зураг авахуулаад гарцгаана даа ” гэж би хэлэв. Мань хүн “Тийм юм байхгүй шүү, Баянаа аварга гээд бас нуршиж цаг алдах гэж байгаа юм” гээд дургүй талдаа. Та хоёр чинь Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын үеэр ойр явсан, бас нам улс төрийн харилцаа нэгтэй гээд уулзаж дотносохоор л хүмүүс дээ гэсэн чинь “Цаг зав багатай яваа энэ үед тийм дэмий юм битгий яриад бай...” гээд намайг загнаж, явж унт гэж байв... Өглөө би эртхэн босоод нуур руу очиж бүлээн дулаан усанд нь хэдэнтээ умбав. Хувцасаа өмсөөд нүдний шил, цагаа авахаар тонгойтол тэрүүхэнд бас нэг нүдний шил наранд гялсхийж байх юм. Гоёмсог шил байна. Усанд орж байгаад хэн нэг нь энд мартчихаж дээ. Эргээс холгүйхэн баруунтай буудалласан майхны хүмүүсийнх байж магадгүй гэж бодоод хувцсаа өмсчихөөд тэр шилийг аваад тийш алхав. Цагаан жип зогсоочихсон, цэнхэр майхны тэр залуус өглөөний цай унд бэлтгэж буй бололтой майхныхаа хавиар ойр зуур хөдөлж байлаа. Ойртоод очсон чинь “Төөрсөөр төрөлдөө...” гэгч болоод явчихав. Миний үеэл дүү Ц.Жүгдэрнамжил майхны үүднээс босоод над руу ирж байна. Мэнд мэдэж тэврэлдлээ. Өчигдөр орой энд ирж буужээ. Түүнтэй хамт миний бас нэг хамаатан болох Дансалын Батнасан гэх дүү энд аялаж явах юм. Сургуулийн андууд болох Хяргасын уугуулууд нийлээд явж байна гэцгээж байв. Хурандаа Жангарын Нямдавааг манай нутгийнхан цагдаа талаар нь ч, армийнхаар нь ч сайн мэддэг юм. Тогооны хүн гээд миний долоон жилийн сургуулийн ангийн анд Жамъянгийн Толивоогийн үеэл Шарын Басанжавыг надад танилцуулж наргиан болгож байлаа. Та нарын хэн нэг нь нарны шилээ нуурын эрэгт мартжээ дээ гээд нөгөө шилийг харуулсан чинь тэднийх биш болж таарав. Гэсэн ч нарны энэ шил намайг нутгийн дүү нартай уулзууллаа.

Баруунаас: Хурандаа Ж.Нямдаваа, Д.Батнасан, миний үеэл Ц.Жүгдэрнамжил

Дүү нар “Бор хайрхан”-ы тахилгад оролцохоор явж байгаа аж. Хяргас нутгийн нэрийн хуудас болсон Хорлоогийн Баянмөнх аварга маань төрсөн нутгийнхаа “Бор хайрхан” овоог өөрөө хариуцан дааж тахиулахаар ирээд байгаа гэж тэд ярилаа. Тэдэнтэй нутаг усны тухай яриа өрнүүлж хээрийн цай яаруухан уугаад буудалдаа ирэв. Баянаа аварга яг манай арын байшингаас гарч ирж буйтай тааралдлаа. Нутаг усны танилын хувьд ч, ярилцлага энэ тэр авч явсан сэтгүүлчийн хувьд ч, зэргэлдээ байрны хөршийн хувьд ч дотносон уулзалдав. Сайхан зун болж буй тухай, бас уул хайрханаа тахих гэж буй талаар нь яриа хөөрөө боллоо. Удахгүй аян зам хөөх гэж буй тухайгаа би хэлж “Манай хэд тантай тааралдсаных хамтдаа нэг зураг авахуулаад хөдлөх хүсэлтэй байна аа аваргаа” гэв. “ Тэр нэг бүсгүйг чи харж байна уу?” гээд амралтын ёслол хүндэтгэлийн гэрийн тэнд нааш цааш алхаад буй хүрэн торгон дээлтэй бүсгүйг Баянаа аварга зааж байна. “Сүлд” телевизийн хөтлөгчЖавзансүрэн гээч тэр бүсгүй намайг нэвтрүүлэгтээ оруулж ярилцлага авна гээд энд ирчихээд байгаа юм. Зураг хөрөг авахуулах ийм алба амарч явсан ч мундахгүй юм. Ер нь энэ зураг хөрөгнөөс халшрах болоод байна шдээ. Чамд одоо татгалзалтай биш, өвдөг боолттой, хөл тааруу, ихэнхдээ л аваргын хувцас хунартай аппаратын өмнө зогсож байсан хүн чинь амралтын ийм щорттой хаашаа ч юм бэ... Аварга нь ийм болж дээ гэж ард түмэн харах юм биз дээ” гээд боолттой хөлөө зааж байв Баянаа аварга. Ийм яриа болж байгаад ямар ч байсан манайхантай зураг авахуулахыг аварга зөвшөөрөв. Өрөөндөө орж цүнх саваа машин руу дөхүүлчихээд буудлын тооцоо хийхээр зоогийн газар луу очлоо. Манай багийн залуус цайгаа уугаад гарцгааж байна. “Баянмөнх аваргатай зураг авахуулна, эндээс хамтдаа очно шүү” гэсэн чинь тэд дуртайбайлаа. Амралтын эзэн Л.Банзрагч “Ёслол хүндэтгэлийн өргөө” нээх бэлтгэлтэй холбоотой ажил амжуулахаар нуурын нөгөө эрэгт буй Наранбулаг сум орохоор явсан гэнэ. Өнгөрсөн жил биднийг хүлээн авч байсан амралтын дарга Д.Цэдэв аймаг руу хамаатан садны хуримд явсан гэх. Хяргасын сургуульд миний дараахь ангид сурч байсан дуу хөгжмийнавъяастан, Нацагийн Пэлжир гэх бүсгүйн охин Саруул өнөөдөр энд бүх ажлаа хариуцан үлдэж. Сүүлд би харин амралтын эзний гэргий, энэ баазын тэргүүн хатагтай болохыг нь сургаар мэдэв. Нутагтаа нөхдийгөө дагуулаад ирсэнийх буудлын болон хоол ундных ньтөлбөрийг хийчихье гээд тооцоо асуусан чинь “Таны тооцоол үлдсэн, бусдыг нь төлчихсөн” гээд гадаа зогсож буй Эрдэмээг зааж байв. Өөрийн байрны тооцоог хийчихээд эзнийг нь олоод өгчихөөрэй гээд  нуурын тэндээс олсон нүдний шилийг Саруул бүсгүйд үлдээгээд гарав. Залуусаа дагуулаад Баянаа аваргын байрны гадаа бөөнөөрөө очлоо. Аварга ч гараад ирлээ. Зөрж ороод аваргын гэргий Дэжинбээ гуайтай мэндэлж хэдэн үг солив. Өрөөндөө тэд  баахан ном, хайрцаг савтай бараа өрчихөж. Баянаа аваргын “Зуун жилийн ганцаардал”, “Монгол бөхийн 700 мэх” гэх номууд байна лээ. “Бор Хайрхан”-ы овоо тахих үеэр нутгийнхандаа гардуулах гарын бэлэг нь юм байх. Олон жил хийсэн судалгаа, эрдэм шинжилгээнийхээ ажлаар их аварга маань энэ жил Шинжлэх ухааны докторын цол хамгаалсаныг хүмүүс мэднэ дээ. Эрдмийн нэг оргилд гарсных эцэг өвгөдийн үеэс нутаглаж бас тахиж ирсэн уул усандаа хүндэтгэл үзүүлэхээр их аварга зорьж ирээд буй нь энэ аж. Сүүлийн хэдэн жил бараг жил алгасахгүй нутгаа зорин ирж нуур усандаа амарч байгаа гэж Баянаа аварга ярьж байлаа. Нуурын энэ эргээс “Бор Хайрхан”уул нэг их холгүй дүнхийж харагдана лээ. Сумын Засаг даргаЦ.Цэвээнравдан энд ирчихсэн явахтай өглөө би тааралдсан юм. “Аварга маань уул усаа тахина гээд зориод ирж байхад сум орны удирдлагууд зүгээр хараад сууж болохгүй л дээ, нутагтаа ирсэн энэ далимаар нь  нуур ус, нутаг орны тухай Баянаа аваргыгаа оролцуулсан телевизийн баримтат кино “Сүлд” телевизийнхнээр хийлгэж байна гэж тэр ярьж байсан юм. Манай багийнхан Баянаа аваргатай хэд хэдээрээ зураг авахуулчихаад нууран дээр ирлээ. Урьд нь орж амжаагүй залуус ухасхийгээд лумбаж шумбаж байв. Зөөлөн элс хайргатай бүлээн дулаан ус бүгдэд нь таалагдаж буй бололтой. Багачууд ч дуртай нь аргагүй нуурын зах хэсгээр гүйлдэж нэг нэг рүүгээ ус цацаж унаж тусан умбаж шумбаад л... Ийн цаг шахам болов. Багийн ахлагч маань гэргий Чукатайгаа өглөөгүүр миний дараахан нууранд орж сэлсэн гэж байв. Бага үдийн нар дээшилж нуурын ус  бүлээсч улам ч таатай болж байлаа.

Батнямбуу, Эрдэмээ бид гурав аваргын араар баяртай нь аргагүй зогсоцгоов.

Аагий ахлагч аанай л яаруулах талдаа. Нуурын эрэгт багаараа зургаа авахуулчихаад “Хяргас” нуур “Бор Хайрхан” хоёрыг заагласан баруун аймгийг нийслэлтэй холбосон засмал замаар Ховд аймгийн зүг хөлгийн жолоо залан довтолгоцгоов..

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энэ тэмдэглэл ,ов ,мэхтэй баячуудад л тааламжтай юм уудаа. Бу****д сонин биш. Орлого ,зарлагыг нь шалгахад ахиад машинд суухгүй болох байхаа даа. 2019-11-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?