Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Ардчилсан хувьсгалд оролцсон тэр үедээ ч, одоо ч би энэ түүхэн үйл явдалд оролцсоноо нэр төрийн хэрэг гэж үздэг юм. Ардчилагчдыг тэр үед хэрхэн гадуурхаж нийгмийн шаар шавхруу мэт доромжилж байсныг одоо санахад дотор зарсхийх юм. Тэр үед ардчилагчдыг юү ч гэж муу муухайгаар хэлж , яаж ч гүтгэж доромжилсон “Хуульгүй” төдийгүй, тийнхүү авирласныхаа төлөө албан тушаал ахиж цол хэргэм хүртэгчид олон байсан нь нууц биш. Хэрэг дээрээ ардчилагчид тийм хүний адаг нь, нийгмээс гадуурхагдсан хэсэг нь байсан гэдэгт би л лав итгэдэггүй. Харин тухайн нийгмийн гажуудлыг бусдаас түрүү олж харсан, өөрчлөлт зайлшгүй хэрэгтэйг итгэл үнэмшлээ болгосон хэсэг байсан гэвэл үнэнд нийцнэ.
Миний хувьд тухайн үед нам, Засгийн “ҮНЭН” сонины аймагт суугаа сурвалжлагч, авдаг цалин орлогоороо аймагт дээрээсээ гурав дахь албан хаагч, чамгүй “Тусгай хангамжтан” байлаа. Тэр ч бүү хэл Намын дээд сургуульд чилийсэн дөрвөн жил суралцан төгссөн, Хэнтий аймгийн Намын хорооны удаа дараагийн бүгд хурлаас “Урагшаа” сонины хариуцлагатай эрхлэгчээр гурван удаа улиран батламжлагдаж 6 жил ажилласан, 1986 онд “Шалгарсан манлай, энхрий хайрт” намын 19 дүгээр их хурлын төлөөлөгчөөр тэр үеийн олон давхар, хатуу шалгуур даван Хэнтий аймгаас сонгогдсон, Хэнтий аймгийн депутатаар 3 удаа, аймгийн Намын хорооны гишүүнээр мөн 3 удаа сонгогдсон байсан. Тэр бүх нэр хүндээ, ажил албан тушаалаа золиослон нийгмийн шинэчлэлийн үйл хэрэгт оролцсондоо би одоо ч харамсдаггүй.
Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт 30 жил хамтран зүтгэж өнөө хүртэл мөр зэрэгцэж яваа журмын нөхөддөө энэ түүхэн ойн баярын мэнд хүргэе.