Нар жаргахтай зэрэгцэн морьтой хүн бөг бөг шогшуулсаар тэргэн дээр ирж морио уячихаад гэрлүүгээ алхахдаа цас дуугарчихвий гэсэн шиг зөөлөн зөөлөн алхана. Насны эрхэнд бууралтсан үс, сахалд нь цана сууж хацар нь дайр дааж минчийтэл улайчхаад мал дагаж өдөржин галигуулсан хөл нь чилсэн байдалтай энд тэнд гишгинэ. Энэ өвгөн залуудаа том давхраатай алаг нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй, цагаан шаргал царайтай, дунд хэрийн нуруутай өнгөлөг сайхан залуу явсийм. Гэвч эрийг нас уулыг цас гэгчээр одоо түүний өтгөн хар хөмсөгнд буурал сууж, нар салхинд үрчлээтэн, давхраатай алаг нүднийх нь зовхи унжиж гал буурчээ. 1943 оны хавар малчин Дамдин-гийн отгон хүү болон мэндэлсэн түүнийг Цэндсүрэн гэдэг. Тэр бол хүний дээд хүн бөгөөд энэ биедээ баймааргүй их ноён нуруу, тэвчээрийг гаргасан нэгэн. Найман хүүхдийн хөлийг дөрөөнд гарыг ганзганд хүргэж чадсан эцэг. Өвөл, зуныг ажралгүй өглөөнөөс үдшийн бүрийг хүртэл малаа дагаж нэгдлээс үлдсэн дөчин ямаа, хорин хонийг мянга болтол өсгөж чадсан хөдөлмөрч хүн. Түүний бага нас Сүхбаатар аймгийн халзан суманд эрвэж дэрвэж өнгөрчээ. Арван зургаан насандаа, арван гурван настай Торой охинд дурлаж насанд хүрээгүй хүүхэд уруу татсан хэргээр баривчлагдаж байсанч арван зургаан насанд хүрэхэд нь хүний балчир охиныг галын хүнээ болгосон чамгүй эр ээ. Тэр үед Цээнээ гуай дурлалт бүсгүй хэвлий дэх үрээ орхин цэргийн албанд мордоход нь гурван жил аав ээжийг нь харж, хар торгон эмжээртэй хөх торгон дээл урлан хүлээсэн тэвчээртэй Монгол бүсгүй түүний хань. Түүнийг цэргээс ирэхэд хүү нь гурван нас хүрсэн байжээ. Цэргээс ирээд эр хүний шандсыг шалгаж барилдаж эхэлсийм. Бие жижгэвтэр боловч хийц сайтай, чамин бөх байсан бөгөөд мэх мэргэнтэй байжээ. Сумын заан цолтой болоод цааш барилдах гэсэн ч хань ижил үр хүүхдүүдээ бодоод чадаагүй юмсанж. 1973 онд нэгдлийн мал алдсан гэж “аавын хаалга” татаад хорь гаруй хоног хоригдож тэр үедээ хүүхдүүдээ санаад болохгүй байсан тул тэднийгээ зурдаг байжээ. Нэг удаа шоронгийн дарга санамсаргүй байдлаар хүүхдүүдээ дүүрэн зурсан дэвтрийг нь харан өөрийг нь суллаж дэвтрийг нь хураасан гэдэг. Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэгчээр сайн малчин цол хүртэж Москва Ленинградаар аялж явсан түүхтэй. Тэрээр алдарт уяач, сумын заан, улсын сайн малчин, тэргүүний анчин, мянгат малчин, нутгийн бахархал болон мандаж явжээ. Дээлээ хөөргөж бүсэлдэг болохоор нь “Тоодон” хэмээн хочилжээ. Будрын чулуунд нутагладаг малчин Цээнээ амандаа уншлагатай байсан бөгөөд нутгийн ард аянд гарахдаа оролгүй өнгөрнө гэж үгүй. Ээжийнх нь том ах Хөхөө гуай лам хүн байлаа. Цээнээ өвгөнийг түүний хойд дүр ес хувилсан хувилгаан гэж үздэг байж. Өвгөнийг багад ээж нь нэг сайн зодох санаатай гар далайтал “Чи намайг зодохнуу би чамайг сахилын будаа цавь сугандаа хавчуулж хүн болгосон” гэж хэлсийм гэнэ лээ. Тэр хүүхдүүдийнхээ тухай ярих дуртай. Түүний хүүхдүүдийн бяцхан паянгаас дурдвал: Нутгийн өвгөн Тэрбиш айлчлахад нь усны поошгин дээр гарч зогсчхоод тэмээн Тэрбиш ямаан Тэрбиш тэргэн Тэрбиш гээд орилолдож байжээ. Бага охин нь дөрвөн настайдаа замаар явж байсан могойны толгой дээр чулуу тавьчхаад “Ааваа эрээн хайрхан дарагдаж үхэж байна” гэсэн гэнэ. Энэ мэтийн хөгтэй ч гэх юмуу хөгжилтэй ч гэх юм уу явдлууд энэ гэр бүлд их. Өвгөний үр ач нийлээд дөчин есүүлээ, ач зээ нар бүгд хочтой онгоцны жолооч, дэлгэр овооны мисс, лусын дагина, бөх хүү гээд түүний өгсөн хоч ямар нэг ерөөл агуулсан. Жаран найман нас зооголсон энэ хүнд яриад байвал дурсамж цөөнгүй. Нөхдийнх нь ярианаас дурсвал: малчин Цээнээ тарвага агнахаар нүх сахиад хэвтэж байтал саахалтын залуу Дэлгэр ирээд:
-Хүүе та чинь өмд цамцныхаа шуумгийг буулгаач гэхэд
-Яахын урагдчихна
-Таны гар хөл зулгарчихсан байна шүү дээ! Гэхэд
-Яс нь байвал мах нь ургана гэж хэлсэн байдаг.
Дөрөв дөх охин Чимэгээ ярихдаа: Аав хичээл дээр шууд орж ирээд хэнийг ч анзаарсан юмгүй “миний охин, миний хуруувч” гээд хөөрсөж гарна. Аавыг явсны дараа ангийн хөвгүүд дэлээ хөөргөж байгаад аавыг дуурайж үнэснэ. Хүүхэд байсан болохоор их ичдэг байждээ. Түүний хурдан хүлгийг дурдахгүй өнгөрвөл алдас болно. Өвгөний тэргэнд уядаг хонины морийг хүү нь уралдуулахад улсад тав түрүүлж тэрэгний хонгор тэргүүн хонгор нэр зүүж өвгөний магнайг тэнийлгэжээ. Одоо ч тэргүүн Хонгорын удам тасраагүй. Олон түмний хайрыг татсан нутаг устайгаа ээнэгшин дассан өвгөн Цэндсүрэн нь 2008 оны хаврын бүүдгэр өдөр нутгийнхаа жихүүн салхитай хамт энэ орчлонгоос одсон юм. Хүний сайн хань, хүүхдүүдийн сайн эцэг малчин удмын хүү Тоодон Цээнээ-гийн амьдралаас бяцхан түүхийг дурслаа.
Будрын чулууны буурал сахалтай өвгөн миний өвөө
Буянт сүргийнхээ эзэн болсон
Борхон үрсийнхээ эцэг болсон
Бор амьдралд үүртэж түүртээгүй
Босоо заяатай төрсөн Монгол эр хүн
Монгол гэрийн хойморт суухад нар болдог
Монгол морины зоон дээр гарахад хийморь нь сэргэдэг
Уул ус газар шороогоо эрхэмлэн шүтдэг
Ухаалаг гүндүүгүй эр хүн миний өвөө.
Э.Сувд-Эрдэнэ