СЭТГЭЛД ШИНГЭЭСТЭЙ ШИРЭЭНИЙ ТЕННИС МИНЬ

2019-11-29  
( Дурсамж)
 
1983 он манай гэр бүлийн хувьд онцгой жил байлаа. Нагац ах Пунцагнямын ач буянаар Яармагийн гэр хорооллоос хотын орон сууцанд нүүж орсноор манай гэр бүлийн амьдралд ихээхэн өөрчлөлт дэвшил гарсан. Тэр үед би Яармагийн 41-р дунд сургуулийн 4-р ангийн, халзан толгойтой сурагч байсан. Гэр нүүснээр 52 дугаар дунд сургуульд шилжин орж, үсээ ургуулж, халимаг тавьж, сурагчийн хүрэн өнгийн хилэн формоо орос ганган цэнхэр формоор сольж додигор сурагч болов. Багын л дуу султай, сурлагандаа ч гавьдаггүй ч олон төрлийн секц дугуйланг дамжсан. Сагс, чөлөөт бөх, хөнгөн атлетикаар зогсохгүй, өөрийн сургуулийн дуу хөгжмийн Галмандах ( гавьяат) багшийн үлээвэр найрал хөгжимийн ангид хүртэл явж үзсэн. Нэг л биш ээ, алинд ч идээшсэнгүй.
Зун өнгөрч, намар хичээл эхлэхэд, хүүхэд бүрийг дугуйланд хамрагдахыг анги даасан багш Цэрэндолгор зөвлөлөө. Тэр хичээл дээр ангийн анд Батцогт ширээний теннисний секцэнд явдаг гэсэн нь миний сонирхлыг татаж, Батцогтыг шалсаар байж секцэнд нь хамт очсон.
19 дүгээр хорооллоос хотын төвийн 40 мянгатын цагаан байрны подвалд найзыгаа даган очиж, Д.Санжмятав багшийн секцэнд орж энэ сайхан спорттой салшгүй холбогдсон түүх эхэлж билээ. Дугуйлан маань ердөө л дөрвөн ширээтэй, харин хичээллэх хүүхэд нь гуч гаран. Хэн сайн тоглосон нь ширээндээ үлдэнэ. Хожигдчихвол дахиж ширээндээ гаралгүй секцний цаг дуусах үе олонтаа тохиолдоно. Дугуйлангийн цаг бага, хүүхдүүд олон учраас ширээн дээр гарах цаг олдохгүй. Тиймээс найз Батцогттой өглөө эртлэн босч, Хүүхдийн паркийн чулуун ширээтэй, төлбөртэй тоглуулдаг газрын хашааг даван орж, өвлийн хүйтнийг ч ажралгүй, дур сонирхолдоо хөтлөгдөн бэлтгэлээ хийдэг байж билээ. Сурлага тааруу учир ангийн багш самбарын өмнө гаргаж, - Чи хичээлээ давт. Сурлагандаа хичээ. Наад пивор бөмбөгөө хөөгөөд хоолоо олж идэж чадахгүй шүү гэж нэг биш удаа ангийн сурагчдын өмнө зогсоон зэмлэдэг байлаа.
Дугуйланд яваад, тусдаа бэлтгэл хийгээд, хэрэндээ " овоо боллоо" гэж бодож байтал тэр үеийн ахлах ангийн тамирчин Я.Болд ( олон улсын шүүгч болсон) цохиурын оронд шалны плита барин надтай тоглотол, би учрыг нь ч ололгүй хожигдож, улмаар теннисний бөмбөгний эргэлт болон техник тактикийг сайн эзэмшихгүй бол сайн тамирчин болж чадахгүй юм байна гэдгийг бяцхан ухаандаа тунгаасан. Найз нараасаа ч ихийг сурсан. Үеийн теннисчид болох Мэндээ, Амараа , Болд, Омбоо, Анар, Мөнхням, Цоо, Балжаа, Алинзол, Батсайхан /малыш/ Цэнгэл нараас арай хожуу секцэнд орсон ч Санжаа багшийн ач буянаар тэдэнтэй төдөлгүй мөр зэрэгцэн Батцогт, Сэргэлэн , Жавзаа, Батцэцэг нартай нэг баг болон Монголын Пионер Сурагчдын долдугаар Спартакиадын хот, Улсын аварга болж анги хамт олон, аав ээжийгээ баярлуулсан. "Хөдөлмөр" нийгэмлэгийн дасгалжуулагч Д.Мөнхсайхан ахын удирдлаган дор Спартакиадад оролцож, Батцогт, Сэргэлэн Жавхлан, Батцэцэг нарын хамт ялалт байгуулж, байгууллагийн дүнгээр улсад түрүүлэн "Хөдөлмөр" нийгэмлэгтээ цом авчирсныг тод санаж байна. Энэ бол бидний байгуулсан анхны ялалт, өргөсөн анхны цом байлаа. 1988 онд 24-р сургуулийн урд байрлах орон сууцны подвалд байрлалтай Д.Санжмятав багшийн клубд дэвшил гарч, Спортын Төв Ордоны ар талд Спорт Сургалтын Төв нэртэй зориулалтын шинэ байранд шилжиж, Улсын хоёрдугаар шигшээ баг байгуулагдсан. Тус шигшээд би, Ч.Амарсанаа, Д.Отгонбаяр Б.Бат-Эрдэнэ, Б.Анар, П.Цэнгэл, Т.Энхтөр, О.Бадамцоо, А.Балжинням нар шалгаран, 260 төгрөгний цалинтай мэргэжлийн тамирчид болсон. Шинэ байранд 5 ширээтэй учир шигшээ багийн тамирчдад бэлтгэл хийхэд хангалттай байлаа.
10 дугаар ангиа төгсөхөд Өсвөр насны Улсын аварга болж, спортын дэд мастер цол авчихсан явж байлаа. Дээд сургуульд л орчихвол амьдрал баталгаатай болно гэж хүн бүр үздэг үе байлаа. Анагаахын Дээд Сургуульд улсын аварга Т. Болд, Энхбат, Өлзийсүх, Чинбаатар гээд олон тамирчин багшилж бас тоглодог байв. Би ч тэдэнтэй тоглоно. АУДС-ийн багш , доктор Цэдэв гуай, - Хүү минь манай сургуульд элсчих. Би чамайг таван жил теннис тоглуулаад л төгсгөөд өгнө гэж ятгадаг байв. Хичээлд тааруу хүн чинь юуны Анагаахад суралцах. Анатоми гэдэг сэдэв надад тун хол хөндий сонсогдсон. Сонголтоо хийгээд УБИС-ийн Биеийн Тамирын ангид конкурсдсан. Шалгалт нь ч чанга, шалгалт өгсөн 200 гаран хүүхдээс ердөө л арвыг нь л шигшиж авсан ч би тэнцсэнгүй. УБИС- ийн Намын Хорооны даргаар ажиллаж байсан Батхишиг ах маань ( теннис тоглодог),- Галаа зүгээрээ, санаа зоволтгүй. УБИС-ийн аж ахуйд нэг жил ажиллачих. Ирэх жил элсүүлье гэж зөвлөсний дагуу нэг жил ажиллаад, Батхишиг ахын хэлснээр дараа жил нь элссэн. УБИС-ийн Биеийн Тамирын ангид Ховд аймгаас ирж Сургалтын Төвд бэлтгэл хийдэг байсан дэндүү сэргэлэн Базарын Баясгалан маань хамт сурснаар дөрвөн жилийг адал явдал дүүрэн өнгөрөөсөн. Нэг ангийн бид хоёр багш нартаа магтуулж, зэмлүүлсээр сургуулиа дүүргэсэн дээ. Тэр үед УБИС ширээний теннисний маш хүчирхэг багтай болсон байсан. Улсын аварга Т.Болд АУДС-иас шилжиж ирэн анотомийн багш, О.Одбаяр спорт тоглоомын, Зэнээмэдэр компьютер программын багш, улсын аваргын хүрэл медальт Б.Энхбат ах Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөх ангийн оюутан, Намын Хорооны дарга Батхишиг ах тэнд багшилж байлаа. Ажлын бус цагаар доод зааландаа бүгдээрээ бэлтгэлээ базааж, багаараа мөн ч олон удаа аваргын цомыг өргөсөн дөө. 1990 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа финалдахдаа нэг сургуулийн багш улсын аварга Т.Болдод хожигдон мөнгөн медаль авсан. Бэлтгэлээ сайн хийвэл аварга болох ойрхон байгааг ч мэдэрсэн. 1991 оны хавар, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эрэгтэй баг оролцох болсныг Холбооны тухайн үеийн холбооны ЕНБД Т.Болд бидэнд дуулгаж, Санжаа багш сорилт тэмцээн хийсэнд Жаргалсайхан, Амарсанаа бид гурав шалгарч анх удаа арлын Япон улсыг зорьж, Дэлхийн АШТ-д Монгол улсаа төлөөлөн оролцсон. Шигшээ багийн даргаар Холбооны ЕНБД, улсын аварга Т.Болд, ивээн тэтгэгчээр Пүрэвжав, дасгалжуулагч багшаар Санжмятав, БТСГ-ын дэд дарга Болдын хамт анх удаа том тэмцээний утааг үнэрлэх хувь заяа оногдсонд өнөөг хүртэл талархдаг. Дэлхийн аваргаас, тамирчдын тоглолтоос ихийг харьцуулж харсан. Ширээний теннисний түвшин хэр хөгжсөнийг, урьд өмнө нь дуулаагүй, үзээгүй техникийг гайхшран харж, үзэж, хэрэгсэл, цохиур зэргийг ч гайхан биширцгээсэн. Япон улсын ШТХолбоо болон Олон Улсын Ширээний Теннисний Холбоотой холбогдож, харьцаж, Монгол улсыг ДАШТ-д оролцох боломжийг бий болгож өгсөн, Монгол улсаас Японд улсад сууж байсан ЭСЯ-ны ажилтан, япон хэлний мэргэжилтэн Баяраа ах, ЕНБД Т.Болд нартаа Монголын теннисчид туйлаасаа талархах ёстой. Энэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш Монгол улсын ширээний теннисчид олон улсын болон тив дэлхийн тэмцээнүүдэд оролцох боломж нээгдсэн. Ийнхүү Дэлхийн ширээний теннисчидийн өнөр гэр бүлд дахин багтаж чадсанаар 1991, 1997, 2000, 2001, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2014, 2016, 2017, 2018, 2019 онуудад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  1998, 2001, 2004, 2007, 2012, 2019 онд Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монголын баг алгасалгүй оролцсон түүхтэй. Миний бие багийн ахлагч, тамирчин, дасгалжуулагчаар ч оролцох хувь оногдсон.
Дэлхийн аваргад оролцдог тэр жил СТО -д УАШТ зохиогдож, улсын таван удаагийн аварга Т.Болдтой хоёр дахь удаагаа финалдсан. Бэлтгэл ханасан, тэр дундаа давуулалт сайн байсны хүчинд аваргыг буулган авч, тамирчин болгонд хүсээд олддоггүй Улсын аварга цолыг хүртэж, Санжаа багш болон үеийн тамирчидынхаа магнайг тэнийтэл баярлуулж билээ. Аварга болсноос хойшхон тун удалгүй биеийн тамирын хичээлийн үеэр штангтай бэлтгэл хийхдээ баруун хөлний өвдөгний зөөлөн эдээ гэмтээсэн золгүй явдал тохиосон. Баруун хөлний байнгын зовиур миний цаашдын амжилтанд сөргөөр нөлөөлсөн гэж боддог. Тиймээс аль болох бэртлээс л хол байх ёстойг ухамсарлаж, шавь нартаа ч хэлдэг. Дүгнээд үзэхэд, 1991, 2001, 2003 онуудад улсад гурвантаа аваргалж, найман удаагийн дэд аварга, 2 удаа хүрэл медаль авч нийт 13 удаа финалдсан байна.
УБИС-ийн ахлах ангийн оюутан байх үеэс тоглохын хажуугаар Жагаа, Энхбаатар, Батнасан болон дүү Дөлбадрах, Ховдын Доржсүрэн, Говь-алтайн Бөхөө, Эрдэнэтийн Эрдэнэбаяр, Оюунчимэг, Оюун-Эрдэнэ Өвөрхангайн Чуба Сүхбаатарын Цасаа нарыг бэлдэж, ур чадварыг нь дээшлүүлж, тэмцээн уралдаанд дасгалжуулж байв.
Ингээд УБИС-ийг 1995 онд төгслөө. Зах зээлийн хүндхэн үе үргэлжилж байсан тул ажилд ороход бэрх хэвээр. Ахмад теннисчин "Алдар " нийгэмлэгийн тамирчин байсан Батаа ах "НИК спорт клубт" орохыг зөвлөж, тус компанийн орлогч дарга Дашдондог намайг ажилд авсан. Миний үүрэг маш энгийн. НИК –ийн ажилтан албан хаагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах, тэдэнд ширээний теннисний спортыг таниулах чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд миний үүрэг оршиж байлаа.
Зах зээлийн шуурганд Монголын Ширээний Теннис нэрвэгдсэн ч, хараахан унтарчилгүй явж ирсэн нь Санжаа багшийн минь гавьяа зүтгэл. Амьдралынхаа 40 жилийг теннисний хөгжилд зориулсан Санжаа багш, Солонгос улсын иргэн Кан Ён Сунтай /Монгол нэр Гантуяа/ хамтран “СОЛМОН” клубыг 1992 онд 96-р сургууль дээр байгуулсан нь теннисчидийн хувьд цорын ганц гэрэл гэгээ болж байлаа. Улмаар Гантуяа багш Монгол улсад ширээний теннисний мэргэжилийн дасгалжуулагч хэрэгтэй байгааг Солонгос улсдаа дуулгаснаар Ази тивийн аварга Пак Жи Хиен гэр бүлийн хамт   1994 онд манай улсад ирж Санжаа багшийн клубт нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллаж билээ. Улмаар Пак багш Монгол улсад идээшин дасаж, хоёр ч охинтой болж, долоон жилийг Монголын теннисийг хөгжүүлэхэд зориулсан байдаг.
 
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ НОМИН КЛУБ 1997-98
 
1997 онд Англи улсын Манчестер хотод зохиогдсон ДАШТ-д оролцоод, монголчуудын адил амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор тэндээ нэг жил орчим ажиллаад эх орондоо ирсэн. Тэгэхэд, Санжаа багш маань чөлөөнийхөө амралтанд сууж, өөрийн хамтран байгуулсан ширээний теннисний МОНСОЛ клубыг цааш үргэлжлүүлэн авч явахыг надад санал болгож байлаа. 1998 онд Япон улсад зохиосон Азийн АШТ-д Пак багш болон Номин ХХК -ийн захирал Шагдарсүрэн гуайтай хамт явж, буцаж ирээд Номин клубыг байгуулсан түүхтэй. Номин ХХК маань хэдэн сайхан хаалт хийж өгөөд, амласнаа биелүүлэлгүй, чимээгүйхэн алга боллоо. Энэ хүнд үед Гурван Гол ХХК-ны захирал, теннисэнд сэтгэлтэй Бэхбат ах заалны түрээсийн төлбөрийг хэсэг хугацаанд төлж бидэнд үнэнхүү тусыг хүргэсэн.
Спортын заал талбайг нэлэнхүйдээ баар цэнгээний газар, худалдаа үйлчилгээ түрээсийн танхим болж байсан тул түрээслэх заал танхим олдохгүй. Пак багшийн хамт олон ч заалыг зорьсондоо. Тамирчид, хүүхдүүдээр хэдэн ширээгээ байнга зөөлгөж, Хоршоолол нийгэмлэг, 96 ,72, 40 дугаар дунд сургууль, Төмөр замын Коллеж, Дулааны гуравдугаар Цахилгаан Станц, эцэс сүүлд нь 19 дүгээр хорооллын ЦЕГ-ын Аввто баазийн зааланд байрласан. Цэвээнлхаасал даргатай энэ зааланд нүүдлээ төгсгөж билээ. Тус клубт БТДС-ийг дүүргэсэн Эрдэнэт хотын дүү Х.Эрдэнэбаяр /Эба/, Улсын аварга хамгаалагч О.Лхагвасүрэн нар хамтран багшилж байгаад амьдралын шаардлагаар Эба Англи улсыг. Лхагваа Япон улсыг зорьж билээ.
 
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ СТАРС КЛУБ /ЦЕГ-ийн Авто Бааз/1998-2005
 
Байнга заал хэсэх. Пак багшид маань ч амаргүй байсан байх. Харийн газар нутагт хүний хүн ширээний теннисний спортыг хөгжүүлэх гээд зүтгээд л байдаг. Тогтсон байр савгүй, нэг төгрөгний ч цалингүй. Бүх зардлаа өөрөө хариуцна. Ийм байдлаар 6 жилийг Пак багш маань Монголд өнгөрөөсөн. Пак багшийг ч Солонгосын ширээний теннисний холбоотой Иемен улсын шигшээ багийг удирдуулахаар томилсон. "Монсол клуб"-ээс үлдсэн зургаан ширээний гурвыг Гантуяа багш, үлдсэн гурвыг надад хуваарилсан. Багш маань явж, миний бие теннисний гурван ширээтэй л үлдсэн нь тэр. Манай гэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн хажууханд . Гэрийн цонхоор ЦЕГ-ийн Авто баазын хашаан доторхи спортын хоёр давхар заал харагдана. Заалны эрэлд байнга хатдаг миний бие тус Авто баазийн удирдлагыг зорьсон. Авто баазийн дарга Цэвээнлхаасал гуай миний саналыг нааштай хүлээж авч, түрээсийн гэрээ хийж, цонхоор харагдах зааланд хөдөлшгүй долоон жилийг өнгөрөөсөн нь аз жаргалтай он жилийдэд багтана, Авто баазийн зааланд Старс клубыг байгуулахад Хүн Од ХХК-ны захирал Т.Лхагвадорж, түүний дүү Лхагваа , МҮОНТ-ийн захирал Ц.Энхбат,/Улсын аварга Лхагвасүрэнгийн аав/ ГЕГ-ийн дарга Т.Лхагваа, Эрчим хүчны яамны Энэбиш, /ОУ-н шүүгч Мөнхбилэгийн аав/ , Хасу Мегастарс ХХК-ны ерөнхий нягтлан Т.Дэлгэрмаа /Улсын аварга Алтантулгын ээж/ нар мөнгөн хуримтлал үүсгэж /500 мянган төгрөгөөр/ би өөрийн байгаа З ширээгээ нийлүүлж ширээний теннисний Старс клубыг байгуулав. Эдгээр ширээний теннисэнд хөрөнгө мөнгөө өгсөн хүмүүсийн хүчээр Старс клубээс Оч клуб байгуулагдах нөхцөл бүрдсэн юм. Тус клуб нь зах зээлийн зарчмаар бие даан гадаад харилцааг сайжруулж спортын хэрэгсэл материал оруулж ирэн худалдаалж өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажиллаж байв. Түүнээс үлгэр дууриал аван Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт олон арван клубүүд бие даан байгуулагдаж эхэллээ. Тус клубээс улсын аварга Б.Баярмагнай, Б.Батхишиг , Э.Лхагвасүрэн, Л.Алтантулга , З.Төрболд, Ч.Номин-эрдэнэ, Б.Энхжин, О.Лхагвасүрэн, өсвөрийн Улсын аварга А.Зүч, Б.Баатарсүрэн, Ц.Золзаяа, С.Оргил, Б.Буянбат, Мөнх-оргил, Э,Мөнхбилэг, Төрсайхан нар төрөн гарч Т.Энхтөр Я.Бэгз, Б.Содболор, О.Бадамцоо, Ц.Оюун-Эрдэнэ Ц.Наранцацралт нарын шилдэг тамирчид бэлтгэлээ хийн тив дэлхийн тэмцээнд хүчээ сорьцгоож байв. Ардын армид насаараа , цэргээс нь авахуулаад дарга байсан П.Гантөмөр ах Старс болон Оч клубын туслах багшаар олон жил ажиллаж арийн албыг найдвартай авч явсаныг дурдая.
 
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ОЧ КЛУБ 2006-
ЦЕГ-ын авто баазийн зааланд бэлтгэл сургалт хийж байхад багын теннисчин, МШТ Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  О.Чулуунбат  АНУ-аас ирж Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдон авто баазийн зааланд ирж Бэгз, Төрөө бид гуравтай байнга хуйцай тоглон хөлс гаргаж ажлын стрессээ тайлна. Чука ах маань теннисэнд үнэхээр дуртай цагаан сарын шинийн нэгэнд хүртэл золгонгоо зааланд ирж теннис тоглон хөлс гаргадаг байлаа. Би ч зовлон жаргалаа дэлгэж, олон арван заал хэсэж бэлтгэл сургууль хийж байгаагаа тайлагнасаар өөрийн гэсэн клубтэй заалтай болохыг Чука ахад ятгаж дөнгөв. Энд тэнд зарах заал танхим, дэл сул обьект мэдвэл надад дуулгаарай гэж нэг удаа ам гарав. Нэг өдөр Старс клубыг байгуулалцсан Хүн Од ХХК-ны захирал Т.Лхагвадорж ах хотын төвд заал обект зарна гэсэн зар явж байгааг хэлж утасны дугаарыг надад өгөв. Тэр үед тус обектын эзэн Жаргалсайхан зарна гэсэн зар өгөөд нэлээн хэдэн хүн авахаар үнэ хэлж нэг солонгос нөхөр диско цэнгээний газар байгуулахаар авах гэж байгааг би сонсож спортын байгууламж спортын ордоноороо үлдвэл зүгээрдээ миний ард найдвартай хүн байгаа гэж обьектийн эзэн Жаргалсайханд хэлсэнээр Чука ахтай уулзан гэрээ хийн хөрөнгө мөнгө гарган Оч клубыг байгуулав. Засвар өргөтгөлийн ажлыг Ганзориг захиралтай Нийслэл Өргөө ХХК-аар хийлгэж заал доторхи хэрэгсэл материалыг Омбоо бид хоёр урагшаа Хятад руу явж зааланд шаардлагатай бүхий л зүйлийг авчрав. Талийгаач Омбоо маань заал босгоход аж ахуйн тал дээр маш их зүйлийг өөрөө гардан хийж, тусалж билээ. Заалны будаган резинэн шалыг Хятадаас мэргэжилтэн авчран манай үеийнхэн бүгдээрээ л заалтай болох сургаар баярлан Омбоо, Мөнхням, Төрөө, Амраа, Болдоо нар ханцуй шамлан орж хийцгээж байлаа.
Ийнхүү заалтай болсоноор ширээний теннис тоглодог бүх л тамирчид сонирхогчид баярлан баяр хүргэж магнай тэнийж байв. Тамирчдын бэлтгэлийн цаг уртсаж амжилт сайжирж байлаа. Хувьсгал хийх хэцүү улсаа төвхнүүлэх бүр хэцүү гэдэг шиг заалны цахилгаан дулаан ус бусад төлбөр тооцоо гарч анхандаа нэлээд тэвдэхэд хүргэв. Босгоод өгсөн юмыг дахиад урсгал зардал гарч байна гээд хүнээс гуйлтай биш дээ. Сургалтыг төлбөртэй болгож, албан байгууллага, хувь улсуудад цаг өгөх, тэмцээн уралдаан зохион байгуулах, төлбөртэй чөлөөт тоглолтыг  тогтмолжуулах хэлбэрээр зардлаа хааж эхлэв. Ийнхүү урсгал зардалаа хаасаар хөрөнгө мөнгө гаргаж клуб байгуулсан хүндээ бага гэсэн ачийг нь бодож хэдэн төгрөг гаргаж өгөхийг хүсэх болов.
Тус клуб нь олон улсын хэмжээний мастер Т.Алтантулга, Э.Лхагвасүрэн, Т.Энхтөр, Б.Батхишиг нараас өгсүүлээд Монголын ирээдүй үеийн төлөөлөл болсон Ч.Номин-эрдэнэ.Б.Мөнгөнцэцэг, Н.Саруул, Б.Оргил Б.Энхжин,Б.Индра Ч.Саруулсайхан. Б.Мөнхоргил  Б.Баатарсүрэн, Б.Анх-эрдэнэ, Ч.Эрдэнэбаяр, Ж.Мөнхзориг, Г.Чулуудай, Б.Ундрам, Б.Мөнхнаран, Б.Болор-эрдэнэ, Ө.Балжинням нарын амжилт ялалтын суурийг тавьсан. Тус клубээс насанд хүрэгчидын улсын аваргыг Б.Батхишиг есөн удаа, Э.Лхагвасүрэн, Л.Алтантулга нар тус бүр дөрвөн удаа, Б.Содболор хоёр удаа, З.Төрболд, Ч.Номин-эрдэнэ, Б.Болор-эрдэнэ, Ө.Балжинням нар тус бүр нэг удаа  Улсын аварга болоод байна
Оч клуб нь тамирчид бэлдэхийн зэрэгцээ клубээр дамжин олон тамирчид дасгалжуулагч нар ширээний теннисний мэдлэг дасгалжуулагчийн заах арга туршлагийг сургаж бие даан клуб байгуулж амжилттай ажиллаж байна.
 
Нэг: ОУХМ Галбадрахын мэргэжил дээшлүүлсэн байдал:
 
- 1989-1995 онд Улсын Багшын Дээд сургуулийн харьяа БТДС, багш дасгалжуулагч                                      
- 2004 Олон Улсын шүүгчын курс /Улаанбаатар хот/                                                                    
- 2006 Дасгалжуулагчын курс /Хятадын Чанчун хотод/                                                  
- 2007  онд Олон Улсын Ширээний Теннисний Холбооны шугамаар дасгалжуулагчын 1-р ангилалын курс  /Улаанбаатар хот/
- 2011онд  МҮОХороо, Олон Улсын Олимпын Хорооны тэтгэлгээр БНУнгар улсад ширээний теннисний дасгалжуулагчын олон улсын сургалт, семинар.т
 
Хоёр: Тамирчны карьер ба ажилласан туршлага:
 
1984 оноос эхлэн ширээний теннисний спортоор Санжмятав багшын удирдлага доор эхлэн хичээллэж эхэлсэн.
1986-1990 улсын 1, 2-р шигшээ багт тамирчин
1995-1996 онд “Ник” спорт клубт дасгалжуулагч.
1997-1999 онд БНСУ-ын иргэн Ази тивийн аварга Пак Жи Хиёнтэй хамтран ширээний теннисний “Номин” клубыг байгуулан захирал, дасгалжуулагч
1999-2005 он хүртэл “Старс” клубыг байгуулан захирал дасгалжуулагч
2006-2007 он МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
2005 оноос одоог хүртэл МШТХ-ны ерөнхийлөгч О.Чулуунбат санаачлан байгуулсан “Оч” төв клубыг хамтран байгуулж гүйцэтгэх захирал, дасгалжуулагч
2008 оноос Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч
2012 оноос Чингэлтэй Дүүрэгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч
2014 оноос одоог хүртэл МШТХолбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:galaa bagshdaa ulam ih amjilt husie 2019-11-30
Osoroo:Saihan dursamj baina. amjilt husie 2019-12-01
Эрдэнэсувд:Монголын ширээний тeннисний хөгжил түүх тантай минь салашгүй холбоотой шүү. Амжилт 2021-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?