"СТАРС" КЛУБ БОЛ МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ "ОЧ" ТӨВ КЛУБЫН ХӨГЖЛИЙН СУУРИЙГ ТАВЬСАН

2019-11-30  

Монголын Ширээний Теннисний өнөөгийн хөгжлийг Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын АШТ-ий арванхоёр удаагийн финалист С.Галбадрах мастергүйгээр төсөөлшгүй юм. Ширээний Теннисний түүхэнд Монгол улсын гурван удаагийн аваргаар цоллогдоод зогсохгүй, теннисний хөгжлийн "аврагч" хэмээн алтан үсгээр бичигдэх эрхтэй эрхэм юм. Ширээний теннис нийгмийн хөгжлөөс " орхигдон гээгдэж", теннисчид " орох оронгүй" хэсүүчилж явах 1998 онд С.Галбадрах Ширээний теннисийг хөгжлийг тасалдуулалгүй авч үлдэх зорилгоор "Номин" клубыг анхлан байгуулж, Төмөр замын дээд сургуулийн спорт заал, түүнээс дамжин Замын Цагдаагийн газрын Авто баазын спорт заалыг түрээслэн ажиллуулж теннисчидийг, сонирхогчдын хамт нэг дээвэр дор нэгтгэж чадсан гавьяатай. С.Галбадрахыг дэмжиж, тус "Номин" клубыг Өмнөд Солонгосын багш Пак Жин Хён хамт хамтран ажиллуулж байсан нь тухайн үед клубын нэр хүндэд эерэгээр нөлөөлж, өнөөгийн шилдэг теннисчид төрөн гарах бааз суурь болсон гэж хэлж болно. Миний бие ч хүү Лхагвасүрэнгээ С.Галбадрах багшид 1999 онд шавь оруулж, өөрөө ч заваараа теннис тоглож эхэлсэн нь Монголын ширээний теннисний хөгжилтэй өнөөг хүртэл уягдсан бас нэгэн учиг болсон гэж санадаг.


Мэдээж бүх зүйл " по маслу" гэж оросуудын хэлдэг шиг дардан байгаагүй. "Гээгдэж " байсан теннис эргэн сэргэх тэр цаг үед Гадбадрах багшийн гол хамтрагч Пак багш нутаг буцсанаар клубын ирээдүй ч бүрхэг болсон. Тодорхой санхүүжилт хариуцаж байсан Пак багшийн орон зай сургалт, санхүүгийн аль алинд нь үгүйлэгдэж эхэлсэн байдаг. -Заалны түрээсээс өгсүүлээд бий болсон санхүүгийн бэрхшээл нь шинэ тутам клубыг хаалгаа ч барихад хүргэлээ гэж С.Галбадрах багш " зовлонг"-оо дурдсанаар теннисчидийн хэлээр " хууцайчид" буюу хэсэг сонирхогчид, ид теннисээр хичээллэж байсан зарим хүүхдийн эцэг эхчүүд нэгдэн тус клубын цаашдын үйл ажиллагааг тасалдуулахгүй гэж шийдсэн нь " Старс " хэмээх нэгэн шинэ клубын үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй юм.


Өөрийн насныхан дундаа олон жил "хаанчилсан" " Хүн -од" компанийн захирал Т.Лхагвадорж, Лхагвадоржийн төрсөн дүү Т.Лхагва, тухайн үеийн Гаалийн ерөнхий газрын дарга Лхагваа, С.Галбадрах болон Галбадрах багшийн гурван шавийн эцэг, эх болох Ц.Энхбат ( Лхагвасүрэнгийн аав), Дэлгэрмаа ( Алтантулгын ээж), Энэбиш ( Мөнхбилэгийн аав) бидний долоо нэгдэж, хүн бүр тухайн үедээ 500,000( таван зуун мянган ) төг нийлүүлж, клубын анхны санхүүжилтийг үүсгэж, клубын захирлаар С.Галбадрахыг , санхүүчээр нь Дэлгэрмааг томилж, сар бүрнээ хуралдаж, клубын үйл ажиллагааг тогтворжуулах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх талаар олон шинэ зүйлийг санаачлан, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж боддог. -Тухайн үед УБИС дээр "Ирээдүй" клуб, Амгалангийн дунд сургуульд Тэмүүжин захирал сургууль дээрээ клуб ажиллуулж байсан. Энэ тэнд хүч тарамдаж, олон клуб ажиллуулж байснаас хүчээ нэгтгэсэн нь дээр юм гэсэн нэгэн үзүүрт санаагаар бид санаа нэгдэж "Старс" клубыг байгуулсан гэж үүсгэн байгуулагчийн нэг Т.Лхагвадорж хожим дурссан байдаг.
Юуны өмнө заалны түрээсийн төлбөр, клубын багшийн цалин урамшуулал зэрэг тогтмол зардлыг хэрхэн нөхөх талаар хэлэлцэж, " байгууллагын теннисээр хичээллэх өдөр, цагтай" болгох гэрээ байгуулах, сонирхогчдын тоглолтыг ч төлбөржүүлэх, салбар байгууллага, хамт олны тэмцээн уралдааныг зохион байгуулах зэрэг арга замаар санхүүжүүлж болох арга замыг анхлан тодорхойлсон. С.Галбадрах багш бол тус клубын амин сүнс нь байсан. "Старс" клуб нь заал эзэмшигч биш , түрээслэгч учир клубын зүгээс санасан төлөвлөснөө чөлөөтэй хэрэгжүүлэхэд саад тотгор үүсэх, цаг авсан байгууллагууд сагс, гар бөмбөг, хөлбөмбөг тоглох үед ширээгээ хумих, эргүүлэн засах тэр бүрт ширээний их бие гэмтэх, хөл нь эвдрэхээс авахуулаад учрах саад бэрхшээл байнга гарч байсныг "Старс клуб байгуулсан долоон жилд Галбадрах багш даван туулсан. Аажимдаа "Старс "клубын үйл ажиллагаа жигдэрч, Замын цагдаагийн Авто баазын спорт заал нь ширээний теннисчидийн цугларлын, ширээний теннисний хөгжлийн төв болон хувирсан. Теннист дуртай олон хүн тэнд цугларна. Тухайн үеийн Монгол банкны дарга, спортын мастер Чулуунбат тоглохоор ирэх бүртээ Галбадрахын зовлонг хамгийн гүнзгий ойлгосон хүний нэг. О.Чулуунбат өөрөө теннисчин, теннисэнд сэтгэлтэй, теннисчиддээ элэгтэй хүн байсан. Дээр нь санхүүгийн эрх чөлөөг эдэлсэн түүний давуу тал нь Монголын Ширээний Теннисний ирээдүйн хөгжилд маш том түлхэц үзүүлсэн. Тэрбээр Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон, теннисний хөгжилд хамгийн үнэ цэн бүхий сургалтын баазыг барьж байгуулан, ашиглалтанд оруулж, тэр заалныхаа түлхүүрийг теннисэнд бүхий л амьдралаа, зүрх сэтгэлээ зориулсан Галбадрах багшид гардуулахдаа, теннисний хөгжлийг ч зөв хүнд нь давхар атгуулсан гэж бодогддог.
С.Галбадрах хүсэж мөрөөдөж байсан, зөвхөн теннисний зориулалт бүхий өөрийн заалтай болсноос хойш "толгойны өвчин" болж ирсэн түрээсийн төлбөрөөс өгсүүлээд олон " зовлонгоос" нэгмөр ангижирсан. Монголын Ширээний Теннисний Холбооны мэргэжлийн тамирчидын бэлтгэл сургуулилт, сонирхогчдын теннисээр хичээллэх заагийг "ОЧ" клубын үйл ажиллагаандаа зохистойгоор тусгаж, Монголын ширээний теннисчидийн төвийг ухаалгаар удирдаж ирсэн. "ОЧ" клуб үүдээ нээсэн анхны өдрөөс үр ашигтай ажиллаж эхэлсэн нь " Старс" клубын менежментийг шууд нутагшуулсантай холбоотой гэж дүгнэх үндэслэл бий.


Эргэцүүлэн бодоход, Монголын Ширээний теннисний өнөөгийн хөгжил ч өдий зэрэгтэй хөгжиж буйн гол гогцоо , амин сүнс нь С.Галбадрах багшийн тууштай сэтгэл зүтгэл, Чулаанбат агсаны бий болгосон Монголын ширээний теннисний " ОЧ" төв клуб юм. "ОЧ" клубын менежментийн суурь нь "Старс" клуб байсан гэж хэлэхэд сэтгэл өег байна. 2001-2006 оныг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлсэн " Старс" клуб "Номин" ( 1998-2001) -"ОЧ" ( 2006 -) клубыг холбосон залгаас болж, Монголын ширээний теннисний хөгжлийг тасалдуулалгүй авч гарч чадсан гэдгээрээ түүхэнд эерэгээр тэмдэглэгдэн үлдэнэ гэж бодохоор үүсгэн байгуулагч Лхагвадорж, Лхагва ( АНУ-д амьдарч буй), Лхагваа гавьяат, Энэбиш, Дэлгэрмаа, Галбадрах, миний бие Энхбат нар урамтай байдаг.
Монголын теннисний хөгжлийг С.Галбадрах багш, "Оч" клубээс салгаж бодох ямар ч боломжгүй юм.

 

"СТАРС" КЛУБ-ын үүсгэн байгуулагчид Т.Лхагвадорж, Т.Лхагва, Лхагваа( Гааль), Дэлгэрмаа, Галбадрах, Энэбиш нарыг төлөөлж дурдатгал бичсэн Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ta**** derek:Бид 3 хувийн хүүтэй зээл санал болгож байна. Төлбөрөө хурдан төлж, шинэ бизнес эхлүүлэх эсвэл төслөө 3% хямд хүүтэйгээр санхүүжүүлэхийн тулд хурдан, тохиромжтой зээлийг аваарай. Зээлийн оноо бага, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас дэд зээл авах асуудалтай тулгардаг уу? Манай байгуул****ас зээл авах боломж энд байна. Бид дараахь болон бусад зорилгоор хувь хүмүүст зээл санал болгодог. Хувийн зээл, бизнес өргөжүүлэх, бизнес эхлүүлэх, сургалт хийх, өр нэгтгэх, хатуу бэлэн мөнгөний зээл. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо бариарай :: (trustfundfinance01@gmail.com) (trustfundfinance01@gmail.com) (trustfundfinance01@gmail.com) 2019-12-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?