А.РАГЧААСҮРЭН: ХИЧЭЭЛЭЭ ХИЙ

2019-11-30  

Хичээл ном уу, охид хүүхнүүд үү?
Ийм сонголтыг багш нь шавьдаа тавьжээ. Сургуульдаа ирээгүй оюутнаа нас нь залуу юм гээд багш нь олон удаа өршөөв. Гэвч эцэстээ тэвчээр нь барагдаад өөрөө очиж халуун хөнжлөөс нь суга татан авч яваа нь энэ. Багш шавь хоёулаа эртний соёлын өлгий Грекийн суутнууд. Багш нь их эрдэмтэн Сократ,  шавь нь Афины цэргийн жанжин Алкивиад. Эр зоригтой үзэсгэлэн төгөлдөр залуу Алкивиадын  бие, ухаан тэгш хөгжихөд багшийнх  нь эрдэм гол нөлөөлсөн. Сократын ачаар шавь нь улс төрийн өргөн мэдлэгтэй, уран илтгэгч, урлаг гоо сайхны мэдрэмжтэй болж төлөвшижээ.

Гэвч утга учиргүй зугаа цэнгэлд хэт автвал түүнээс хүчээр гаргах хэрэгтэй гэдгийг багш үзүүллээ. Хирээс хэтэрсэн баяр жаргал тархи оюуныг мунхаруулна гэж гүн ухаантан Сократ “Ёс зүйн үндэс” сургаалдаа айлдсан юм. Орон дотор байсан хоёрыг салгаж байгаа багшийн харц ширүүн шийдэмгий. Шавь нь багшдаа дуулгавартай нь аргагүй хөтлөгджээ. Гэвч хүүхний хүзүүн дээгүүр тохоостой гар нь тун ээдрээтэй. Хархүүгийн хажуу бөөрөнд наалдсан бүсгүйн булбарай бие тийм ч амархан хөндийрөх шинжгүй. Өрөөний шалан дээгүүр тарж бутарсан сарнай цэцгийн дэлбээ, гүцтэй ундаа, бүсгүйн толгойноос мултран хивсэн дээр унасан цэцэгэн эрхи гээд дор бүрнээ утга учиртай олон юмс ихийг өгүүлнэ. Залуу баатрын хөсөр хаясан илдны бариул цухуйн харагдах нь байдлыг бүр ч хүндрүүллээ. Ийм байхад багш гэнэт орж ирэхээс ч яахав. Энэ уран зургийг Францын зураач Жан Батист Рено 1785 онд зурсан юм. Хичээлээ хийгээрэй хөвүүн минь, охин минь чи ч ялгаагүй. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?