БАРУУНТАЙ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ /Алтай Таван Богд сүүлийн хэсэг/

2019-12-07  

Рашаан булгийн Ховд нутаг.Аймгийн төвд арваад километр дөхөөдхар зам дээр гараад ирэв. Баян-Өлгий аймагтай холбосон шинэ төв зам энэ юм. Аймгийн төв рүү ойртох тусам замын хажуугаар тарьсан мод бут элбэг болж байв. Ногоон Ховд болох хөтөлбөрийнх нь эхлэл юм байх. Аймгийн төв нь ч Ховд нэртэй. Ховд хот руу орохоос наахнатай хад хавцал болсон том улаан уулын дэргэд манай цуваа түр зогсов. Зогсоолд нь олон арван машин байршчихаж. Хүн зон ч энд олон байв. Замаас доош бууж гол ус руу  очдог зөрөгтэй юм. “Нутгийн рашаан амсуулна аа...” гээд Аагий сайд биднийгээ тэр зөргөөр дагуулав. Их үдийн халуун эхэлж буй энэ үед хүйтэн булгийн рашаан ус хүртэнэ гэдэгнь хол зам туулж ирж буй бидэнд таатай байлгүй яахав. “Улаан богоч”-ын рашаандээр бид ирээд байгаа юм байна.Ундарга сайтай сайхан рашаан булаг юм. Булгийн эхийг ч аятайхан хашаалаад хамгаалчихаж. Нутгийн зон олон энэхүү рашаан усаа ихэд дээдэлдэг нь энд байрлуулсан ухуулгын самбар, том том үхэр боржин дээр бичсэн зураг бичээснээс бүр ч илүүтэй мэдрэгдэж байлаа.

“Дэлхийн ус элбэг ч

Дээдлэн хүсэх сэтгэлдээ

“Улаан богоч”-ийнхоо усаар

Цангаж явна даа би”хэмээх дөрвөн мөр бидэнд ихэд таалагдав. Энэхүү дуулалыг бичсэн шаргал боржин дээр бяцхан хоёр охин гарчихсан гар даллан байсан нь нутаг усандаа, энэ алдарт рашаан усандаа хүн зоныг даллан дуудаж буй мэт, эсвэл рашаан усаа хайрлан хамгаалахыг түмэн олонд уриалж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Энэ агшныгнь амжиж зурагласандаа би ч бас баяртай байлаа.

Ховд руу орж ирж буй нь ч, бас баруунтаа зүглэж буй аян замынхан ч энд түр саатаж “Улаан богоч”-ийн рашаанаас хүртээд явдаг уламжлалтай аж.

Дуутын хавцал, “Нэвт”-ийн рашаан. Ховд хотын нэгэн зоогийн газарт Аагий сайдын садан, аймгийн захиргааны газрын дарга Д.Энхболд гэх бөх байрын бахим залуу манайхныг хүндэтгэж хоол унд болов. Алба ихтэй болохоор амралт руу явж чадахгүйдээ Аагий ахдаа хүлцэл өчөөд биднийг Ховд хотоос зайдуу даган үдэж Дуутын амралтын замыг зааж өгсөн юм.Зам ер нь бартаатай талдаа.Нүцгэн хар, хүрэн уулсыг дамжиж дамнан хад чулуу сүлжин давхицгааж байв. Заримдаа цавчим хавцал уруудаж өгсөнө. Нэг өндөр давааг өгссөөр оройд нь гарч ирлээ. Замаас холгүй газраас ургасан хүрэн бор хадан цохио харагдав.Архангайн Тайхар чулуутай тун ч төстэй юм. Аагий сайд багадаа энэ хавиар хурга ишиг хариулж энэ хад руу авирч явлаа гэв. Тэр оцон хад нь миний бага балчиртаа авирч эргэн тойрноор нь гүйж харайж өссөн Хяргасын төвийн доохонтойх оцон хадтай тун адилхан юм. Бага насаа дурсаж хажуухантай нь зургаа авахуулаад замаа хөөцгөөв. Дуутын амралт нь өндөр сүрлэг уулстай, цавчим хадан цохиотой, рашаан булгуудтай үзэсгэлэнтэй сайхан газар оршдог юм байна. Үдийн нар уулын цаагуур хараахан ороогүй байхад бид тус амралтад хүрч ирцгээв. Ховд аймгийн Манхан, Буянт, Дуут гээд нилээд хэдэн сумыг хамарсан нэгдэл дундын рашаан амралт байсан газар аж. Аагий сайдын арван жилийн нэг ангийн хоёр найз нь түүнийг нутагтаа ирж энд хамтдаа амаръя гэж урьсан юм билээ. Социализмын үеийн барилга байгууламжийн өнгө төрх, ул мөр бас ч гэж хэвээр үлдэж. Амралт руу орох хаалганы хавьд сарлагийн бухын саарал шавран баримал биднийг угтаж байлаа. Хажуух бага шиг уулын хадан цохион дээр янгирын тэхийн хүрэн бор баримал бас харагдсан. Бидний нүдэнд ижил дасал болсон гуч дөчөөд жилийн өмнөх үеийн хийцийн дүнзэн байшин, цагаан тоосгон байр нилээд хэдтэй юм. Бас тэр үед амралт сувиллын газар болгон барьж байгуулдаг байсан нэг жишгийнзоогийн том шавар гэр нэг байв. Ахлагчийн маань ангийн анд найз Д.Жүгдэрбарам, Ү.Ганболд нар нь биднийг найрсагаар угтлаа. Манайханд тус тусад нь өрөө тасалгаа бэлдчихэж. Оройн зоогийн үеэр рашаан амралтын дарга даамлаар олон жил ажилласан Д.Баттулга гэх эрхэм амралтын газрынхаа түүх, өнөөгийн байдлыг танилцуулж яриа өрнүүлэв. Рашаан амралтын оршин буй энэ газар нь хад асга болсон хоёр том уулын хооронд юм. Баруун талынх нь уулс тэр чигээрээ цавчим хүрэн элгэн хад. Зүүн талынх нь уулс баргар хар саарал асга хэдий ч бас заримынх нь суга хормой хэсэгт харгана, бударга ногоорч харагдсан.Элгэн хадны наахнуур нэ уулсын урсах бага шиг гол яг амралтын байруудын хажуухнаар хоржигнон өнгөрөх юм. Голын хоёр эрэг нь өргөн ногоон зүлэгтэй. Уулын дээхэнтэй алсханаас харахад энэ зүлэг нь хар улаан хадан хавцалыг зээглэн чимсэн ногоон хивс мэт. Д.Баттулга эрхэмийн ярих нь энэхүү гол горхи нь тэр чигээрээ рашаан гэнэ. Уулын суга бүрээс өөр өөр төрлийн рашаан оргилдог аж. Маргааш өглөө биднийг замчлан рашаан ус амтлуулна гэв. Эднийх “Нэвтийн рашаан амралт” гэх албан ёсны нэртэй аж. Хэн яагаад ийм нэр өгчихсөнийг хэлчих хүн байсангүй, тайлал хийх гэж хэсэг яриа болов. Урт хадан хавцлын дундуур рашаан ус нь нэвт урсаад гарч буй болохоор “Нэвт” гэх нэр өгсөн байх гэж би таав. Зарим маань энэ рашаан ус биед чинь нэвт орж анагааж эдгээнэ гэх утгаар “Нэвт” нэрийг өгсөн байх гэж цэцэрхэв. Нутгийн хэд маань “Аль аль нь зөв тааж байна” гэж зочин болох бидэндээ тал засав. Бид энэ “Нэвт” рашаан амралтад хоёр хоноод, эндээсээ тус  аймгийн үзэсгэлэнт байгалийн бас нэгэн төлөөлөл болж алдаршсан “Дөргөн” нуурт очиж хоёр хоног амрах төлөвлөгөөтэй юм. Ахлагчийг маань аймгийн Засаг даргаар олон жил ажилласан Д.Цэвээнравдан урьсан гэх. Тэрээр одоо “Дөргөн” нуурын байгаль хамгааллын олон улсын нэгэн төслийн удирдагчаар ажиллаж байгаа юм байх. Энэ төслийн хүрээнд Дөргөн нуурын амралт нь “Дөргөн хатан” аялал жуулчлалын цогцолбор болон хөгжиж буй юм байна гэж ойлгов. Найз нөхрийн сайхан харилцаатай нь хувьд Аагий сайдад амралтаа ч үзүүлэх, бас гадаад харилцааны их туршлагатайнх нь хувьд бас ярьж зөвлөлдөх юм байгаа болоод түүнийг “Дөргөн”-ий тэр дарга уриа биз гэж бодогдож байлаа. Бидний хэдэн аялагчид өрөм хурууд, сүү цагаан идээ элбэгтэй өглөөний цай уучихаад амралтын даамал Д.Баттулга эрхэмийн удирдлага дор рашаан ус амтлахаар явган аялалд гарцгаав. Хэд алхаад л “Нүд”-нийх, “Тархи толгой”-ных гээд л рашаанууд цувж байв. Нүдний рашаан гэхэд л багахан чулуутай ногоон ширэг дундаас оргилж байх юм. Булгийн эхний нэг чулуун дээр нүдний гэх тодотголыг тосон будгаар тэмдэглэчихэж. Рашааны ид шид, түүнийг хүртэх “дом”, зааврыг Баттулга зөвлөх бидэнд тайлбарлаж өгөв. Над мэтийн манайхны нүдний шилтэнгүүд их л сүжиглэн байж “дом” ёслолыг нь үйлдэж рашаанаас амталж, зөвлөхийн зааврын дагуу нүдээ шавшицгаав. Нүд сайхан сэрүүцээд, хараа сайжраад явчих шиг санагдаж байлаа. Тархи толгойны рашаан хүртэхэд ч бас “дом” заавартай юм. Цаашаа хэсэг алхаад “Зүрх”, түүнээс холгүй “Бөөр”-ний рашаан гээд үргэлжлэх жишээтэй. “Дуут”-ын рашаанд энэ аймаг, орон нутгийнханаас гадна зэргэлдээх аймгийнхан, бүр нийслэлээс ч ирж амарч рашаан ус хүртэж буй хүмүүс олон гэнэ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй амрагчтай гэж Баттулга зөвлөх ярьж байсан. Биднийг ийн рашаан хүртээд явж байхад нутгийн амрагчид ч бас бидний адил рашаан хүртэж аятай тухтай амарч буй тухайгаа бидэнтэй хүүрнэж явцгаалаа. Баруун талын улаан уулын хадан хавцлаас гарч буй рашаан нь “Ходоод”-ных аж. Аяга аягаар л бид түүнээс хүртэж бас сав суулгандаа хийж авцгаав. 

Орой, өглөөдөө ийшээ ирж рашаан ууцгаана шүү гэж нэг нэгнээ бас уриалж байлаа. Ийн явган аялаж рашаандаж явтал Аагий сайд, бас Жүүгээ дарга, Ганболд нарт эргэлт ирж байх юм. Жүгдэрбарам гэх энэ эрхэм бол зохиолч, сэтгүүлч, эдийн засагч гээд олон мэргэжилтэй хүн. Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, зохиол бүтээлээрээ тус эвлэлийн шагналыг хүртэж байсан нэгэн. Шүлэг найраг, өгүүллэг, нийтлэлээрээ хэд хэдэн ном хэвлүүлсэн нэр төртэй зохиолч сэтгүүлч юм билээ. “Өнөөдөр” сонинд түүний бичсэн Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын өмнөх үгтэй өгүүллэг нийтлэлийг нь хоёр гурван сарын урьд уншиж байсан санагдаж байв. Ховд аймгийн орлогч дарга, тэргүүн дэд гээд л аймгийн удирдлагаар олон жил ажиллаж байсныг нь сонин хэвлэл, мэдээлэлд ойр байсны хувьд би ерөнхийдөө мэддэг байлаа. Наадмын үеэр Монгол Улсын Гавъяат эдийн засагч цол хүртсэнийг нь телевиз, сонины мэдээнээс сонсож мэдчихсэн байв. Бидний бас нэгэн дотно танил, Хотын Засаг дарга, Барилга Хот Байгуулалтын сайд байсан эрхэм Г.Мөнхбаярын авга ах гэдгийг нь хэнээс ч билээ нэгэнтээ сонсож байсан юмдаг. Тийм болохоор энэ эрхэмтэй би аль хэдийнээ эчнээ танил болчихсон байлаа. Харангуут л Мөнхбаяр сайдтай ч, түүний төрсөн дүү, бидний болон телевиз үзэгчдийн сайн танил Чоглоонамжилтай ч царай зүс, гаднах өнгө төрх нь тун төстэйг анзаарч явлаа. Аагий сайдын нөгөө найз Ү.Ганболд нь Ховд аймгийн Барилга контор, аймгийн Барилгын удирдах газарт насаараа удирдах ажил хийсэн нэгэн аж. Одоо ч хувийн барилга, сантехник угсралтын компанитай гэх. Ийм хоёр найз биднийг хүлээн авч хамтдаа рашаан ус амтлан аялаж явцгаав. Ийн “Нэвт” рашааны эхэнд рашаан усанд нэвтэрч явтал Дуут  сумын засаг даргаар сүүлийн хэдэн жил ажиллаж байсан Таванцэрэг гэх өвөрмөц нэртэй дунд хэр насны эр нутгийнхаа брэнд болсон “хулгар шар”-ын хорхогтой өөрийн дотны найз нараа эргэн ирж бид хэд голын эргийн сайхан ногоон ширэг дээр зээглэн сууж идээ будаа болцгоон хэсэгтээ тухлав.

Баруун гар талаас рашаан амралтын зөвлөх Д.Баттулга, Гавъяат эдийн засагч, зохиолч сэтгүүлч Д.Жүгдэрбарам, дөрөвдэх нь эргэлтийн идээ зоогийн эзэн Таванцэрэг, зүүнээс хоёрдахь нь Ү.Ганболд

     Таванцэрэг гэх нэрэндээ ихэд зохицсон мэргэн бууч гэж түүнийг нутгийн найз нар нь цоллож байлаа. “Хулгар шар”-д бол сум илүү гарздана гэж огт байхгүй шүү хэмээн Баттулга зөвлөх магтаал нэмж байв. Аагий сайдыг “Нэвт”-эд ирснийг сонссон нутгийнхан нь энэ мэтээр эргэлт хүндэтгэлээ үргэлжлүүлээд байх янзтай.Оройн хоолны үеэр Дуут сумын засаг дарга, тамгын газрын зарим түшмэл, сургуулийн захирал бүсгүй, сумын уран сайханч залуустай хүрэлцэн ирлээ. Ааруул хурууд, өрөм, хорхог гэх мэт дайллага цайллагынхаа идээ ундааг сумаасаа бэлтгээд ирцгээчихэж. Нутгаасаа төрөн гарсан элчин сайдтай тэд танилцаж идээ ундаагаараа дайлж яриа хөөрөө болж хэсэг сууцгаалаа. “Клубт нутгийн амрагчид цуглачихсан байгаа. Тэнд Аагий сайдыг, бас та хэдийг танилцуулж үдэшлэг уулзалт хийнэ, сум сургуулийн энэ залуус урлаг соёлынхоо тоглолтыг ч тэнд үзүүлнэ...” гээд Жүүгээ, Ганболд нар биднийг амралтын клубт урьлаа. Зоогийн гэрээс гарч тийшээ зүглэх гэж байтал манайхны хүүхэд багачуул шуугилдаад явчихав. Рашаан амралтын энэ хавь, уул хавцлыг дүүргээд баахан тэмээн сүрэг тэшээд ирж байх юм. “Нутаг усных нь тэмээн сүрэг хүртэл  сайдыгаа хүндэтгэх гээд  цуглаж байдаг байна шүү” гэж би наргиан болгоод зураг авах санаатай аппарат хэрэгсэлийн араас өрөө рүүгээ гүйв. Камераа олж аваад тэмээний араас ирлээ. Баримжаалахад гурван зуугаад тэмээ байх шиг.

Мөрөндөө сур эгэлдрэглэчихсэн мотоциклтэй залуу тэмээний араас хашгирсхийгээд давхиж явна. Зураг авангаа түүнтэй хэдэн үг солив. Манхан сумын тэмээчин Зоригоо гэв. Ойр тойрныхоо малчдын сүргийг өөрийн тэмээтэй хамтад нь Дуутын нутагт оторлуулаад одоо Манхан сум руугаа буцаж яваа нь энэ аж. Энэ хүрэн улаан хавцалыг хэсэг уруудаад нутгийнхаа зах руу орчихно гэж тэр хүү яриад тэмээнийхээ араас одов...

Амралтын бага шиг клуб дүүрэн хүн цуглажээ.  Ангийн найз Жүгдэрбарам нь Алтангэрэл сайдыг нутгийнхандаа намтарчлан танилцуулсан юм.  Нутгаас нь төрсөн нэртэй дипломатч, Монгол Улсын Гавъяат хуульч, Хууль зүйн ухааны доктор хүн гэдгийг тэрээр хэлж нутаг усандаа амрах гээд гэргийтэйгээ, бас найз нөхдөө дагуулаад ирж буйд нь сум орныхоо нөхдийнхөө өмнөөс баяр хүргэлээ. Дараа нь сумын уран сайхан ч залуус бяцхан концерт тоглож нутгийнхаа дипломатч эрдэмтэнд хүндэтгэл үзүүлэв. Манай ахлагч төгсгөлд нь талархлаа илэрхийлж нутгийнхаа уран сайханчдад өөрийнхөө болон хамт аялагсдынхаа нэрийн өмнөөс гарын бэлэг гардуулж амжилт хүсч сайн сайхныг хүсэн ерөөж байлаа. 

Сумын ардын авъяастан, хөөмийч Н.Дамдиндорж

      Дараа нь рашаан амралтын газрын ээлжит бүжиг танц эхлэж бид хэд амрагч олонтой хэсэг  бужигнаж дуу хуур болж байгаад амарцгаасан юм. Өглөөний цайнд орохын өмнөхөн Аагий сайдыг “Дөргөн”-өөс утсаар ярихаар дуудуулж байна гэв. Тус рашаан амралт нь аймгийн төв болон зарим сумд, “Дөргөн” амралттай хуучны утсан холбоотой аж. Ахлагч маань утсаар ярьчихаад цайндаа ирлээ. С.Бямбацогт тэргүүтэй Ховдоос сонгогдсон Улсын Их  Хурлын хэсэг гишүүд шинэ Үндсэн Хуулийн төсөл сурталчлах ажлаар аймагтаа ирээд одоо “Дөргөн” нуурт оччихсон байгаа аж. Тэднийг дагалдаж яваа аймгийн дарга нар, УИХ-ын Тамгын газрын ажилтан, гишүүдийн зөвлөх, туслахууд гээд олон хүн байрлаад бидний очих тэр амралтын өрөө тасалгаа, ор дэр хүрэлцээ муутай болж буй юм байх. Гэсэн хэдий ч Цэвээнравдан дарга нь “хүрээд ир” гэж байна гэнэ. Тэр их бужигнаантай амралт руу явж тэндэхийн хүмүүст ч, өөрсөддөө ч төвөг учруулаад яахав гээд “Дөргөн” явахаа цуцалчихлаа гэж Аагий сайд утсаар ярьснаабидэнд танилцуулж байна. Ингээд төлөвлөгөө өөрчлөгдөв. Өмнө нь ч Говь Алтай явах төлөвлөгөө өөрчлөгдөөд манайхны багийн гурван гэр бүлийнхэн гурав хоногийн дараа Ховдоос онгоцоор нисэхээр болчихсон байв. Баян Өлгийд унаа жолоодсон хүүхдүүд маань Улаангомоос онгоцоор буцчихсан болохоор би өөрөө жолоо барьж яваа. Ингээд л машинаа хаа нэгтэй орхилтой биш доогуур буцахаас аргагүй болсон юм. Төлөвлөгөө ийн өөрчлөгдсөн тул гэргий бид хоёр Ховд руу буцаад тэндээсээ зам мөрөө хөөх шийд гаргацгаав. Нутаг орны байдал, зам сайн мэдэхгүй хүн хол замд ганцаараа явна гэдэг эрсдэлтэй нь ойлгомжтой. Уул даваа сүлжсэн бартаа ихтэй замаар яасхийж аймаг буцна даа гэж санаа зовж байлаа. Тэгтэл ашгүй Жүгдэрбарамынхан оройдоо нийслэлээс ирэх зочин тосох ажилтай гээд Ховд руу буцах болчихож. Ингээд хань бараатай болж аваад санаа амар аймгийн зүг хөлгийн жолоо залав. 

Ховд руу хөдлөхийн өмнөхөн“Нэвт”-ийн улаан хавцлын өмнө

     Рашаан амралтаас хөдлөх замдаа өчигдрийнхөө бүх рашаанаас дахин амталж, нүд, тархи, зүрхнийх нь дом шившлэгийг нь ч бас үйлдэж уул усанд нь ерөөл хүндэтгэлээ илэрхийлээд замаа хөөв. Ховд нутаг бол ер нь рашаан булгийн орон юм билээ. Гол усаа ч ихэд хүндлэн дээдэлдэг хүн зонтой юм. Ус гол, рашаан булагаа шүтэн магтсан “Буянт” гол гэх алдартай дууг нь мэдэхгүй хүн ховор байх. “Ариун тунгалаг рашаан минь...” гээд л Ховд нутгийн алдарт дуучин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад хэмээх их хүн уянгалуулан дуулдаг даа... Иймэрхүү бодол сэтгэгдэл тээсэн шиг “Нэвт”-ийн рашаанаас буцаж явна.

“Цагаан чулуут”-ын малчин охин, сурагч Заяа. Гучаад километр давхиад билчээрт яваа хонь мал, хот айлуудтай тааралдаж эхлэв. Уг нь ганц хоёр малчинтай уулзаж  ярилцлага аваад ном сониныхоо тэмдэглэлд оруулчих хүсэл байдаг. Хүн дагаж яваа болохоор салаад давхичихаж болохгүй санаашрахаас хэтрэхгүй л явж байв. Уул даваа давж хэсэг давхиад гол ус, харгана бударганатай хөндий уруудаж явтал ямаа голдуу сүрэг хариулсан алаг морьтой охин тааралдлаа. Хурд сааж зогсоод даллав. Буянт сумын малчин В.Мөнхжаргалын том охинЗаяа гэнэ.Сумынхаа ахлах сургуулийн төгсөх ангид энэ жил дэвшин суралцах гэж буй юм байна. Хоёр дүү нь бас сурагч аж. Охины хувцас хунар, мориных нь эмээл хазаарын байр байдлыг харвал эднийхэн амьжиргаа сайтай айл бололтой.Гэр нь ч тэрүүхэнд голын цаахнатай харагдана лээ. Гадаа нь нийслэлийнхний “Амьжиргаа цагаан” хэмээн нэрлэдэгтэй төстэй нэг машин байна лээ. Нарны зай хураагуур ч босгоостой харагдсан. Хөдөөгийн малчин айлын байр байдал, өнгө төрх ер нь жигдхэндээ  иймэрхүү болж буй нь сайшаалтай. Заяагийн ярих нь эднийх дөрвөн зуугаад богтой, үүнээс гурван зуугаад нь ямаа аж. Хонь ямааны харьцаа хаа сайгүй л ингэж алдагдсан байх юм. Энэ харин харамсалтай...

Буянт сумын малчин В.Мөнхжаргалын охин Заяатай тус сумын нутаг “Цагаанчулуут”-ад ийн танилцав

Нутгийн нөгөөдүүл талийгаад өгчээ. Хэсэг давхиад Аагий сайдын багадаа хурга тугал хариулж явсан оцон хадтай тэр нутагт хүрч ирсэн чинь тэд тэнд хүлээж байв. Удаж төдөлгүй бид хэд Ховд хотод орж ирлээ. Хоёр найз гэргий бид хоёрыг аймгийн төвийнхөө солонгос хоолтой зоогийн газарт үдийн хоолоор  дайлж цайлаад дараа нь Хүнсний захаар оруулж Ховд нутгийн брэнд болох амтат тарвас авахуулав. Тэгээд л зочдоо үдэж өгдөг Овоот толгод дээрээ ирж бид хоёрыг үдлээ. Ү.Ганболд найз надаас нэхэн байж авсан номоо баяртайгаар барьж зургаа авахуулав.

“Баяртайгаар” гэхийн бас нэг учир байгаа юм. Ховдод уг нь би хоёр ном хадгалан байж ирсэн юм. Нэгийг нь эчнээ мэдэх зохиолч сэтгүүлч Д.Жүгдэрбарамд өгнө гээд эртнээс төлөвлөчихсөн байснаа тэр дагуу “Нэвт”-ийн амралтад уулзсан оройгоо түүнд гардуулсан. Нөгөөг нь “Дөргөн”-д биднийг хүлээн авах Д.Цэвээнравдан эрхэмд өгөхөөр  үлдээгээд байв. Аймгийн засаг дарга байсан түүнтэй нийслэлд найз нөхдийн зарим арга хэмжээн дээр тааралдаж танилцаж явсан болохоор номоо түүнд хадгалсан хэрэг. Ирсэнийхээ орой хэдэн үг бичээд Жүүгээд номоо өгсөн чинь “Надад номноосоо өгсөнгүй...” гээд Ганболд хэсэг гомдоллов. “Би хотод очингуутаа илгээчихнэ ээ” гэж ам өчиг өгөөд ч түүнийг тайвшруулж чадахгүй л явсан юм. “Дөргөн” явахааргүй болж Дуутаас хөдлөхөөр ачаагаа цэгцэлж байхдаа Ганболд найзад “Нэхэл хатуутай эрхэм анддаа...” гээд хэдэн үг бичиж номоо өгч түүнийг тайвшруулсан билээ. Миний ном их сонирхолтой, сүрхийд биш л дээ, ангийнх нь андын найз“юу биччихэж вэ” гэж сонирхсон номонд дуртай нэгэн уншигч л надтай таарсныхтэр байх. Номыг минь сонирхож нэхэл дагал болсон, бас рашаан амралтдаа биднийгээ сайхан хүлээж авч  амруулсан Ү.Ганболд, Д.Жүгдэрбарам нартаа найз нөхдийнхөө нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү нийтлэл хэвлэгдэхээс хэдхэн хоногийн өмнө эрхэм зохиолч, сэтгүүлч Жүүгээ маань өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлж таалал төгссөн нь тун харамсалтай. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь хувиасаа болон найз нөхдийнхөө нэрийн өмнөөс энэхүү нийтлэлээрээ эмгэнэл илэрхийлж байна. Тэнгэрийн оронд төрөх болтугай Жүүгээ маань

 

Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
77:Ra****aniig n savlaj ub zarmaar 2019-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?