Ерөнхийлөгч ээждээ зориулж Яармагийнхаа хашаанд шинэ байшин эхлүүлжээ. Тэднийх 1966 оны үерт урсаж сүйдсэн айлуудын нэг. Ээж нь Цэндбаяр охиноо тэврээд нэг гартаа тортой юм барьчихсан хашгираад л, аав Халтмаа гуай хоёр гартаа Баттулга, Баттуул хоёроо тэвэрчихсэн хоолой татсан усаар урсаж хүүхэд хашигарч ус самардан хариугүй живж явахад нь орос цэргүүд тааралдаж аварсан гэдэг юм. Тэгээд одоогийн энэ Яармагийн дэнж дээр гаргажээ. Гурван хүүхэдтэйгээ тавуулаа амьд гарах хувьтай байсанд баярлаж Яармагийн дэнжийг сүсэглэж явдгаа Должинсүрэн гуай ярьж билээ. Түүнчлэн “Монгол улсын гавьяат тамирчин энэ л хашаанаас төрж, хүүхдүүдийн минь бизнес эндээс цэцэглэж, төрийн сайд, УИХ ын гишүүн, бүр төрийн тэргүүн хүртэл манай энэ хашаанд өсч бойжсон болохоор энэ хашаандаа хайртай. Хэзээ ч битгий зарж үрээрэй. Аав нь ч тэгж захьсан юм. Манайх гэдэг айл энэ л хашаанаас өөдөлж, энэ хашаанд сайн сайхны эхлэл тавигдсан буянтай юм .“ гэж. Хүүхдүүд нь “Ээжид бид байр авч өгье. Халуун хүйтэн усгүй, гаднаа бие засах газартай, нүүрс түлдэг хэцүү шүү дээ ээж минь… Хотод байранд бай” гэхэд Должинсүрэн гуай “Хотод байранд очихоор агаар дутагдаад бүтэж үхэх гээд байдаг юм. Тэгээд ч энэ Яармагтаа дассан. Энэ сайхан газраасаа явахгүй. Гурван хүүхдээ өсгөж ханьтайгаа насан туршдаа амьдарсан энэ сайхан газраасаа явахгүй ээ. Надаас хойш битгий зарж үрээрэй ” гэсэн гэдэг юм. Ингэж л Халтмаагийнх гэдэг айлын үүх түүх Яармагтай холбогдсон байдаг.
Т.Хуншагай