"БАНК "ЭНХТУЯА (Хѳрѳг нийтлэл)

2019-12-12  

"Чингис Энхтуяа, "Банк Энхтуяад "За энэ бичгийг аваад "Ардын аж ахуйтны анхдугаар зөвлөгөөн" дээр маш яаралтай хүргэж өгөөрэй. Чухал бичиг шүү, алдав аа" гэлээ. Банк "хүүгээ аваад явах уу" гэж асуухад нь Чингис "тэгэлгүй яах вэ аваад яв" гэх яриа болов. Төд удалгүй хүүгээ эмээд нь "тавиул" болгож орхиод банк Энхтуяа маньтайгаа дөрөө харшуулж хөхөө өвлийн хүйтнээр, хөр цасны хайруугаар Хархориныг зорьж довтолгож явсан минь саяхных юм шиг л 1993 оны 12 дугаар сарын .... Ингээд зорьсон газраа аяны дөрөө мулталлаа. Цас будраад, салхи хүүгээд, жавар тачигнаад хүйтэн гэж. Аргагүй л Монголын эзэнт их гүрний нийслэл агаар салхи нь хүртэл өөр байж билээ. Захиа хүргэж очсон бид хоёр зочны ёсоор зүгээр суусангүй зөвлөгөөний бэлтгэл ажилд оролцов. Хархорин хотын радио узелээр зөвлөгөөний зарыг зарлуулах гэсэн чинь ажилтан нь удирдлагаасаа даалгавар авч, эсэргүүцэл үзүүлээд түгжээд зугтаад явчихсан тул бид өөрсдөө зараа хүргэх болов. Ц.Элбэгдорж, Банк Энхтуяа, өөр хэн билээ МоАХ-ны нэг нөхөр, миний бие МоАХ-ны цагаан фургонд суугаад, дундаа нэг цагаан хоолой барьж аваад л давхилаа даа. Хархорин хотын гудамж, байшин, хашаа хороо, хүн амьдарч, ажиллаж байгаа газар бүрт очиж цагаан хоолойгоороо хашхирч гарлаа. "Анхаараарай анхаараарай. Ардын аж ахуйтны анхдугаар зөвлөгөөн эхлэх гэж байгаа тул Та бүхэн өргөнөөр оролцоно уу" гэж хашхираад л зөвлөгөөнийхөө тухай танилцуулж явлаа. Сууж яваа фургоны цонх онгорхой, пааргүй. Цагаан хоолойгоо цонхоор нь гаргаж байгаад хэдэн цаг орилов оо. Зар түгээх гэж ёстой мөхөөлдөс болж билээ. Бүгдээрэнгийнх нь сормуус, хөмсөг цанатаад өвлийн өвгөн шиг хэдэн нөхдүүд, Энхтуяа бид хоёрын нус гоожоод хөлдчихсөн, гар хуруу бээвийж, зэвхий царайлаад, хоолой сөөчихсөн. Харин эрчүүд шийр заагаад гүргэр ингэж явж л ажлаа амжуулж, авч очсон захианы хэргийг гаргаж байж билээ Ингэж зар хүргэсний тусаар Ардын аж ахуйтанг анх үүсгэн байгуулагч, Ардын Их Хурлын депутат байсан Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын уулзалтад заал дүүрэн хүн цуглаж билээ. Тухайн үед "Ардын аж ахуйтан"-ы энэхүү зөвлөгөөн нь Монголын хоршоологчид, аж ахуйн нөхөрлөл, хамтын хүчийн нэн шинэ түүчээ байсныг түүх гэрчилнэ. Шинэ дэвшилт холбоо, Монголын Үндэсний Дэвшлийн Намыг байгуулагчдын дунд Ганболд нэртэн 17, Энхтуяа нэртэн 13 байсан билээ. Тэднийгээ хооронд нь ялгахын тулд ажил мэргэжил, үс зүс, ямар л онцлог шинж байна түүгээр нь тодотгож нэрлэдэг байлаа. Энэ хөргийн эзэн "Банк" Энхтуяа тухайн үедээ банкинд ажилладаг, нэр нь гараад байгаа "Чингис Энхтуяа" Чингис зочид буудалд ажилладаг байсан учраас ийм тодотголтой болоод одоо хүртэл нэрлэгдсээр явна даа. /Номын хэсгээс/

Д.Уранзул

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?