Бид ямар нийгэмд амьдарна вэ? Хүн хүнээ хайрлах сэтгэл хаачив? Хэдхэн хормын жаргалд ташууран үр хүүхдийг золиос болгох харгис дэндүү харгис эцэг эхчүүд зөндөө байгааг цахим орчинд нийтэлсэн энэхүү пост илтгэж байна.
2019.12.15 Өглөөний 11 цаг...
Ид шидийн уут 2019-2020 аяны 2 дахь өдөр. Бид бэлгээ тараангаа судалгаагаа хийж явсаар нэгэн айлд ороход 5 настай болон 3 настай ах дүү хоёр орон дээрээ хөнжлөөрөө хучсан байдалтай биднийг угтаж авсан юм. Гэр нь гаднаас ялгаагүй хүйтэн, түлсэн гал байхгүй, түлье гэсэн ч түлээ нүүрс байхгүй. Ахаас нь өглөөний цайгаа уусан уу гэхэд:
-Манайд идэх юм байхгүй (Идүүлчихмээр зүйл гэрээс нь хайгаад олсонгүй....)
-Өлсөж байна уу?
-Гайгүй ээ (5хан настай хэрнэ ийм хэрсүү)
-Аав ээж нь хаачсан бэ?
-Ажилдаа явцгаасан (Үнэндээ өөр зорилгоор өөр тийшээ явсан байсныг сүүлд мэдсэн)
Ахад нь бэлгийг өгөх гэтэл баруун гарт нь бага зэргийн шарх харагдав. Эргүүлээд хартал пийшинд наасан байсан ба шархны цэвэрлэгээ, боолт юу ч хийгдээгүй маш их хэмжээний бохирдолтой болчихсон, өвдөж байна уу? гэхэд ахын шийр зааж "Зүгээр ээ өвдөхгүй байна" гэж шүдээ зуун байж хариулж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Түүний мөрөөдөл нь цагдаа болох.
Учир нь: "Том болоод цагдаа болчхоод архи уудаг, хүн зоддог муу хүмүүсийг баривчилна" гэж шийдэмгий хариулж байсан нь маш их зүйлийг бодогдуулсан.
Өвлийн хүйтэнд алгын чинээ 2 амьтныг ийм хүйтэн, идэх хоол ч үгүй гэрт цоожлох ч үгүй орхиод явж байдаг яасан хатуу сэтгэл вэ? Хэн нэгэн ирээд хүүхдүүдийг нь аваад явчхыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.... Удахгүй идэр ес эхэлнэ, энэ 2 шиг хэчнээн бяцхан зүрх өмсөх дулаахан хувцас ч үгүй, идэх олигтой хоол ч үгүй, цоожтой хаалгыг нь тогших тоолонд хаалганы цаана хэн байгаа бол гэдгээс айж, хүйтэн хөнжил дотроо дагжин чичирсээр сууж байгаа бол гэдгийг бодохоос ч аймшигтай....
Өрөөлийн төлөө цохилох зүрх өр нимгэн сэтгэлтэй амьдрая хүмүүс минь .Хайртай хүмүүсийнхээ төлөө архи хэмээх хар уснаас татгалзая. Өнөөдрийн зөв үйлдэл маргаашийн хөрөнгө оруулалт.
Т.Хуншагай