24/7 СОНСОХ ХӨГЖМИЙН ЛИСТ

2019-12-21  

ҮҮРЭЭР  Boris-FLOOD

/зурган дээр дарж хөгжмийн листийг сонсоорой/

Drone metal, sludge metal, noise rock урсгалаар уран бүтээлээ туурвидаг Boris Японы хамтлагийг хамгийн хамгийн гэж тодорхойлж болох цөөн уран бүтээлчдийн нэг юм.Тэдний "Flood" цомгийг Улаанбаатарын шороотой хаварт яг тохирох хөгжим. Тийм ч учраас уг цомог психоделик урсгалаар уран бүтээлээ туурвидаг хэн бүхний хувьд жишиг болж чадах цомог. Хэрвээ хөгжмийн урсгалаас таны хайдаг, хүсдэг зүйл, таашаал, мэдрэмж чинь бусдын сонсдогоос өөр, тэгээд ч та шинийг илэрхийлэгч, ер нь хөгжим таны хөдөлгөх хүч бол "Boris"-ыг сонсоод үз. Гэхдээ энэ цоо шинэ өнгө, дуугаралт биш гэдгийг эртхэн самнуулчихъя. Учир нь тэднийг дууг сонсоод үзсэний дараа юу хэлж өгүүлэх гэснийг та ойлгох болно. Олон урсгалаар цомгуудаа бичүүлдэг, ингэхдээ Дугаралт болгон нь өөр өөр байдаг нь тэднийг хэт чадварлаг гэдгийг харуулдаг байх. Ташрамд хэлэхэд тэд Америкийн independent киноны нэрт найруулагч Жим Жармушийн "The Linits of Control" киноны хөгжмийн найруулаг дээр ажилласан. 

ӨГЛӨӨГҮҮР Young Galaxy-Shipeshifting

/зурган дээр дарж хөгжмийн листийг сонсоорой/

Харин өглөө сонсох дуу чинь хэтэрхий гунигтай эсвэл хэтэрхий хэмнэлтэй дуу байж болохгүй байх. Тэдний яг дундуур урсах хөгжим л энэ цагт хамгийн тохиромжтой. Dream поп урсгалаар тоглодог Young Galaxy хамтлагийн "Shapeshifting" өглөөний сэрүүлэгт яг тохирно. Диско хөгжмийг санагдуулмаар гитарын хэмнэл, төгөлдөр хуур, харь холын гэж хэлмээр хоолой шинэ өдөр ирэхийг санагдуулмаар.

ҮД ДУНД DJ Gramatik

/зурган дээр дарж хөгжмийн листийг сонсоорой/

Үд дундад хамгийн тохиромжтой нь бол Словен гаралтай продюсер DJ Gramatik байх. Бага наснаасаа хөгжимтэй амьдралаа холбосон тэрбээр хип хоп, жазз, sampling, dub, электроник гээд бүхий л урсгалыг нэгэн зэрэг бүтээлээ зэрэгцүүлж чаддаг нэгэн. Cold busted дуу хөгжмийн студитэй хамтран ажиллаж эхэлснээр түүний хөгжмүүд олны хүртээл болж эхэлсэн. Түүний анхны цомгийг "Street Bangerz Vol.1" -ийг хөгжим судлаачид beatport хэмээн тодорхойлсон ч тэр "Хөгжимд тодорхой оргил цэг, төрөл гэж байхгүй" гэж эсэргүүцсэн. Сонирхуулахад "Street Bangerz Vol.3" цомог нь Munk-ийн зарим нэгэнтэй нь адилхан сонсогдох боловч аль аль нэгнийгээ танихгүй, сонсож ч байгаагүй гэдэг. 

ИХ ҮД The ROOTS-UNDUN

/зурган дээр дарж хөгжмийн листийг сонсоорой/

"Undun" уйтгартай үг, хүүхдийн уйлаан, үхэл, төрөлтөөр эхэлнэ. Харин эргэж хөрвөөх нь төгсгөлийн эмгэнэлт хэсгээсээ эхэлдэг Францын кино найруулагч Гаспар Ноэгийн "Irreversible" киног санагдуулна. Гэхдээ энэ киноны эхлэл төгсгөл гэрэлд байдаг бол "Undun" тэр чигээрээ харанхуйд. Амьдралын хувь тавилангийн эргэцүүлэл гэж хэлж болно. The Roots хамтлагийн энэ цомгийг хип хоп хөгжмийн библи гэж өргөмжилсөн гэсэн яриа ч байдаг. Тус хамтлаг олон тооны цомог гаргасан ч энэ цомог шиг олны хүсэн хүлээсэн цомог болж чадаагүй гэдэг. Магадгүй тэдний гаргасан бүх цомгоос хамгийн хамгийн нь байх л даа.

ҮДШИЙН БҮРИЙД Balan Acab-Wander/Wonder

/зурган дээр дарж хөгжмийн листийг сонсоорой/

Тухайн өдрийг тодорхойлсон, тухайн цаг үеийн сэтгэл хөдлөлийг өөртөө шингээсэн тийм л хөгжмийг яг ийм мөчид илүү сонсдог байх. Гэхдээ юу юунаас илүү яг энэ цагт л хүмүүс гудамжаар илүүтэй алхдаг, алхах шалтгаан гардаг байх. Гунигтай, саарал, ганцаардмал, хүйтэн, бусдыг анзаарахгүй байхад чинь тус болох хөгжмийг санал болгож байна. Энэ бол witch house урсгалаар уран бүтээлээ туурвидаг Balam Acab. Түүний бүтээсэн "Wander/Wonder" цомог нь их ажлын дараа юу ч хиймээргүй, юу ч бодмооргүй болгож мэдмээр боломжийг танд олгоно.

ШӨНӨ Biosphere-Substrata

/зурган дээр дарж хөгжмийн листийг сонсоорой/

Өвлөөс илүү намар хүйтэн, намраас илүү өвөл гунигтай. Эргэн тойронд байгаа олонх хүн ямар нэгэн юманд хараалгуулчихсан юм шиг санагддаг болохоор тэгдэг байх. Өвөл бүгд бүгээд, үг хэл нь цөөрчихдөг. Тиймээс ийм улиралд өөртэйгөө үлдэх цорын ганц нь шөнө.Энэ тавгүйтлийг тайтгаруулж чадах нь ambient хөгжим байх. Эхлэл, төгсгөл үгүй тавгүйрхвэл, байж ядсан сэтгэлийн байдлаа чагнаж, нэг нэгээр нь эвлүүлж өрмөөр тийм үед Гейр Йенссэний "Substrata" цомог хамгийн тохиромжтой. Biosphere нэрээр өөрийн уран бүтээлээ бусдад хүргэдэг Норвеги энэ эр 1983 оноос гараагаа эхэлсэн юм. Түүний "Substrata" бол бүх цаг үеийн шилдэг ambient болсон. Мөн минималист урлагийн тогтсон дэг жаягийг эвдсэн гэж хэлэхэд ч болно. Гэхдээ сайн мууг нь сонсож байгаа хүн өөрөө л шийдэх байх. Ямартаа ч техник технологийн тусламжтайгаар бүтсэн түүний хөгжим тайтгаруулна, гуниглуулна, бодолд автуулна. Гэхдээ хэзээ ч аль алиных нь тунг хэтрүүлдэггүй юм шиг ээ. 

 

Ж.Сүх 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?