МАРК ТВЕНИЙ САДАН

2019-12-27  

“Дээрхийн ном шүнгийн утгыг тайлан   Дагсал хаялцаанд оройлон дэвшигчийг дага 

Их эрдэмтэн Заябандид Лувсанпэрэнлэйн ”Хос ёсны сургаал”-иас

Зуны намуухан орой голын хөвөөнд эрчүүд түүдэг асааж тойрон сууцгаах нь юутай жаргалтай. Голын цаадах уулын хэц дээрээс саран үүлгүй тэнгэртээ мишээн ханьсана. Ард маань зогсох морьд толгойгоо хаялан зөөлөн тургих чимээ бүдэгхэн дуулдана. Дэргэдүүр зөөлөн урсах голын уснаас загас хааяа үсрэн бөөрөлзгөнө үмхэх чимээ пол хийх нь үдшийн гэгээн аялгууг улам чимнэ. Яг энэ мөчид бидний яриа эхэллээ. Тэр ярьж эхэллээ. Цагаан үс бавгар сахалтай эрийн хуруун дахь навчин янжуур ямар урлагтай харагдана вэ. Ороомол бүдүүн тамхины нарийхан шингэн утаа угалзран түүдэг галын өтгөн утаатай нийлэн дээш хөөрч аажмаар замхарана. Тойрон суугаа эрчүүд ярианы амтанд ид автаж урагшаа дөхөн сууцгаалаа. Хаая нэг мод шатан чад хийх чимээ сонсогдоно. Голд загас үсрэхээ ч больжээ. Морьд харин яриа сонсоод чихээ сортолзуулан бүгд наашаа харцгаасан харагдана. Хөгжил наргиантай үгс хөвөрсөөр. Яриа улам халсаар оргил үе дээрээ ирлээ. Энд түүдэг галын дэргэд биш номын үйл явдал дунд бид орж явчихлаа. Тал дундуур зэрлэг мустанг морь унаж хурдлан давхилдах ковбой эрс, улаан царайтай индиан хүмүүсийн хөөцөлдөөн нүдэнд үзэгдэнэ. Морьдын хөлөөр боссон тоос үнэртэж саяхан гал авалцсан бууны амнаас утаа суунаглан дарь ханхаллаа... Тиймээ энэ номын амтаар биднийг ховсдогч бол Амарсанаа. Тэр биднийг ингэж татдаг. Түүний номын тухай яриа хэчнээн сонирхолтой гэж санана. Амараа харин хав хар халимаг үстэй. Тойрсон нөхдийн дүр төрхийг харвал  бид бас лав бишээ. Энэ миний зүйрлэл байв. Уран зурган дээр түүдгийн дэргэд халуун яриа өрнүүлж суугаа эрхэм бол Марк Твен. Америкийн адал явдалт уран зохиолын нэгэн ноён оргилыг эзэгнэгч. Түүний номуудыг бид сайн мэднэ. Том Сойэр, Гекелберри Фина гээд номын баатруудтай аль эрт танилцсан. Амараа Марк Твэн хоёр ном ярихаараа ав адилхан. Номын садан нөхөд нь Амараатай уулзах бүртээ түүний ярианы ид шидэнд өөрийн мэдэлгүй нэг л мэдэхэд автсан байдаг. Амараа одоо ямар ном ярих бол гэж бид хорхойсч тэсэн ядан хүлээх нь нэгэн жаргал билээ. Ном их гоё амттай. Номын амтыг мэдэрсэн хүн хорвоогоор аялаж өнгөрсөн түүх дурсамж сэргээн ирээдүй рүү зорчдог. Ном хүнд оюуны цэнгэл эдлүүлэн, ухаан санааг нь тэлэн баяжуулна. Номын амтанд биднийг оруулсан хүний нэг нь ийнхүү Лувсандашийн Амарсанаа. Цангасан тархийг минь оюуны хураар ундаалсан дүүгийн ачийг дурдаад баршгүй. Тэр бас уран зурганд дуртай. Уран зураг мэдэрч ойлгохдоо зүгээр л уншдаг. Тэр өөрөө ингэж нэрлэдэг юм. Энэ тухай хойно өгүүлнэ.  

ШАР ДАМДИНСҮРЭНГИЙН ГАЗАРЧИН

Амарсанаа газрын зургийн мэргэжилтэн, тэр тусмаа Монголынхоо газрын зургийг зуралцсан хүн шиг нэвтэрхий мэднэ. Ардчиллын удирдагч С.Зоригийн өвөө Оросын газар зүйн нэрт шинжээч Андрей Димитриевич Симуков 1934 онд “БНМАУ-ын газар зүйн зураг” бүтээсэн. Монголчууд түүнийг Шар Дамдинсүрэн гэж нэрлэдэг байсан юм. Энэ хүнийг Монгол нутгийг бүтэн эмжсэн хилийн дээс даган таван жилийн турш морь тэмээ унан заримдаа явганаар явж хилийн овоо босгон, шон тэмдэг тавьж тойроход нь Амарсанаа газарчинаар хамт явсан юм шиг үйл явдлыг нүдэнд харагдтал ярина. Монголын газрын зургийг шинээр зурж өгсөн гавъяаг нь үнэлэн Симуковт 1935 онд маршал Х.Чойбалсан өөрөө Алтан гадас одон энгэрт нь зүүж өгөхөд нь Амараа хажууд нь нүдэндээ баярын нулимстай зогсож байх байсан бизээ хэмээн бид төсөөлдөг. “Симуковын ногоон карт” нэрээр алдаршсан энэ газрын зураг Амараагийн ажлын өрөөнд арын хананд нь хадаастай. Энэ зургандаа их хайртай. Улсын хилийн наад цаадах газар нутгийг нэг бүрээр нь нэрлэнэ. Уул овоо гол горхи, нугачаа бартааг ч андахгүй хилийн манаанд зогсож байгаа юм шиг тоочино.  Монгол улсын газрын зураг эрт дээр үеэс эхлэн ямар үүх түүхийг дамжин хэрхэн яаж бүтээгдсэн сонин түүхийг ярьж өгдөг. Бүр зурагдаж хэвлэгдсэн он оноор нь хэлнэ. Хамгийн эхнийх нь л гэхэд 13-14-р зууны үеийн Монголын эзэнт гүрний газрын зураг байна. Испани улсад 1375 онд бүтээгдсэн “Каталоны газрын зураг” нэртэй. Монголын дөрвөн том хаант улсыг багтаасан хамгийн анхны газрын зураг гэж үздэг. Марко Пологийн тэмдэглэлээр үндэслэн зурагдсан маш бодитой зураг. Нэг зурагных нь хажууд тэмээн жингийн цувааг дүрсэлжээ. Доор нь “Алтан Ордоны Улсын хаан, Их хурилдайд оролцохоор явж байгаа нь” гэсэн тайлбар бичээстэй. Ямар сонирхолтой зураг гэж санана. Амараа дэлгэрүүлж ярихаар бүүр ч гоё. Тэгтэл зурган дээрээс эзэн хааныхаа өмнө тэмээ хөтлөн алхаж яваа Монгол дээлтэй туранхай эр бидний нүдэнд түрүүлж өртөнө. Тэр дороо л бүгдээрээ “-Өө энэ манай Амараа явж байна” хэмээн хөгжилдөнө. Нуруу туруу, зүс царай яг л Амараа дүрээрээ шүү.  Тэгэж байтал Лондон хотод 1903 онд хэвлэгдсэн Монголын газрын зураг гарч ирлээ. Дараагаар нь Богд хаант Монгол улсын газрын зураг гэж бас бий. Оросын элчин Коростовец, судлаач Котвич нар 1914 онд зурсан. Монголын тусгаар тогтнолд энэ хоёр Орос нөхөр ямар бодол санаатай байсан тухай сонин баримтыг Амараа л бидэнд ярьж өгнө. Дахиад нэг газрын зураг тун өвөрмөц. “Монголын газрын зураг” нэрээр 1917 онд хийгдсэн. Английн газрын зурагчин Стэнфорд Эдвард зурж Хятадад хэвлүүлжээ. Улсынхаа газрын зургийн цаг хугацааг наашлах тусам бид харьцуулж үзнэ. Одоо ямар байна вэ гэж жишинэ. Нутаг минь улам л багассаар иржээ. Хуучин зурагнууд дээр байгаа зөндөө газар өнөөдөр байхгүй. Үүнд л харамсана. Ингээд Симуковын газрын зурган дээр хүрч ирнэ. Монголын гадаад явдлын яамны сайдаар 1950 оны сүүлчээр ажиллаж байсан С.Аварзэд хил тогтоох төлөөлөгчдийн тэргүүн байхдаа Зөвлөлт Оросын талд Давст уулаа өгөхгүй гэж зүтгэж байсан домог болсон түүхэн үнэнийг Амараа л яг бодитоор нь ярина. Хэлэлцээрийн ширээний ард хамт сууж байсан юм шиг барин тавин хуучилах нь гайхалтай. Энэ сэдвийг элдэв илүү хэтрүүлэггүй сөхөхөд хүн бүр сандлаа дөхүүлэн Амарааг хүрээлж аманд нь орох шахан сонсоно. Хилийн гэрээнд хатуу бодолтой байснаасаа болж хамаг албан тушаалаасаа авахуулсан Аварзэд гуай хотын нэгдүгээр баазад жолоочоор очиж тээврийн тэрэг барьжээ. Хөдөө замд гадаадын жуулчидын автобус төөрөөд Аварзэд гуайтай таарч, зам асуусан гэнэ. Жуулчид дотор францын “Парис Матч” / “Paris Match” / сэтгүүлийн сурвалжлагч явж таарчээ. Тэр нөхөр сүүлд нь нутагтаа очоод “...Социалист Монголын хөдөөгийн нэг жирийн жолооч нь машиныхаа бүхээгт франц роман уншиж явах юм. Монгол хүмүүс тэхээр мундаг гэгээрсэн улс байх нь...” гэж сэтгүүлдээ бичжээ. Энэ бүхнийг бид Амараагаас л дуулж авсан. Аварзэд гуай жолооч болж байсан бол Амараа уурын зуухны галлагч хийж л байсан. Газрын зурагны хүмүүст адил юм их байх юм. Амараагийн өрөөнд очоод л баймаар. Даан ч үргэлж очиж ажлыг нь алдуулах боломжгүй.  

ХУЛАНТАЙ НУУР

“...Нуурын цаана дүнхийн харагдах өндөр хөх уулын цас, хормой бэлээсээ сэмрэн хайлсаар хяр дамжин цавцайх нь  цахлайн жигүүр мэт дэлгэгджээ. Усан мандлын эргээр нялх ногоон тал дэлгэсэн хивс шиг цэмцийнэ. Алсын цэнхэр хайрхан бүртийх ч үүлгүй гүн хөх тэнгэртээ ууссан нь нэгэн гайхамшиг. Тэгтэл зүрхний минь угаас газар тэнгэр, уул усыг хөглөсөн намуухан хөх аялгуу зөөлөн гэгч эгшиглэх нь тэр ээ. Холбоо нуурын наагуур эрэг даган унагаа дагуулсан хоёр хулан толгой өргөн давхина. Цээжин дундуур минь нэвт  дэргэн өнгөрөх хулангийн цагаан тоос үнэртэх ч шиг. Дотор сэтгэл гэнэтхэн огшиж өөрийн эрхгүй самсаа шархирлаа. Өлмий дээрээ өндийн босож хулан давхих талын тэртээ рүү саравчлан харахуйяа  нуурын толио, уулс гэмээр тэнгэрийн хөх хаяатайгаа ижилсэнхэн нийлжээ. Уг нь жижигхэн л хоёр нуурсан. Аяа, газар тэнгэр, хөх дэглий шиг уулс, хадган цэнхэр усны зэрэглээтэх аялгуу намуухан эгшиглэсээр…” Зураач Цүлтэмийн Энхжингийн бүтээл “Холбоо нуур” уран зургийг үзээд Амарсанаад төрсөн уран сэтгэмж хөвөрч байгаа нь энэ. Амараа ямар ч уран зургийг үзээд ингэж уншдаг юм. Холбоо нуурын зургийг тэрбээр анх харангуутаа хэн хүн нэг их анзаардаггүй жижигхээн дүрсэлсэн хуланг бусдаас түрүүлэн олж харж билээ. Сэтгэл зүрхний мэдрэмж нь энэ. Хоёр мянга арван оны эхээр миний номыг цүнхэндээ хийж аваад Америк явсан хүн гэвэл Амараа. Тив алгасан нисэхэд тээшинд ном мэтийн хүнд ачаа их дараа болдог. Гэв ч Амараа “Пикассо”-той хамт яваад ирсэн. Онгоцонд завчлан уншиж хамт явсан нөхөддөө уран зураг ярьж өгчээ.

ШАРЖИГНУУРТАЙ ЦАЙ

Амараагийн өрөөнд ороход шаржигнуур хийж дэвтээсэн халуун цайгаар дайлна. Шаржигнуур гэдэг нь нимгэхээн зүсэж хатаасан ааруул. Америкийн Мичиган мужид мянга есөн зуун онд үүссэн төмсний шаржигнуурыг чипс гэдэг. Амараагийн шаржигнуур зажилахад  шаржигнаж дуугарахгүй харин ч зөөлөрөөд амттай таатай гэж жигтэйхэн. Үүнийгээ өөрөө Монгол ширжигнуур гэж нэрлэнэ. Шаржигнууртай цай уунгаа номын тухай гэгээн яриа хөврүүлнэ. Газрын зураг дээр аялж эх орноо нар бүтэн тойрно. Өрөөнөөс ааруултай зэрэгцэн өөр гоё үнэр ханхална. Тэр бол номны үнэр. Бас Амараагийн ч үнэр. Учир нь тэр өөрөө ном билээ. 

 

 

Өвгөнхүүгийн Рагчаасүрэн.  Бурхантын хөндийн Дархан хот.  2019 оны 12 сар.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?