Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хэрээр төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн тоо өссөөр байна. Тухайлбал, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2016 онд 1,000 амьд төрөлтөд ноогдох төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн түвшин 7.3 байсан бол 2017 онд 8.1 болж, 0.8 пунктээр өсжээ. Түүнчлэн манай улсад 2017 онд нийт 74,328 хүүхэд мэндэлж, төрөлхийн хөгжлийн гажгийн 531 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь аюулын дохио гэж хэлж болно. Төрөлхийн гажигтай төрж байгаа нярайн 23.8 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны гажиг, болон эрхтний хавсарсан гажиг 40 буюу 22.10 хувь, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг 27 буюу 14.9 хувь, яс булчингийн тогтолцооны гажиг 19 буюу 10.5 хувь, сэтэрхий уруул ба тагнайн гажиг 18 буюу 9.9 хувьд нь тохиолджээ. Үр хүүхэд гэдэг эгнэгт орших амьдарлын үргэлжлэл гэвч хорвоогийн тоосыг хөдөлгөж, удмынхаа үргэлжлэл болох бяцхан үрсээ ургийн гажигтай, өрөөл татанхай төрүүлсээр л байх уу? Энэхүү аймшигт хар салхи болох ургийн гажиг нь үүсэх маш олон шалтгаантай. Жишээлбэл жирэмсний эхний 3 сар 40-60% нь хромосомын гэмтлээс үүсдэг, Чихрийн шижин өвчтэй эцэг, эхээс төрсөн хүүхдэд яс булчингийн системийн гажигтай төрөх магадлал 37%, зүрх судасны гажиг 24%, төв мэдрэлийн системийн гажиг 14%-д үүсэх магадлалтай, жирэмсний эхний 3 сард цацраг туяаны нөлөөнд өртсөн эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдэд тархи усжих, жижиг тархитай байх, нүдний катаракт, гавлын ясны гажигууд илүүтэй тохиолддог, ургийн төрөлхийн хөгжлийн гажиг үүсэх биологийн хүчин зүйлд вирус, эгэл биетийн халдвар зэрэг зүйлс тус тус нөлөөлдөг байна. Тэгвэл жирэмсэн эхчүүд ургийн гажиг үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Өдөр бүр 400 микрограм фолийн хүчил ууж байх
Фолийн хүчил бол В аминдэмийн бүлэгт хамаарагддаг. Бие махбодид шинэ эс үүсч бий болоход фолийн хүчил зайлшгүй хэрэгтэй байдаг.
Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
Хэрэв жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэвэл алкогол шууд цусанд нь нэвтрэн улмаар ихэс хүйн судсаар дамжин урагт очдог.
Тамхи татахгүй байх
Жирэмсний хугацаанд тамхи татах нь дутуу төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг зарим гаж хөгжил үүсгэхээс гадна ургийг үхэлд хүргэх аюултай.
Мансууруулах бодис бүү хэрэглэ
Жирэмсэн үедээ мансууруулах бодис хэрэглэх нь ургийн гажиг үүсгэхээс гадна дутуу, жин багатай хүүхэд төрүүлэх шалтгаан болдог.
Ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол энэ талаар эмчтэй ярилцаарай
Зарим төрлийн эмийн бодисыг жирэмсний хугацаанд хэрэглэх нь төрөлхийн гажиг үүсэх шалтгаан болдог. Гэвч зарим эмийг жирэмсний хугацаанд хэрэглэх нь аюулгүй байдаг бөгөөд эдгээрийг ялгах нь бэрхшээлтэй байдаг.
Халдвараас сэргийл
Жирэмсэн байх хугацаандаа халдвар авахаас сэргийлэх нь маш чухал ач холбогдолтой. Зарим төрлийн халдварууд нь жирэмсний хугацаанд урагт халдаж ноцтой нөлөө үзүүлдэг тул халдвараас сэргийлэх нь ургийн гажиг үүсэхээс сэргийлэх гол арга замын нэг болдог.
Эмчтэйгээ дархлаажуулалтын тухай ярилцаарай
Зарим дархлаажуулалт жирэмсний хугацаанд аюулгүй байдаг бөгөөд хийлгэхийг зөвлөдөг боловч зарим вакциныг хийхийг хориглодог. Энэ нь тухайн вакцины төрлөөс хамаардаг. Эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг амьд вирусыг шингэрүүлсэн вакцин хийлгэхээс татгалзахыг зөвлөдөг байна.
Чихрийн шижингээс сэргийлэх
Чихрийн шижинг муу хянах нь ургийн гажиг үүсгэх эрсдэлийг өндөр болгохоос гадна урагт бусад сөрөг нөлөөг бий болгоно. Мөн чихрийн шижин нь жирэмсэн эмэгтэйд ноцтой хүндрэл үүсэх шалтгаан болдог. Иймд чихрийн шижинг эрт илрүүлж эмчлэх нь ургийн гажиг үүсэхээс болон бусад сөрөг үр дагавараас сэргийлэх болно.
Биеийн жингээ хэвийн байлгах
Жирэмсэн болохоос өмнө хэт тарган буюу биеийн жингийн индекс 30 болон түүнээс дээш байсан эмэгтэйчүүдэд жирэмсний үеийн хүндрэл үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн хэт тарган байх нь ургийн хэд хэдэн төрлийн ноцтой гажиг үүсэх эрсдэлийг өндөр болгодог байна.
Т.Хуншагай