П. БАТХУЯГ:ЭСЭЭНИЙ ТУХАЙ ЭСЭЭ

2020-01-14  

Эсээ минийхээр ОРОЛДЛОГО юм. Туршиц гэдэг үг тийм ч оновчтой бус санагдана. Анхнаасаа л уран сайхны сэтгэлгээнд шинэ чиг мөр гаргах оролдлого гэж үзээд Мишель Монтень “ESSEI” хэмээн нэрлэсэн байх магадлалтай. Үнэндээ уран сайхны сэтгэлгээний түүхэнд туршиц хийхээсээ илүү зохиогчид оролдлого хийхийг  одоо ч эрмэлздэг, бас илэрхийлдэг. Харин латин хэлний талаасаа “ЖИНЛЭХ” гэдэг утга бий гэдэг. Түүнчлэн СОРЬЦ гэсэн салаа утга ч байгаа тухай ч судлаачид тэмдэглэжээ. Ямартаа ч ЭСЭЭ дээрх бүх олон утга бүгд илэрдэг. Түүгээрээ л одоо ч хүртэл ЭСЭЭ бол “яг тийм” хэмээн оновчтой тодорхойлж бараагүй л байна шүү дээ.
Харьцангуй ерөнхий байдлаар нь:
-НОТЛОХ /peruasive essay/
-ШИНЖЛЭХ /analytical essay/
-МЭДЭЭЛЭХ /informative essay/ гэж ангилсан нь эцэстээ ЭСЭЭ ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ? хэмээх асуултанд давамгай найман шинжид нь тулгуурлан хариулахад хүргэж байна.
Нэгдүгээр шинж: -ЭСЭЭ БОЛ “БИ” ТӨВТЭЙ БИЧЛЭГ
Хоёрдугаар шинж: - ЭСЭЭ БОЛ АЖИГЛАЛТ
Гуравдугаар шинж: -ЭСЭЭ БОЛ ӨВӨРМӨЦ САНАА
Дөрөвдүгээр шинж: -ЭСЭЭ БОЛ ТААМАГЛАЛ
Тавдугаар шинж:- ЭСЭЭ БОЛ БАРИМТ, НОТОЛГОО
Зургаадугаар шинж: -ЭСЭЭ БОЛ УРАН СЭТГЭМЖ
Долоодугаар шинж:- ЭСЭЭ БОЛ ЗАДЛАН ШИНЖЛЭЛ
Наймдугаар шинж:- ЭСЭЭ БОЛ ҮЗЭЛ САНАА юм.
Түүнээс гадна ЭСЭЭ БОЛ ЗОХИОГЧИЙН ӨВӨРМӨЦ ХЭЛ НАЙРУУЛГА гэж үздэг. Найруулан бичих онцлогоос шалтгаалан ЭСЭЭ, ЭСЭЭ болдог тал байна. Тухайлбал, шинжлэх ухааны эсээ бичлэгт шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолын буюу шинжлэх ухааны нийтлэг зохиолын хэл найруулгаар бичих шаардлагатай. Харин уран сайхны эсээ үгийн дүрслэн илэрхийлэх ур маягуудыг ашигласан байдаг. Анзаарсан бол ЭСЭЭГ бид ажиглалт гэж үзжээ. Үнэндээ тийм юм.  Бид “ЭЭЖ ШҮТЭЭН” нэртэй бичил эсээг бичих санааг ажиглалтаас ургуулан гаргажээ. Монголчуудын гэр бүлийн харилцаанд нэгэн онцлог одоо ч байна. Тэр нь үр хүүхэд нь ээжийгээ шүтээнчлэн үзэх үзэл. Нийтэд тархсан дуу шүлгийн ихэнх хувийг ээждээ зориулсан бүтээл эзэлдэг ажээ. Яагаад ийм нөхцөл бүрдэв гэдгийг л ажигласан төдий.
ЭЭЖ ШҮТЭЭН /бичил эсээ/
ЭЭЖ хайрханд очиж мөргөөд эсвэл ЭЭЖ хаднаас, ЭЭЖ модноос гуйгаад үр хүүхэдтэй болсон гэдэг олон хүнийг би мэднэ. Тэд ээж уул, ээж хад, ээж мод үр хүүхэд өгсөн хэмээх итгэл үнэмшил, сүсэг бишрэлдээ эргэлзэхгүй итгэдэг. Гэр бүлд ч ялгаагүй ээж хамгийн том орон зайг эзэлнэ. Аавууд гэрийн эзэн, тэргүүн гэх ч хэрэг дээрээ хамаг зүйл ээж дээр “төвлөрч” байдгийг бид бүхэн бэлхнээ мэднэ. Учир шалтгаан нь юу вэ?
Бидний эртний түүхээс эхлээд ХХ зууны эхэн дунд үе хүртэл үнэхээр “ДАЙНЧ” үндэстэн байсан нь харагдана. Монголын Нууц Товчоонд бичснээр “орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж” байлаа. Хөөрхий аавууд тэр л зуунуудад “гэртээ байхаасаа байхгүй нь их байжээ. Тэд дайнд явна. Тэндээ үхэж үрэгдэнэ. Эсвэл орон гэрээсээ хол олон сар болно. Харин ээжүүд л үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж, гэр ахуйгаа авч явна. Одоо ч энэ байдал цөөнгүй гэр бүлд үзэгдэнэ. Уламжлалаа айхтар хадгалсан ард түмэн ч юм шиг. Ер нь цухас сонирхуулахад Монголчуудын дунд тодорхой соёлын ойлголт болсон харилцааны гурван хэлбэр байна.
-ХҮНДЛЭЛ
-ДЭЭДЛЭЛ
-ШҮТЭЭНЧЛЭЛ... /П.Батхуяг “Эсрэг цаг” 2014/  зэргээр цааш нь бичсэн билээ. Харин тэрхүү хүндлэл, дээдлэл, шүтээнчлэл хэмээх харилцааны хэлбэрүүдийг зохиогч ердөө АЖИГЛАЛТААС л олж авсан юм. Тиймээс ЭСЭЭ БОЛ АЖИГЛАЛТ гэж хэлсэн хэрэг. Ажиглалтаас л өвөрмөц санаа олдоно. САНАА гэдэг хонхор газар тогсон шалбааганд үржсэн шанаган хорхой шиг бужигнаж байдаг зүйл биш. Эртний гүн ухааны сэтгэлгээнд САНАА-г өөр хүчний өгсөн БЭЛЭГ мэтээр төсөөлж байсан нь гэнэн явдал биш байж мэднэ. Тэгээд ч санаа бүрдэж байж л ТААМАГЛАЛУУД бий болдог зүй тогтолтой. Таамаглал гэж чухам юу болохыг дараах эсээний хэсэгт таамагласан юм.
ТААМАГЛАЛ
Суурь шинжлэх ухаанд баталгаа баримт нотолгоо чухал байх л даа. Тэгвэл уран зохиол судлалд хамаг юм таамаглалаас эхэлдэг билээ. Яагаад “Харанхуй хад” үгүүллэгийн “мөнхүү хар хүн гуч илүү настай бөгөөд илгэн дээл өмсөж суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно” хэмээх замд таарсан айлын хүний дүрийг Гончигийн Ням-Очир, Коментерний Элбэгдорж Ренчино байх гэж таамагласан бэ? Үнэхээр “хэл аялгуу ондоо, илгэн дээл, суран бүстэй “тэр дүр 1930-аад оны Дотоодыг Хамгаалахын хэн нэгэн гүйцэтгэгчийг санагдуулдаггүй гэж үү? Хайр янагийн хагацаж салсан тухай зохиол бус харин ч “Харанхуй хад” мэт үе эхэлж буйг зөн совингоороо мэдэрсэн бүтээл биш гэж үү?
Суурь шинжлэх ухаанд зөн совин, мэдрэмж, онгод чухал биш байж магадгүй. Харин уран зохиолд энэ бүхэн хамгийн чухалд тооцогдоно. “Нэг амьтны хоёр үхэл” үгүүллэгийг зохиолч насан эцэслэхийнхээ өмнөхөн бичжээ. Тэр үгүүллэгт “...хавчарк гэж нэрлэгддэг золбин шар гичий бүх гэрүүдийн дундуур цог жавхлан юугаа гайхуулах мэт сүлжин давхиж, араас нь жирийн нэг сайн тэжээгдсэн монгол нохой даган давхина...” гэсэн бүр анзаармаар үгүүлбэр бий. ХХ зууны Монгол төрийн нэгэн удирдагчийн хувь тавилангийн тухай үгүүлээд байгаа юм шиг. Орос эм хавчарк нохой юутай цог жавхлантай, түүнийг даган шогших монгол нохой юутай эмгэнэлтэй. Төрийн эмгэнэл, түмний харамсал ч юм шиг. Нэг удаа азаар аврагдсан боловч дараа нь галзуурч үхнэ гэсэн цуу гарч тэгээд аврагдах аргагүй үхэхээс өөр замгүй болж буй үгүүлэмж бий. Галзуурч үхэх нэг талаараа оюун санаагаа алдана л гэсэн үг. Оюун санаагаа алдах галзуурахаас ч дор байх шүү? /П.Батхуяг “Залбирлын эсээс” 2012/  хэмээн уран сайхны бүтэээлүүдийн дотроос ТААМАГЛАЛ дэвшүүлжээ.
Энэ мэт таамаглалуудаас л БАРИМТ, НОТОЛГОО-нд хүрнэ. Энд л эсээний ҮНДСЭН хэсэг жинхэнэ утгаараа бүрдэж эхэлнэ гэж ойлгож болно. Баримт, нотолгоо бол зохиогчийн ишлэл авах төдий хэмжээнд бус харин бодот гаргалгаа гаргахад дэмжлэг болох ёстой. “Яруу найрагч төрдөг, уран илтгэгч сурдаг” нэртэй эсээнд баримт нотолгоог дараах байдлаар харуулсан юм. Эсээний хэсгээс:
....Лорд Байрон гучин зургаа наслахдаа үймээн самуун, алиа наадам, зугаа цэнгэл, эрх чөлөөний төлөөх тэмцэл дунд амьдарсан болохоос яруу найрагт хичээн суралцсан нь үгүй. Жон Китс дөнгөж хорин дөрвөн насандаа яруу найрагт эцсийн хязгаар байдаг бол түүнд хүрч, Роберт Бёрнс мөн л гуч хүрээгүй насандаа хожмын Шотландуудын хамгийн хайртай дууллуудыг хичээн зүтгэлгүйгээр бүтээчихсэн байжээ. Энэ жишээн дээр мэдээж Юрий Лермонтовоос эхлээд Артюр Рембо хүртэл даанч олон нэр бичигдэх болно.
Манайхны хэлэх дуртай ” 1 хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр “гэдэг итгэхэд бэрх үг яруу найрагчдад яагаад ч юм бэ? тохирохгүй мэт санагддаг юм. Хүүрнэл зохиолчдод ч ялгаагүй. Харин хэнд илүү тохирох вэ? Эрхэм нягтлан бодогчдод, барилгачдад, инженерүүдэд, менежерүүдэд илүү хамаатай үг юм биш үү? /П.Батхуяг “Залбирлын эсээс” 2012/  хэмээн зохиогч өөрийн олж тогтоосон баримт, нотолгоогоо хөндөж буй АСУУДАЛТАЙГАА холбон хүч нэмэн дэлгэрүүлэх хэлбэрээр илэрхийлсэн байна. Тэгэхээр БАРИМТ бол зохиогчийн эсээ бичих ХҮЧ болж өгдөг. Хэдий олон БАРИМТ бүрдүүлнэ, төдий чинэээ хүчтэй эсээ бичнэ. Харин УРАН СЭТГЭМЖ бол өмнө нь нэг удаа дурдаад орхисон АВЬЯАС хэмээх өгөгдөлтэй шууд холбоотой. Эцэст нь ЭСЭЭ бол ҮЗЭЛ САНАА хэмээжээ. Жишээ болгож “ЭНЭРЭХҮЙ” нэрт эсээний хэсгээс толилуулж байна.
ЭНЭРЭХҮЙ
/эсээ/
Энэрэх сэтгэл надад ээжээс минь ирсэн юм. Энэ үгүүлбэрт үнэн оршиж байгаа учраас олон хүн лав итгэнэ. Харин энэ үгүүлбэрийг би саяхан интернетээс хуулж дэвтэр дээрээ бичсэн юм. “Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ? Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно” гэсэн буй. Их хаан Гүюгээс, Ромын Пап ламд илгээсэн төрийн бичиг. Би Монгол их хаадын ийш тийш нь илгээсэн захидал бичгүүдийг унших дуртай. Нэг их хүч сүр агуулагдаж байгаа атлаа, ертөнцийг эрхшээсэн хүний ЭНЭРЭХҮЙ шууд мэдэгддэг учраас. ЭРХ СҮР, ЭНЭРЭХҮЙ хоёр ямар төгс гэмээр зохицол болдгийн яруу тод үлгэр жишээ ч юм шиг санагдана. Нэг талдаа их төрийн энэрэхүй юм. /П.Батхуяг “Залбирлын эсээс” 2012/

Үргэлжлэл бий.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?