АЙМАГ БҮХЭН ТҮҮХТЭЙ

2020-01-16  

Архангай - 1923 онд үүсэн байгуулагдсан. 55 мянган км² газар, 84 мянган хүнтэй. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан нуур зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтай сарьдаг  (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.Ойн хүрэн хөрстэй

Баян-Өлгий- Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан уйгарын өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ- ын Алтайн бүгд найрамдах улстай  225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баян нуур сумын төв (1301 м) юм.

Баянхонгор- 1941 онд үүсэн байгуулагдсан. 116 мянган км² нутаг, 82 мянган хүнтэй. утгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингын төв зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. 

Булган- 1938 онд үүсэн байгуулагдсан.49 мянган км² нутаг, 62 мянган хүнтэй. Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий. Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.

Говь-Алтай - Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий. Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт орно.

Говьсүмбэр- 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай. 1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.

Дархан-Уул - Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог. Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 707м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан.

Дорноговь- 1931 онд байгуулагдсан. 14 сум, 64 багтай. 68606 хүн амтай (2017 оны эцсээр) бөгөөд олон хүн ам огцом өсч байна. Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 61 хувь нь оршин сууж байна. Дорноговь аймгийн нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг боловч өмнөд хэсэг нь говь, хойд хэсэг нь говь, хээр хосолсон нутаг юм. Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог.

Дорнод- Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг. Дорнод аймаг Монгол орны хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

Дундговь- 1941 онд байгуулагдсан. Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

Завхан-  1923 онд байгуулагдсан бөгөөд 1931 оноос Завхан аймаг гэж нэрлэгдэх болсон. Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нуруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрлана. Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг.

Орхон- Орхон аймгийн төв, Монгол Улсын гуравдугаар их хот, улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг.

Өвөрхангай- 1931 онд байгуулагдсан. Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай. Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын "Улаан цутгалан", далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд бий.

Өмнөговь- 1931 онд байгуулагдсан. Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай. Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.

Сүхбаатар- Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа. 1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.

Сэлэнгэ- 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ. Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Ноёд,Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалын баялаг бий. Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоц явна. Цагааннуур зэрэг нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.Мөн Мандал суманд Монгол оронд ургадаг эмийн ургамлын 80% нь ургадаг.

Төв 74 мянган км² нутаг дэвсгэр, 88 мянган оршин суугчтай. Дотроо 27 суманд хуваагддаг. Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ. Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий. Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Увс - 1931 онд байгуулагдсан. 69585 км² нутагтай. Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг юм. 1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ. 1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна. Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм. Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд: "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.

Ховд-  Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог. Ховд аймагт 4 халх сум, 1 өөлд, 1 торгууд сум бий. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг. Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ. Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа. Хөвсгөл аймаг нэг зуун мянга зургаан зуу гаран (100,629) ам дөрвөлжин километр газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг. Үндсэндээ уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг аялагч жуулчид үзээд «Монголын Швейцар гэж нэрийдэх нь бий. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг. 2011 оны байдлаар 126 мянган хүн оршин сууж байсан ба хамгийн олон хүнтэй аймаг юм. Үндсэндээ монгол үндэстэн, тэр дотроо халх, дархад, хотгойд, урианхай зонхилдог. Өөр аймагт байдаггүй цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор бий.

Хэнтий- Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан.  Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 17 сум нэгжтэй. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий. Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална. Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.

 

 

Т.Хуншагай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?