БАРУУНТАЙ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

2020-01-17  

АЛТАЙ ТАВАН БОГД. Үргэлжлэл

     “Алтан Тээл”-тэй Зэрэг сум. 

Ховдоос гараад хот руу довтолгож явна. Зам толигор сайхан, хавийн уул ус, байгаль нь бас үзэсгэлэн төгөлдөр. “Хар ус нуур” хажуухантай цэлэлзэж долгилоод л үдэж байна. Дээр нэгэнтээ өгүүлсэн энэ нутгийн алдарт дуучин Б.Зангадын дуунд мөнхөрсөн үзэсгэлэнт сайхан нуур ус шүү дээ. “Хар ус нуурын шагшуурга...” гээд л уйтгар гуниг хослуулан уянгалуулдаг даа. Аян замын хань болгож энэ алдартай дууг нь эгшиглүүлж явав. Хэсэг давхиад мөнх цаст “Сутай” хайрханы барааг харлаа. Үүл манан хөшигтэй оргилууд нь сүр бараагаа тэртээ алсаас ч гайхуулж л байх. Хэдэн сумын нутаг дамжин үргэлжилдэг энэ их хайрхан биднийг ч цаг шахам дагаж байна. Ховд аймгийг нийслэлтэй холбож буй толигор сайхан энэ зам ашиглалтад өнгөрсөн жил орсон гэх. Хэсэг давхиад л алжаал тайлах зогсоолтой юм. Олон улсын жишигт нийцүүлэн барьсан сайхан байгууламж юм, энэ зам. Хоёр зуу шахам километр давхиад Зэрэг сумын төв ороод ирэв. Төвийн захад “Петровис”, “МТ”, “Тэс Петролиум” гэх шатахуун түгээгүүрийн акулууд өөр өөрсдийн цэгүүдийг байршуулаад авч. Монгол орноороо хөндлөн гулд аялахад зам, шатахуун хангамж хоёр ийн санаа зоволтгүй болж буй нь ард иргэд, аялагч бидэнд таатай юм. Хөгжил дэвшил рүү улс орон маань боломжоороо мацаж л байна гэж хэлэхээр. Зэрэг сум бага шиг хот болчихож. Энэ сум Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн төрөлх сум гэдгийг хүмүүс мэднэ дээ. Дөрөв таван давхар байшин нилээд хэд харагдав. Сумын төвдөө засмалтай юм. Энэ засмалын нэг салаа биднийг “Алтан тээл” гэх зочид буудал, дэлгүүр үйлчилгээний цогцолбор руу хөтлөөд ирлээ. Таван давхар дөрөв таван орцтой, өнгөлгөөний үнэ өндөртэй шаргал тоосгоор барьчихсан үзэмжтэй сайхан байшингийн өмнөх том зогсоолд зогсов. Аймгийн төвд ч ийм тансаг, үзэмжтэй байшин тэр болгон харагдаад байдаггүй дээ. 

“Алтан тээл” хэмээх зочид буудал руу нь орж сонирхлоо. Байшингийн нэг орцонд энэ буудал байршжээ. Нэг давхрын зочин угтах заал танхим нь нийслэлийн гурав дөрвөн одтой зочид буудлынхаас тав тух, тохижилт, өнгө үзэмжийн хувьд дутах юм алга. Олон улсын хотуудын цаг мэдээлэх ханын хэд хэдэн цаг байршуулчихаж. Хоёр гуравдугаар давхар луу гарч буудлын өрөө тасалгаадыг сонирхлоо. Люкс, хагас люкс гээд боломжийн сайхан өрөөнүүд байна. Тавилга хэрэгсэл, ор дэр, шүршүүр, ариун цэвэрийн өрөө энэ тэр нь нөгөө л гурав дөрвөн одот буудлын зиндаа. Сутай хайрхан, Хар ус нуур, Дөргөнийг зорьсон уулчид, жуулчид энэ буудлаар ая тухтай үйлчлүүлээд явцгаадаг гэнэ. Буудлын менежер Г.Одонтуяа гэх залуухан бүсгүй рестораныхаа туслах тогоочтой буузны гурил элдэж байв. “Сутай” руу аялахаар явсан европын хэдэн жуулчин өнөө оройдоо эргэж ирэхээр хоолныхоо захиалгыг өгсөн гэх. Ази, европ, америкийн жуулчдын ямар ч баг ирэхэд эдний буудлын залуус, зоогийн газрынхан аймаг, улс орныхоо нэр нүүрийг улалзуулахгүйгээр үйлчлээд явуулчихаар болчихсон нь тун ч таатай. Зочид гийчид нь хэдхэн алхаад амарч алжаал тайлж, нүд сэтгэлээ баясгах сайхан цэцэрлэг хүрээлэн буудлын хажуухантай байна. Бас л “Алтан тээл” гэх нэртэй юм. Нэрнээс нь анзаарахад худалдаа үйлчилгээний энэ төв, зочид буудалтайгаа нэг цогцолбор байх. Цэцэг навч, зүлэг ногоо, мод бут болсон, гол горхи, усан оргилууртай сайхан цэцэрлэг юм энэ “Алтан тээл”. Хаалгаар оронгуут цэцэрлэгийн голд байгуулсан дэлхийн бөмбөрцөг дээр даага булгилуулан давхиж буй хүүгийн хөшөө анхаарал татав. Хэн нэг танилаа алсханаас хараад “ Тэр мөн үү, биш үү...” гээд л ойртдог доо... Яг мөн байна аа. Чухам энд тааралдахыг мэдэхгүй явж байгаад л хуучны танилтайгаа санаандгүй уулзалдана гэгч болов. Миний албаны хөрш Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмидийн өрөөнд орох бүртээ л энэ “Дэлхийн бөмбөрцөг дээр даага булгиулан давхиж буй бяцхан хүү”-гийн бяцхан хүрэл цутгамалыг харахаараа л нэг болсон хүн. Ховдод нэг том ажил хийж байна гээд л хоёр зун яваад байсан нөхөр тэр Цэгмид. Энд тэнд, аймаг, хотуудад  зөндөө л зураг, баримал хийж байдаг хүн. Хөшөө баримлын эх зураг, жижиг хувилбарууд ч урланд нь олноороо өрөөстэй байж л байдаг юм. П.Цэгмид зураачийн өрөөнд харж байсан олон эх загварын нэг нь өндрөөшөө дөрвөн метр гаруй хүрэл хөшөө болоод энэ цэцэрлэгт хүрээлэнд залагдчихаж.  

Даага унасан бяцхан монгол хүү дэлхийн бөмбөрцөг дээр ийнхүү булгиулж галгиулж байна

Бөмбөрцгийн доохонтой гарын хоёр хэв цутгамалдаад урлачихаж. Нэг хүнийх юм боловуу гээд харсан чинь том бага хоёр юм. Зэрэг сумаас төрсөн эрхэм Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийнх нэг нь мөн байх гэж би таамаглав. Нөгөө нь хэнийх юм бол?... Ерөнхийлөгчийн ээж Хонинхүү гуайн гар байхаас огт зайлахгүй. Зураач П.Цэгмидийн олон уран бүтээлд барималчаар нь ажилласан Мөнхтулга гэх залуутай бид ажил төрлийн ойр дотно холбоотой ажилладаг юм. Цэгмид тэр хоёр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн ээжийн гарын хэв гээд нилээд хэдэн хэв дэлгэчихсэн сууж байхад нь би таарч “Та хоёр ч хүн амьтны хөл гарын үзэсгэлэн гаргадаг болох нээ...” гэж тоглоом шоглоом хийж байсан юм. Үнэхээр л энд мөнхийн сайхан үзэсгэлэн гарчихаж. Элбэгээ Ерөнхийлөгчийн захиалгатай хөшөө баримал урлаж байна гэж П.Цэгмид зураач яриад Ховд аймаг давхиад байсны учир жанцанг би Зэрэг сумын энэ цэцэрлэгт хүрээлэнд орж ирээд л нэхэн санаж бас санаандгүй ингэж зам хазайж дотно нөхдийн сайхан уран бүтээлийг үзэж ихэд баярлаж бахархав. Гарын хэв гэснээс Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нийслэл Астанад байгуулсан 190 метрийн өндөртэй “Байдерек” цамхагийнхаа хамгийн дээрх бөмбөрцөг дотроо дэлхийн газрын зурагтай алтан тавцан урлуулаад тэнд нь өөрийн гарын алтадмал хэв цутгуулчихсан байсныг өнгөрсөн жил тэнд аялахдаа би үзэж сонирхож явсан юм. Ингээд бодохоор Зэрэг сумаас төрсөн Ерөнхийлөгч маань сум орондоо “Алтан тээл” хэмээх худалдаа үйлчилгээний сайхан цогцолбор, орон сууц, бас энэ хөшөөт цэцэрлэгт хүрээлэн бариулж түүнийгээ өөрийн гарын хэвээр баталгаажуулан мөнхжүүлж буй нь улс орон, дэлхийд байдаг л жишиг аж. Хөшөөний суурь тавцан нь метр гаруйн өндөртэй юм. Энэ хөшөөг тойруулаад бас нэг суурь байгуулчихаж. Энэ суурь дээр метр шахуу өндөртэй дөрвөлжин цайвар боржингууд эгнүүлчихэж. Энэ нь ч бас урлаг соёлын том бүтээл аж. Монгол он тооллын ам цагаан хулганаас эхлүүлээд арван хоёр жилийн амьтан бүрийг энэ боржингуудын тал талд цохимолдоод  урлачихсан байв. Урлал үүгээр дууссангүй. Энэ арван хоёр  жилийн доорх суурь тавцангийн хана дагуулаад Монголын тахилгат уул хайрханууд, үзэсгэлэнт газар оронг хүрэл цутгамалаар урлаж илэрхийлсэн нь мэдээлэл талаасаа ч, түүх соёл, нутаг усны бахархал талаасаа ч ихээхэн ач холбогдолтой болжээ. “Алтан Хөхий”, ”Сутай Хайрхан”,“Алтай 

Таван Богд”, “Алтан Овоо”, “Бурхан Халдун” гээд л... үргэлжилж байв.

Эргэж тойроод үзээд явахад нүд “хужирлаж” сэтгэл татах  бүтээл энэ цэцэрлэгт хүрээлэнд тун олон байв. Найман шарга морь гэдэг шиг “Найман шарга” унага энд тонгочин давхиж байх юм

Ус цалгилуулан тонгочих унагануудын доохноос ам цагаан хулгана гайхсан бололтой бүлтэгнэнэ. Хэмжээ дамжаагаар жижигхэн хэдий ч утга учир, ур хийцийн хувьд яриангүй сайхан бүтээл юм. Цааш хэсэг алхахад Ховд нутгийн брэнд болох Алтайн алтан сорт тарваганы хөшөө тааралдана. Тэр хавьд нь бяцхан горхи урсаж байх. Хашааны дагуу тарьсан улиас хайлаас, шар хуйас нов ногоорч тун ч сайхан ургажээ. Ерөнхийлөгчийн төрсөн сум гэлтгүй сум суурингууд ийм цэцэрлэгт хүрээлэнтэй байвал иргэддээ ч, ирж очсон аян замынханд ч таатай байхсан. Нутгийн зөвлөлүүд, сум суурингаас нь төрсөн алдартнууд санаачлага гаргаад хэн нэгэн алдартныхаа нэрэмжит хүрээлэнг дээрх жишгээр санаачлаад байгуулахад болохгүй гэх газаргүй дээ гэж санагдаж байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгээр аян замын алжаал тайлангаа алхаж сонирхчихоод “Алтан тээл” үйлчилгээний цогцолборын зогсоолд тавьсан унаан дээрээ ирцгээв. Миний хажуухнаар хүүхдүүдээ дагуулсан залуухан хос яриа хөөрөө болоод өнгөрч явна. Багачуул нь аав ээждээ эрхэлж наана цаагуур нь ноцолдож гүйлдээд л... Тэд “Алтан тээл”-ийн шар байрны гадаах сандал дээр сууцгаалаа. Сумын энэ залуустай танилцмаар санагдаад дөхөн очиж мэнд мэдэж яриа өрнүүлэв. Зэрэг сумын дунд сургуулийн физикийн багш Б.Батбилэг эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ “Алтан тээл”-ийн энэ орон сууцны хоёрдугаар давхарт гурван өрөө байранд амьдардаг гэнэ. Эхнэр нь тус сургуульд сургалтын менежерээр ажилладаг аж. 

Хоёр жилийн өмнө энэ шинэ байр ашиглалтад ороход сумынхаа ХААН банкны салбараас орон сууцны зээл аваад энэ байранд орцгоожээ. Байрны метр квадратын үнэ нэг сая төгрөг гэнэ. Хоёулаа ажиллаж цалин авч буй болохоор зээлээ төвөггүй төлөөд байраа өөрсдийн болгочих бололцоотой, хотын сууцнаас дутах юмгүй гээд эхнэр нөхөр хоёр ам сайтай байна лээ. Сургуулийн багш нар, сумын сэхээтэн залуусаас энэ байранд нилээд хэдэн гэр бүл бий гэв. Таван орцтой энэ байрны дөрөв нь орон сууц гээд үзвэл дал наяад айл оршин суудаг байх нь. Батбилэгийнхэн өглөө оройдоо гэр бүлээрээ “Алтан тээл” цэцэрлэгт хүрээлэнгээрээ зугаалцгаадаг гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ёслолд нутгаас маань төрсөн Элбэгдорж Ерөнхийлөгч ирж оролцож манай сумынхан баяр хөөр болцгоосон гэж Батбилэг багш хуучлав. “Алтан тээл” нэртэй  зочид буудал, үйлчилгээний цогцолбор, орон сууц, “Алтан тээл” цэцэрлэгт хүрээлэн бүхэлдээ нэг бүтээн байгуулалт аж. Зочид буудалтай би зэрвэсхэн танилцахдаа хөлийн танхимын хананд дахь жаазтай зургуудыг харж байлаа. Цогцолборын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцаж байгаа бололтой нэг том зураг байсан. Хүрээлэнгийн нээлтийн зураг байсан эсэхийг санахгүй байна. Ямар ч гэсэн энэ цогц бүтээн байгуулалт энэ сумаас төрсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлага ивээл дор бүтэж бүрдсэн байх нь. Сумын өнгө төрх, тохижилт тун дажгүй санагдсан. Ерөнхийлөгчийн сум иймэрхүү байх нь уугуул суугуул иргэддээ таатай байх нь мэдээж. Аян замын бид ч орой үдшээр ирсэн бол дуртай нь аргагүй хонож өнжөөд явахаар сайхан буудалтай, бас алжаал тайлаад алхаж зугаалах сайхан цэцэрлэгтээ цэвэр цэмцгэр хотхон байв. Сутай уул руу явсан европын тэр хэдэн уулчин жуулчин ч Элбэг ээ Ерөнхийлөгчийн энэ Зэрэг сумаас сэтгэл хангалуун буцах байх аа гэх сэтгэгдэл төрж байлаа. Бидний буцах замаас холгүй орон сууцны бололтой дөрвөн давхар хоёр ч байр харагдана лээ. Ийм сууцаар хүн амаа хангаад байдаг бол энэ Зэрэг сумаас иргэд нь, залуус нь аймаг хот руу “дүрвээд” байх шаардлагагүй байх л даа. Миний уулзаж танилцсан Б.Батбилэг багш, түүний гэргий хоёр төрөлх сумандаа сэтгэл хангалуун ажиллаж амьдарч буйгаа тохилог орон сууцтайгаа холбон ярьж байсан. Утсан харилцаа, интернет, телевиз гээд нийслэлээс дутах юм байхгүй, хүүхдүүд маань ч цэцэрлэг сургуульдаа яваад тун дажгүй шүү гэцгээж байлаа. Сумын төв бүгд л ийм л болоосой гэсэн сэтгэгдэлтэйгээр буцах замаа хөөв.  Алтайн “Ентүм”, Өврийн хангайн “Арвай хээр Палас”. Ховдын сайхан засмал Говь-Алтайн нутагт хэсэг газар тасалдаж байна лээ. Гэхдээ замын компаниуд энд тэнд хаалт хашилт тавьж байгаад ажиллацгааж байгаа нь удахгүй хэвтээ чиглэлийн энэ зам нийслэлтэй холбогдож “Мянгуужины үлгэр” хэмээн цоллуулж байсан “Мянганы зам” хэмээх энэ бүтээн байгуулалт бүрэн утгаараа хэрэгжих сайхан өдөр тун ойртож буйн илэрхийлэл биз ээ. Оройн харуй бүрий эхэлж байхад Говь-Алтайн нийслэл Алтай хот руу ороод ирэв. Хол замд удаан давхисных аятай тохитой буудал олж аваад хурдхан шиг амрах бодол төрж байлаа. Хаа очиж гэрлэн чимэглэл сайтай хот юм уу даа энэ Алтай. Замаас холгүйхэн “Ентүм Зочид буудал” гэсэн гэрлэн чимэглэл улаан цэнхэр өнгөөр анивчин даллаж байна. Энэ Алтай нутгийн уугуул Нэмэх анд маань хоёр гурван жилийн өмнө байна уу даа, манай нутгийн Халиун сумын уугуул, улсын алдарт уяач Тувааны Гантөмөр аймгийн төвд таван давхар нэг сайхан зочид буудал барьчихаж, тэнд би хонож өнжөөд ирлээ гэж нутгаа нэг яваад ирэхдээ ярьж байсан нь энэ байх даа гэж санагдлаа. Гадуураа төмөр хашаатай, хашаа хайсаа дагуулаад мод бут тарьчихсан, үүдэндээ зөрж зиндаархсан Алтайн нурууны хоёр Угалзын хөшөөтэй таван давхар шаргал барилга байна. Хашаа дүүрэн өнгө өнгийн машин тэрэгнүүд. Ихэнх нь “Жип”. Доод давхарынх нь “Restaurant“ гэсэн тод улаан гэрлэн чимэглэл бас нэгэн төрлийн дуудлага юм даа. Зочид буудлын хөлийн өрөө танхим ч тун дажгүй. Хананаас нь ус урсаж буй маягтай гэрлэн чимэглэл орж гарсан хэний ч анхаарал татахаар. Хүүхэд багачуул гараар тэмтэрцгээж л харагдана лээ. Хорин хэдэн жилийн өмнө хоёр Герман нэгдэх үйл явц өрнөж хана нь арай нураагүй, зүүн Берлинийхэн оочерлож байгаад ороод баруун Берлинтэй танилцаж дэлгүүр хоршоо орж болдог байхад би тийш орж нэг том дэлгүүрт ийм ус урссан юм шиг хана харж жинхэнээсээ ус урсаж байна уу үгүй юу гэж энэ багачууд шиг гараараа тэмтэрч, “Үгүй мөн сонин юм аа...”гэж ам ангайн шагширч явсанаа энд нэг дурсан санав. Энэ нутгийн хүүхэд залуус гадаадад явбал энүүхнийг хараад над шиг гайхаж гар хуруугаар тэмтрэх асуудал эрх биш алсран одож байна. Хөгжил дэвшил хөдөө хотгүй наашилж л байна. Энэ Алтай нутагтаа оргилуун дарс, жимс жимсгэний үйлдвэр,ноос угаах болон эсгийний үйлдвэр байгуулж, байгалийн болон малын гаралтай түүхий эд боловсруулахад амжилт гаргаж аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртсэн тус аймгийн Халиун сумын уугуул Тувааны Гантөмөр гэх эр нутаг орондоо энэхүү сайхан зочид буудлыг 2016 онд барьж ашиглалтад оруулсан нь миний олон жилийн өмнө барууны ертөнцөд харж гайхаж явсан тэр хөгжил дэвшлийг энэ алс баруун хязгаарын Алтай нутагт аваад ирчихэж. Буудлын энэ “Ентүм” гэх нэр ямар утгатайг эднийхний үйлчлэгчдээс асуухад тэдний нэг нь “Манай том захирлын төрж өссөн Халиун суманд байдаг нэг Хайрханы нэр юм гэнэлээ, тэгээд ч манай толгой компанийн нэр нь бас Ентүм шүү дээ” гэж хариулав. Монголын хөрөнгөтнүүд нутаг усандаа ийн тус дэм болж ажлын байр үйлчилгээ буй болгож буй нь тун ч сайшаалтай.

Нийслэлд байдаг эдний толгой компани “Ентүм” нь хэдэн жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний шилдэг бүтээмжийн шагнал хүртэж байж... Зочид буудлынхаа зоогийн газарт оройн хоолоор үйлчлүүлчихээд унаанаасаа ачаа бараагаа аваад таван давхар дахь өрөө рүүгээ өгсөв. Цахилгаан шатаар өгсөх нь үйлчлүүлэгч бидэнд таатай байлаа. Гурван одын зэрэглэлтэй гэхээр энэ буудал нь сайхан халуун устай юм. Шүршүүрдэж замын аяншил, тоосоо гөвчихээд амарцгаав. Гадны зочид буудлынх шиг буудлын үнэ өртөгт өглөөний цай нь багтдаг аж. Шарсан өндөг, зайдас, талх масло, жимсний чанамал өгч байв. Одынхоо зэрэглэлд таарсан үйлчилгээтэй юм. Аймаг сумын зочид буудлууд байшин барилга, тоног төхөөрөмжийн хувьд ч, үйлчилгээний нэр төрөл чанарын хувьд ч ийн дээшилж дэвжиж буй нь зам зуурын бидэнд ч, аялаж жуулчилдаг гадна дотныхны хэнд нь ч таатай байх буй заа. Олон жил мөрөөдөж буй сая жуулчин хүлээж авах засаг төрийн төлөвлөгөө биелэхэд ч сум орон нутгийн энэ зочид буудлууд, бас мянганы хэмээн нэрлэгддэг засмал зам хувь нэмэр болох нь дамжиггүй ээ. Алтайгаас гурван цаг гаруй давхиж 250 километр зам туулаад Баянхонгор аймгийн төвд орж ирэв. Хэдэн жилийн өмнө шороон замаар долоо найман цаг давхиж туулдаг байсан зам харгуй шүү дээ. Үдийн цайны цаг ч тэнд таарлаа. Баруун аймгуудаас дайрч гардаг аймгийн төв юм болохоор аянчин гийчин урьж залсан гуанз, зоогийн газар төв зам дагуудаа олон юм. Үйлчилгээний байр байдал, ус ундаа, хоол зоогийн чанар, нэр төрлийн хувьд нийслэлийнхээс дутаад байх юм алга, үнэ өртгийн хувьд ч бас тэр. Нэгэнд нь тайван хооллож өтгөн хар кофе ууж алжаал тайлчихаад аян замаа хөөв. Баянхонгор Өвөрхангай аймгийн хоорондох засмал хориод километр дутуу байх шиг. Иймэрхүү муу шороон замаар цаг шахам тонгочуулах нь тун ядаргаатай. Замын компаниудын машин техник, гэр бараа ойр ойрхон харагдана лээ. Удахгүй сайхан зам ашиглалтад оруулчих байлгүй дээ. Шөнийн харанхуй эхэлж байхад Арвайхээр хотод ороод ирцгээв. Гэрлэн чимэглэлээр нь хонох зочид буудлаа ч төвөггүй олчихлоо. Зургаан давхар тэр том байшинг дөрвөлжлөөд ороочихсон гэрлэн чимэглэл, зочид буудлын англи, монгол нэр өнгө өнгөөр анивчин гялтганах нь аян замын хэний ч анхаарлыг татах нь ойлгомжтой. Аймаг орон нутгийн үйлчилгээний салбарынхан олны нүд сэтгэл татах энэ мэтийн чимэг зүүлтийг сүүлийн жилүүдэд сүрхий ашигладаг болж буй нь муу биш байх. Хөгжил дэвшил хөдөө орон нутаг руу хаяагаа тэлж буйн нэг тод илрэл юм даа. “Зочид буудал хаана байна...” гээд амьтан хүнээс асууж сураглаж харанхуйд тэмтчиж цаг алдахгүй л болж байна. “Арвайхээр Палас” гэх зургаан давхар буудлын хамгийн дээд давхарт бидэнд өрөө олдов. Цахилгаан шаттай юм. Зоогийн газраас нь өрөөндөө гурилтай шөл, цай унд захиалаад үйлчлүүлчихлээ. Шүршүүр, ариун цэврийн өрөө, тэнд тавьсан оо, сойз, алчуур саван мэтийн хэрэгсэл нь Ази, Европын аль ч буудлуудынхаас дутаад байхааргүй санагдав. Тавтай амарчихаад өглөөний цайнд орж ая тухтай үйлчлүүллээ. Бид мэтийн аян замынхан олон байлаа. Хүүхэд багачууд, ач зээтэйгээ аялаж яваа бидний үеийн гэр бүлийн хоёр нутаг усныхаа ойд оролцсон талаарх сэтгэгдлээ ширээнд нь суусан хуучны танил нэгэндээ их л бахархалтай ярьж хуучилж буй нь чихний үзүүр шүргэж байв. Айл гэр бүр хөл дүүжлэх унаа тэрэгтэй болсных, бас аль ч аймаг орон руу явахад засмалтай болсных залуус нь аав ээж, өвөө эмээгээ аваад эцэг өвгөдийнхөө уугуул нутаг усаар зочилж, тэднийхээ уламжлалт ахуй соёл, түүхэн амьдралтай танилцах нь элбэгшжээ. Хотоос хөдөө рүү чиглэсэн аялалын ийм урсгал жил жилд нэмэгдэж байна. Тэнд ажиллаж амьдрах залуусын урсгал ч бас нэмэгдээсэй. Алс баруун хязгаарын Ховдын Зэрэг суманд тав тухтай, дуртайяа ажиллаж амьдарч буй Б.Батбилэг багш шиг сэхээтэн залуус сум сууринд олшроосой. Сум, баг сууринг Зэрэг сум шиг тохижуулаад өгвөл тийшээ зүглэх багш, эмч, инженер гээд сэхээтэн залуус мундахгүй дээ. Иймэрхүү бодол сэтгэгдэл тээсээр “Арвайхээр Палас” буудлаас гарав.

Гэр ресторан Арвайхээр хот руу нийслэлээс орж ирдэг ёслолын хаалгаар дөнгөж гараад давхитал зүүн гар талд байх зам зуурын үйлчилгээний цэг анхаарал татав. Том цагаан гэрийн наахнатай “Айраг, цагаан идээ, хуушуур, мөстэй кола” гэсэн улаан шар өнгийн реклам бичээстэй мухлаг тэрэг байна. 

Урдхантай нь гэрийн хоёр хана дөрвөлжлөөд барьчихсан ширээ сандалтай сүүдрэвч байв. Нүд булаасан өвөрмөц  энэ цэгт бууж үйлчлэгчтэй нь хэдэн үг солив. Энэ үйлчилгээний цэгийг Арвайхээр хотын “Арвижих дөлгөөн” ХХК ажиллуулдаг аж. Аймгийн төвд зочид буудал, зоогийн газартай, Зүүнбаян улаан суманд мал аж ахуй, ногоо тарианы бизнестэй гэнэ. Сүүлийн хэдэн жил энүүхэн зам дагуу энэ үйлчилгээ эрхэлж буйгаа ахлах тогооч Б.Нямцэрэн гэх энэ эмэгтэй ярьж байлаа. 

Компанийн захирал Д.Сумъяа хоёр жилийн өмнөөс үйлчилгээнийхээ өнгө үзэмж, дизайнд анхаарч ханатай сүүдрэвч, хаяг рекламтай мухлаг тэрэг хийлгэж ажиллуулаад байгаа гэв. Мухлаг тэргэнд нь ахлах тогоочийн охин Цэнд хуушуур хайрч байна лээ. Тэндээ гал хөс гэхгүй хийн баллоноор ажилладаг томхон тогоотой юм билээ. Арвайхээрийн арван жилийн аравдугаар ангийн сурагч энэ охин ээжтэйгээ зундаа ингэж ажиллаад сурах бичиг, хувцасныхаа зардлыг асуудалгүйгээр өөрөө шийдчихдэг аж. Компанийх нь бизнес жил жилд өргөжөөд байвал оюутан болчихоод сургалтын төлбөрөө ч өөрөө олчихно шдээ гэж ээж нь охиныхоо өмнөөс хариулж байв. Ахлах тогооч Б.Нямцэрэн бүсгүйтэй сүүдрэвчинд ийн ярилцаж байтал ойрхон зогссон нэгэн машинаас бууж ирсэн залуу 50 хуушуур захиалж, аль хэр удахыг асууж байв. Том тогоонд удахгүй дээ, арваад минут л болох байх гэж авто мухлагаас Цэнд охин ээждээ хашгирч хэлнэ лээ. Үйлчилгээний энэ цэгийг сонирхож буусных айраг асуусан чинь саяхан хэсэг хүн буугаад гуч дөчин литрээр нь аваад явчихлаа гэж байв. Зүүнбаян улаан сумын сарлагийн шинэхэн өрөм харин нэг тогооныхыг 13 мянган төгрөгөөр худалдаж аваад замаа хөөв. Айраг цагаатай нутгаар ирснийх сав хоосон буцамгүй санагдаад хэсэг давхиад замаас холгүйхэн нэгэн адуучныд бууцгаалаа. Баруунбаян улаан сумын малчин М.Мөнхэрдэнийх аж. Арав гаруй гүү барьчихаж. Гэрийн эзэн хаяандаа хонь гаргаж байлаа. Газрын гарц энэ хавьд тааруу, бас үлийн цагаан оготно бэлчээр сүйтгэчихсэн, мал тарга тэвээрэг авч чадсангүй, үүнийг хар даа гээд муулж буй хониныхоо хоосон шахуу сархинагийг сэгсрэн харуулж байв. “Маргааш нутаг сэлгэх санаатай, гүүгээ арай тавьчихаагүй байна, орж айраг амсцгаа”гээд гэртээ урив... Хоёр бяцхан хүү гэрт тоглож байлаа. Ээжтэй нь хамт зургийг нь авч дүрс бичлэгээр харуулсан чинь сүрхий хөгжилдөв. Аавыг нь оруулаад зурагласан чинь эхнэр нь нөхрөө “Ядаж чи нөгөө эрүүл талаасаа авахуулаач...” гээд зэмлэх аядаж байна. Нөхрийнх нь уруул нилээд том хэгзэрчихсэн харагдсан. “Яасан, адуунд өшиглүүлчихсөн үү?...”гээд би ёжилсон чинь эхнэр нь  “Адуу юу байх вэ? Архинд л өшиглүүлэхгүй юу, голын цаахантайх хэдэн юмтай шөнөжин архидаад л үр дүн нь тэр, уруул нь хэгз” гээд нөхрөө зэмлэх аядаж байв.  

Хөдөө нутгийн байдаг л нэг ахуй амьдрал. Том хүү нь тавдугаар ангийн сурагч гэнэ. Хонио хариулж яваа аж.    

Элсэн тасархайн эрээвэр хураавар Хэдхэн цаг давхиад аялал жуулчлалынхан, зочин гийчдийн анхаарал сонирхол татдаг “Элсэн тасархай”-д хүрээд ирлээ. Төвийн бүсийн элст манхнуудын 52 хувийг эзэлдэг гэх уртаашаа 80-аад километр, өргөөшөө 5-12 километр үргэлжилдэг их элс нь хөндлөөшөө гарсан “Байшинтын гарам”, “Дунд тасархай”, “Элсэн тасархай” гэсэн гурван гарамтай гэх агаад олонд танил болсон нь төв замын дагуу орших энэ “Элсэн тасархай”-н гарам нь юм. Миний хувьд хорин хэдэн жилийн өмнөөс л танил болсон газар нутаг. Хэвлэл мэдээллийнхний хүндэтгэлт эрхэм, бидний дотно нөхөр Бал, Япон анд хатагтай Сато нартай хамтран аялал жуулчлалын бизнес нэг хэсэг эрхэлж Япон, Солонгосын жуулчдын хөтөч болж энэ “Элсэн тасархай” хавиар олонтоо давхисан даа. Бидний тэр үеийнхээс хөл хөдөлгөөн энд хэдэн арав дахин нэмэгджээ. Өвөрхангайн Бүрд, Булган аймгийн Рашаант сумын зааг нутаг болох “Баян говь”, “Номадс” жуулчны бааз руу зам салдаг уулзварт морь, тэмээ унуулах бизнес ид цэцэглэж байна. Гадна дотны аялагч, жуулчин хэн боловч хүн зон, морь тэмээ багширсан энэ газарт жолоо татан зогсоцгоох аж. Тэр жишгээр бид ч энд хэсэг саатаж сонирхов. Өнгө өнгийн торгон цамц, дээл хувцас болсон залуус хурц тод өнгийн эрээн мяраан тохоштой тэмээ, гоё ганган эмээлтэй морь хөтлөн машин тэрэгнээсээ бууж буй аялагчдад үйлчилгээгээ санал болгон гүйлдэх юм. Цэнхэр торгон цамц, “Under Armour“ фирмийн спорт өмдтэй, “BROOKLYN“ брэндийн шляп духдуулсан залуу тэмээн аялалаа санал болгож байна. Ойрхоны элсэн манханы үзүүр хүрээд ирэх 10-аад минутын тэмээн аялал нь нэг хүний 5000 төгрөг гэнэ. Тэмээ унаж зураг авахуулахад 1000 төгрөг аж. Улаан шар алагласан тохоштой тэр тэмээг нь “NY” брэндийн малгайтай залуу хөтлөн ирж үйлчилж байв. Үйлчилгээ эрхэлсэн энэ хавийн залуус бүгд л гадны брэндийн малгай духдуулчихаж. Харин эр эмгүй монгол торгон цамц өмссөн байна лээ. Бидэнтэй танилцаж тэмээн аялал санал болгосон цэнхэр торгон замцтай залуу бол Булганы Рашаант сумын тэмээчин Б.Дамбадаржаа аж. Энд таван тэмээтэй ирсэн гэнэ. “Ашиг орлого давгүй” гэж байв. 

Өөр нэг өөрчлөгдөж шинэчлэгдсэн дэвшил хөгжил гэвэл энэ хавьдааийн ая тухтай бие засах газартай болчихож. Замын хажуух энэ хүрэн байшин нь эрэгтэй, эмэгтэй нойл, бас угаалтууртай юм. Хүмүүс тийш цувж байна лээ. Нэг удаагийн үйлчилгээ 100 төгрөг. Энэ өдрийн үйлчлэгч нь арваад насны бяцхан охин байв. Ээж нь ойрхоны мухлагтаа бараа татахаар сумын төв явж охиноо түр үлдээсэн юм байх. Зуут, тавьтын дэвсгэрт гартаа багсайлгасан энэ охин зундаа ээждээ тусалж хань бараа болонгоо сурагчийн форм, сурах бичиг, ном дэвтрийнхээ мөнгийг өөрийн хөдөлмөрөөр олчихдог юм аа гэж хээвнэгхэн ярьж суув. Хажууханд нь хогийн сав ч бас суурилуулчихаж.

Бас нэг том өөрчлөлт гэвэл “Элсэн тасархай” маань “Ногоон төгөл” болоод эхэлжээ. Бага шиг элсэн манхны наахантай уртаашаа зуугаад метр, өргөөшөө гучаад метр газарт цэцэг ногоо алагласан сайхан цэцэрлэг байгуулчихаж. Торон хашааны дагуу улиас нилээдийг тарьж ургуулаад эхэлж. Хотын төв гудамжинд байдаг цэцгийн мандлын улаан ягаан, шар, цагаан өнгийн том том дэлбээтэй гоё ганган цэцгүүд нүд баясгаж нэг хэсэгтээ үргэлжлэх юм билээ. Энэ сайхан цэцэрлэгийг хот хоорондын зорчигч тээврийн “Ач Буян Трэвел” ХХК санаачлан өөрийн хөрөнгөөр 2018 онд байгуулжээ. Торон хашааны нааханатай босгосон самбарт энэ талаарх мэдээлэл сурталчилгаа байна лээ. Нутаг орон, байгаль дэлхийгээ ингэж хайрлаж хамгаалдаг ийм компаниуд олон байвал монгол орон маань цөлжилт гэх гамшгаас аврагдаж ногоон нутаг орон болох сайхан ирээдүй тийм ч холгүй байх аа. Эндээс хөдлөөд удалгүй бас нэг сайхан ногоон цэцэрлэг дагаад хэсэг давхилаа. Зам дагуу зурваслаад улиас хайлаас тарьчихаж. Ногоорч багсайгаад сайхан ургаж байна энэ зулзган ой нь. Хашаалсан энэ ой мод, цэцэрлэг нь зуугаад метр өргөнтэй бололтой, уртаашаа хоёр километр гаруй үргэлжлэнэ лээ. Ойр ойрхон нэгэн жигдийн хэд хэдэн самбар босгосны нэгтэй нь танилцав. “Торгоны зам эдийн засгийн хөгжлийн бүс” төслийн дагуу БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Баруун хойт бүсийн салбар, Монгол Улсын ШУА-ийн Газар зүй цэвдэг судлалын хүрээлэн хамтран энэхүү цэцэрлэгийг байгуулж буйг энэ самбарт тайлбарлан таниулсан байв. 

Гадна дотныхны иймэрхүү ногоон төсөл, сайн санаачлагыг төр засаг, орон нутгийн засаг захиргаа, иргэд маань дэмжээд байвал цөлжиж буй монгол орон минь удахгүй ногоон төгөл, бүр цаашлаад бөмбөрцгийн “Баян бүрд” болохыг үгүйсгэх газаргүй болой.

 “Баянговь” жуулчны бааз Хорь гучин жилийн өмнө аялал жуулчлалын бага шиг бизнес эрхэлж байхдаа энэ баазад зочин гийчнээ авчирдаг байлаа гээд дээхэн цухас дурдаад авсан даа. Энэ баазыг үүсгэн байгуулсан Өвөрхангайн уугуул Б.Ганхуяг хэмээх эрхэмтэй ч бид дотны сайхан харилцаатай явж ирсэн юм. Аймгийнхаа Ардын намын орлогч даргын сонгуультай нутаг орондоо нэр хүндтэй нэгэн байв эрхэм Ганхуяг. Тус баазад хэдэн жил аялагч зөөснийх Ганхуяг даргын Шийлэгдамба, Шийлэгбат гэх хоёр хүүтэй танилцаж мэндтэй явдаг байлаа. Байгаль орчны сайд байхад нь Шийлэгдамба хүүд нь өөрсдийн хийж бүтээсэн “Discover Mongolia“ CD танилцуулж Аялал жуулчлалынх нь газарт хэдэн ширхэгийг өгч байв. Сүүлд Радио Телевизийн “Өргөн булаг” амралтын газарт таарч хонуут өнжүүд ярьж хөөрч явлаа. Эрүүл мэнд, биеийн тамир эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхдаа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа болж мөнгө төгрөгний хэрэгт орооцолдож яллагдсан юм. Тэр хэл ам, хэрэг төвөг болж байх үед аав нь “Өдрийн сонин”-ы байрны хажууханд их л гундангуй явж надтай тааралдсан билээ. Тус сонины албаны дарга, нэртэй сэтгүүлч Д.Мөнгөндалайтай уулзаж хүүгийнхээ байр байдлын талаар ярилцлага өгөхөөр явж байна гэж байв. Сонин хэвлэлд олон жил алба хашсан гэх утгаар нь надад хандаж бас зөвлөлгөө хүсч байлаа. Аав хүүтэй би ийм харилцаатай явсан болохоор “Элсэн тасархай” хавиар явахдаа би Баянговиор аль болох ороод гарахыг хичээдэг юм. Арван хэдэн жилийн өмнө Отгон тэнгэр хайрхан явж байхдаа Баянговиор дайрч нэг хонов. Ганхуяг бааз дээрээ байсангүй. Мэнд мэдэх санаатай утасдсан чинь хотод явна аа, амралтын ажлыг хүүдээ өгчихсөн, наана чинь байгаа бол уулзаж танилцаарай гэж байсан юм. Шийлэгдамба хүүгийн дүү Шийлэгбаттай би энэ амралт дээр тэр өглөө уулзаж танилцаад аян замаа хөөж байв. Отгонхайрханаас буцахдаа бид бас энэ “Баянговь”-д хоног тааруулж тухлаад явцгаасан. Олон жил энэ “Баянговь”-той ийм харилцаатай байсан болохоор “Элсэн тасархай”-аар дайрсан энэ удаа бас түүгээр ороод гарахаар тийш зорив. Их үд болж байсан болохоор үдийн цай унд тэнд ууж тухлах нь зөв шийд байв. Элсэн манхны хаяагаарх хуучны танил замаар арваад минут довтолгосоор “Баянговь бааз”-ын хашааны дааман хаалганы өмнөхөнтөө буулаа. Жуулчны урт ягаан автобус тэнд зогсож байна. Хэсэг жуулчид шуугилдан автобус руу ирцгээж байв. Хэл яриаг нь сонсоход солонгосууд бололтой. Хашаа хороо, жуулчны олон арван гэр, зоогийн газрын арван хоёр ханат цэмцийгээд... танил дүр зураг. Ариун цэвэр, усанд ордог газраа шинэчлээд тав тухтай болгочихож. Зуныхаа амралтаар энд ажиллаж буй оюутан залуутай зоогийн газрын дэргэд тааралдаж хэдэн үг солив. Англи, солонгос хэлтэй аж. 

Автобусанд сууж буй солонгосуудад хэлмэрчилж Хар хорин явна гэж байлаа. Солонгос, японы жуулчид энд нилээд ирдэг, европоос Герман, Чех, Польшууд, бас америкийн аялагчид арай илүүтэй ирж байна гэж тэрээр ярьж байв. Иймэрхүү яриа хөөрөө болж байгаад хуучин танил Ганхуяг даргыг, бас Шийлэгбат хүүг сураглав. Ганхуяг дарга үүгээр төдийлэн ирэхгүй байгаа юм байх. Шийлэг захирал нь хот явсан гэв. “Хэдэн жилийн өмнө танайхаар үйлчлүүлээд нааш цааш нилээд явж байлаа, хуучнаа санагалзаж танай ресторанд үдийн хоолоор үйлчлүүлээд явмаар байна” гэж зоогийн газрынханд санал болгов. Тогооч, зөөгч бололтой хоёр гурван бүсгүй төвөгшөөх янзтай “Солонгосууд хоолондоо орж дуусаагүй байна, тэгээд ч илүүчлэх юм байхгүй...” гэцгээж байна. Надтай танилцсан орчуулагч залуу санаа нь зовсон бололтой “Шийлэг захирлын гэргий, Ерөнхий менежер Цолмон эгч байгаа, та түүнтэй ярьчихаач, би дуудаад өгье” гэж байв. “Үдийн хоол идэх төдийд ийм их яршиг төвөг болоод яах юм бэ? Үнэ өртгийг нь төлөөд үйлчлүүлэх гэж байхад...” гээд эхнэр дургүйцэж байна. Таньдаг мэддэг хүмүүс байгаа гэж эхнэртээ сүрхий пээдийгээд зам нилээд хазайж энд ирчихээд ийн үнэ хүндгүй буцах болчихов. Замд өдий төдий л гэр буудал, хоолны газар байна лээ шдээ, аль нэгэнд нь ороод цай уучихья гэж байна эхнэр.

 Мянгат малчин ба бас нэгэн Жуулчны бааз. “Баянговь”-иос хөдлөөд төд удалгүй арваад гэртэй баазад түр бууж үдийн цай унд болов. Гадаа нь хоёр том хар жип, бас нэг бага шиг автобус зогсож байлаа. Хаалга дэлгээтэй нэг том гэрээс нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан генерал Болдбаатар гарч ирээд гал тогооны бололтой гэр рүү алхаж харагдсан. Бидний түр буусан энэ гэр дөрвөн ортой тохилог цэвэрхэн юм. Хоол ундны захиалга авсан бүсгүй нь МУИС-ийн Гадаад хэлний сургуулийн хятад хэлний төгсөх ангийн оюутан Ц.Должинсүрэн гэнэ. Аав Д.Цогтгэрэл нь энэ гэр баазын эзэн аж. Эднийхэн гэр бүлээрээ гадна дотнын жуулчин хүлээн авч морь, тэмээ унуулах үйлчилгээ эрхэлдэг юм байх. Гэрээс зайдуу барьсан шургааган хашаанд нь хорь гаруй тэмээ хашаалаастай харагдана лээ. Гадуур нь бурантагтай, тохоштой тэмээ гэхэд л арван хэд байсан. “Болдбаатар генерал танайд амарч байгаа юм аа даа, солонгосын автобус жуулчид хоногоор юм уу...” энэ тэр гээд хэрэгт дурлаж нилээдийг асуусан чинь “Би таныг аавтайгаа танилцуулья, ааваас та асуухгүй юу...” гээд оюутан охин гэрээс гарав. Захиалгат хоол бэлэн болохыг хүлээнгээ тэмээ малын зураг авч хашаа хорооных нь хавиар ойр зуур явав. Солонгос, Сингапурын жуулчдад эднийхэн тэмээ унуулж үйлчилцгээж байв. Хоёр гурван хятад жуулчин байгаа бололтой, Должин охин тэдэнтэй хятадаар ярьж байлаа. Солонгос, Сингаагийнханд тэмээ унуулж буй залуу англиар ярьдаг бололтой жуулчидтай хэдэн үг солиод арваад тэмээтэй тэдний цувааг хээ угалз болсон хантаазтай хөтөч хүүтэй хамт элсэн манхны зүг хөдөлгөнө лээ. Должинсүрэн бүсгүй энд намайг аавтайгаа танилцуулав. Аав нь намайг сонин хэвлэлийн талын хүн гээд мэдчихсэн бололтой, тэмээ малын дэргэд хамтдаа зургаа авахуулья гэсэн чинь дээл хувцсаа сольчихоод ирье гээд гэрлүүгээ алхчихав. Эднийд буудаллаад амарч буй миний зүс таних Болдбаатар генерал түүнтэй гэрийн гадаа яриад зогсож байсан, бодвол тэр “Ардын эрх” сонинд байсан сэтгүүлч нөхөр энд ирчихсэн зураг хөрөг болоод явж байна гээд намайг заачихсан байж ч магад. Давуун цамц, биеийн тамирын өмдтэй мал хунартай ноцолдож байсан тэмээчин маань хүрэн даавуун дээл, хар бүрх малгай, хромон гутал өмсчихсэн тэвхийтэл алхаад тэмээний дэргэд хүрээд ирлээ. Аав охин бид гурав хамтдаа зургаа даруулав.

Тавь гарч буй бололтой энэ эр уг нь Архангай аймгийн Хашаат сумын уугуул аж. Аймаг сумандаа дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд тэр үеийн Зөвлөлтийн Кемеров хотын Техник мэргэжлийн сургуульд явж суралцаж сантехникчийн мэргэжил эзэмшсэн гэнэ. Төгсч ирээд сумандаа мужаан дарханы ажил хийж гарын ур дүй сайтай гэж магтагдаж байж. Гурван жилийн дараа нэгдэл нийгэмд нь хувьчлал явах үеэр өөрт ногдсон хэдэн малаа хувьчилж аваад  малчин болох замаа хөөжээ. Ерээд оны сүүлээр бэлчээр ус хөөж, оторлож  яваад нэг хоёр жил Булганы Рашаант сумын нутагт өвөлжсөн гэнэ. Хаяа хамар хатгаж явдаг нутаг усныхан болохоор нэг мэдэхэд л Рашаант сумын суугуул болчихож. 2000-аад оны эхээр мал нь сайн өсч, аймаг сумынхан  ажил хөдөлмөрийг нь үнэлж сумын аварга, аймгийн сайн малчин гээд л алдар нэр хүртээсэн гэх.  Арваад жилийн дараа аймгийн аварга, 2016 онд мянгат малчин болжээ.  Өвөрхангайн Бүрд, Булганы Рашаант сумын зааг болох “Элсэн тасархай” хэмээх энэ нутаг бол монгол орны аялал жуулчлалын бүс гэгддэг. Энэ ч үүднээс энэ нутагт аялал жуулчлалын олон баазууд үйл ажиллагаа явуулдаг. Д.Цогтгэрэл малчных адуу, тэмээ нилээд хэдтэй болсон үеэсээ “Хөгнө хаан”, “Бат хаан”, “Их монгол” уулсын ар өврөөр нутаглаж энэ хавийн “Номадс”, “Хоёр тэмээт”, “Баянговь” жуулчны баазад буусан япон, солонгос, хятад, европын аялагч жуулчдад морь тэмээ унуулах үйлчилгээ эрхэлж хэд гурван валют олж амьдрал ахуйдаа нэмэр болгодог болжээ. Сүүлийн хэдэн жил өнөө зусаж буй Шилүүстэйн гол, Шилүүстэй хайрханыхаа өврөөр нутаглаж “Баянговь” жуулчны баазад буусан газар газрын жуулчдад морь тэмээ унуулах үйлчилгээ гэрээгээр гүйцэтгэж ирсэн гэнэ. Хоёр хүү, охин нь дунд сургуулиа дүүргэж их, дээд сургуульд элсэн суралцах болоод төлбөр зардал ч сүрхий нэмэгдэж малаас орох орлого, жуулчны баазаас авах гэрээт мөнгө хүрч ядаад байх болж. Жуулчны компаний удирдлагууд ч төлбөр тооцоон дээр бас хатуурхаад эхэлж. Тэгээд л тав зургаан жилийн өмнөөс өөрөө хэдэн гэр худалдан авч энэ гэр баазаа байгуулаад дотоод гадаад гэлтгүй аянчин гийчин хүлээн авч үйлчлэх болжээ. Морь, тэмээнийхээ тоог нэмсэн гэв. Зуны улиралд жуулчныхаа энэ баазыг ажиллуулж ашиг орлого сайтай байдаг болж. “Америк, Европ, Ази, Африкийн гээд шар, цагаан, хар арьст зүсэн бүрийн хүмүүс авч үйлчилж байна. Дахин дахин ирж манайд амардаг жуулчид ч бий. Тэдэнтэйгээ найз нөхрийн сайхан харилцаатай болсон. Намайг найз нөхрөө гээд алсын африкаас захиа занаа надад ирүүлдэг тас хар нөхөр ч бий шүү” гэж Булган аймгийн Рашаант сумын малчин, аялал жуулчлалын гэр баазын эзэн Д.Цогтгэрэл бахархалтай нь аргагүй хуучилж суув. Морь, тэмээний хөтөч, туслах малчин энэ тэр гээд нутгийн хэдэн залуус эндээ бас ажиллуулдаг гэнэ. Зарим нь ч зуныхаа амралтаар ирж ажилладаг оюутнууд юм байх. Аялалын цуваа хөтлөөд элсэн манхан хүрч цаг яваад ирэхдээ тэд 5000 төгрөгийн хөлс мөнгө авдаг гэнэ. Зундаа сургалтын төлбөрөө элбэг олчихдог юм байх. Өөрийнх нь том хүү Дэмбэрэлням оюутан болчихоод зуныхаа амралтаар жил бүр л хөтөч, малчны туслах хийж байж. Сургалтынхаа төлбөрийг ч зундаа эндээс олж Санхүү эдийн засгийн дээд сургуулиа ч амжилттай төгссөн аж. Нийслэлд “Капитрон” банкинд ажиллаад хоёр жил гаруй болж гэнэ. “Бага хүү маань хоёр жилийн өмнө дунд сургуулиа аймагт дүүргээд ШУТИС-т уг нь оюутан болсон юм. Энэ зунаас энэ баазын ажил хариуцаад ажиллаж байна. Эхнэр бид хоёр мал, бааз гээд хоёр талын ажилд түүртэх болоод байна аа...” гээд тэмээн аялалын цуваа зохион байгуулаад гаргаж буй Дэмбэрэлсамбуу хэмээх хүүгээ зааж байв баазын эзэн Д.Цогтгэрэл. Энэ зун эднийх бааздаа өөрийн гэсэн гүний худагтай болж. Шинэ нойл, усанд ордог газар барьж байна гээд жижгэвтэр байшинг надад баазын эзэн үзүүлж харуулж байв. Оюутан охин Должинсүрэн нь ч зунжингаа эндээ ажилладаг аж. “Их сургуулиа төгсөөд энэ бааз, фермерийн аж ахуй руугаа охин чинь ирэх болов уу яах бол?” гэж би ааваас нь асуулаа. “Нэг хоёр жилдээ хот газар ажиллаж туршлага дадлагатай болчихоод энэ аж ахуйгаа авч явах хүний нэг болох биз ээ охин маань. Мал ч их өсчихлөө, гэр баазаа өргөжүүлж жуулчны компани болж ажиллахаас аргагүй болоод байна. Газрын зөвшөөрлөө авчихсан байгаа. Гадны захиалга санал ч олшроод байгаа. Тийм болохоор хэл устай, гадныхантай харилцчих сайн менежер, удирдагч энд хэрэгтэй л байна...” гэж мянгат малчин, жуулчны баазын эзэн Д.Цогтгэрэл ярьж байв. Монгол орны өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаа, хөгжил дэвшлийнх нь нэгэн нийтлэг дүр зураг гэж энэ Цогтгэрэлийнхнийг харж болох . “Элсэн тасархай”, “Баянговь”-иор дэмий ч нэг бууж мордсонгүй гэж санагдаж байлаа.

 

 

Д.Цэдэн-Иш

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?