ЦАГ ЗАВ ГАРГАСАНД БАЯРЛАЛАА/ Сургамжит өгүүллэг/

2020-01-28  

Батаа тийм  хөгшин байсан эсэхийг  таг мартжээ. Их дээд сургууль, оюутны хөгжөөнт амьдрал, хацар гоо охид бүсгүйчүүд, ажил төрөл, ажлын хамт олон, гэр бүл, эхнэр хүүхэд, ар араасаа хөвөрсөн нийслэл хотын хөдөлгөөнт амьдрал, түүний тоолж баршгүй нугачаа нь хөдөө өсөж төрсөн  Батааг нүргээнт хотын хамгийн завгүй хүний нэг болгожээ. Тэр толгой өөд татах завгүй эрч хүчтэй ажиллахдаа хагас мянган бээрийн цаана орших төрж өссөн  хөдөө нутгаа бүү хэл , дэргэд буй эхнэр, хүү хоёртоо ч зав гаргаж чадахгүй нэгэн болсон байлаа. Энэ бүхнийгээ өөрийнхээ төлөө биш, эхнэр хүүхдийнхээ маргаашийн сайн сайхны төлөө хийж байна гэж өөрөө итгэдэг, эхнэр хүүхэддээ ч тэгэж ойлгуулж ирсэн нэгэн. Түүнийг шөнө дөллөн ажил дээрээ сууж байх ахуйд тэр бүр залгаад байхаа больсон ээж нь хөдөөнөөс утас цохиж, -Өчигдөр Гончиг гуай өөд боллоо. Ирэх Баасан гарагт оршуулна гэж хэлэхэд Батаагийн ой тойнд хажуу хашааны айлын Гончиг гэж ах байсныг бүдэг бадагхан нэхэн саналаа. Батааг таг дуугүй байхлаар нь,- Хүү минь ээжийгээ сонсож байна уу гэж лавлахыг сонсоод, - Байна аа, ээж, таныг сонсож  байна. Гончиг гуайн барааг харалгүй дэндүү олон жил өнгөрчээ. Бараг мартах дөхжээ. Таныг хэлэхээр л сая саналаа. Хөөрхий дөө. Зовоогүй биз дээ гэвэл, - Тун тоогүй байна даа , хүү минь, тийм хүнийг мартаж байдаг. Гэтэл Гончиг чамайг огт мартаагүй. Үргэлж л чамайг асууна. Уулзах бүрдээ л чиний  өнжин хонон тэднийд тоглох дуртай байсныг дурсдаг байсан. Аавыг чинь нас барснаас хойш эцгийг чинь орлож, бяцхан хүүд эр хүнээс авах хэрэгцээтэй мэдлэг бүрийг чамд харамгүй өгч байсан даа. Хөвгүүдтэй муудалцах үед чамайг өмгөөлөн хамгаалж, тэдэнтэй хэрхэн харьцахыг зааж зөвлөн, унадаг дугуйг чинь засаж сэлбэж байсан даа. Чи ямар ч зав чөлөөгүй байлаа гэсэн оршуулганд нь заавал ирж хүндэтгэл үзүүлээрэй гэж хэлээд хариу хүлээлгүй утсаа тавилаа, ээж нь. Батаа хэсэг зуур бодолд автав. Үнэхээр Гончиг гуай л надад амьдрах ухаан зааж сургасан. Гончиг гуай байгаагүй бол би ийм амжилтанд хүрэхгүй байсан. Тэр өвгөний зааж сургаснаар өдий зэрэгтэй яваа нь үнэн. Ээж минь ч ярилаа. Ямар ч гэсэн цаг гаргаж, хүндэтгэл үзүүлэх нь зөв гэж тэр шийдэв. Нутагтаа онгоц хүлэглэн бууж, оршуулгын ажиллагааг  ээжийнхээ хамт удирдлаа. Хотоос ирсэн нь Бат ганцаар. Оршуулга нь тун цөөн хүний хүрээнд болж өндөрлөв. Тэрбээр ганц бие байсан учир хамаатан садан гэх ч хүн үзэгдсэнгүй. Бат арагшаа яарах учир маргааш нь хот явахаар зэхэж, ээжийнхээ хамт сүүлчийн удаа Гончиг гуайн гэрт орлоо. Бүх зүйл танил, дотно. Өнжин хонон тоглодог байснаа тэр зуур санагалзлаа. Өвгөнийх олон зүйлгүй, энгийн айл. Нэмэгдсэн, хорогдсон зүйл алга. Гэнэт ширээн дээр ямагт байдаг хайрцгийг тэр саналаа. – Хайрцаг алга гэж дуулдах төдий Батаа хэлэв. –Юу гэж ээж нь асуух сонсдов. – Энэ ширээн дээр нэг жижигхэн хайрцаг байдаг байсан юм. Энэ хайрцаг дотор миний хамгийн ихээр эрхэмлэдэг зүйл бий гэж талийгч хэлдэг байсан. Намайг үзье гэж шалах тоолонд –Чамд үзүүлнэ. Цаг нь болоогүй гэж хэлэхээс өөр хариулт хэлдэггүй байсан. Дотор нь юу байгааг мэдэхийг хүссэн тэр л хайрцаг алга гэж Бат харуусангүй хэлж, дуугаа хураалаа. –Би тэр хайрцаг дотор юу байгааг тэр үед мэдэхийг үнэхээр хүссэн.

Одоо ч ялгаагүй гэж тэр дотроо бодлоо. Сэтгэл нь үл гүйцэлдэх нэгэн зүйлийг үгүйлэх шиг болж, хөндий хоосон оргилоо. Хотод ирснээс хойш бүх зүйл хэвийн үргэлжлэх болов. Нөгөө уулзалт, зөвлөгөөн, томилолт тасралтгүй хөвөрсөөр.  Бат нүргээнт хотын завгүй амьдралын эргүүлгэнд дахин  живжээ.  Шөнө дөллөн гэртээ иртэл шуудангаар илгээмж ирсэн тул өөрийн биеэр ирж авна уу гэсэн зурвасыг эхнэр нь түүний нүдэнд храгдах газар ширээн дээр тавьсан байхыг олж харав.  Маргааш өглөө нь хүүгээ сэрж амжаагүй байхад нь тэр ажил руугаа хөдөллөө. Замдаа шуудан орж илгээмж автал, жижигхэн хайрцаг, товчхон захидал ирүүлжээ. Ажил дээрээ ирэнгүүт нөгөө захидлаа үзвэл, Гончигоос Батад гэж хаягласан нь өөрийн эрхгүй сонирхол татав. Тэр сэтгэл догдлон захидлыг задлавал,- Намайг нас барах мөчид энэ захидлыг хайрцгийн хамт Батад шуудангаар илгээнэ үү. Бат хүү өвгөн миний амьдралдаа хамгийн ихээр эрхэмлэдэг байсан зүйлийг мэдэх ёстой. Тэр надаас олонтаа шалсан хариултаа мэдэж аваг гэж захидалдаа бичсэн байхыг уншаад Батын сэтгэл хөдөлж, гар нь чичирч салганаж байлаа. Жижигхэн түлхүүрээр хайрцгийг түлхүүрдэн нээвэл хайрцган дотор бугуйн жижигхэн алтан цаг гялалзана.

Дэргэд нь бас нэг зурвас байв. Уншвал,- Батаа хүү минь цаг зав гаргасанд баярлалаа гэж бичжээ. Батын хоолой зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. Тэр уйлах, хайрлах гэдгийг бараг мартсанаа сая л санав. Тэр даруй дотуур утсаараа нарийн бичгийн дарга Оюунтай холбогдон,- Энэ долоо хоногийн миний бүх албан уулзалтыг цуцал гэвэл, -Захирлаа, юу болоо вэ, таны бие зүгээр үү гэж нарийн бичгийн дарга нь сандрангуй асуухыг сонслоо. -Би зүгээр ээ. Ердөө л хүүтэйгээ хамт баймаар байна , -Өө тийм, ямагт цаг гаргадагт баярлалаа, Оюунаа гэж анх удаа хэллээ. Мөн хүү рүүгээ залгаж, -Аав нь очлоо гэж дуулгаад утсаа салгалаа...

 

 

Орчуулж, монгол хувилбарт шилжүүлсэн Ц.Энхбат 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:хайртай хүмүүстээ цаг зав гаргах нь чухал шүү 2020-01-28
хулан:хэрвээ би эмээгээ өөд болохоос нь өмнө цаг зав гаргасан бол одоо ингээд харамсаж суухгүй байсан байх 2020-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?