КОРОНА БА ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ

2020-02-13  

Дэлхий дахинд аюул заналхийлээд буй Корона вирусын тархалттай зэргэцээд Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мөрдөх онцгой дэглэмийг зарласан. 2020 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан уг шийдвэр иргэд болон бизнес эрхлэгчдийн өдөр тутмын эдийн засгийн амьдрал, орлого болон санхүүд их хэмжээгээр нөлөөлж буй. Өнөөдрийн байдлаар хэрэгжээд хоёр дахь долоо хоногийн нүүрийг үзэж буй уг шийдвэрийн үзүүлэх нөлөө нь бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хувьд банкны зээл, ажлын байрны түрээс төлөхөд хүндрэл учрах зэрэгт илэрч байна. Хөл хорио тогтоосон энэ цаг үед банкны хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах эсхүл эргэн төлөлтийг нэг сараар хойшлуулах нөхцөл боломж бий эсэх талаар зайлшгүй авч үзэх шаардлагатай юм. Дэлхий дахинд тархаад буй Корона вирусыг хуулийн томъёоллын хувьд “давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал” хэмээн үзэх боломжтой бөгөөд энэ талаар Монгол улсын Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үүрэг гүйцэтгэхэд хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн хуульчилсан.

Давагдашгүй хүчин зүйл гэж юу вэ?

Хүний хүсэл зоригоос үл хамаарах шинжтэй байгалийн гамшигт үзэгдэл /үер, цунами, газар хөдлөлт, зуд гэх мэт/, нийгмийг хамарсан үймээн самуун, босглого, дайн, ажил хаялт, иргэний дайн, гэмт хэрэг, тахалт өвчин зэргийг давагдашгүй хүчин зүйл /force majuere/ хэмээн томъёолдог. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гэрээний үүрэг биелэх боломжгүй болох тохиолдол бий. Үүнд: зээлийн гэрээ, түрээсийн, тодорхой төрлийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг тогтмол эдийн засгийн үр өгөөж, үр дагаврын шинжтэй гэрээний үүргийн гүйцэтгэл шууд хамаарч байдаг.

Тэгвэл корона вирусын халдварыг форс мажорт тооцох хэд хэдэн үндэслэл бий. Эдгээр үндэслэлийг тогтоохын тулд дараах инфографикаас уг өвчний тархалт хийгээд, үзүүлж буй эдийн засгийн сөрөг үр дагавруудыг харъя.

2020 оны 02 сарын 11-ний өдрийн 12:00 /орон нутгийн цагаар/ цагийн байдлаар дэлхий дахинд шинэ төрлийн Корона вирусын 45,170 тохиолдол бүртгэгдсэн ба сүүлийн 21 хоногийн статистик үзүүлэлтээс харвал хоногт дунджаар 4 хувийн тогтмол өсөллтэй байгаа юм.

Одоогоор Монгол улсад Корона вирусын халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч 02 сарын 07-ны өдөр Коронавирусний хоригоос шалтгаалж эрсдэлд ороод буй бизнес эрхлэгчдийг хамгаална гэж Монголын Үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг нотлох эрх бүхий байгууллага нь цор ганц МҮХАҮТ юм.

Тодруулбал, бусадтай хийсэн бизнес, хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал үүсэж, бизнест нь эрсдэл учирч байгаа бол МҮХАҮТ-д хандан давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой. Гэхдээ энэ төрлийг үйлчилгээг авахад Форс мажорын гэрчилгээ олгох ба гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550 мянган төгрөг, яаралтай буюу 7 хоногийн дотор гаргуулахад нэг сая төгрөгийн хураамжтай байдаг журамтай. Хөл хорионы хугацаанд бизнес эрхлэгч, ААН-үүдэд зөвхөн баримт материал, судалгааны ажлын хөлс буюу 100 мянган төгрөг төлөөд гаргуулж авах боломжийг МҮХАҮТ-аас олгоод буй. Энэ нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед бизнес эрхлэгчдийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулж буй хэрэг гэж харж болно. Гэвч энэхүү гэрчилгээ олгох үйлчилгээ нь бизнес эрхлэгч аж ахуй нэгж буюу гадаад дотоод худалдаа эрхэлдэг компани, корпорациудад түлхүү хамаарна.

Тэгвэл бизнес эрхлэгч иргэн, худалдаачид, энгийн иргэдийн зээл, түрээсийн үүргийг давагдашгүй хүчин зүйлийн үед хэрхэн хамгаалах вэ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 02 сарын 11-ны өдрийн 07/05 тоот зөвлөмж, Монгол улсын ерөнхийлөгчийн 02 сарын 12-ны өдрийн зарлиг, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Сар шинийн баярыг тэмдэглэхийг албан ёсоор цуцаллаа. Ерөнхийлөгчийн зарлигт мөн “цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах зар сурталчилгааг даруй зогсоох”-г тусгасан ба энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлэгчид болон импортын бараа бүтээгдэхүүн худалдаалагчдад хүндээр тусахаар байна.

ҮСХ-ийн тооцоогоор цагаан сар тэмдэглэх зардал нь нэг өрхийн хувьд дунджаар 2.2 сая төгрөг, нийт улсын хэмжээнд 1.2 их наяд төгрөг, үүний 40–50% нь бэлэг. Үүнээс 100–200 сая орчим ам.долларын импортын хэрэглээ үүсдэг болохыг хaрж болно. Дээрх үнийн дүнгийн 80 орчим хувийг худалдан авалт эзэлдлэг бөгөөд үлдсэн зардлал нь золголтын мөнгө хэлбэрээр зарцуулагддаг. Энэ нь дээрх худалдаа эрхлэгч иргэд, ЖДҮ эрхлэгчид ийм хэмжээний эдийн засгийн хохирол хүлээж буйг харуулдаг. Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн сарын түрээсээр жишээлвэл хамгийн багадаа нэг сая төгрөгөөс эхлэх ба нэг түрээслэгч сардаа түрээсийн төлбөр болон зээлд багадаа 3 сая төгрөг төлөх шаардлагатай байдаг аж.

Бизнес эрхлэгчид гэрээ байгуулах үед байсан нөхцөл байдал хожим өөрчлөгдөх, гэрээний үүргээ өөрөөс шалтгаалахгүй байдлаар биелүүлэх боломжгүй болох эсэхээ урьдчилан таамаглаж чадахгүй. Практикт гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөх тохиолдол гардаг. Монгол улсын Иргэний хуулинд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцохоор зохицуулсан. Банк, бизнес эрхлэгч, түрээслүүлэгч гэх мэт талууд хоорондоо байгуулсан гэрээний агуулгаас хамаарч “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал”-ын үед үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар гэрээнд тусгасан байх шаардлагатай байдаг.

Тиймээс дээрх вирсын халдвар нь онолын болон эрх зүйн хувьд “давагдашгүй хүчин зүйл” мөн бөгөөд иргэн, аж ахуй нэгжүүд гэрээний тухайн хэсгийн зохицуулалт бүхий заалтыг үндэслэн гэрээлэгч нөгөө талдаа үүргийн гүйцэтгэлийн хугацааг хойшлуулах, эсхүл чөлөөлөх тухай хүсэлтээ гаргаж, харилцан тохиролцож шийдвэрлэх боломж бий юм.

Зээл төлж буй иргэдийн хувьд зээлийн тоцооллоо хийхдээ дараах аргыг ашиглаж сард төлөх төлбөрөө шалгах боломжтой ба дээрх үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах боломжоо ашиглахад илүүдэхгүй.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?