ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН /цуврал 1/

2020-03-02  

Солонгосын Ерөнхийлөгчтэй гар барьж явлаа. Өмнөд Солонгос руу хэд хоног яваад ирлээ. Манай монголчууд Гуулин улс хэмээн эрт дээр үед нэрлэдэг байсан энэ улсын нийслэл Сөүлд миний бие хорин зургаан жилийн өмнө анх хөл тавьж байв. “Ардын Эрх” хэмээх төрийн статустай сонинд миний бие орлогч эрхлэгчээр ажиллаж байсан 1993 оны зун цаг. Солонгосын нөлөө бүхий өдөр тутмын гурван томынх нь нэг болох “Дон А Ильбо” сонины эзэн Ким Бён Гван гэх хижээл насны баян эрхэм таван дагуулынхаа хамт манай  сонины Ерөнхий эрхлэгч Ц.Балдоржийн урилгаар Монголд хэд хоног зочилж засаг төрийн  зочны хэмжээнд хүндэтгүүлээд сэтгэл нэн хангалуун буцаж билээ. Манайхны хөл алдаж хүндэтгэхийн учир шалтгаан нь “Дон А Ильбо” сонины эзэн хуучин үйлдвэрээ манай “Ардын эрх” сонинд бэлэглэнэ гэчихсэн байсных юм. Намын “Үнэн”-ээс эхлээд залуучууд, үйлдвэрчний эвлэлийн бүх сонин Улсын хэвлэлийн комбинат хэмээх ганц монополь үйлдвэрт ээлж дараалал хүлээн байж хэвлүүлдэг тугалган хэвлэлийн тэр цаг үе байв. Солонгосын баян эзний бэлэглэсэн офсет хэвлэх үйлдвэрийг нь авахаар миний бие сониныхоо хэлтсийн эрхлэгч Н.Баярсайханы хамт тэр жилийн намар Сөүлийг зорьсон юм. Тэр үед одооных шиг онгоцны шууд нислэг байсангүй. Хүмүүс ч тийш ховорхон зүглэдэг байв. Онгоцоор явна гэвэл Бээжин ороод тэндээсээ дамжин нисэх боломжтой ч үнэ өртөг нь өндөр. Ерээд оны эхэн үе гэдэг чинь картын бараатай, дэлгүүр хоршооны лангуу бор давс, бор гоймон, боорцог талх төдийхөнтэй, эдийн засаг хямралтай, зоос валют ховор тийм л цаг үе шүү дээ. Үнэ хямдыг нь бодож Баяраа бид хоёр галт тэргээр Бээжин, тэндээсээ Тяньжин орж усан онгоцоор Инчёон боомт орж тэндээсээ Сөүл рүү очиж байлаа. Өмнөд Солонгост Элчин сайдаар сууж байсан П.Үржинлхүндэв эрхэм элчин яамныхаа унааг явуулж бид хоёрыг тосуулсан байв. Хэвлэлийн хуучин үйлдвэр олж өгөх энэ ажлыг санаачлан эхлүүлсэн хүн нь ч энэ Элчин сайд байсан юм. Бидний боломжид тааруулаад худалдаа наймааны томхон захын ойролцоо буудлын хямдхан өрөө захиалчихсан байлаа. Монголчуудын одоо маш сайн мэдэх болсон Түндэмүн захын тэр хавь байсныг хожмоо Сөүлд хоёр гурав очихдоо би мэдэж авсан юм. Одооны хэллэгээр бол бид хоёр “Hotel”-д биш “Мотел” гэдэгт нь буусан юм билээ. За тэр ч тийм чухал юм биш. Элчин сайд маань бид хоёрыг “Дон А”сонины эзэн Ким Бён гуайтай уулзуулахаар урьдчилаад цаг авчихсан байв. Монголд айлчлахад нь эрхэм эзэнд Баяраа бид хоёр дагаж үйлчилснийг бодоод л тэрээр цаг зав гаргаа биз. Түүнээс биш бид хоёрыг хүлээж аваад уулзчих хүн тэр эзний дор хэдэн арваараа л байгаа. Бид хоёрт  машин явуулахдаа цагтаа бэлэн байхыг Элчин сайд хэдэнтээ анхааруулж байлаа. Яамны унаа ч цагтаа ирж биднийг Солонгосын том сонины газарт аваачив. Харуул хамгаалалт болсон хашаатай, орчин тойрон нь мод бут, цэцэг навч болсон үзэмжтэй сайхан газар тэдний сонин байрладаг аж. Арваад давхар хүрэн байшингийн үүдэнд сонины эзний туслах биднийг угтлаа. Тэр залуу Монголд эзэнтэйгээ хамт ирсэн болохоор бид хоёрт дотно хандаж тэрүүхэн зуур тав тухтай аялж яваа эсэхийг асууж яриа хөөрөө өрнүүлсэн  нь бид хоёрт таатай байв. Эзэн наймдугаар давхарт суудаг аж. Нам гүмдүүхэн тансаг орчинд бид хэд цахилгаан шатаар гарч ирлээ. Нэг эрхмийн томоос том хар ногоон гантиган  хөшөө  анхаарал татахуйцаар энд биднийг угтан заларч байх юм. Бид хоёрын сонирхохыг харсан туслах залуу “Манай эзний эцэг нь” гэж тайлбарлав. Үе дамжсан сонин гэдгийг бид Монголд байхдаа сонсож байсан. Нэг удаадаа хоёр сая гаруй хувь хэвлэгддэг Солонгосын өдөр тутмын гурван сонины нэг гэдгийг төлөөлөгчид нь Монголд айлчлах үеэрээ бидэнд танилцуулж ярьж байсан   билээ. Хоёр гурван ч дамждаг өрөө өнгөрч нэг өрөөнд ороход Үржинлхүндэв сайд ирчихсэн биднийг хүлээж байв. Удсан ч үгүй бид гурвыг Ким Бён Гван гуай найрсгаар хүлээн авч цай цүү болов. Монголд аялсандаа сэтгэл хангалуун байгаагаа дурсан ярьж байлаа. Сонинд нь зочлон ирсний дурсгал болгож “Дон А Ильбо” сонины логотой гарын бэлэг бид хоёрт өөрөө гардуулж өгөв. Дараа нь туслахаа болон өөр нэг ажилтныг дуудаж бидний авах хэвлэлийн машинуудыг үзүүлж харуулахыг үүрэгдсэнээр тэр уулзалт өндөрлөсөн юм.

“Ардын Эрх”-ийг офсет үйлдвэртэй болгосон эрхэм Ким Бён Гван 

Японы “Хамада” хэмээх фирмийн дөрвөн секцтэй офсет хэвлэлийн машин, дагалдах тоног төхөөрөмжийг ачихад бэлтгээд тавьчихсаныг Ким гуайн туслах үйлдвэрийн доод давхарт бидэнд үзүүлэв. Өөрсдөө өнгөт хэвлэлийн найман секцтэй үйлдвэр шинээр ашиглалтад оруулаад сонин хэвлэж буйгаа ч бид хоёрт харууллаа. Сөүлээс бид буцаж ирснээс хэдэн сарын дараа хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Солонгосоос ирж оны сүүлээр “Дон А Ильбо” сонины инженер техникийн баг түүнийг нь угсарч суурилуулан ажилд оруулж Монголд сонины офсет хэвлэлийн шинэ эрин эхэлсэн түүхтэй юм. Манайхны инженер техникийн ажилтнууд ч сонины үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж угсрахад суралцах, мөн сонины эх бэлтгэлд дадлагажих гэх мэт ажлаар “Дон А Ильбо”-гийнхны  тус дэмийг авч Сөүлд хэдэнтээ очсон юм даг. Миний хувьд түүнээс хойш  Солонгосын өдөр тутмын гурван том сонины бас нэг нь болох “Жунан Ильбо”-гийн урилгаар Ази Номхон далайн орнуудын өдөр тутмын сонины эрхлэгчдийн “Азийн эрин” сэдэвт форумд оролцохоор 1994 оны намар Сөүлд очиж байв. “Жунан” нь нэг удаадаа 2,5 сая хувь хэвлэгддэг өдөр тутмын нөлөө бүхий сонин. Бидний сайн харилцаа тогтоосон “Дон А” нь бүр зуугаад жилийн настай, удам дамжсан эзэдтэй, Солонгос уламжлал, хуучны ёс заншил талаа илүү дээдлэх өнгө аястай, ер нь консерватив чиглэлийн сонин гэгддэг юм билээ. Харин “Жунан”- нь насаар залуу, “Дон А Ильбо”-г бодвол  нэлээд баруунжсан, удирдлагын багийн ихэнх нь Америкт боловсрол эзэмшсэн залуу үеийнхэн байв. “Ильбо” гэдэг нь Солонгосоор сонин гэсэн үг юм билээ. “Жунан”- нь өдөр тутмынхаас гадна долоо, арав хоногийн хэд хэдэн хавсралт сонин сэтгүүлтэй, бас мэдээллийн телевизтэй хэвлэлийн том цогцолбор байлаа. Ази, Номхон далайн бүсэд оршдог 20 гаруй орны сонины эрхлэгч, ерөнхий редакторууд гурван өдөр үргэлжилсэн тэрхүү чуулга уулзалтад оролцсон юм.

Форумын төлөөлөгчид “Жунан” сонины төв байрны өмнө. Урд эгнээний голынх нь сонины эзэн, Ерөнхий захирал, доктор Хонг Сеук Хун

Зохион байгуулагч талын удирдлага, эрхлэгчид нь бүгд л англиар ярьсан цэмцгэр эрчүүд. Форумын үйл ажиллагаа ч англи хэл дээр явж мэдээлэл сурталчилгаа нь “Жунан”-ы англи хэл дээр гардаг өдөр тутмынх нь хувилбарт хэвлэгдэж байлаа. Зочин сонины эрхлэгч, редакторуудын яриа ярилцлага тэдний сонинууд дээр өдөр бүр гарч байв. Надтай хийсэн ярилцлага ч Солонгос, англи хэл дээр гардаг хоёр хувилбарт нь бас хэвлэгдэж байлаа. Форумын сүүлийн өдөр Солонгосын Ерөнхийлөгч Ким Ен Сам форумд оролцогчдыг “Хөх ордон”-доо хүлээн авч уулзсан юм. Бидний бас нэг сонирхол татсан аялал бол Өмнөд болон Хойд Солонгосын хилийн бүс болох Панмунжонд очиж танилцсан явдал байв. Хойдын нэг цэрэг зугтаад Өмнөд рүү орчихсон, цаг зуурын мөргөлдөөн ойр ойрхон гарсан түгшүүртэйхэн үе байсан тул биднийг зураг авах, илүү хөдөлгөөн хийхийг хориглож анхааруулга өгч байлаа. Тиймээс сонины зурагчны авсан энэ зураг л тэр цагийн дурсгал болон надад үлджээ.

Сөүл талын харуулын офицер бидэнд танилцуулах мэдээлэл хийсэн юм.

Дараа жилийнх нь ээлжит форумын урилга надад нэр зааж ирснээр миний бие Сөүлд дахин очиж хуучны андуудтай дахин уулзаж байв. Япон, Хятад, Хавайн сониныхон хуучин бүрэлдэхүүнээ өргөжүүлээд гурав дөрвүүлээ болоод ирсэн нь анзаарагдаж байлаа. Урьд оныхоос арай ялгаатай нь Солонгосын Засгийн газрын эдийн засаг худалдаа, үйлдвэр эрхэлсэн хэд хэдэн сайд форумын үйл ажиллагаанд оролцож үг хэлж санаа бодлоо хуваалцаж байв. Мөн нэрд гарсан томоохон компанийн зарим топ менежер форумд оролцож үг хэлж байлаа. Форум нь “Сонин хэвлэл ба улс орны эдийн засаг” гэсэн сэдэвтэй байсан юм. Форумын үйл ажиллагаа Сөүлийн өндөр зэрэглэлийн “Шилла” гэх таван одтой шилтгээн буудалд болдог уламжлалаараа тэнд болов. Ер нь форумын зохион байгуулалт, оролцогчдын байр байдлыг харж байхад тус сонины нэр нөлөө, Солонгосын нийгэмд эзэлж буй байр суурь их өндөр нь тод мэдрэгдэж байсан. Эдний сонины эзэн, Ерөнхий захирал, доктор Хонг Сеук Хун гэх эрхэм нь нийгэмдээ нэлээд өндөр нэр хүндтэй хүн гэдгийг ч манай Элчин яамныхан хуралд оролцох үеэрээ надад хэлж байсан. Төлөөлөгч нь ирсэн улс орнуудын Элчин сайд, зөвлөх, хэвлэл мэдээлэл хариуцсан дипломат ажилтнуудыг форумын нээлтэд урьсан юм билээ. Анхны форумд манай Элчин сайд П.Үржинлхүндэв оролцсон санагдаж байна. Дараагийнхад нь манай урдаа барьдаг Солонгос судлаач, олон жил Умардад нь ч, Өмнөдөд нь ч дипломат алба хашсан, Сөүл дахь манай Элчин яамны Зөвлөх Ж.Ломбо эрхэм оролцсон юм. Тэр удаагийн форумынхныг  ч Ерөнхийлөгч Ким Ен Сам уламжлал ёсоороо “Хөх ордон”-доо хүлээн авч уулзаж ярилцаж байлаа. Тэр тухай мэдээг миний бие “Өнөөдөр”-т илгээж Ерөнхийлөгч Ким Ен Сам төлөөлөгчидтэй гар барьж буй ийм зурагтай мэдээ сонинд гарч байлаа.

Эхний удаад  нь Төрийн төв хэвлэл хэмээх статустай “Ардын эрх” сонины нэрийн өмнөөс явж байсан бол дараа нь  “Монгол Ньюс”-ийн “Өнөөдөр” гэх хувийн сонины нэрээр оролцож байлаа. Манай оронд явагдсан улс төр нийгмийн өөрчлөлт ч эндээс бас харагдаж буй хэрэг. Нэг зүйлийг  нэмж хэлэхэд төр, хувийнх гэлтгүй мань мэтийн онгоц унаа болон Сөүлд байх бүх зардлыг “Жунан” сонины редакц дааж байв. Өнгөтөөр 24-32 нүүрээр гардаг, хоёр сая хагас уншигчтай, сонины нүүрийн тэн хагас нь алдартай компаниудын зар сурталчилгаа болсон, тив дэлхийн зиндааны сонин ингэж хандахаас ч аргагүй байх. Олон улсын ийм арга хэмжээ зохион байгуулах нь сониных нь нэр хүндэд ч хэрэгтэй байдаг биз. Солонгосын Ерөнхийлөгчийн “Хөх ордон”-оос Ким Ен Сам Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй шинэ жилийн мэндчилгээ надад хоёр удаа ирсэн шүү. Ерөнхийлөгчтэй нь уулзсан хүн бүрд тухайн жилд нь тийн хүндэтгэл үзүүлдэг сайхан жишигтэй юм билээ. “Монгол Ньюс” компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа Солонгосын “YTN” телевизийнхэнтэй Монголын тухай баримтат кино хамтарч хийх, мөн Солонгосын парламентын хэд хэдэн гишүүн, эрдэмтэд, дипломатууд оролцсон “Зүүн өмнөд Азийн санаачилга” чуулга уулзалт, Солонгосын хувцас загварын ертөнцийн хаан гэгдэх Андрей Кимийн шоуг Монголд зохион байгуулахад гар бие оролцож ажил хэрэгч олон Солонгос хүмүүстэй танилцаж харилцаа тогтоож байлаа. Тэдний зарим нь Монголд хэдэнтээ зочилж ажил хэргээ үргэлжлүүлж байв. Солонгос орон, Солонгос хүмүүстэй би ийм харилцаатай явж, заримынх нь тус дэмийг зөвхөн би төдийгүй, миний ажиллаж ирсэн сонин хэвлэлийнхэн ч хүртэж ирсэн. “Ардын эрх” сонинд бэлэглэсэн “Дон А Ильбо”-гийн офсет үйлдвэр хорин жил Монголын уншигч олны хэрэгцээг хангаж дэлхийн жишигтэй сайхан сонин хэвлэж байв. Сөүлд болох үеэл дүүгийнхээ охины хуримд оролцох урилга хүлээж аваад Солонгос оронтой холбоотой урьд өмнийн дурсамжаа ийн сэргээж сууна.                          

        Анугийн тухай хэдэн үг. Манайхны айл гэр, албан байгууллага бүр л Солонгос орон, солонгос хүмүүстэй ямар нэгэн шижмээр холбогдох нь элбэг болжээ. Монголын гучин мянга гаруй иргэн тэнд ажиллаж сурч амьдарч буй гэдэг. Таван мянга шахам оюутан сурагч тэндэхийн их дээд, дунд сургуульд өөрсдийн болон улсын зардлаар суралцдаг дүн мэдээ бий. Солонгосын Засгийн газар, томоохон компани, Шинжлэх ухааны байгууллага, их сургуулийн тэтгэлгээр суралцдаг залуус ч Сөүл, Инчёон, Пусан гэх мэт олон хотод хэдэн арваараа л байдаг аж. Магистр, доктор хамгаалахаар суралцаж буй залуусын тоо 1300 давжээ. Эдний нэг нь миний үеэлийн охин Арвисын Анударь юм. Тэрээр Монгол, Японы хамтарсан Шинэ монгол сургууль төгсөж дараа нь Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай Олон Улсын Улаанбаатарын Их сургуульд биотехнологийн мэргэжлээр элсэж сургуулиа амжилттай төгссөн юм билээ. Яг төгсөх жил нь  Сөүлд магистрт тэтгэлэгтэйгээр суралцах гурван эрх сургуульд нь ирж 200 шахам залуус өрсөлдөхөд Анударь тэнцэж, уул уурхай газрын тосны мэргэжлээр Сөүлийн нэгэн дээд сургуульд гурван жил гаруй суралцаж магистраа хамгаалсан аж. Хоёр жилийн өмнөөс Солонгос багш нарынхаа санал болгосноор доктор хамгаалах ажлын сэдэв авч одоо Дэжөн хэмээх хотод Солонгосын Уул уурхай, геологи судлалын эрдэм шинжилгээний институтэд (KIGAM-Кorea Institute of Geoscience and Mineral Resources) ажиллангаа докторантурт суралцаж байна. Докторонтурт элсэхээсээ өмнө Монголдоо Дачин Тамсагт ажиллаж хэдэн сар судалгаа хийж байж. Тэндээс л докторын ажлынхаа сэдвийг олж харсан гэнэ. Энэ бол түүний ажил, сургуулийн талаарх мэдээлэл. Ач дүү Анударь  Солонгос хүү Сун Рак Бонгтой гэрлэж Сөүлд хуримаа хийхэд нь аав, ээж, дүү нартай нь хамт миний бие хуримынх нь ёслолд очиж оролцлоо. Докторын анхан шатны сургалтад хамрагдан суралцаж байхдаа Ану Солонгос залуутай  танилцаж нөхөрлөсөн юм байх. Жил гаруйн өмнөөс л Ану намайг ажил албаа эртнээс зохицуулж байгаад хуримд минь ирж оролцоорой гэж хэдэнтээ утастаж урьж байв. Дараахан нь урилгаа мэйлдчихэж. Би гэргийтэйгээ Киргиз, Казахстан, Турк, Египет гээд сар гаруй аялаад дөнгөж буцаж ирсэн болохоор дахиад л нислэг энэ тэр болж аян замд гарахаас тэр үед халширч төвөгшөөж байв. Анугийн аав, ач дүү Арвис “Урилга ирчихлээ, яахав ийхэв...” гээд ярихаар нь дээрх  учир шалтгаан тоочоод  татгалзах аядсан чинь үеэл маань дургүйцэнгүй “Ану таныг заавал ирүүлээрэй гэсэн. Америк явахад минь тусалж миний замыг заасан авга ах шүү...” гэж байна лээ гэж намайг ятгалаа... Хэдэн жилийн өмнө Ану Их сургуулийнхаа хоёрдугаар курс төгсөх жилээ “Америкт аялангаа ажиллая” гэх оюутны хөтөлбөрт хамрагдах болж, онгоцны зардалд тус дэм үзүүлээч гэж надад хандсан юм. Боломжоороо хэдэн доллар олж өгсөн санагдана. Бараг гурван жилийн дараа байх, Ану Сөүлээс утастаж Солонгост суралцаж байгаа тухайгаа мэдээлж, намайг хуучиндаа конторлож байгаа юу гэж асууж байв. Хоёр гурав хоногийн дараа Анударийн дүү Оюундарь нь “Ану эгч тантай намайг очиж уулз” гэсэн гэж утсаар яриад миний ажлын газрыг заалгаж байгаад хүрч ирлээ. Шотланд виски, дугтуйтай мөнгө өгч байна. Ану эгч танд баярласнаа илэрхийлж үүнийг ирүүллээ гэв. Нөгөө Америк явахдаа авсан мөнгөө буцааж өгч байгаа нь тэр аж. Түүнээс хойно хоёр жилийн дараа байна уу даа, сар шинээр золголт хийж аав, дүүтэйгээ хамт манайд ирж яриа хөөрөө болж сууцгаасан юм даг. Тэгэхэд Сөүлд магистрт сурч байгаа гэж Ану ярьж байлаа. Ану бидний харилцааны түүх иймэрхүү. Харин хамаатан садны түүх гээд яривал Арвисын аав, бидний авга ах Аюушжав хэмээх их эрдэмтнийг  дурсан ярих хэрэгтэй болно. Аав минь ч бага залуудаа Аюушжав ахынхаа нөмөр нөөлөгт явсан хүн. Олон ч дүү нараа өөр дээрээ авч хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн ачтай хүн л дээ Аюушжав авга. МУИС-ийн анхны эрдэмт багш нарын нэг, хожмоо ШУА-ийн Физик математикийн хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан, нэрт эрдэмтэн байв. Хөдөө орон нутагт байсан ах дүү нарынхаа үр хүүхдүүдийг ч гэсэн хот руу татаж гэр орноороо байлгаж ачилж тордож эрдэм номын захад, заримыг нь нэлээд өндөрт мацуулсан тийм авга. Түүний ач ивээлийг авч дэргэд нь суралцаж доктор профессор болсон дүү, ач нар  манайханд хэд хэд бий. Эрдмийн цол хэргэмд хүрээгүй ч энэ их авгындаа амьдарч, өөрөөр нь хичээл ном заалгаж сургууль соёл, ажил албаны дөртэй болсон нь ч бидний дунд олоон. Тэдний нэгд миний бие зүй ёсоор орно. Авгыгаа бид Дайдаа хэмээн авгайлдаг байлаа. Дайдаагийнхаа ач ивээлийг бодсон ч, Арвис дүүтэй хамтдаа нэг гэрт хэдэн жил амьдарч ойр дотно явснаа санахаар охиных нь хуримын урилгаас татгалзах аргагүй байлаа. Эндээс очих аав ээж, садан төрлийнхний онгоцны тийз, зочид буудлын зардал төлбөрийг ч Ану, Сун нар зохицуулчихсан байгаа гэж Арвис үеэл ярив. Хос хоёрын   зурагтай, Солонгос хэл дээр хэвлүүлсэн гоёмсог урилга ч надад ирчихлээ. 

Ингээд л би Солонгосын виз хөөцөлдөж эхлэв.  Үргэлжлэл бий          

 

 

Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?