ѲШѲѲ АВАГЧ ХАР МУУР

2020-03-16  

Зохиомжит өгүүллэг

Ар нурууны үс босом нэгэн түүхээс сэдэвлэв.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа тосгон, 2018 оны намар орой, нохой жил.

Үйтүмэн Зүүнхараагийн төмөр замд ажилладаг. Энд өсөж хүмүүжээд, Төмөр замын коллежийг машинистаар төгсөж, төрөлх тосгондоо ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Эхнэр Туяа нь цэцэрлэгийн хөгжмийн багш, дундаасаа ганц хүүтэй. Аав ээж нь оросуудтай дотно найзалдаг байсан учир Үйтүмэн багаасаа Александр Алёша ахынхаар орж гардаг байсан тул хар  ярианы орос хэлтэй болсон нь одоогийн ажил төрөлд нь ч нэмэр болдог. Орос дарга нартайгаа шууд харьцах учир түүнд өөрийгээ ойлгуулахад амар.

Алёша ахынх нь мууртай.  Үйтүмэн муурыг таалдаггүй бол эхнэр Туяа нь  муурыг үзэн яддаг.  Хүүг нь дөнгөж нэг нас хүрч байхад эхнэр нь : Муураа зайлуул. Үгүй бол би цохиж ална гээд шалны мод шүүрэн авахад  нь Үйтүмэн саатуулан зогсоож байж билээ. Үзтэл, амбаарт нь муур зулзгалжээ. Зургаан зулзагатай нь тэр муурыг зайлуулж санаа амарсан.  Муур  эзнийхээ үхэхийг, нохой эзнээ мөнх наслахыг хүсдэг гэдэг үгийг ч ааваасаа багадаа сонссон нь нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Харин тэр нохойнд дуртай. Хот руу найздаа захиж байж, герман овчаркийн хөөрхөн гөлөг авчруулсан нь том, сүрлэг нохой болсон.  Түүндээ Гром гэж нэр өгсөн. Хашаагаа сайн сахина. Номхон учир Громыг уядаггүй. Хүн лүү дайрахгүй ч, нохой, муур луу хуцна. Тэр тусмаа эзнээ дуурайсан юм уу, муурыг нэг нүдээр үзэхгүй. Том сүрлэг биетэй ч, хоёр метрийн өндөр хашааг хоёр талаас нь хөнгөхөн үсрээд давчихна. Шөнөдөө гараад шуугиулж, шуугиулж ядарсан юм орж ирэх нь олонтаа. Орооны үеэр бас хэд хоногоор алга болчихоод хувин дүүрэн усыг тэмээ шиг нэг амьсгаагаар ховх сорчихоод өдөржин, шөнөжин хөдөлгөөнгүй хэвтэх нь бий. Гадуур муур явж байхыг тэвчихгүй. Хөөгөөд л алга болно. Барьсан эсэхийг нь Үйтүмэн  харах  биш. Харин урд, хойд гудамжны хөршүүд  гомдол гаргах нь тэр. Нохой чинь хашаанд орж ирээд муур барьчихлаа гэж хэлснээс хойш хэд хэдэн муур барьсныг хүү Готов олж дуулжээ. 

Ангийнхан нь Громыг муур барьдаг гэдгийг сонсоод, хүүгээс нь нохойг нь гуйж хэд хэдэн муур бариулж. Ядаж байхад Зүүнхараа муур ихтэй учир хүүхдүүд зугаа цэнгэлээ гаргах гэж хичээлээ тараад Громыг дагуулан муурын анд гарна. Шар, цагаан,хар, ногоон, эрээн, эр, эм, зулзага гэлгүй Громын барьсан муурын тоо хорь гарсан. Гром барьчихаад идэлгүй орхино. Гэтэл нэгэн том, цагаан эм муурыг Гром барьсны маргааш уг эм муурын хүүрэн дээр тоо томшгүй олон  муур цугласан нь ёстой л могойн чуулган ийм байдаг болов уу гэж санагдуулсан гэж муурын цуглааныг үзсэн  нутгийн иргэн Батдорж хожим Үйтүмэнд дуулгасан байдаг.  Зээрийн сүрэг хурдлахад тал газар тэрчигтээ хөдөлж буй мэт харагддаг шиг  Зүүнхараа тосгоны тэр газарт нар жаргахын өмнөхөн  гишгэх газар үлдээлгүй тоо тоймгүй  олон муур цуглаж, сэтгэл хирдхийм дуу авиа гаргасан гэж  дүрслэн хэлэхдээ Батдоржийн хоолой нь чичирч байсан гэж Үйтүмэн хожим дурссан.

Тэр цагаан эм муур ямар учиртай муур байсныг хэлэхэд бэрх. Ямар ч гэсэн амь насанд нь хүрч болохгүй тийм л муур байсныг Гром удалгүй өөрийн биеэр амсаж. Цагаан муур амиа алдсаны долоо дахь хоногийн үүр шөнөөр Үйтүмэнгийн хашааг бүх талаас нь, зай завсаргүйгээр муур шавжээ. Хашааны орой, амбаарын дээвэр, жорлон, саравч, байшингийн саравч, дээвэр  гээд бүхий л өндөрлөг газрыг сүүлээ өргөн, шүдээ ярзайлгасан муурын сүрэг нэгэнт эзэлж, улмаар талбайгаа хумьж эхэлсэн байдаг.  Громын эвгүй гийнаж, тусламж гуйх дууг сонссон Үйтүмэн нойрноосоо сэрж, үүдээ нээж гарахыг оролдсон боловч, сүрэглэн дайрах муурын сүргээс ухарч, арайхийн хаалгаа хааж амжиж. Цочсоноосоо болж нойр нь ч хулжиж. Зүүнхараа тосгоныхон  уламжлал ёсоор цонхоо гаднаас нь модон самбараар даруулж хаадаг  нь муур гэр лүү орох нүх сүвийг хаасан байлаа. Уурлаж хилэгнэж, өширхсөн муур гэр лүү ч дайран орж ирэхэд бэлэн, энд тэндээс өрвийж сөрвийх нь хаалтны завсраар  харагдаж. Тэгтэл гадаа 200 литрийн төмөр боошиг өнхөрч буй юм шиг чимээ түжигнэж, Громын нэг архирах, нэг гаслан гийнах дуу зэрэгцэв. Тоогоо алдсан олон муурын мяулах дуу чихэнд биш, Үйтүмэнгийн сэтгэлд, сэтгэлийг нь урах шиг сонсогдож . Сандран гэр орноо дахин сайтар нягталбал муур орсон шинж алга. Эхнэр хүүхэд нь тайван унтаж байх учир сэрээж түвдсэнгүй аж.  Өөрөө ч гарья гэж бодсон ч, зүрхэлсэнгүй. Громдоо ч тусалж чадсангүй. Үүрээр чимээ намдлаа. Гэгээ орохын хамт гадуураа зузаан хувцас өмсөн, нүд амаа битүү хааж аваад, үүдээ сэмхэн онгойлговол муурын сүрэг оджээ. Гром үхсэн амьд нь мэдэгдэхгүй юм гарашийн дэргэд хөдөлгөөнгүй хэвтэнэ. Ухаан алга. Амьсгал нь арай л тасраагүй байлаа. Гэмшингүй очиж, Громыг хөдөлгөх гэтэл арьсыг нь тэр чигт мулзалж, үзэхийн аргагүй болгожээ. Муурын соёо ороогүй, хумс нь зоогдоогүй эрүүл газар Громын биед үлдээгээгүй байв.  200 литрийн төмөр боошиг өнхөрч байх шиг түжигнэсэн чимээ гарч байсан нь Громыг муур бүрхэж, хумс, соёогоо зоож  шигтгэж, амь тэмцсэн Гром ийшээ ч нэг байшин мөргөж, тийшээ ч хашаа мөргөж байсан болж таарлаа. Хашаагаар нил Громын үс ноолуур, цус. Хажууханд нь нэг том хар муур хөдөлгөөнгүй  хэвтэнэ. Үхэхдээ нэг амиа нөгөөгөөр зольсон аж. Тэр хар муур Громын сүүлчийн жертва байж. Энэ бүхнийг эхнэр, бага балчир  хүүхдээсээ нууж далдлахын тулд  хашаа хороогоо удтал цэвэрлээд, Громыг эргэвэл зовлонгоос салгаж өгөөч гэх шиг өрөвдөлтэй харцтай нь тулгарлаа.

Гэртээ сэмхэн орж, шүүгээний ард хана түшүүлэн тавьсан орос дарбинка буугаа өөрийн мэдэлгүй авч гарлаа. Муурнаас амийг нь аварч чадаагүй ч, зовлонг нь тасалж нүглээсээ нимгэллээ. Буугаа оруулж тавиад, сумныхаа хонгиог мултлан авч халаасаллаа.  Гром чичирч байсан нь бие нь хөдлөхөө больж,  зовлондоо гийнаж байсан нь ч нэгэнтээ  зогсжээ. Түрдэг тэргээ гаргаж, үхсэн хар муурын сэг, хайртай Громыгоо ачаад, хойд уулын энгэрийг зорилоо. Замдаа таарах жалганд хар муурыг хаяж, Громыгоо уулын энгэрт сүүлийг нь дэрлүүлж, аманд шар тос үмхүүлэн хойд насандаа хүн төрлийг олохыг ерөөв. Хүү Готов, Готовын ангийнхан Громыг сурна, ирнэ гэж хүлээнэ. Муур дэндүү олширлоо, Громоор тэднийг даруулья гэж тэд ярилцсаар. Хүү Громыг ирнэ гэж итгэсэн хэвээр. Харин би хойд төрөлдөө сайн төрлийг олсон гэдэгт итгэдэг.

 

Бодит түүхээс зохиомжлон бичсэн Ц.ЭНХБАТ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мэндээ: Муур аюултай. 2020-03-16
Баатар: Анх удаа сонслоо. Аймшигтай юм 2020-03-16
Болор: Сонин ѳгүүллэг байна. 2020-03-16
Зориг: Манай нохой бас муурын дайсан байсан. Барихад хэцүү. Ер нь л сарьсан хоншоорт нь сарвуугаа зоочихдог. 2020-03-16
ум мани бадмэ хум:аймаар юм бэ,амьтан болгоныг хайрлаж байх хэрэгтэй дээ, бурхан минь ершееж хайрла, ум мани бадмэ хум 2020-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?