АКВАРИУМЫН АЛТАН ЗАГАС ШИГ МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

2016-05-03  

Мэдэх эрх, язгуур эрх. Ийм уриан дор Монголын сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрөө тэмдэглэж байна. Маш чухал уриа. Мэдэх эрх бол яах аргагүй язгуур эрх мөн. Иргэд үнэн бодит мэдээллийг авах эрх, сэтгүүлчид үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй. Мэдээлэл бол шийдвэр гаргахад нөлөөлдөг. Заавал ч үгүй улс төрийн шийдвэр байх албагүй. Нүүх суух, сургууль соёлоо сонгох, зөв эм, эмчилгээг олох, ашигтай худалдаа солилцоо хийх, шинэ бизнес эхлүүлэх гээд хандлага чиглэлээ тогтооход ач тустай.

Иргэд эрхээ эдлэхийг, хэвлэлийнхнийг үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Уриа ч энд чиглэж байна. Яагаад ийм уриа гарах болов? гэдгийг тунгаах цаг болжээ. Ямар гажуудал хэвлэлийн салбарт үүссэн байж болох вэ? Яагаад хэвлэл урагшлах биш, ухраад байна вэ?.

Ажигласан нэг гажуудал бол, хэн мөнгө төлнө, тэр ая дуугаа захиална гэдэг ёс сэтгүүл зүй рүү нэвтэрчээ. Сэтгүүл зүй эрх мэдэлтэн, эзэд, мөнгөнд мэдүүлэх болсон. Энэ бол иргэдийн мэдэх эрхэд саад тотгор болж буй үзэгдэл. Эзэд бий болгосон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдээ аквариумын алтан загас мэт дуугүй байхыг хүсэж байна. Зөвхөн л өөрийнхөө нүд, сэтгэлийг баясгах төдий байлгахыг эрмэлзэж буй нь хор хөнөөл дагуулж байна гэж үзэж болно. Ийм бодолтой эзэд олшрох тутам Монголд хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудал хумигдаж байна гэж ойлгож болно. Хэвлэл хэдий чинээ хараат байх тусам, нийгэм төдий чинээ дарангуйлагч шинж чанар руугаа шилждэг гэдэг онол ч бий.

Ийм л нөхцөл байдал руу Монголын хэвлэл, Монголын нийгэм гулсаж байна, харамсалтай нь. Хэвлэлийг хаана, түдгэлзүүлнэ, эрхийг нь хураана, сэтгүүлчийг нь шүүхэд нь өгнө, өндөр торгууль тавина гэдэг зүйл заалтаас гадна, эзэн нь ажлаас хална гэдэг дарамт байгааг ч хэвлэлд ажиллаж буй уран бүтээлчид мэдрэх болсон.

CONTROL.MN-ийн хувьд энэ гаж тогтолцоог бус, эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэх үзэл баримтлалдаа үнэнч байх болно гэдгээ Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийг тохиолдуулан өөрийн уншигч, хамтран ажиллагч нартаа уламжилж байна.

CONTROL.MN эзнээ баясгах төдий аквариумын загас биш. CONTROL.MN эзэнд биш, иргэддээ үйлчилнэ.

 

 

 

CONTROL.MN мэдээллийн сайт 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?