ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН – ЦУВРАЛ 2

2020-03-27  

    Виз, гааль гэдэг ч нь хатуу юм аа. Аав ээж, дүү нар нь жил гаруйн өмнө Ану руу очиж байсан болохоор яаж виз хөөцөлдөхөө мэдэх хүмүүс юм. Миний хувьд тэгээс эхлэв. Маш олон бичиг баримт шаарддаг аж. Хуримлагч охинтой садан төрлийн холбоогоо нотлох гэж Улсын төв архиваас аавынхаа болон их авгынхаа мэдээллийг 1930,1956 оны хүн амын тооллогын дэвтрээс олж албан баримт гаргуулж авцгаав. Цалингийн тодорхойлолт, нийгэм даатгалын дэвтэр, баталгааны мөнгө гэх хэдэн сая төгрөг байршуулсан банкны бичиг гээд л олон бичиг шаардах юм билээ. Бүрдүүлсэн тэрхүү бичиг баримтаа Арвис дүү аваад өмнө нь виз зуучлан үйлчлүүлж байсан компанидаа хандсан чинь тэд гурван сарын дараа виз гарах магадлалтай гэжээ. Хоёр сар, хорь хоногийн дараа хурим болох товтой байдаг. Ингээд л таньж мэдэх хүн, виз зуучлалынхныг сураглаж эхлэв. Нэг их хол явсангүй миний үүсгэн байгуулалцсан “Монгол ньюс” компанийн “MN”зуучлалын төвийнхэн надад туслахаар болов. Тэд бичиг баримтыг маань нэг бүрчлэн үзсэнээ миний гэрлэлтийн баталгааг Иргэний бүртгэл мэдээлийн төвөөр нотлуулж ирэхийг шаардаж байна. Уг нь миний гэрлэлтийн баталгаа эх хувиараа, бас хуулбараараа ч байгаа юм л даа. Нас жар гараад явж байдаг, тэгээд ч эхнэр маань энэ хуримд уригдсан биш, бид хоёрын гэрлэсэн эсэх тэр солонгосуудад ер нь ямар хамаа байна аа, наад бичиг баримтаа наанаасаа хасаад өгчих гэсэн чинь зуучлалын ажилтнууд “Солонгос элчингийнхэн ИБМТ-өөр заавал баталгаажуулсан байхыг шаарддаг юм аа, бид нар энэ хэвээр нь өгчихвөл баримтын бүрдэл дутуу гээд л таны материал буцаад ирнэ шүү дээ” гэж тайлбарлав. Ингээд л тэр лавлагааны төлөө ИБМ-ийн Төв рүү явлаа. Дорой буурай орны иргэдийн зовлон юм даа. Солонгосчууд юу шаардана түүнийг нь биелүүлж байж л тэр улс оронд зорчихоос өөр аргагүй. Хар бор ажил эрхлэхээр явж буй олон мянган залуус, хөгшин хөвөөгүй тийшээ зорчиж буй манай иргэдэд тавьж буй нийтлэг шаардлага юм байх тэр нь. Өнөөхөндөө тэрхүү шаардлага бүрийг нь буруу зөв гэлтгүй ягштал биелүүлж байж л тийш зорчихоос өөр аргагүй аж, бидний монголчууд. “МN” зуучлалынхан надад тусалсных бидний виз сарын эхээр гарч Анугийн дүү, аав, ээж бид хэд МИАТ-ийн нислэгээр Инчёонд тавдугаар сарын дундуур газардав. Хуримын урилгаа үзүүлж, визээ шалгуулаад хилийн шугамаар давгүй гарчихлаа. Харин гаалийнхан нь бид хэдийн чемоданыг онгичиж байгаад баахан архи гаргаад эгнүүлэн өрж байгаад тоолж байх юм. Хуримд ирсэн зочдод идээний дээж болгон амсуулах гээд би хоёр шил “Соёмбо” чемодандаа хийчихсэн юм. Хоёр зуугаад зочин амсахад “аманд ч үгүй хамарт ч үгүй” гэгч болох байх гэж бодоод нисэхийн “Dute Free”-гээс нэмээд хоёрыг, солонгос хүргэнд бэлэг болгоход аятайхан юм гээд ширэн гэртэй “Эзэнт гүрэн” гэх үнэтэй архи нэгийг авчихсанаа “Dute Free”-ийнх нь битүүмжилсэн ууттай бариад явж байв. Манай нөгөө гурвын ачаанаас бас хэдэн шил юм гарч байна. Нэг хүнд литрийг л хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг гэцгээж байна, гаалийн  авгайчууд. Татваргүй барааны дэлгүүрээс авсан энэ битүүмжлэлтэй архинаас дахин татвар авахгүй биз дээ гэсэн чинь авч хэлэлцэх янз алга. “Бид дөрвүүлээ юм чинь 4 литр болох нээ дээ...” гэсэн чинь “14 настай хүүхэд архи уухгүй биз дээ” гэж ам таглаад илүү гарсан зургаа долоон шил архинд татвар ногдуулчихлаа, тэд. Хуримд зориулаад аваад ирсэн юм чинь орхиод гаралтай биш, ногдуулсан 60-аад мянган воных нь татварыг төлөөд хэдэн шил юм аа аваад гарцгаав. Хорин  жилийн өмнө явж байсан тэр үеэс маань эдний гааль тэс өөр болжээ. “Архи дарсанд ингэж их хатуурхдаг юм уу...” гээд би гайхширсан чинь Анугийн ээж Дэжээ тайлбар хэлж байна аа. Манайхан  идэж уух хүнс, өмсөх бараа таваараас өгсүүлээд янз янзын юм тээдэг гэнэ. Хорио хязгаартай бараа ч бас байдаг гэх . Тэгээд л гаалийн шалгалт жил ирэх тутам хатуу болж буй юм байх. “Архины хувьд өмнө нь ганц хоёр шилтэй ирж байсан болохоор ингэнэ гэж мэдсэнгүй ээ” гэж байв Дэжээ. Иймэрхүү янзтай бид хил гаалиар гарч ирэхэд Ану биднийг баяр хөөртэй угтлаа. Уг нь бид тав зургуулаа ирэх байсан ч заримынх нь виз гараагүй юм. Мэнд ус, ойр зуурын яриа болов. Гаальд торгуулсанаа ярьцгаалаа. Анугийн ярих нь, манайхан мах, архи зөөх нь элбэг гэнэ. Тэр бараа нь ч Сөүлд гүйлгээтэй, эрэлт ихтэй юм байх. Монгол дэлгүүр хоршоо ч хэд хэд бий гэнэ. Тэнд нь манай архи хоёр гурав дахин нугарч зарагддаг болохоор манайхан хэд гурван шил юм авчирах гээд байдаг аж. Эдний гаалийнхан ч тээш нэгжиж татвар торгууль ногдуулаад заншчихсан гэж тэрээр ярьлаа. Инчёоноос цаг гаруй давхиад бид Сөүл орж ирэв. Гучаад жилийн өмнө Инчёон хоёр зуугаад мянган хүнтэй манай Дархан хоторхуу бага шиг хот байсан юм. Инчёон Сөүлийн хооронд давхиж явахад эдний хот байгуулалт, зам барилгынх нь хөгжил хэдэн арван жилээр урагш цойлчихсон нь мэдрэгдэж байв. Инчёонд ажиллаж амьдардаг Пак Жон гэх наймаачин эртэй “Ардын эрх” сонины шинэ байранд тавих сандал ширээ, тавилгын наймаа хийж энэ хоёр хотын хооронд дээр нэгэнтээ нэр дурдсан Баяраа бид хоёр олонтоо давхисан юм. Нөгөө хэвлэх үйлдвэрийн машин авах ажлаар ирэхдээ давхар ажил амжуулж явсан маань тэр. Тэгэхэд мод бут болсон зэлүүд газар хоёр хотын хооронд их байв. Одоо бараг л үргэлжилсэн нэг хот болчихож. Тийм болоод ч тэр үү Сөүл, Инчёоны хүн амын тоог хамтад нь 24,3 сая гэж лавлах номд бичсэн байх юм. Сөүл тэр цаг үед “Кимпо” гэх олон улсын онгоцны нэг л буудалтай байсан юм. Одоо хуучин, шинэ хоёр “Кимпо”-той болчихож. Инчёонд хэдэн жилийн өмнө барьсан олон улсын онгоцны буудал нь дэлхийд тэргүүлэх зиндааных боллоо. Инчёон хот 2016 оны өвлийн олимпийг  маш амжилттай зохион байгуулж дэлхийд нэрээ дуурсгалаа. Солонгос орон ингэж л өндөр хурдтай урагшилж байна. Анх би Сөүлд хөл тавьж байхад манай 1 төгрөг, 1 вонтой тэнцэж байсан юм. Солонгосын 1 вон одоо манай 2,3 төгрөгтэй тэнцдэг болчихоод байна. Монгол төгрөг ингэж үнэгүйдэж буй нь манай эдийн засгийн доройтол, бидний ядуурлын бодит илэрхийлэл юм даа. Ажил, амин зуулга хайж Солонгосыг зоригсдын тоо хэдэн арав дахин өсчихөж. Солонгост хөдөлмөр эрхлэхээр явахыг мөрөөдөгчдийн тоо жил бүр хэдэн мянгаар нэмэгдсээр, одоо зуучлах компанид бүртгүүлж ээлж дарааллаа хүлээсэн залуусын тоо 100 мянга хол давсан гэх. Тийшээ зорих монгол түмэнд тавих Солонгосын яам тамга, хил гаалийнхны шаардлага ч жил тутам улам чангарсаар. Миний бие ч дээрх чангаланг яаж ийгээд давж Сөүлд хөл тавьсан. Ану охины хуримд уригдсан манай хамаатнуудын гурвынх нь виз зөвшөөрөл гараагүйгээс авга талынхнаа би л төлөөлөх болов. Сөүлд биднийг “Dizainers” гэх 28 давхар гурван одын зэрэглэлтэй зочид буудалд буулгалаа. Хорин хэдэн жилийн өмнө Баяраа бид хоёрын бууж байсан бяцхан “Мотел” ор сураггүй болж яг тэр газар дээр нь бид хэдийн одоо бууж буй буудлын ихэр нь болох 28 давхар “Dizainers-2“ зочид буудал хажууханд маань сүндэрлэчихэж. Яагаад би их сайн санаж байна вэ гэвэл, энэ хавь нь монголчууд бидний эртнээс сайн мэдэх болсон “Түндэмүн” худалдааны захын орчин тойрны газар юм. Сөүл ингэж л хөгжиж дэвжиж байна.

Арвис бид хоёр буудлынхаа өмнөхөнтөө

    Бас нэг мэдэх таних газар маань “Түндэмүн”захын яг эсрэг талын гудамжин дахь спортын бага шиг задгай стадион байсан юм. Түүний суурин дээр халим хэлбэртэй уртаас урт худалдаа үйлчилгээ, спорт цэнгээний томоохон мөнгөлөг өнгөтэй цогцолбор цогцлоочихож. Түүнийг маргааш нөгөөдрөөс очиж сонирхно гэх бодол төрж байлаа. Буудлын 12 дугаар давхарт биднийг ойролцоо хоёр өрөөнд байрлууллаа. Хагас цаг амарчихаад үдийн хоолонд орцгоохоор болов. Хүргэн Сун Рак Вонг ирж танилцлаа. Ач дүү Ану намайг Сөүлийн хамгийн өндөр барилга байгууламж болох 108 давхарын эргэдэг цамхагаар аялуулах хөтөлбөр төлөвлөсөн байв. Үүнийг би нутагт байхдаа сонсож зөвшөөрсөн юм. Гучаад жилийн өмнө би Сөүлийн хамгийн өндөр гэх 64 давхар цамхагт гарч байлаа. “Сөүл скай” хэмээх 108 давхар цамхаг руу явж байхдаа Сөүл хот өндрөөшөө ч бас хоёронтоо өсчихөж гэх харьцуулалт зурсхийж, 64 давхарт гарч байсан тэр үеийг Ануд дурсан ярьж явав. 

     Элчин сайд Үүжгээгийн тухай хэдэн үг. Самсунг группийн охин компани болох ном хэвлэлийн “Дон А” үйлдвэрийн дэд эзэн Ким Кён Шиг, түүний нутаг нэгт найз Парламентын гишүүн Ким Сан Хен нар Сөүлд сууж байсан манай Элчин сайд П.Үржинлхүндэвийг 64 давхар цамхагийн хамгийн дээд давхар дахь зоогийн газарт  үдийн зоог барихаар урьсан юм билээ. Үүжгээ (яамныхан нь түүнийг ийн авгайлдаг юм билээ) сайд надад юм үзүүлье гэж бодсон юм байлгүй тэр эрхэмүүдэд монголын нэг том  сонины орлогч эрхлэгчтэй хамт очно оо гээд зөвшөөрүүлчихэж. Би дээр нэгэнтээ өгүүлсэн хэвлэх үйлдвэрийн машин авах ажил хөөцөлдөөд Сөүлд ирчихсэн тэр цаг үе. Пэрэнлэйн Үржинлхүндэв гэх энэ Элчин сайд бол Монгол Солонгосын харилцааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан хүн гэдгийг манай төр засгийнхан ч, түмэн олон ч сайн мэднэ дээ. Солонгос судлаачын хувьд монголдоо тун дээгүүр эрэмбэлэгдэх байх. Пхеньянийн Их сургуульд суралцаж Солонгос хэл, Солонгос судлалын  мэргэжилтэн болох замаа тавьсан байх. Ажил хөдөлмөрийн гараагаа Гадаад явдлын яам, Пхеньян дахь манай элчин сайдын яам, хожмоо Сөүлийн Солонгостой манайх дипломат харилцаатай болсноос хойш Сөүл дахь Элчин яаманд олон жил ажилласан хүн. Хоёр Солонгост аль алинд нь  Элчин сайд байсан эрхэм. Хойдын Их удирдагч Ким Ир Сенээс эхлээд л Өмнөдийн Ро Дэ У, Ким Ен Сам , Ким Дэ Жун, И Мён Баг, Пак Гын Хэ гээд л олон Ерөнхийлөгч, төр засгийн дээд албаныхантай нь уулзаж учирч, заримтай нь сүрхий дотно явсан тийм дипломат. Бас саяхан түүний бичсэн “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс...”ном дахь дурсамжаас үзвэл Хойдын их удирдагч Ким Жон Иртэй 1988 оны хавар Нам төрийн ордонд нь очиж уулзаж ярилцаж явж. Монголоос түүнтэй уулзсан эхний бөгөөд эцсийн хүн болж таарч байна тэр. Бас гадаадынхнаас анх түүнтэй уулзсан Элчин сайд аж. Зөвлөлтийн болон Хятадын Элчин сайдыг ч тэрээр хүлээн авч уулзаагүй байсан үе гэнэ. Тэр тухай ч номондоо дурдсан байв... 

    Ерээд он дөнгөж гарч манайхан зах зээлийн эдийн засаг гээч шинэ юмтай тулж байх үед Элчин сайдын хувьд Солонгосын “ДЭҮ”, “Самсунг”, “Ханжин” группийн эздийг монголд айлчлуулах талаар санаачлагатай ажиллаж манай төр засгийнхан, бизнесийнхэнтэй танилцуулж явсан түүхийн зах зухаас би сонсож л явлаа. “Ханжин” группийн эзэнтэй ойр дотно явсных Монголын МИАТ-г анхлан дэлхийн зиндааны онгоцтой болгож байсан гэдэг. “Кorean Air”-т нисэж байсан хуучивтар хоёр “Боинг”-ийг “Ханжин” группийн эзэн Чо Чун Хо-гоор МИАТ-д бараг л бэлэг маягаар өгүүлэх үйл хэргийг зохион байгуулах санаачлага гаргасан хүн. “ДЭҮ”-гийн эзэн, нөгөө манайхны их уншсан “Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна” номын зохиогч Ким Ү Жин эрхэмийг монголд айлчлуулахад их идэвх гаргаж засаг төрийнхэнтэй уулзуулчихаад бяцхан харамсаж байсан нь миний санаанд байх юм. Юу гэвэл тэр эзнээс манайхан “Их тэнгэр” зочид буудалдаа хэдэн өнгөт телевизортой л үлдсэн гээд л... Уг нь мань хүн эдийн засгийн өгөөжтэй нилээд том юм руу зүглүүлж байсан гэдэг. Ерээд оны эхэн энэ үе бол манайхны бизнес сэтгэлгээ балчир, хэдэн телевизорт сэтгэл ханачихаар байсныг үгүйсгэх аргагүй дээ. Үүжгээ сайд Өмнөдөд сүүлийн хэдэн жил алба хаахдаа тэдний бизнесийнхэнд ч, бас засаг төрийнхэнд нь ч их эрэлт хэрэгцээтэй хүн байсан санагддаг юм надад. Өмнө би бичихдээ Сөүлд гурван ч удаа очсон гэж дурдсан даа. “Ардын эрх” сониныг офсет хэвлэлийн үйлдвэртэй болгохыг ч Үүжгээ сайд л анхлан тавьж биднийг “Дон А Ильбо” сонины эзэн Ким Бен Гван гэх баян эртэй холбон өгч байсандаг. Үйлдвэр авах ажлаар очиж хэд хонохдоо, дараа нь бас хэвлэл сонины ажлаар Сөүлд очихдоо Үүжгээ сайдтай уулзаж учирч ярьж хөөрч явлаа. Нэг удаад нь Элчин яаманд нь очиж түүнээс ярилцлага сурвалжлага авч “Ардын эрх” сониндоо (1994 он 7 дугаар сарын 30-ы дугаар) нийтлүүлж явсан байх юм.

Баруун гар талаас хоёр дахь нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв

   Хойт Солонгост Үүжгээ суралцаж тэнд элчин яамандаа хэдэнтээ томилогдож, Өмнөдөд ирэхээсээ өмнө Пхеньянд Элчин сайдаар хүртэл ажиллаж байсан болохоор Өмнөдийн төр засгийн томчууд Үүжгээгээс Хойт Солонгосын талаарх мэдээллийг ихээхэн сонирхдог байсан гэдэг. Тэр байтугай Пхеньяны лидер ямар нэгэн дуулиантай мэдээлэл мэдэгдэл хийх ч юм уу, эсвэл тэнд улс төр, нийгмийн ямар нэг чухал үйл явдал болбол Өмнөдийн томчууд Үүжгээг урих нь их олширдог байсан гэж Үүжгээгээс өөрөөс нь ч, бас бусдаас ч сонсож явлаа. Нэг удаа би Сөүлд байхад Ерөнхийлөгч Ким Ен Сам түүнийг урьж хүлээн авч ярилцлаа гэж элчингийн ажилтнуудын хэн нэг нь ярьж байсан санагдана. Намайг оролцуулсан Парламентын гишүүн, ном хэвлэлийн компанийн эзний үдийн зоог ч Үүжгээтэй бас мэдээлэл солилцдог тэр томчуудын ээлжит уулзалт ярианы нэг л байсан байх. “Дон А” үйлдвэрийн дэд эзэн Ким Кён Шиг гуай нь хуучин монгол бичгийг дэмжих, мөн хүүхдийн сурах бичиг хэвлүүлэхэд 130 мянган долларын тусламж үзүүлсэн юм билээ. Мөн “Сөүл 94 Экспо”-д оролцох манай хөнгөн үйлдвэрийн компаниудын сурталчилгааны материалуудыг үнэгүй хэвлэн өгч дэмжсэн гэдэг. Парламентын тэр гишүүн, “Дон А”-гийн эзэн хоёр Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр ч билүү гурав ч билүү эрхэмийн зурагт хуудсыг хэвлэлийн нэгэн компаниар хэвлүүлж бэлэн болгосноо ярьж Улаанбаатар руу яаж явуулах илгээх тухай зөвлөж ярилцаж байсныг би санаж байна. Ингэж хэвлүүлэхэд Үүжгээ идэвх зүтгэл гаргасныг ч тэд дурсаж байв. Тэр хоёр эрхэм Үүжгээд их л найрсаг хандаж, түүнтэй сүүлийн хэдэн жил дотно сайхан харилцаатай байгаа тухайгаа өгүүлж байсан юм. Надаас тэд монголын сонин хэвлэлийн тухай асууж сонирхож, ном сэтгүүл хэвлэдэг компанийхантайгаа манай сонинг холбож өгч болох юм гэж “Сөүлийн худалдаа бизнесийн төв”-ийн 64 дүгээр давхарын зоогийн газарт ярьж байж билээ.    

Үргэлжлэл бий...

Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?