ЦАГААН АТАА БУЮУ ГЭГЭЭН ЭХЛЭЛ /"Хэн нь хэн бэ?" цуврал/

2020-03-29  

1991 оны хавар цаг. Цас бараантан хайлаад судаг сувгаар шар усны бяцхан горхи хоржигносон Баянхошууны арын уулнаас буугаад харьж явлаа. Өвөрт минь Я.Баатар багшийн уншаарай гэж өгсөн Д.Нямсүрэнгийн ”Хаврын урсгал”, Овлойн Элээгийн хайлсныг тэмдэглэсэн Орос-Халимаг хэлээр хэвлэгдсэн “Жангар” тууль зэрэг хэд хэдэн ном байлаа. Гэртээ харих зам тийм холгүй ч тэсэлгүй уулын бэлийн явган замын хажууд суугаад эхлээд өврөөсөө “Хаврын урсгал”-ыг гаргаж уншив. Данзангийн Нямсүрэнд бүрэн автсан би бүрий унаж, номын үсэг харагдахаа болиход л сая түүнээс хөндийрч хэсэг бодолд автан сууж билээ. Сэтгэлд ямар нэгэн хэлбэр дүрсгүй цагаан юм бий болчхоод аажим аажмаар алгуурхан томрон томорсоор байгааг мэдэрч билээ. Одоо санахад тэр зүйл атаархал байжээ. Яаж бичихээрээ яруу найргийг ингэж урлана вэ? Бас шаглана вэ? Усан цэнхэр торгон дээр үүлэн хээ мэтгэх шиг уран шүлгүүд байлаа. Гэртээ ороод л шүлэг бичдэг халтар дэвтэр дээрээ эхнээс нь бүх шүлгүүдийг нь хуулан бичсэн юм. Шөнөжин бичээд босож цонхоор харахад хаврын тэнгэр хаяанаасаа улбартан байсныг тодхон санаж байна. Тэгэхэд л надад яруу найргийн шинэ өглөө эхлэх шиг санагдаж, урам зориг дүүрэн хувцаслаад цүнхээ үүрч хичээлдээ гарсан юм. Хэд хоног зөвхөн Д.Нямсүрэнгээр л амьсгалав. Тэр өдрүүдийн хайр хүндэтгэл бишрэл минь одоо ч хуучраагүй. Хожим “Хаврын урсгал”-ыг унших тоолонд л 17 насны цээжинд ургасан өнөөх хэлбэр дүрсгүй цагаан зүйл байсаар байгааг би мэдэрдэг. Цайруулж хэлэх юм бол “цагаан атаа” миний дотор одоо ч бий.
Баасангийн Номинчимэд ахын номын сангаас хулуулан өвөртөлсөн”Сэтгэлийн байгаль”-аа сэмхэн гаргаад Шар хадны чиглэлийн автобусны арын суудал дээр шигдэн суугаад уншиж эхлэв. Харих унаандаа дамжин суух буудал хэдийнээ өнгөрчээ. Номоо уншсаар л байлаа. Цаг хугацаа миний хувьд тэрхэн зуур зогсож, хязгааргүй хоосон чанарын ”оршихуйд” буй биеэрээ нэвчин ороод ахуйгаас бүрэн ангижирсан мэт санагдана. Хамгийн сайхан нь яруу найраг бидний мэддэгээс огт ондоо өөрийн гэсэн цаг хугацаа, орон зайтай болохыг мэдсэн гэгээн эхлэл. Ямарваа нэг зүйлд хэт дурлана гэдэг ухаанаа алдахын нэр. Тиймээс хэтэрхий автаж болохгүй гэсэн сэхүүн бодолтой тэр үеийн “Од” кино театрын арын буудал дээр автобуснаас үсрэн буугаад цамцны энгэрт явсаар шалчийж орхисон ганц ширхэг тамхиа гаргаж асаагаад гэрийн зүг алхаж билээ. Гэхдээ л хэд хоног түүний тухай халуун дотноор бодсоор, шүлгийнх нь мөр бадгууд мөн л цээжин дотор эгнэн жигдэрсээр байсныг нуух юун. Гайхал цагаан зүйл уужрал, бачимдал хоёрын завсар амьдын зовлон мэт оршсоор байж билээ. Яруу сайхан шүлэг бичсэнийх нь төлөө хайр хүрэвч, яагаад ч юм бэ уур бас дотроос цухалзаж байв. Ингэж бичих ер бусын явдал гэж бодовч, хэзээ ч юм ингэж бичих болно гэсэн хор шар буцлаад байсан хэрэг. Шүтэн бишрэхүй хэмээгч нь хэр хэмжээнээсээ хэтрэхээрээ даган дуурайх шившигт байдалд хүргэдэг. Хэнийг ч бүү хэт бишир, бас үл тоо. Голчийг л олох хэрэгтэй. Энэ ухаарал өдгөө ч миний дотор буй.


Дараахан нь миний л ойртон дотноссон яруу найргийн хүрээнийхэн бүгд түүнийг шагшин магтаж эхлэв. Аргагүй л дээ, тийм бие даасан оюуны санааны оршин тогтнол, давтагдашгүй ертөнцийг хэн дуртай нь бүтээж чаддаггүй юм. Бүх утас нь тасарсан ч уянгалаад байдаг гитар хөгжим байж болох уу? Уран сэтгэмжээр бол болно л доо. Мэдээж олон хүний гар дамжиж зовсон эд гэдэг нь тодорхой. Түүн лүгээ залуу шүлэгчид тэр үед /одоо ч гэсэндээ/ Нямсүрэн хэмээх гитар хөгжмийг өвөр дээрээ тавиад, /ялимгүй хэтрүүлвэл толгой дээрээ залаад/ утсыг нь тасартал балбаж эхэлсэн юм. Сагаж сагсуурч байна хэмээн битгий бодоорой харин тэр үед би огт өөр зүйл бодож сэтгээд гэрээсээ гараад алхаж явсан юм. Түүнээс бус хэн нэгний гайхамшигтай гэсэн дуу алдалт бүхэнд автаад өөрийн гэсэн үүргүй ч өндөг “цувуулсан” шувуу болж болох л байлаа.
1995 оны өвөл цаг. “Болор цом” шинэ жил хоёр дөхөөд хэрэндээ л сэтгэл догдлуулсан өдрүүд үргэлжилж байлаа. Нэг өдөр хар дээл, урт үстэй Д.Нямсүрэн гуай ангид уригдан ирээд уулзалт хийж, шүлгээ уншив. Зориуд үл тоомсорлосон харцаар түүнийг ширтлээ. Учир нь өнөөх хэлбэр дүрсгүй цагаан зүйл дотор минь оршсоор байгаа шүү дээ. Оюутнууд алга ташаад л сүйд болов. Чадлаараа хэгжүүн байхыг хичээсэндээ арын эгнээнд хамгийн захад суугаад олны амьсгалд хөлөрсөн цонхны завсараар хотын бүүдгэр тэнгэрийг ширтэж байлаа. Бас болоогүй, ээ түүний “Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л Орчлонд юу ч болоогүй ээ...юу ч болоогүй” гэсэн шүлгийнх нь хоёр мөрийг амандаа үглэж суусан гэж байгаа. Ухаан нь өөртөө “орчлонд юу ч болоогүй байхад яасан сүртэй юм” гэж итгүүлэх санаатай оролдож байсан хэрэг. Ямар гээчийн хачин цагаан зүйлээс гэгээн эхлэл минь цааш үргэлжилснийг эрхэм уншигч та бүхэнд төсөөлөхгүй. Бусад шиг очоод гарыг нь гүн бишрэлтэйгээр халуун дотно атгаж нэрээ хэлээд танилцаж болох байлаа. Арван хэдэн насандаа өөрийнхөө өмнө босгосон асар тэнэгийн хориг өмнө минь тээглээд байсан юм. Гэвч эр хар тэнхээгээрээ балбаж балбаж, данхны сэнж төдий тогтоодог бүдүүн бааз дархан биш хөөргөө хэд дараад л хөх төмөр угалзруулдаг нарийн уран дархан шиг уянгын шүлгүүдтэйг нь мэдэхийн дээдэд мэдэж байв. Хэтийдсэн шазруун зан хэрэг болдог ч заримдаа золигт гаргамаар эд.
“Он он цагийн дараа
Одод хэвээр гялалзана” гэж бичсэн юм. Үнэхээр манай яруу найргийн ОД юм бол энэ хэвээрээ улам гялалзах байлгүй дээ” хэмээн хээмсэглэн бодоод уулзалт хийж байсан ангиас уйдсан хүний албадмал царайтай гараад баруун дөрвөн замаас автобусанд сууж Баянхошууныхаа уулыг бараадаж билээ. Аяа, хөөрхий халаг хоохой хорин насны хор шар гэдэг хачин зүйл шүү. Гэртээ хариад гэм хийсэн хүн шиг “Сэтгэлийн байгаль” номыг нь дэлгээд сэтгэлийн цэнгэл эдэлж билээ.
2001 оны мөн өвөл цаг. Өрөөний утас хангинахад очиж харилцуур авбал Даваасүрэнгийн Ган-Очирын дайнаас амьд ирсэн цэрэг эрийнх шиг цолгиун дуу цангинав. “Манайхаар хүрээд ир. Хоосон биш шүү” гээд утсаа тасаллаа. Зуун айлын зургаан гудамжийг ороогоод тэдний гадаа хүрч хаалгыг түлхэн орвол Дорнын талын шархадсан зээр шиг хоёр хүн ширээ тойроод сууж байв. Нэг нь Даваасүрэнгийн Ган-очир, нөгөөх нь цээжин дотор “цагаан зүйл” арван жилийн өмнөөс тарьсан суут Данзангийн Нямсүрэн. Өвөртөлж очсоныг минь гурвуул өв тэгш хувааж хүртээд замдаа гарав. Эхлээд эрдэмтэн Ё.Жанчивынд, дараа нь найруулагч На.Болд ахынд, оройхон яруу найрагч М.Саруулдалайгийнд, одод түгэх алдад олны танил дуучин эгчийнхээр саатав. Очсон айл бүхэнд би “Буух зурвас” нэртэй жижигхэн шар номныхоо шүлгүүдээс уншиж, Д.Нямсүрэн гуай толгой дохиж суув. Маргааш өглөө нь хагацахад Д.Нямсүрэн ах /тэр үеэс ах дүү бололцов/ шинэхэн хэвлэгдсэн “Аглагхан талаасаа” номоо өргөн бариад тэврэлдэн салав. Анхны болоод эцсийн уулзалт. Хавар нь “Өдрийн сонин” дээр нийтэлсэн харууслын мэдээг зүрх шимшрэн байж уншив. Асгартал уйлсан гэвэл худлаа, сэтгэл ямар ч гэсэн хоосроод л байсан юм. Орос хэлний Сэрээнэнгийн Галсан багш сонин дээр хэвлэгдсэн түүний шүлгүүдийг уншаад ”сайхан яруу найрагч байжээ” гэхэд нь өдий болтол түүнийг таньдаггүй байсанд нь гомдоод өрөөнийх нь хаалгыг тас хаагаад гэрийнхээ зүг алхаж билээ. Тэр цас болсон, хаврын урсгал болчихсон, сэтгэлийн байгаль болсон, аглагхан талаасаа тэнгэрийн суудалдаа залрахаар аргамаг цагаан онгодын хүлэг унаад орчлонгоос явчихлаа” гэж бодсоор “Хаврын урсгал”-ыг сөхвөөс намрын агь сэнхийж байлаа. Чухамдаа тэр,
Цагийн жамаар гэзэг минь
Аясхан бударч
Цагаан шүхэрт
Ном болно хэмээн бичсэн шигээ үе үехэн сөхөж хардаг үнэний цагаан НОМ болчихов. Түүний шүлгүүдийг одоо зөвхөн ҮНЭН-ийг таних, олох гэж би уншдаг. Цаг мөнх бус, орон мөнх бус. Ерөөс орчлонгийн бүх зүйл мөнх бус. Шунах, атаархах ч мөнх бус. Харин хожмын 17 настай хөвгүүд охид түүний шүлгүүдийг уншаад цээжинд нь торох цагаан зүйл л мөнх. Түүнийг “цагаан атаа” ба “гэгээн эхлэл” хэмээмой.

Судлаач П.Батхуяг  /2020-03-28/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:галзуурахад ганц хуруу дутуу архины цагаан солиот л бна 2020-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?