УУЛЫН НАЙРАГЧ ХАЙНЗАНСАМБУУГИЙН ЛХАМЖАВ

2020-04-02  

Ширээний ном гэсэн хэллэг, ойлголт зохиолч бүрт байлаа. Надад ч бас ширээний ном бий. Навтарга болтол нь эргүүлж, ямар нэгэн юманд мухардах бүрийдээ хуудас болгоноос нь мэргэн цэцэн ухааныг эрж, эрсний эцэст заавал нэг учир утгатай гэрэлт мөр олдог байв. Энэ ном бол “Миний Дагестан”. Долоон жил нухсан ч би орос хэл сурсангүй, Расул Гамзатовын унаган авар хэлний цагаан толгойн үсгийн бараа ч хараагүй. Гэтэл “Миний Дагестан”-ыг унших бүрийд сэтгэл зүрх огшино. Нулимс унагамаар, хөхин баясмаар, хөндүүрдэн шаналмаар болном. Энэ л “амттай зовлонг” надад Мишигийн Цэдэндорж найрагч хайрлажээ. Хичнээн гайхамшигтай сайхан хүмүүн байгаа вэ. Билгүүн энэ номч хүмүүний “Нутгийн чулуу” хэмээх нэн энгүүн сайхан хүүрнэн өгүүлсэн найраглал бий. Аян замын тэмдэглэл хэлбэрээр туурвисан, өлзийт хорин нэгэн бүлэг бүр нь “Үүр манхайн цайж, наран мандлаа” гэж эхэлнэ. Ийм гайхамшигт энгүүн үгээр ном минь эхэлдэг байгаасай гэж хүснэм би. Эл бүхнийг улиглан нуршсан минь учиртай. “Миний Дагестан” болоод “Нутгийн чулуу” номыг уншиж, уулын тэр хоёр сайхан найрагчийн эрэмгий зоримог, үнэнч шударга, хүнлэг нандин дотоод ертөнцөөр аялахдаа уулынхны тухай олж нээсэн үнэт чулуу шиг бодол минь юм.

"Миний Дагестан" номын зохиогч, Дагестаны суут хүү Расул Гамзатов.

Уулынхан мөс жудаг сайтайнх уу, эсгүүл миний олж нөхөрлөсөн, нөмөрт нь бараадаж асан уулын хөх эрчүүд бүгд сайн сайхан эрс байв уу. Сайны ерөөл буй заа, би ер нь хүний сайнтай учирч явсан азтай толгой юм. Уулын найрагч Тоомойн Очирхүү миний багшийн багш, хүндлэлт сайхан хүмүүн байлаа. Уянгын тууж өгүүллэгийн нэрт зохиолч, Дарвийн нурууны унаган хүү Санжийн Пүрэв баавай миний харсан анхны амьд зохиолч байв. Ажилд орох санаатай, ерөнхий редакторуудын хурлаар орж “хосоо шувтруулж” байхад “Энэ хүүхэд радиод хэрэгтэй” гэж хэлээд аварч байсансан. Сутай хайрханы найрагч Бямбажавын Хүрэлбаатар надад “Алтан босго, мөнгөн тотготой радиодоо хайртай яваарай” гэж захисан. Намайг редакцдаа ажилд авч, сэтгүүлч болгож, бас хүн болгосон ачлалт хүмүүн, миний багш авьяаслаг зохиолч Пүрэвжавын Баярсайхан мөн л уулын хүү билээ. Багш минь Очирваань хайрханы зүүн биед, түргэн урсгалт Идэр голын хөвөөнд унасан билээ. Миний их анд Хөөдэйн Эрдэнэбаатар хамгийн сүүлийн удаа 2018 оны хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр утсаар ярьж “Их утга зохиолд чи бидэн, ихэр хурга шиг явлаа анд минь. Урианхайн их уулсынхаа дундаас сар шинийн мэнд мэдье гэж залгалаа” гэж билээ. Дархадын цэнхэр хотгорын хүү, “Уулсын симфони”-ийн удирдаач Баттөрийн Мягмаржав “Сүүлчийн амьсгалаа татахад дэргэд минь байгаарай” гэж эхнэрээрээ хэлүүлж билээ.

""Миний Дагестан" номын орчуулагч, яруу найрагч Мишигийн Цэдэндорж.

Уулынхан надад хайртай байлаа. Тэднийхээ халуун алган дээр хүн болсон юм би. Расул Гамзатов, Мишигийн Цэдэндоржийг бас оройн дээддээ залж шүтдэг юм би. Уулынхан уужим, эрмэг, зоримог, амь халуунаа дотроо хадгалсан галтай чулуу шиг улс даа. “.....Онгоц, нисэхийн өмнө удтал хүржигнэж, тэгээд нисэх зам хүртэл чирүүлж очоод улам хүчтэй хүржигнэж замаар гүйсний эцэст сая агаарт хөөрөн нисдэг” хэмээн мөнөөх "Миний Дагестанд" өгүүлсэн нь бий. Өмнө цухас өгүүлсэн уулын хүмүүсийн тухай цэг таслал төдий бичвэрүүд аваас одоо бичих дуртгалын оршил болно. Би ахиад нэг уулын хүний тухай, сайхан хүний тухай, халуун сэтгэлтэй хүний тухай, энгүүн эгэл хүний тухай богино атлаа тод бичихийг хүсч байна. Монгол түмний буян заяаг дааж явдаг хайрхан, цаст Очирваань уулын баруун биед, уулын түргэн урсгалт Богдын гол, Чигэстэй гол бэлчирлэн нийлэх Улиастайд 1958 оны нохой жил буянт эхийн алтан хэвлээс унасан эрдэнэт хүмүүн бол яруу найрагч Хайнзансамбуугийн Лхамжав байжээ. Эрхэм ахтай олон жил ойр дотно явсангүй. Сайн хувьт ерөөлөөр өнгөрөгч зун Америкийн Вашингтонд танилцаж, нэрт зохиолч Дүгэржавын Маам агсны хэлдэгчлэн “Шанаагаа өвдтөл хууч хөөрч, шанагаа эмтэртэл сүү зөөж” долоо хонов. Шенандоны уулнаа будан татсан сэрүүн үдшээр, тохилог хаусны цэцэрлэгийн модон ширээнээ тойрч тухлаад жүнз жиргүүлж, шүлэг хэлж хонон өнжив. Сайхан байлаа. Ер нь насаараа нэг өрөөнд хамт суусан ч нэгнээ үгүйлэхгүй, нэгнээ танихгүй өнгөрөх нь байдаг л юм билээ. Тэгтэл долоохон хоног хамт байсан хэр нь төрсөн ганц ах шиг минь нөмөр нөөлөгтэй, дотно дулаахан санагдах учир бас байдаг байна. Бидэн аль нэгэн төрөлдөө ах дүү байх ерөөл тавьсан учиртай буй заа. Ямагт биднийг уулзуулдаг яруу найраг мандтугай гэдэг бидний уриа бий. Олон найрагч цугларсан газар шүлэг дуудахгүй өнгөрөх сул цаг байсангүй. Х.Лхамжав ах надад “Нар гулгадаг уул” хэмээх шинэ номоо барив. Вашингтоны өдрүүд завгүй тул тухайлан шимтэж үзсэнгүй. Харьж ирээд, гэртээ тухлан, хатуу хар кофе чаначихаад, ширээний бүдэг гэрэлд, аг чиг шөнө дундын нам гүмд барьж үзэх минь гэсэн хэрэг билээ. Уншлаа, тэмтэрч үзлээ. Ингээд нэг хариу гаргалаа. “Миний Дагестан”-аас хариуг нь оллоо. Хамгийн сайн ваарыг энгийн шавраар хийдэг Хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэг Гэвч, шуудхан дүгнэнэ гэдэг хэтэрхий хөнгөн хялбар, гоомой явдал болно. Шүлэг бол бэлэг мэт ирнэ гэж олон зохиолчид хэлдэг. Бэлэг мэт гэдэг нь төлөвлөөгүй, урьдчилан тооцоогүй байхад ирнэ гэсэн үг. Чингэхдээ зүгээр нэг ирэх бус, хаврын горхины урсгал шиг, зуны мөөгний намуун бороо шиг, намрын уйтан шаргал сэвшээ шиг, өвлийн цасны малгайлан нэвсийх будраа шиг гэнэт ирнэ.

Жинхэнэ шүлэг жинхэнэ яруу найрагчид ирэхдээ ус шиг зүгээр нэг урсаад ирж байсангүй. Тэднийг жаргалтайгаас илүү зовлонтой үед нь шүлэг тэдэнд ирж байжээ. Ахиад л Миний Дагестаны шарласан хуудсыг эргүүлье. .....авьяасын хамаг хүч нь зовлон гунигаас гардаг уу. Шүлэг гэгч Гурамишвилийг уулынхны олзонд байхад иржээ. Чийгт харанхуй нүхэнд хоригдож суухдаа номин цэнхэр Гүрж нутгаа санан уйтгарласан тайж шүлэг зохиож эхэлжээ. Хунзахын хааны охин Айшат залуу сайхан хоньчинд дурласан гэнэ. Энэ тухай эцэг эх нь мэдэхдээ охиноо гэрээс хөөн гаргаж гэнэ. Өвлийн хүйтэн шөнө байжээ. Хүйтэн жаварт, өвдөгцөө цаснаа, исгэрэх салхин дунд дан дээлтэй явсан Айшат анхныхаа дууг зохиожээ. Тэрчлэн монгол ардын дуунд, эх нутаг, элгэн садан, амраг хайртнаа санагалзан гансарч, энэлж шаналсан тэр сэтгэлээс эгшиг сайхан дуу төрсөн нь олон. Хадтай сүмбэр ууланд нь болбол, ай Дүүриймаа Харцага шувуу жиргээд л байнаа хө, Хавар намрын зургаан сард нь, ай Дүүриймаа Харихын сэтгэл хөвөлзөөд байнаа хө Дуу гээч юм хүмүүний сэтгэлээс хэрхэн, яаж төрдөг тухай энд тэндээс түүсээр байх ахул дуусашгүй урт яриа болно. Юуны учир эдгээрийг эш болгон татав гэвэл учиртай. Монголын радиод Хайнзансамбуугийн Лхамжавын шүлгийн дууны концерт гэж бий. “Мэргэд төрдөг нутаг”, “Ээжээ саналаа” зэрэг тав зургаан дуу бүхий, 30 минутын бүтэн концерт юм. Энэ концертыг сонсож суугаад би “Аа, энэ хүний шүлгийн амь шүншиг бол эх нутаг, ээж аав юм байна” гэж бодсон билээ. Үүнээ нотлохын “Нар гулгадаг уул” номыг барьж тэмтэрч уншсан юм. Уншиж дуусаад ахиад эхнээс нь уншиж эхэлсэн юм. Жижиг гэлтгүй бүхнийг илүү сайн анзаарахыг хичээсэн юм. Шүлгийн энэхүү түүвэр “Гүйгүүл морин нүүдэл” хэмээх 30 шүлэг бүхий нэгдүгээр бөлөг, “Ижий зүүд” хэмээх 30 шүлэг бүхий дэд бөлөг, “Дөрвөн сарын бороо” хэмээх 30 шүлэг бүхий гутгаар бөлөг, “Сул шаргал намар” хэмээх 30 шүлэг бүхий дөтгөөр бүлэгтэй, 120 шүлэг багтаасан тийм ч нимгэн бус шүлгийн түүвэр юм. Шүлгүүдийг хэзээ хаана бичиж вэ? Шүлгийн сүнслэг амин чанар юун тухай байна вэ гэж бодсон юм. Цөөнгүй шүлгийн дор “2003 он Денвер, Колорадо”гэж он сар тавьсан байна. Нээрээ л “зүйргүй хол газраас нутгаа санаж явахад зүүдэнд нь нэрмэлийн үнэр ханхийлгүй” яахав. Элгэндээ энэлж санасан эр хүн, Сүүмгэр цагаан мананг Яран байж өндийгөөд Сүндэръяа гэж хашгирмаар Санагдаад байх юм ...гэж зүүдэлж сэрэлгүй ч яахав. ...Нуур жиндэх цагаар нутгаа би зорьж очино, Намайг ирнэ гэж нар хүртэл илчээ нэмнэ, Улаагчны хар нуур минь хүүгээ ирэхэд Шувуудыг нь бүтэн байлгая даа гэж аргамжиж харуулдана хэмээгээд тэр цагт эрдэнэ болсон хоёр буурал минь яажшуухан сандран мэгдэн тосох бол гэсэн сэтгэлийн уярал хайлал юугаан Хараа сунгах аав минь Нутаг сэлгэлгүй харуулдана Бараа саравчлах ижий минь Нулимсаа хурааж харуулдана гэх буюу

Аглаг уулсынхаа оройгоор Цасан будруулж зүүдэллээ Адуунд явсан аавыгаа Тосон зүүдэлж сэрлээ Алс чиг нутгийн өвлөөр Аав шиг монголоо саналаа би гэх буюу, тэрчлэн Сар хээрлэх хөдөө Адуу манаж хонохсон гэх буюу, тэрчлэн Галуу ганганах хавраар ижийдээ би очино Ижийдээ би очино мөн түүнчлэн Аав минь хараа сунган суудаг Адууны үнэртэй намхан бор довцог Алс явахад цээжинд багтан дагадаг Амь нэгтэй миний борог уул Чин сэтгэл, чин хүсэл, байж ядсан их тэмүүлэл, саналгалзал яарал бол бүтээхүйн амин сүнс юм. Тэр дундаа хаврын цэнхэр тогоруу нэг л шөнө ирдэг шиг, хаврын цэнхэр яргуй цасан дороос нэг л шөнө бүлтийдэг шиг, хаврын горхины чимээ мөнгөн хонх шиг жингэнэн нэг л өглөө жирэлздэг шиг шүлэг яг л ингэж яруу найрагчийн сэтгэлд гэнэтийн бэлэг шиг ирнэм. Яруу найргийг чин сэтгэлээсээ халуун зүрх, хамгийн үнэн бодит мэдрэмжээр бүтээнэм.Үүний тодхон жишээ бол Хайнзансамбуугийн Лхамжав найрагчийн шүлгүүд мөн. Юуны учир дээр “хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэг” тухай Расул Гамзатовын номлолыг эш болгосон бэ гэвэл ийм учиртай билээ. Чин сэтгэл, гоёж гангалсан юмгүй энгүүн үнэн бодит мэдрэмж. Түүний охиддоо зориулсан шүлгээс ч харагдана, ханьдаа зориулсан шүлгээс ч мэдрэгдэнэ. “Охинтой болоход” шүлэгт Охиноо тэврэх ханиа харж зогсохдоо Орчлонгийн жаргал гээчийг ухаарсан би Аав болсон надтай хамт асаж хоносон Ариг цагаан саран манх настай байсан гэх буюу тэрчлэн гэргийдээ зориулсан шүлэгт буй энэ хоёр мөрийг анзаарахгүй байхын аргагүй юм. Тэргэл саран яг бидэн хоёр шиг Эгшиглэн уянгалан тод гийдэгсэн Энэ юу гэсэн үг вэ. Зүгээр нэг гэрэлтдэг гэсэн үг биш байна. “Эгшиглэн уянгалан гийнэ”. Хайраар дүүрэн хорвоод хамаг л юмс дуулж байх шиг тийм эгшигтэй уянгатай байдаг уу. Чухамдаа яруу найрагчийн үзэл санаа үүнийг л бидэнд мэдрүүлэх гээд байх шиг байна. Миний ах яруу найрагч Сүхбаатарын Батмөнхийн нэгэн сайхан дуу бий. Тэр дуунд “Чамайгаа эзгүй байхад тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч гэрийн жавар арилахгүй” гэсэн гайхамшигт мөрүүд байдагсан. Х.Лхамжав найрагч “Хань минь эзгүй намар” шүлэгтээ энэ санааг улам баяжуулж, төгөлдөржүүлсэн санагддаг. Урд төгөлийн навчис Алтраагүй байхаа Хийсч харагдсангүй Усны шувуудын цуваа Зэллээгүй байхаа Ганганаж сонсогдсонгүй Хань минь эзгүй болохоор Хайрын төгөл алтраагүй байх Харьж ирэхийг нь хүлээсэн Хаврын шувууд буцаагүй байх Амраг минь эзгүй хэдхэн хоногт Алаг замбуулин эзгүйрчих юм Анзаарах сөхөөгүй сэтгэлээс минь Алтанхан намар нь хулжчих юм Энэ бол уран саналга. Гэргийдээ зориулсан олон шүлэг энэ номд байна. "Чи миний өглөө юм, чи миний өнөөдөр юм. Өдөр бүр намайг тосох өглөөдөө би хайртай, Ѳдөр бүр намайг элээх өнөөдөртөө би хайртай” зэрэг мөрүүд их онцгой энгүүн хэрнээ үнэн хийгээд чин сэтгэлийн сонсогдоно. Өглөө ч тэр, өдөр ч тэр хүний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Маш товчхон ингэж бодоход л тухайн шүлгийн үзэл санаа нэн тодорхой болно. Түүний шүлгүүдийн амин сүнсийг яруу найрагчийн өмнөөс мэдэрч чадвал сэтгэл доторх галт уулын халуун цөм асар хүчтэй оргилж буй нь анзаарагдана. Энэ бол эх нутаг, эжий аав, эх орон гэсэн аугаа том санаанд зангидагдаж, Х.Лхамжав хэмээх алс хол олон жил суугаа эрээс амьсгалах агаар, уух ус, унтах нойр, идэх хоол мэт нэхэгдэн тарчлаасан тийм мэдрэмжүүд юм. “Нар гулгадаг уул” номын хуудас бүрээс “нутагт минь намар болж байгаа тухай, ижий зүүд манаж ээжээ санасан сэтгэл эмзэглэн гунидаг тухай, хавар болоход мэргэд төрдөг нутагтаа очихсон, монголдоо очиж аавтайгаа нэг уулзахсан гэх адгасан их яарал, ижийдээ согтуу очиж болохгүй, би ижийдээ удахгүй очино гэх буюу будан хөглөрсөн зуны дунд сарын мөөгний намуун бороон дунд хөл нүцгэн алхахын сайхан, намрын дунд сарын арван долоонд бэр болон мордох монгол бүсгүй, хажуу газар урганаа гэдэг хэмээн эгчмэд бүсгүйчүүд түүнд амьдралын үнэнийг хүүрнэн өгүүлэхийн тухай...”

Яруу найрагчийн шүлэг зохиолын тухай түр хойш тавиад, цөөн хэд хоногт таньсан Лхамаа ахаа санаж сууна би. Биднийг Арлингтоны нисэх буудал газардаж байхад Лхамаа ах тэргүүтэй Денверийнхэн хагас цагийн зайтай, орон нутгийн өөр буудалд бууж таарлаа. Цагийн зөрүүгээс болж нойр хулжаад надад өдөр шөнийн ялгаа үгүй болов. Огт танихгүй хэрнээ хэзээний ах дүүс шиг болдог биднийг холбох нэгэн зүйл байна. Энэ юу вэ. Хальт харахад яруу найраг биднийг холбож байгаа мэт боловч, яруу найрагч бүр бие биедээ ингэж татагдах нь юу л бол. Чин сэтгэлээсээ хүндлэх, хайрлах халуун сэтгэл үүснэ гэдэг юу л бол. Харин Лхамаа ахтай танилцсан эхний өдрөөс л миний ганц ах шиг тийм дотнохон байлаа. Тэгж л санагдлаа. Магадгүй, Денверийнхэн төдийгүй Чикагогоос ирсэн яруу найрагч Пүрэвсүрэн, миний ангийн охин яруу найрагч Тэргэл, за тэгээд манай Нямлхагвын нутгийн найрагч бүсгүй Ганчимэгээс өгсүүлээд, тэнд амьдарч буй олон монгол хүн түүнийг омгийн толгойлогч шиг хүндлэх сэтгэл нь надад нөлөөлсөн байж чиг мэдэх юм. Эр улс ямар нялуун нялцгай үгсээр биесээ пялдаад байх биш, тэгсгээд буцацгаасан даа. Вашингтоны монголчуудын наадам боллоо. Надад нэн сонирхолтой байв. Лхамаа ах бид хоёр Денвер хотноо босгосон монгол хүний халуун гал голомтын бэлгэдэл Тулга хөшөөний санаа анх яаж гарсан, хэрхэн яаж ажил болгосон, Улаанбаатар хот, Денвер хот эгч дүү хот болсон завшааныг хэрхэн далимдуулан ашигласан тухай ярилцаж, сэтгүүлч миний мэргэжлийн өвчин сэдэрч байв. Хөшөөний зургийг харсан, их сайхан хөшөө байна лээ. Магадгүй, миний мэдэхийн гадаад оронд буй монголчуудад зориулсан цор ганц хөшөө байж мэдэх юм. Монгол хүмүүсийн санаачлагаар, оршин суугчид болоод хотын эрх баригчдаас ньзөвшөөрөл авч байгуулсан тийм байгууламж байх магадгүй. Энэ хөшөөг барихад амаргүй байсан гэнэ. Мэдээж мөнгө төгрөг санхүүжилт гэдэг аймаар том асуудал бий. Тэрнээс ч дутахгүй “проблем” бол оршин суугчдын зөвшөөрөл байсан гэдэг. Денверийн монголчууд монгол хүний амьдралд Тулга гэдэг ямар учир утгатай зүйл болох тухай богино хэмжээний танилцуулах баримтат кино хийсэн юм билээ. Түүнийгээ хүмүүст үзүүлж, айл айлаар явж танилцуулга, ухуулга хийсний дүнд оршин суугчдын 70 хувь зөвшөөрсөн гэж байгаа юм. Тулганы хөшөөний маш товч түүх бол энэ. Би энд юу онцлох гэж энэ сэдэв рүү орсон бэ гэвэл ийм юм. Америкт байгаа монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэх бэлэгдэл бол Тулга. Эх орноо хайрлах, монгол хүн монголоороо байх, хэн нэгэндээ халуун алгаа дэлгэдэг мөс жудагтай байх тэр зорилгыг Тулга өөртөө зангидаж байгаа нь хамгийн нандин хэрэг байлаа. Яруу найрагчийн “Тулга хөшөө” шүлгээс хоёр бадаг авъя

Сэтгэл гэгэлзсэн үедээ очих дуртай газар минь
Сэвэлзүүр салхитай дэнжийн тойром бяцхан цэцэрлэг
Газарт асан тэнгэрт тэмүүлдэг галын бүслүүр
Ган дөрвөн тотготой Тулга хөшөө Гуниглахдаа би энд ирж аньсгаа норгодог
Дэнжийнх нь салхи арчиж нэг, аргадаж нэг илбэдэг Баярлахдаа би энд ирж анирыг нь цочоодог
Дээдсийн минь голомт асч нэг, амилж нэг сонсдог оо Би Тулган дээрээ ирдэг Миний Дагестанд “...авьяас гэгч жаргал юм уу, зовлон юм уу, шагнал юм уу, шийтгэл юм уу. Эсхүүл хүмүүсийг шаналаах гэж бүтсэн гайхамшиг юм уу. Эсхүүл сайн сайхныг төрүүлдэг зовлон юм уу. Эсхүүл цаг үе, үйл явдлын үрс үү. Хоёр чулууг хооронд харшуулахад гал гардаг...” Очирбатын Дашбалбар цэл залуу 22 насандаа Шүлгээр байшин барих уу Шүлгээр хоол хийх үү Шүүрс алдан гуних юм Шүлэггүй амьдарч чадахгүй нь Гамзатовын ч зөв. Дашбалбарын ч зөв. Авьяас гэдэг энэ л байх нь. Бурхнаас энэ бэлгийг Хайнзансамбуугийн Лхамжавт өгсөн болохоор харьж ирэх замд ч тэр, харийн нутагт ч тэр, унтаж зүүдлэхэд ч тэр, тэрчлэн хоол идэх, хөгжим сонсох, гэр бүлээрээ байх, наргиант нөхдийн дунд суух, урт наслахыг ерөөж хүүхдийг гар дээрээ өндөрт өргөх үед ч тэр, эцсийн замд нь нөхрөө үдэж шарилтай авсны буланг дамжилж мөрлөн өргөх үед ч тэр, хайртынхаа царайг ажиглан харах үед ч тэр дандаа гэнэтхэн нэгэн ховор гайхамшигтай, ер бусын хүч сэлбэж, энэ хүчний нөлөө яруу найрагчийг шүлэг бичихгүй байж огт чадахгүй болтол нь эзэлжээ.
 
Үг бол амьтай юм. “Амьддаа бие биеэ хайрла- гэж О.Дашбалбар бичиж, түүнийг нь мянга мянган хүн уншсанаар, тэр олон мянган хүний зүрх сэтгэл, дуу хоолойгоор энэ шүлгийн сүнгслэг чанар, үгийн эрчим ямагт дээшлэн биежиж байдаг гэсэн санааг Г.Мэнд-Ооёо найрагч бичсэн байдаг
Цогтой яруу найрагч Дашбалбар.
Х.Лхамжав ахын “нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуу” гэдэг нэгэн сайхан шүлэг бий. Түүнийг мэдэхгүй монгол хүн, уншихгүй монгол хүн Америкт цөөн юм билээ. Лавтай миний уулзсан танилцсан бүх монголчууд унших юмаа. Цээжээр уншихгүй  ч мэдэх юм аа. Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуу 
Нууцхан зангирсан нулимс үерлэчих гээд байдаг юм гэж эхэлдэг юм. Лхамаа ах тэргүүтэй Денверийн хэдтэйгээ бид Вашингтоноос зам салцгаалаа. Дараа нь бид Чикагод очсон юм. Салхит хот Чикагогийн монголчуудын наадам боллоо. Наадмын талбайгаа тойруулан майхан асар босгож, тэндээ хуушуур хайрч, мах шарж, хорхог хийж, айрагаа сөгнөж, дуулж шүлэг уншицгааж байв. Биднийг урьсан нэгэн майханд орлоо.
 
Монгол хийцийн цагаан цамц өмссөн эр “Нутаг хэзээ явах вэ гэж надас битгий асуу” гээд л авч өгч байна. Дотно танил хүнийхээ тухай сайн сайхан сураг сонсох шиг тийм дотнохон байсан шүү, Лхамаа ах минь. Яруу найрагчийн шүлгүүдийг унших бүрийд олон жил харь нутагт идээшин амьдарсан ч ямар нэгэн хольц ороогүй монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол үг, монгол дүр дүрслэл, ямагт монгол монгол монгол байх бүхий л зүйл сийлэгдэн үлджээ. Уулынхан гэдэг ийм л дотроо галтай чулуу шиг улс даа.
 
 
 
 Бидэрийн Баярсайхан 2020.03.31 Улаанбаатар
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Ter Nutag hezee yavah ve gej nadaas bitgii asuu gedeg mundag shuleg.Manai end juji****n Batbold yanzii unshina daa 2020-04-07
1111:сайхаан. Сайхан 2020-04-07
Зочин:Мишигийн Цэдэндорж миний шүтээн. 2020-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?