ХѲХ ТУГ ШИГ ЖАМЬЯНГИЙН БОЛД-ЭРДЭНЭ

2020-04-03  

Арслантай гүүр. Оюутан цагийн романтик гэгээн хамаг л сайхан бүхнийг минь энэ гүүр хадгалж байх шиг өнөө ч санагддаг. Энэ гүүрэн дээгүүр Арлааны Эрдэнэ-Очир бидэн хоёр жил гаруй өглөө, үдэшгүй хичээлдээ хамт алхаж, Цэнд-Аюушийн Буянзаяатай нэг байранд, нэг давхарт хамт амьдарч, нөхөрлөж, Нямбуугийн Билгүүн бид хоёр олсоор татуулан оюутны байрны цонхоор орж явлаа. Буянзаяатай уулзахаар ирэх Дорждамбын Батогтохтой энд танилцаж, монгол хэлний ангийн охин Цэрэнчимэгийн дунд сургуулийн ангийн хүүхэд Тогоонтөмөрийн Содномнамжилыг ч бас Арслантай гүүрний оюутны хотхонд анх харж явлаа. Гэдэс өлөм зөлөмхөн ч сэтгэл цатгалан, дүүлэн нисэх аугаа ихийн мөрөөдөл, гэгээн санааширалтай 90-ээд он минь.

А.Эрдэнэ-очир

1991 оны намар юмсан. А.Эрдэнэ-очир бид хоёр хичээл тараад Арслантай гүүрэн дээгүүр алхаж явав. Цэнхэр одончуу дээлтэй, үс нь хийссэн залуу, нэгэн дунд эргэм насны туранхай хүнтэй /ямар хувцастай явсныг нь мартжээ/ хамт өөдөөс ирж таарав. Ээгий маань танилхайран сүйд боллоо. Би ч бас танилаа. Энэ цэнхэр одончуу дээлтэй залуу бол Жамьянгийн Болд-Эрдэнэ байсан юм. Түүнийг анх харсан минь 1991 оны 9 сарын намрын өдөр байлаа. Хамт явсан хүн хэн байсан бэ гэхээр аугаа их найруулагч Б.Мөнхдорж гуай байсан юм билээ. Бид дөрөв Сэлбийн голын хөвөөн дээр удтал сууцгааж билээ. Намрын налайсан сайхан өдөр байсан юм. Би яагаад түүнийг тэр дор нь таньсан бэ гэвэл, би Болд-Эрдэнийг эчнээ мэддэг, мэддэгээр барахгүй шүтдэг байлаа. 1989 он шиг санагдаж байна. “Утга зохиол урлаг” сонинд “Салхины гэгээ” нь билүү “Цэнхэр аяз” нь билүү, нэг томоохон бүлэг шүлэг нь хэвлэгдсэн юм. Тэр цагт О.Дашбалбараар өвчилж, Ж.Болд-Эрдэнийг л шүтэж явлаа. Тиймээс танилгүй яах билээ. Тэр өдрөөс хойш би түүнийг үргэлж ахаа гэдэг, Боогий ахаа л гэнэ. Миний нүдийг нээж, сайн мууг ялгаж, унаж босч эр хүн болох тэр бэлчээрт хүргэсэн хүн бол Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга хоёр байсан юм.

Болд-Эрдэнэ, Уянга

Өнөө ч надад Болд-Эрдэнэ тэр өдрийнхөө төрхөөр хөх туг намирч байх шиг санагдаад байдаг билээ. “Цэнхэр аяз” бүлэг шүлэг нь ч их нөлөөлсөн байх. Анх өөрөө уншихыг нь сонссон шүлэг минь энэ л дээ.

Чинагш юм бүхэн улирч одно

 Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно 

Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно

Чинагш юм бүхэн улирч одно Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн минь талын хаяа руу алсарч одно

Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно... Болд-Эрдэнэ их багаасаа ажил хийсэн гэж ярьдаг. Төрийн соёрхолт зураач Пүрэвсүх агсны шавь байсан гэдэгсэн. Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байсан болохоор эртнээс том бүтээлүүдэд туслах зураачаар ажиллаж байсан болов уу. За, юутай ч, 27 настай Жамьянгийн Болд-Эрдэнэ УДЭТ-ийн ерѳнхий зураач байсныг нь би мэдэх юм. Рабиндранат Таагүүрийн “Цусан тахилга”, Гарсиа Лоркагийн “Цуст хурим” зэрэг сонгодог жүжгүүдийн ерөнхий зураачаар ажиллаж, уран бүтээлийн шагнал авч, шагналаас нь бид хувь хүртэн баярлаж явсан юмсан. Гэм нь “ганц дутагдалтай” хүн байсан. Мөнгийг маргааш хэрэглэх тухай огт боддоггүй, чухам мөнгөнд “өстэй юм шиг” үрэлгэн байсан даа. Байх үедээ баян, байхгүй байлаа гээд гунихгүй. Тийм л эр хүн байсан. Манай оюутны байранд анх Арлааны Эрдэнэ-очир дээр зорьж ирдэг байлаа. Ээгий бид хоёр нэг тасагт амьдардаг. Тэгээд 1992 оны 12 дугаар сард нэг ирэхдээ бөөн мөнгөтэй, цулгар баян ирдэг юм. МҮЧЗХ-ны анхны “ОД” шагнал авлаа гээд, их баян ирж байсан юмдаг. Тэр үед А.Эрдэнэ-Очир сургуулиа орхиод Сайншанд явчихсан байлаа. Тэрнээс хойш над дээр зорьж ирдэг байсан. “Од” шагнал угааж, мөнгийг нэг өрвийтөл үрцгээсэн юмдаг. Шүлэг уншаад л. Тэр цагт миний шүлэг гэж юу ч байсан юм, харин Болд-Эрдэнэ бидний сайн мэдэх алдартай шүлгүүдээ уншиж байлаа. Үзэсгэлэн гоогийн өмнө би бардам байж чаддаггүй Үг дуугүйгээр ширтэн, бишрэл төрж Хачин намуухнаар тэнгэрлиг хүсэлд автан Харцаараа би бүхий л орчинд баярладаг Унтаж байгаа шөнийн ахуйд цор ганцаараа Улирлын түрүүч нялх ногооны чимээ чагнаж Шүүдэр адил шөнийн оддыг харцаараа хэлхэн Шүлэг дуу шиг чиний тухай бодолд автана Өнөө ч тэрний минь шүлгээ уншиж буй төрх үзэгдэж, дуу хоолой нь сонсогдох шиг болном. 1992 оны өвлийн тэр өдрөөс хойш нэг хэсэг, за бараг гурван сар бид огт салаагүй юмдаг. Яагаад гэхээр олон олон баярт үйл явдал ар араасаа залгаад байж билээ. 1993 оны нэгдүгээр сарын 6-ны ѳдѳр. Миний төрсөн өдөр байв. Магваны Эрдэнэбат бид хоёр Драмын театр орж Боогийтой уулзах, миний төрсөн өдрийг тэмдэглэх санаатай явлаа. Яаж яваад чиг театр дотор орчихсон юм, энүүгээр тэрүүгээр хаалга үүд онголзуулж Болд-Эрдэнээ хайж явтал, танхимд Боогий сууж таарлаа. Нүд амаараа дохих санаатай. Тэгтэл “Гар. Зайл. Ямар юмнууд юугаа хийж...” гэж тасхийгээд явчихлаа. Айсандаа годхийгээд эргээд гарав.

Аугаа их Г.Доржсамбуу гуайд хөөгдсөн юм билээ. Улаан шугам тавьчихсан жүжгийн үзлэг болж байхад нь мэдэхгүй тавьж ороод “алуулангаа алдсан” юмдаг. Нэг их удалгүй үзлэг дуусч, Боогий ч гарч ирлээ. “Цусан тахилга” жүжиг байсан санагдана. Тэр жил алдартай хоёр гурван жүжиг ойр ойрхон театрын тайзнаа тавигдсан юм даг. Ингэж манай оюутны байранд, миний 20 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн түүхтэй. Төрсөн өдрийн бэлэг болгож мань хүн шүлгээ уншлаа. Одоо ч нүдэнд харагдаж байна.

Уйт намрын ханшийг дагажээ шувуу бидэн

Умар өрнө зүг зүгт салан одовч

Удаах жилийн эсэргэн хаврын цагаар

Ус нутаг чамдаа эргэн эргэн ирнэ

Товтой улирлын төр өдрийг зүүдэлж

Тоотой хоногийн үзүүр элдэн хороовч

Галбарваасан модноо хөхөө донгодох нь хэзээ бол

Ганихарсан сэтгэл эрснээ олох нь хэдийд бол

Эргээд давтагддаг бол амьдрал яасан гунигтай

Эцэс төгсгөлгүй бол хорвоо яасан уйтгартай

Гоо үзэсгэлэн ганддаггүй бол үзэсгэлэнтэй төрөөд ч яана

Гомдож баярлаж чадахгүй бол амьд яваад яана

Амьдарч явсан он жилүүдийн минь дурсгал чулуу

Альхан уулын альхан бэлд ургаж байгаа бол доо

Аальхан насандаа сүүдрээ тусгачихаад эх нь голоогүй ангаахай

Асар тэнгэрийн хаахна талд өдөлж л яваа юм бол доо...Энэ шүлгэндээ илүү дуртай байсан байж магадгүй. Яагаад гэвэл их олон газар, найрын ширээ, найргийн дэвжээн дээр энийгээ уншиж байсныг нь мэдэх юм. Болд-Эрдэнэ манай байранд нэг хонодог юм. Магваны Эрдэнэбат тэр хоёр хоол хийж байхаар тохирч үлдээд, би хичээлдээ явлаа. Тэгтэл манай сургууль дээр зар гарсан байна. Их жанжин Сүхбаатарын 100 жилийн ойн нэрэмжит цэрэг эх орны сэдэвт яруу найргийн наадам болно гэж. Ердөө л хоёр гурав хоногийн дараа болох юм байна аа. Ингээд би бөөн сонинтой амьтан байрандаа очлоо. Боогий бас орно гэж байна. “Миний шүлэг бэлэн” гэнэ. Би хоёр хоног нухаж байж хоёр шүлэг бичлээ. “Заставын бэр” гэж миний нэг шүлэг бий дээ. Тэрнийг бичсэн юм. Ингээд хоёрдугаар сарын 3 боллоо. Тэр гурав хоногт Болд-Эрдэнэ, Эрдэнэбат бид хэд салсангүй. Манай байранд хэвтээд л байлаа. Миний шинэ шүлгийн өө сэвийг Боогий өнгөлж засах юм боллоо. Наадам болдог өдөр юмсан, Боогий, Эрка бид гурав оюутны байрнаас гарч явган алхсаар Офирцерүүдийн ордон ордог юм. Хацар алгадсан тасхийм жавартай байлаа. Гутал муутай миний хөл хайрч байв. Ядахдаа шинэ жилээр миний куртикийг Баярхүүгийн Ичинхорлоо нөмөрч гүйж байгаад цонхон дээр тавьж, бүжиглэчихээд эргээд ирсэн чинь алга болчихсон. Эркагийн нэг хавар намрын хар пальтог би өмсчихсөн. Эрка алдарт ногоон дээлээ өмссөн, ийм гурван амьтан алхдаг юм аа. Гурвуулаа мөнгөгүй ээ.

М.Эрдэнэбат

Найргийн наадам боллоо. “.....Уйт намрын ханшийг дагажээ шувуу бидэн....” гэж уншаад Жамьянгийн Болд-Эрдэнэ тэр наадамд түрүүллээ. “Заставын бэр”-ээ уншаад би удааллаа. Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Жадамбаа хэмээх хүндэт хүнээс шагналаа гардан авч байтал Магваны Эрдэнэбат заалнаас “хоёулаа ш....члаа шдээ” гэж бахардан хашгирч байж билээ. Тоомойн Очирхүү багш гуравт, Шагдарын Дулмаа эгч дөрөвт орсон юмдаг. Та нар бод доо, автоусны мөнгөгүй байсан бид гурав гэнэт 18.000 төгрөгтэй болдог юм. Түрүүлсэн гээд Боогий 10.000 авлаа. Дэд байр гээд би 8000 төгрөг авдаг юм. Тэгэхэд Архангайн онгоцны билет 3200 байсан гээд бод. Яагаад тийзний үнийг сайн мэдэж байна вэ гэвэл, ээж минь өвлийн амралтаараа онгоцоор ирээрэй гээд 3200 төгрөг өгч явуулсныг нь би үрчихсэн байсан юм. Ингээд баяртай,хөөртэй, мөнгөтэй, бяралхуу гурван амьтан байрандаа ирж, үргэлж хоол хийгээд өгөөч гэж гуйдаг монгол хэлний ангийн охидуудаа зад дайлдаг юм. Дорнодын Алтай, Цээгий, Өвөрхангайн Гүнжээ гээд олон жил хоолоо хувааж идсэн сайн охид байлаа. Ядарсан цагт Боогий, Уянга, Эрдэнэ-Очир, Эрдэнэбат бид хэдийн аминд олон удаа ордог, зовлон ойлгодог байсандаа, тэд минь. Удалгүй цагаан сар болов. Бид оюутны амралтаар харьчихаад ирлээ. Гэтэл Боогий бөөн баяр. Өлзийтөгс төрж хүүтэй болсон байв.

Яруу найрагч Ѳлзийтѳгс.

Хүүгийнхээ цагаан баривч цамцыг өвөртөлчихсөн, бор торгон дээл өмсөж, дээлэн дотуураа зангиа зүүсэн мань эр Дарханаас ирдэг юм. Хүн бүрт хүүгийнхээ цамцыг гарган “Май үнэрлэ. Миний хүү Ханболдын үнэр” гэж хамарт тулгана. Хүүтэй болсныг нь тэмдэглэж, савж, маргааш нь шартаж, инээж уйлж, давж дэвж явлаа. Сайхан чиг байж дээ. Сайхан ах нар, сайхан найз нөхөд. 1998 оны хавар билүү, намар билүү. Манай ажил дээр ирсэн юм. Цэл залуухан 33 настай Болд-Эрдэнэ бууралтсан байсан. Их л бууралтсан байсан санагддаг юм. “Эмнэлэгт хэвтэж байна. Элгэн дээр нэг бэтэг шиг хатуу юм байна гэнэ” гэж билээ. Бидний сүүлчийн уулзалт байсныг би мэдээгүй. Мань хүн жаахан юм ярьж сууснаа, “Ахдаа ганц юм авч өгөх үү?"гэв. “Өө, юу ярьж байгаа юм бэ. Та эмнэлэгт хэвтэж байгаа, болохгүй” гэсэн юмдаг. Мөнгөгүй ч байж таарсан юм уу, элгэн дээр бэтэг шиг юм байна гэснийг нь сонсоод ер нь “болохгүй” гэж л бодсон юмдаг. Хожмоо “аваад л өгчихдөг байж дээ” гэж харамссан. Өнөө ч харамсдаг юм. Ганц шил юм авч өглөө гээд юм өөрчлөгдөхгүй л байж дээ гэж, харамсдаг юм. Удалгүй хагалгаанд орсон. Орох өдөр нь л бид мэдэцгээж байсан. Дор дороо л түгшин санаа зовцгоож байсан. Даанч тэр минь бидэнд эргэж ирээгүй юм даа.

Ядуугийн зовлонг ядуу нь ойлгоно

Яруу найрагчийг зовлон ойлгоно

Шүлэгчийн зовлонг шүлэгч ойлгоно

Шөнийн саран шүлэгчийг ойлгоно

Амьдрахын эрхээр янхан болсон

Арчаагүй хүүхнийг ч шүлэгч л ойлгоно

Адгийн орчлонд араншин нэгтэйгээрээ Араатан чононд ч хайртай байдаг юм

Усанд унасан сарны дүрсийг Уусан архиндаа шингээгээд боддог

Ялдамхан болоод гэнэн араншин Яруу найрагчаас л гаралгүй яах вэ... Энэ шүлгэнд бид бүгдээрээ дуртай байлаа. Жамьянгийн Болд-Эрдэнэ энэ шүлгээ бадрангуй, эрэмгий, яг л хэцэд гараад ульж буй чоно шиг, эрүүгээ шаамийлган, шүдээ зуун уншдаг байж билээ. Энэ шүлгийн амь бол Жамьянгийн Болд-Эрдэнийн өөрийнх нь философи байсан байж мэдэх юм. Арслантай гүүрэн дээгүүр одоо ч би алхах дуртай. Цэнхэр одончуу тэрлэгтэй, үсээ хийсгэсэн Болд-Эрдэнэ өөдөөс минь хөх туг дэрвэх шиг, бадрангуй төрхөөрөө ирж явах шиг санагдаад байдаг юм.

 

Бидэрийн БАЯРСАЙХАН, 2020.04.02

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
С.Төгсоюун:Баяраа маань сайхан бичжээ. Дандаа ойр дотно явсан сайхан дүү нар минь нүдэнд харагдаж байна. Болд-Эрдэнэ минь сайн зураач ,сайхан найрагч байлаа. Урлангийн зочдын нэг тэр байсаан...Түүний бүх амьдрал нүдний өмнө илхэн байжээ. Манай нэрт зураач Пүрэвсүхийн хайртай шавь билээ. 2020-04-03
чимээ:Билиг танхай найрагч байжээ. НИК-ын урд талын цагаан байрны баруун талын бор ТҮЦ- нд мань хүн шартсан бололтой торонд хонины нэг гуя хийчихсэн нэг шил юмны мөнгөөр өгнө гэж орж ирж байж билээ . Түүнийг нь худалан авч билээ.....1998 он 2020-04-05
оюунаа: болд-эрдэнэ. уянга. нар. бичнэ. зурна. уншина. хэтэрхий. зуулун. болохоор. эрт. явцгаачихсандаа♡♡♡♡♡♡♡♡ 2020-04-07
1111:сайхан дурсамж бна 2020-04-07
зочин:Өлзийтөгсийн үзэхийн хязгаараас бүр сайн мэддэг болсон,тэр үеийн галтай цогтой бичдэг зурдаг авьяас чадал нь багтаж ядсан залуус яасан эрт буцаа вээ 2020-04-07
Н. Цэцгээ:Баярсайхан Танд баярлалаа. Бичсэнийг тан сүнсний ертөнцөөс харж уншаад мишээж л байгаадаа тэр нэгэн 2020-04-09
Бигэрмаа:Сайхан дурсамж байна. 2020-05-11
Зочин:Ж. Болд-эрдэнэ ах аавтай минь их л дотно байсан даа. Нэлээн хэдэн гар бичмэлүүд нь хүүрэд байхад манайд байсан. Их гоё зурдаг байсныг нь санаж байна. Нэг эгчтэй ирээд хэд хоноод буцсан. Тэр эгч бие давхар байсан санагдаж байна. 2024-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?